Д.Лянхуа: Сэтгэл гутралд орсон хүний хамгийн анхны шинж тэмдэг бол нойргүйдэл
Нийгмийн стресс бухимдал их байгаатай холбогдуулан бид энэ удаа СЭМҮТ-ийн Зөвлөх эмч Д.Лянхуатай ярилцлаа. Зөвхөн Монгол улсад ч биш дэлхий нийтээр сэтгэл гутрал хэмээх өвчинтэй тэмцэж байгаа нь өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-өөр ажиглагдав. Энэ өдрийг дэлхий даяар “Сэтгэл гутралын тухай хамтдаа ярилцъя” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоор дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ-аас мэдээлсэн.
Тус байгууллагаас Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс VII байрт оржээ. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байгааг ч тэмдэглэжээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.
Монгол Улсын хувьд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэдэг. Үүний 2.3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн 2013 онд манай улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байв.
-СЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГИЙГ СЭТГЭЛЭЭР УНАХ, СЭТГЭЛ ГУНДУУ
БАЙХТАЙ АНДУУРАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-
-Сэтгэл гутралаас болж нийгмийг цочирдуулсан хэрэг их гарах боллоо. Сүүлийн үед монголчуудын сэтгэл гутралын шалтгаан нийгмээ дагаад өөрчлөгдөж байгаа болов уу? Ямар үндсэн шалтгаанууд байна вэ?
-Сэтгэл гутрах эмгэг бол олон улсын X ангиллаар, тодорхой хэмнүүрээр оношлогддог өвчин юм. Сэтгэл гутрах эмгэг нэгэнт өвчин болохоор тодорхой эмнэлзүйтэй, тодорхой шалтаг шалтгаантай, эмчлэх арга барилтай. Гэхдээ нэг зүйлийг ялгаж салгаж өгмөөр байна. Ихэнх хүмүүс сэтгэл гутралын хөнгөн хэлбэр буюу нийгэмтэй холбоотойгоор сэтгэл уйтай, гунигтай болох, сэтгэл тавгүй болох, сэтгэлээр бага зэрэг унах зэргийг өвчин гэж эндүүрдэг, гэтэл энэ бол яг өвчин биш. Мэдээж цалин мөнгөний асуудлууд, орон байрны асуудлууд, нийгмийн асуудлууд гээд сэтгэлийг гунигтай уйтай болгох, сэтгэлээр гутрах цаашилбал, өөртөө итгэлгүй болох ийм зүйл хаа сайгүй байна шүү дээ. Сэтгэлийн ийм сөрөг байдалд өртөөгүй хүн Монголд ховорхон байх. Гэхдээ яг биеэ даасан “сэтгэл гутрах эмгэг” бол өмнө хэлсэнчлэн олон улсын Х ангиллаар оношлогддог. Маш олон хэмнүүр, олон шинж тэмдэг, хам шинжүүд илэрдэг энэ өвчнөөр тэр бүр хүн өвдөөд байдаггүй юм. Сэтгэл гутралын эмгэг болон сэтгэл уйтай байх шинж тэмдгүүд нийгмийн дунд холилдож яригдаж, ойлгогдоод байна. Иймд үүнийг жаахан ялгаж, салгаж ойлгох ёстой.
-Тэгэхээр сэтгэлээр унах, сэтгэл гутрах эмгэг хоёр өөр байх нь ээ?
-Сэтгэл уйтай, гунигтай, тавгүй байх шинжүүд эргээд засарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн, хувь хүний, өрх гэрийн асуудал шийдэгдэх тохиолдолд энэ нь эргээд л засарчих магадлал өндөртэй. Энэ олон сэтгэлийн уйтай хүмүүс дундаас яг сэтгэл гутралаар өвчилж байгаа нь маш цөөхөн тооны байгаа. Өнөөдөр цалин мөнгө хүрэлцэхгүй, өр зээлээ төлж чадахгүй амьдрал жаахан дутуу хөцүүгээс болоод сэтгэл тавгүй болж, удаан хугацаагаар явснаар мэргэжлийн хүмүүсээс бусад нь “Нийгэм тэр аяараа сэтгэл гутралд орж байна” гэх мэт яриа гаргаад байгаа юм.
