“Уулс заамар” компани иргэдийн газрыг 81 сая төгрөгөөр худалдаж авахыг оролдсон уу
Алт олборлогч “Уулс Заамар” компани Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Туулын гүүрний иргэдийн суурьшлын бүс рүү халджээ. Улмаар оршин суугчид нь эсэргүүцэн тэмцэхэд өрх бүрд 500-900 мянган төгрөг өгч, компаний ажилд саад хийхгүй байхаар тохиролцон гарын үсэг зуруулж авсан талаархи мэдээлэл манай сайтад ирсэн юм. Бид энэ асуудлаар тус орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайвантай ярилцлаа.
-АЙЛ БҮРТ 500-900 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН БАЙСАН-
-“Уулс заамар” компани хэзээнээс танай нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
-Энэ компани 2013 оноос алт олборлож эхэлсэн. Улмаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг, Туулын гүүрний орчимд амьдардаг иргэдийн суурьшлын бүс рүү улайран халдаж байна. “Уулс заамар” компани анх иргэдийн амьдарч байгаа газрыг “Манай газар. Нүүхгүй бол бүгдийг чинь зайлуулна шүү” гэж дарамтлан сүрдүүлж авахыг оролдсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад, сүүлдээ мөнгө төгрөг өгсөн юм шиг байна.
-Айл бүрт 500-900 мянган төгрөг өгсөн гэсэн. Энэ үнэн үү?
-Тус компанийнхан тэр хавьд амьдардаг айлуудад хэлэхдээ “Энэ газар манай компанийн мэдлийн газар” гээд, айлуудын хашаанаас хоёр гуравхан метрийн зайд торон хашаа татаад, ухаад эхэлсэн. Гэтэл тэр хавьд оршин суугчид энэ ажлыг зогсоох гэж эсэргүүцэн тэмцээд бөөн юм болсон. Тэгтэл компанийн зүгээс “Оршин суугчдаасаа төлөөлөл гаргачих. Бүгдээрээ тохиролцъё” гээд сонгосон гурван хүнтэй тусгайлан уулзаад, айл өрх бүрт 500-900 мянган төгрөг өгөхөөр болоод, нийт 81 сая төгрөг өгсөн юм байна. Тэр хавьд нийт 48 айл өрх байдаг. Бүртгэлгүй айлууд ч бас байдаг юм билээ. Бүх айлд мөнгө өгсөн. Бүгд гарын үсгээ зураад мөнгө авцгаасан байна лээ.
-ИРГЭДЭЭС ЦУГЛУУЛСАН ГАРЫН ҮСГЭЭ БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ
БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНДЭЭ АШИГЛАХ МАГАДЛАЛТАЙ-
-Иргэд ямар учиртай гарын үсэг зуруулж байгааг нь асуугаагүй юм болов уу?
-Одоо бидний хардаж байгаагаар энэ компани иргэдэд мөнгө өгч гарын үсэг зуруулсан баримтаа тэр газрыг авах Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээндээ ашиглах магадлалтай гэж үзэж байна. Хэдэн төгрөг аваад гарын үсэг зурчихсан хүмүүс юу юугаа ч ойлгоогүй юм шиг байгаа юм. “Тоос шороо их босгосон, худаг нүүлгэх гэж байгаа учраас та нарт нөхөн олговор маягаар мөнгө өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгж л ойлгож гарын үсэг зурсан гэж хэлээд байна. Ямар учиртай цаасан дээр гарын үсэг зурснаа харсан уу гэхээр “Манай компани үйл ажиллагаа явуулахад саад тотгор учруулахгүй байх” гэсэн утгатай зүйл байсан гэж ярьцгааж байна. Хүмүүсийн хууль мэддэггүй, гэнэн цайлган байдлыг ашиглаад, гарын үсэг зуруулж авчихаад, дараа нь иргэд өөрсдөө зөвшөөрөөд, гарын үсгээ зураад, газраа өгсөн гэх байдлаар ашигладаг байхгүй юу. Энэ бол аль ч компанид байдаг муу зуршил.
-Мөнгө авсан айлууд нь тэгээд нүүж байна уу?