-Тэгвэл сэтгэл гутрах өвчин гэж яг юуг хэлээд байна вэ?
-Сэтгэл гутрах өвчин гэдэг маш хүнд өвчин л дөө. Гадаад болон дотоод шалтгаантай байдаг. Дотоод шалтгаантай гэдэг нь яг тэр хүнээс л шалтгаалахыг хэлэх бөгөөд янз бүрийн шалтгааны улмаас хүний дотор байсан зүйл өдөөгдөж, сэрээгддэг. Тухайлбал, дотоод шалтгаантай эмэгтэй амаржих юм бол төрөлтөөр сэдээгдсэн сэтгэл гутрах өвчнөөр өвдөх магадлалтай. Гадаад шалтгаан бол янз бүрийн л хавдар, халдвар зэрэг өвчнөөр өвчилснөөр мөн өдөөгддөг. Ер нь хэвийн биетэй, хэвийн сэтгэхүйтэй хүн бол амьдралд тохиолдож байгаа бэрхшээл саадыг даван туулах чадвартай, нийгмээс хамаарсан сэтгэлийн хямралд өртдөг боловч тэр нь эргээд засарчихдаг. Нийгэм засрах юм бол, өрх гэрийн асуудал шийдэгдэх юм бол засрах магадлалтай. Гэтэл дотоод шалтгаантай өвчин бол даамжраад, улам хүндрээд явах магадлал өндөртэй байдаг даа.
-Сэтгэл гутрал даамжирсаар амиа хорлоход хүргэдэг гэж байсан. Даамжрахаас бид хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Сэтгэл гутрал даамжрахаас сэргийлэхийн тулд эрт оношлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аливаа хүнд тодорхой эмнэл зүй, тодорхой хам шинжүүд илэрч байж л сэтгэл гутрал гэдэг өвчин бий болно шүү дээ. Тэд сэтгэл гутралаар өвдөж урт удаан цаг хугацаа өнгөрүүлж, динамиктай байж байгаад л амиа хорлодог болохоос бас ч яг шууд л гараад амиа егүүтгэчихдэг юм биш. Тиймээс өрхийн эмнэлэг буюу анхан шатны эмнэлгийн байгууллагаас эхлээд сэтгэл гутралыг оношлох чадвартай байх ёстой. Заавал өрхийн эмч гэлтгүй, гэр бүлийн гишүүд бусад гишүүдээ сайтар ажиглаж, ярилцаж байх хэрэгтэй. Сэтгэл гутралтай хүн нэгдүгээрт, гадна төрх нь уйтай гунигтай, зовхи нь доошоо буусан, байнгын санаа алдсан, байнгын шүүрс алдсан, бодлогоширсон, юманд санаа зовомтгой байгаа нь гаднаас нь харагддаг. Ярилцаад үзэх юм бол ярьж байгаа ярианы сэдэв нь дагнасан сөрөг сэдэлтэй байна. Сайтар ярилцаад үзвэл өөрийн хийж чаддаг ажлаа хийж чадахаа больсон, сонирхолгүй болсон, өөрийгөө арчлах чадваргүй болсон, хүмүүстэй, нийгэмтэй харилцахаас зайлсхийсэн байдаг. Ер нь бие биедээ анхаарал тавиад ярилцаад үзвэл тэр хүнд сэтгэл гутрал байгаа эсэх нь мэдэгдэнэ, ойлгомжтой байдаг. Тухайлбал, нэг ангийн сурагч сэтгэл гутралтай байлаа гэхэд нүдэн дээр өөр болоод л эхэлдэг. Урд нь хичээлдээ сайн байсан бол муудна, хүн болгонтой ярилцдаг нийтэч байсан бол ангийнхнаасаа хөндийрдөг, дуугаа хураадаг, царай нь барайдаг, байнга санаа алддаг ийм байдал гарч ирдэг. Ер нь л анхан шатны шинж тэмдэг ийм байна. Ингээд ирвэл хамт олон, хажууд нь байгаа хүмүүс, асран хамгаалагчид сэтгэцийн эмчид үзүүлээч, өрх, дүүргийн эмч нар руу яваачээ, ингэвэл эрт оношлогдоно. Эрт оношлогдвол амиа хорлолтоос сэргийлж чадна. Оношлогдохгүй, эмчлэгдэхгүй, даамжирсаар сэтгэл гутралтай хүн маань амиа хорлох бодол руу ордог.
-МАШ ХҮЧТЭЙ СТРЕССТ ГЭНЭТ ӨРТӨЖ, ОЮУН ДҮГНЭЛТ ГАРГАЖ
ЧАДАЛГҮЙ ШУУД Л АМИА ХОРЛОЖ БАЙНА-
-Сэтгэл гутрахад үргэлжэх идэвхитэй хугацаа гэж бий юу? Яг л тэр хэсгийг давчихвал гэмээр?
-Маш их хүчтэй стресст гэнэт өртөж, тийм хүчтэй сэтгэл зүйн гэмтэл авахаараа хүн оюун дүгнэлт гаргаж чадалгүй шууд л амиа хорлох хандлага байдаг юм аа. Тухайн үед өөртөө шүүмжлэлтэй хандаж чадахгүй, юу хийх гэж байгаагаа, ямар үйлдэл хийх гэж байгаагаа тунгаан бодох завдал өгөлгүйгээр, сэтгэлийн хөдлөлд автаад амиа хорлох нь бий. Заавал сэтгэцийн өвчтэй биш хүмүүс ч маш хүчтэй стресст өртөхөөрөө түүнээс гарах аргаа тэгж шийдвэрлээд байна. Жишээлбэл, их өрөнд унах, улс төрийн асуудалд орооцолдох, бие сэтгэлээр хохирох гэх мэт. Тэр сөрөг сэтгэлийн хөдлөл гэнэт маш ихээр давамгайлахаар тэгж буруу шийддэг. Яг сэтгэл гутрах өвчний тухайд тодорхой хэмжээний эмнэлзүй, хугацаатай байдаг.
-Сэтгэл гутрал нилээд залуужих хандлагатай байна гэх юм. Саяхан хоёр охин амиа хорлолоо. Үнэхээр залуужаад байна уу, эсвэл өмнө нь ч ийм байв уу?
-Сэтгэл гутрал аль ч нийгэмд байсан. Одоо бүх л мэдээлэл гар дээр байгаа мэт ил болчихсон. Мэдээлэл нилээд хурдтай тархаж хүмүүс сөргийг нь их эмзгээр хүлээн авч байна. Түүнээс биш өмнө нь ч ийм асуудлууд байсан гэж хэлж болно. Гэхдээ мэдээж нийгэм ийм байгаатай холбоотойгоор амиа хорлолтын тоо аажим өссөнийг үгүйсгэхгүй. Ер нь нийгэм тэр аяараа жаахан сөрөг байна шүү дээ, гадаа гараад явахад Монгол хүмүүс бие бие рүүгээ муухай харсан, гудманд нус цэрээ харсан, бие биерүүгээ сайхан биш юмаа гэхэд зүгээр ч харчихгүй муухай харж явна. Энэ чинь л наад зах нь бие биедээ стресс өгч байдаг. Зүгээр л зөрөөд өнгөрсөн ч гэсэн инээмсэглээд зөрөөд өнгөрч яагаад болохгүй гэж. Түүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн дунд стресс үүсгэсэн олон хүчин зүйл байна. Тухайлбал, РС тоглоом гэж дан алж устгасан тоглоом хүүхдүүдийн оюун ухааныг эзэмдэж байна шүү дээ. Тийм юмтай харьцчихсан хүн чинь хүн рүү зүгээр харж чадахаа больж байна. Яг л тэр тоглоомныхоо агуулганд автаад хүмүүсийг бууддаг бай гэж харж байх жишээтэй. Энэ бүхэн нийгэмд маш хоруу чанартай байдаг. Түүнээс гадна манайд мансуурч байгаа хүүхдүүд их боллоо. Өвс татаж байгаа хүүхдүүд их байна. Дээхнэ үед гутлын шар цавуу үнэрлэснээс болж өөрчлөлтөнд орсон хүүхдүүд их ирдэг байсан, зарим хүүхдүүд шашны урсгалд хэт автаад бөөнөөрөө амиа хорлох хүртэл өөрчлөлтөнд автдаг байсан. Хүүхэд гэдэг чинь байнга л сэтгэл хөдлөл нь их, амархан баярлаж, амархан гунихардаг. Тийм учраас сэтгэлийнхээ хөдлөлөөр юу ч хийж болзошгүй. Тиймэс хараа хяналт сайтай байхын зэрэгцээ сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг зайлшгүй оруулах хэрэгтэй байна.
-РС тоглоом гэснээс эцэг эхчүүд ажил төрөл хийн, хүүхдээ тэжээж, нийгмийн хариуцлагаа хүлээх гэсээр цаг зав байхгүй тул тэднийг зөнгөөр нь орхиж байна? Ер нь хүүхдүүд техник технологитой хэтэрхий их нөхөрлөх нь сэтгэлзүйд нөлөөлөх үү?
-Монголд ажил хийх гэхээр ажлын байр цөөн байгаагаас эцэг эхчүүд гадны орныг зорих нь их болж. Тиймээс хүүхдүүдээ өөрийн аав ээж, хадам, танил тал, эгч дүү нартай орхиод явдаг. Гэтэл тэд тэр хүүхдүүдийн аав ээж биш учраас төрсөн аав ээж шиг нь хараа хяналт тавьж чадахгүй. Энэ бол Монголын эмгэнэл. Төрсөн аав ээж нь алс хол явчихсан, харж байгаа хүмүүс нь өөрийн гэсэн амьдралтай. Тэгээд л Солонгос явсан аав ээж нь хэдэн төгрөг шилжүүлж хүүхдийн гар дээр нь бэлэн мөнгө өгдөг. Түүгээр нь хүүхдүүд РС тоглочихдог. Зарим нь хүний хүүхдийг сайхан харж асарч чадахгүй, ад үзэж гадуурхана. Тэр гэрт таатай сайхан биш байгаа учраас л хүүхдүүд РС-ний ертөнц рүү яваад байна. Ингээд РС-нд хэт автвал хүн хоорондын амьд харилцаа байхгүй болж, техниктэй эсвэл тоглоомын ертөнцөд амьдарч эхэлдэг. Цаашид тэр хүүхэд томрох тусам гэмт хэрэг үйлдэх магадлал өндөрсдөг. Нийгэм тийм л сонин байдалтай байна даа. Тийм учраас энэ РС-ний газруудыг хаачих юмсан гэж хувь хүнийхээ хувьд боддог.
-ЭХЛЭЭД ДОТРЫН ЭМЧ РҮҮ ЯВЖ ОНОШОО ОЛОХОО БАЙГААД
ДАРАА НЬ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ИРЖ БАЙНА-
-Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол илүү амархан сэтгэлээр унадаг, гутардаг гэдэг. Гэтэл эсрэгээрээ эрчүүд сэтгэл гутралд автдаг гэх юм?
-Эмэгтэйчүүд цаг тухайд нь хоорондоо яриад, сэтгэлээ онгойлгоод явдаг учраас стрессээ тайлаад байдаг. Эрчүүд нь харин стрессээ тайлах аргаа мэдэхгүй учраас архи уучихдаг. Архи уухаараа ар гэртээ асуудал гаргадаг. Яг л ийм байдлаар архинд донтож, Монголын гэр бүлүүд салж сарних асуудал их байна.
-Сэтгэл гутралд /депресс/ орсон хүнд ямар шинж илэрдэг вэ?
-Депресст орсон хүний хамгийн анхны шинж тэмдэг бол нойргүйдэл. Дараа нь өмнө хийж байсан ажилдаа идэвхигүй болдог. Өмнөх шигээ төлөвлөхөө больж, хийж чаддаг юмаа хийж чадахаа больж, хоолонд дургүй болдог, хамгийн дуртай байсан юмаа ч хийхээ больж, таашаал авахаа болино. Сэтгэл байнга л гундуу гутруу, сөрөг юм бодож явдаг болж хүнээс, нийгмээс зайлсхийж эхэлдэг дээ.
-Ийм шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд яах ёстой вэ?
-Бушуухан эмчид очоорой.
-Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч байгаа хүмүүсийг солиорсон, галзуурсан гэдэг ойлголт одоо болтол байсаар л байна?
-Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүмүүсийн ойлгоц ер нь маш өөр болсон. Гэхдээ л массын дунд сэтгэцийн өвчин гэхээр л зөвхөн “Шар хад”-нд эмчлэгддэг солиотой, галзуу гэдэг ойлголт байсан. Одоо энэ ойлголт ер нь сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үр дүнд харьцангуй гайгүй болж байгаа. Гэхдээ хүмүүс яг сэтгэцтэй холбоотой асуудлыг хаана хандахаа сайн мэдэхгүй байна. Эхлээд л дотрын эмч рүү очиж, янз бүрийн өвчин оношлуулж явсаар нилээд хугацаа алддаг. Ингэж явсаар нилээд хүндэрсэн хойно нь, бараг л амиа хорлохынхоо өмнө манай эмнэлэгт ирдэг дээ.
-Бид сэтгэлээ хэрхэн эрүүл сайхан байлгаж байх вэ?
-Ер нь хүний хэрэгцээ хангагдахгүй л байвал сэтгэл зовж байдаг. Сэтгэл тайван бол хүний хэрэгцээ хангагдсан байна гэсэн үг. Энэ хоёр бие биетэйгээ хамааралтай юм. Гэтэл хүний хэрэгцээ барагдашгүй тул байгаа зүйлийнхээ эерэг сайхан талыг бодож сэтгэлээ дүүргэж байх хэрэгтэй. Сэтгэл тайван байвал бие эрүүл, хүрээлэн байгаа орчин тайван байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хүн болгон өөрсдөө дотооддоо хичээх ёстой. Яахав, манай Монголд ийм юм болжээ, нийгэмд ийм зүйл тохиолджээ, гэхдээ үүнийг тодорхой хэмжээнд эерэг талаас нь хүлээн авч, өөрийгөө тайван байлгахыг хичээж, муу сайн юм тохиолдсон ч аль болох сайн талыг нь олж харахыг л хичээх хэрэгтэй. Ингэвэл сэтгэл арай тайван байна. Хэрэв үнэхээр боломжгүй, үнэхээр хэцүү зүйл тохиолдвол хэн нэгэнтэй заавал түүнийгээ хуваалцаарай. Хуваалцах юм бол чиний дотор хадгалагдаж байгаа сөрөг бодлууд сарнина, алга болно. Хүмүүс үүнийгээ буруу тайлж архи ууж, мансуурч, байна. Үүнээсээ болж нойргүйдэж байна. Тиймээс шөнийнхөө нойрыг сайн авч бай, тэгээд сэтгэлээ амгалан байлгахын тулд сэтгэл дотроо байгаа муу юмыг хэн нэгэнтэй ярилцан гаргаж байх хэрэгтэй. Ингэвэл сэтгэл санаа тайван байна. Улс орон нэгж хүнээс хамаарна гэдгийг үргэлж санаж хүн болгон хичээвэл, урд урд хийж байгаа юмаа сайн хичээвэл болохгүй юм үгүй. Тиймээс бие биедээ урам өгч, бие бие рүүгээ сайхан харцаар харж байгаасай гэж хүсэх байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР
Сэтгэгдэл
Чинзо [202.126.90.82] 2022-12-20 02:18:38
Сн бну би яаг иим болчоод бга маа шөнө унтахгү ажил хиих дургү байнга л өөр болсон хэцүү зүйлсээ бодоод ямар ч өөр юм бодож чдку зөвхөн амиа хорлох юм л бодогдоод бн
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:02:55
<a href="https://t.me/filmfilmfilmes/12">Гонка</a>
Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:59:01
http://bit.ly/legenda-destan-vse-serii
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:13:49
коли закінчиться війна в україні 2022 екстрасенси <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 передбачення</a> скільки триватиме війна