-Миний мэдсэнээр тэндээс хоёр айлд 500 мянган төгрөг өгөөд нүүлгэчихсэн байхад нь би очиж зураг дарсан. Тоглоомын талбай, худгийн наагуур хашаа татчихсан зургууд ч байна.
-Та ТББ-аа төлөөлөөд “Уулс заамар” компанийн хүмүүстэй уулзсан уу?
-Би хуульч, өмгөөлөгчтэй нь уулзсан. Энэ газар яг танай компанийн газар мөн юм уу, бичиг баримтыг нь үзье. Би Байгаль орчны яамны идэвхитэн байгаль хамгаалагч гэж явдаг. Компаниудын бичиг баримтыг үзэх эрхтэй гэсэн чинь “Чиний наадах чинь юу юм бэ” гээд үл тоож харьцсан. Тиймээс би “Ил тод байдал” гээд манайхтай хамтарч ажилладаг ТББ-аас бүх компанийг тэмдэглэсэн газрын зургийг үзүүлээд, танайх энэ газар руу олборлолт хийхээр орох эрх байхгүй байна гэдгийг нь үзүүлсэн. Ашигт малтмалын газраас ирсэн албан бичигт “Энэ газар 00009305 дугаартай “Булган гангат” гэдэг компанийх. Туул голын эргийн хамгаалалтын бүсэд лицензийн ямар ч давхцал байхгүй” гэсэн. Энэ албан бичгийг үзүүлтэл юу ч ярихгүй яваад өгнө лээ. Тэгээд захиралтай нь утсаар холбогдох гээд залгахаар утсаа авдаггүй юм байна.
н.ОРГИЛМАА: ХОЁР АЙЛД 500, 500 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЧ НҮҮЛГЭСЭН
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс “Уулс заамар” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Оргилмаатай утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.
-Танай компанийг иргэдийн суурьшлын бүсэд алт олборлохын тулд мөнгө тараасан гэх мэдээлэл манайд ирсэн. Энэ үнэн үү?
-Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Туулын гүүрний орчимд буусан айлуудын дийлэнх нь нинжа айлууд. Ямар ч газрын зөвшөөрөл байхгүй. Тэр хэсэг газар суурьшлын бүс ч биш. Манай компанийн мэдлийн лицензтэй газар. Гэтэл манай компаниас мөнгө авах гэсэн хүмүүс элдэв хэл ам гаргаж, худлаа зүйл яриад байгаа. Бид хуулийн дагуу ажиллаж тэнд ямар ч зөвшөөрөлгүй буусан байсан хоёр айлд нүүх зардал болох 500, 500 мянган төгрөг өгч нүүлгэсэн. Зарим зөвшөөрөлтэй айлуудад нөхөн олговор маягаар хэд хэдэн төгрөг өгсөн. Түүнээс биш бүх айлд мөнгө тарааж, тийм их хэмжээний мөнгө өгсөн зүйл байхгүй.
-Үнэхээр танай эзэмшлийн газар мөн үү. Ашигт малтмалын газраас “Булган гангат” гэдэг компанийн мэдлийн газар гэсэн албан тоот ирсэн гэх юм?
-Мөн байлгүй яах вэ. Бүх бичиг баримт нь байгаа. Гэхдээ одоо надад алга байна. Аймаг, сумын холбогдох газрууд, мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас ч ирж шалгалт хийсэн. Энэ бол манай компанийн нэр хүндэд халдсан асуудал. Дарамтлаж мөнгө авах гэсэн бохир санаа. Манай компани 200 гаруй ажилчинтай. Уул уурхайн салбарт арваад жил ажилласан. Уул уурхайн нөхөн сэргээлтээ хамгийн сайн хийсэн компаниар өнгөрсөн жил шалгарч байсан. Бид энэ асуудлаар Хайлааст сумын цагдаад хандсан байгаа. Хэл ам хийгээд байгаа хүмүүс ч гэсэн шаардлагатай бол холбогдох газруудад хандаж болно. Өөрсдөө хүний эзэмшлийн газарт амьдарч байж талбайгаа чөлөөлөхийн оронд ингэж аашилж байгаад гайхаж байна.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл