БӨХИЙН ГАЛУУДААС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА: Бөхчүүд бэлтгэлээ жигдлэн, төрийн наадмаа хоног тоолон хүлээж байна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход ес хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд бөхчүүд аймаг аймгаараа гал болон бэлтгэлд гарч, энэ жилийн наадмаар хэний хүү улсын төрийн баярын наадамд амжилт гаргаж, цолоо ахиулах бол хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж буй юм. Тиймээс бид уламжлал ёсоороо бөхийн галуудаар явж бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдаж буй талаар сурвалжиллаа.
-УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ БАГШАА ТҮШИГЛЭН “ТАВАНХАН” ДЭВЖЭЭНИЙ
БӨХЧҮҮДТЭЙ БЭЛТГЭЛД ГАРЧЭЭ-
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан “Таван хан дэвжээ”-ний бөхчүүд Төр хурахын аманд төвхнөжээ. Биднийг очих үеэр аварга хот явсан байж таарлаа. Эднийх энэ жил өргөн бүрэлдэхүүнтэй гарчээ. Галын багшаар Улсын начин Шагдарын Зоригт ажиллаж байв. Жилээс жилд нэгдэн нийлж өргөжиж залуу үе нь хүч түрж буй гал.
Өндөр биеэ зөв ашиглаад зоримог барилдвал Чотонгийн хүүг начнаар тогтохгүй бөх гэж өргөн Сэлэнгийнхэн хүлээж суудаг гэсэн. Жил дараалж цол нэмсэн бөх том цолонд хүрдэг гэж ахмад бөхчүүд ярьдаг. Тийм болохоор Н.Жаргалбаяр заан ч дээшээ үзэх учиртай.
Аймагтаа түрүүлэх залууст хатуухан өрсөлдөөн өрнөх дэвжээ. Өнгөрсөн, уржнан жилийн үзүүр заанууд олон жил арслан цолонд нэрлэгдэж байгаа Эрдэнэбаяр, Энхжаргал. Начны босго давчихвал нэвт гүйж мэдэхээр сумын заанууд ч бий. Наранбаяр, Очирхуяг, Орхонбаяр гэх мэт шинэхэн харцага, Ширчинхүү, Ганбаяр гээд хэн ч таахын аргагүй өрсөлдөөнтэй наадам болох байх. Мөн Улсын харцага Б.Бат-Өлзий аварга багшаа түшиглэн хамт гарсан юм билээ. Энэ жил заал танхим гээд томоохон барилдаанд өнгөнд барилдаж буй түүнийг бөх сонирхогч түмэн нүд чилээн харж суугаа нь лавтай.
-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ
“УВС НУУР” ГАЛЫНХАН-
Биднийг Увс аймгийн бөхийн "Увс нуур" галыг зорин очиход галын сорилго барилдаан, бэсрэг наадам нь болж байв. Бөхийн “Увс нуур” гал бөхийн галуудын түүчээ болж байгуулагдсан анхны гал юм. Мөн галын сорилго наадмыг анх зохион байгуулсан түүчээ гал юм.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн бэлтгэлийн баазад болсон эл наадам энэ жил тус галын 20 жилийн ой тохиож байгаа болоод ч тэр үү өргөн дэлгэр болж өнгөрлөө. Бараг л аймгийн наадам шиг хөл хөдөлгөөн ихтэй болов. Учир нь зөвхөн галын бөхчүүд бус Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийн бөхчүүд оролцон 96 бөх зодоглосон нь барилдааныг өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болголоо.
Амар даваа гэж байсангүй. Даваа барилдаан бүр өрсөлдөөнтөй өндөлзүүлж байлаа. С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан Т.Баасанхүү А.Бямбажав харцага нар барилдсангүй. Сумын заан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ улсын начин Ц.Одбаяраар давж хоёр давсан цор ганц заан байлаа. Түүнийг уран барилдааны тусгай шагналаар шагнасан юм.
Мөн энэ барилдаанд Б.Бат-Өлзий харцага зорьж ирж барилдсан нь олон хүний анхаарлыг татаж байлаа. Тэрээр гурвын даваанд Улсын начин Б.Серикийг амалж хөмрүүлээд, доор нь орчихсон. Энэ барилдаанд Өлгийн хүчтэний арслан начнууд сайн барилдаж, Хурц арслан Береке шөвгийн гуравт шалгарсан. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК "Увс нуур" бөхийн гал, "Химон констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат Батлан хамгаалахын их сургууль,"Увс нуур" галын бөх Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.
Ө.Бат-Орших гарьдын хувьд допинг хэрэглэсэн гэх асуудалд холбогдоод буй. Улмаар шүүхэнд хандаж, түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан МҮБХ-ны тэргүүлэгчдийн тогтоол хууль бус болохыг нотлуулаад буй юм. Гэвч Шадар сайд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэх шийдвэр бас гаргачихаад байгаа. Ямартаа ч гарьд маань галын наадамдаа өнгөтэй сайхан барилдаж үзүүрлэлээ. Наадмын дэвжээнээ гарч зодоглох эсэх нь тухайн цаг үедээ шийдэгдэх буй за.
Энэ жилийн наадмын бэлтгэлийг Улсын заан, гавьяат тамирчин О.Одгэрэл дасгалжуулжээ. Энэ галын хувьд начин, гарьд цолтон төрөөсэй гэхээсээ илүү зангарагтай зүйлс ярьдаг улс. Өөрөөр хэлбэл наадмын түрүү, үзүүр л ярьдаг аварга, арслан олонтой аймаг билээ.
-ӨРГӨЖИН ТЭЛЖ БУЙ “ӨЛГИЙН ХҮЧТЭН”-ҮҮД АМЖИЛТЫН БУУХИАГАА
ТАСЛАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА-
Өргөжин тэлж буй “Өлгийн хүчтэн” дэвжээ. Олон жил улсын цолтон тасарсан ч сүүлийн хоёр наадмаар дараалан начин цолтон өлгийдэж аваад байна. Галын ерөнхий дасгалжуулагч аймгийн хурц арслан К.Канат биднийг уриалгахан угтаж авсаар яриа өрнүүлсэн юм. Тэрбээр сүүлийн гурван жил Увс нуур галтай хаяа нийлэн гарч өгөөж арвинтай түшиг тулгуур нөмөр нөөлөгтэй байдаг гэдгээ тодотгон хэлж байсныг нуух юун. Өлгийн гурван арслан энэ жил тун өнгөтэй байна. Наадмын өдрийн тэнгэр л мэдэж дээ. Шинэ начин Б.Серик бэлтгэл дажгүй харагдсан. Цолоо баталж ахиулахыг үгүйсгэхгүй. “Өлгийн хүчтэн”-чүүд дахин улсын цолтонтой болохыг ерөөе.
К.КАНАТ: “УВС НУУР” ГАЛЫГ ДАГАЖ ГУРВАН ЖИЛ ГАРСАН НЬ ЭЭЛТЭЙ БАЙГАА
Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний багш, дасгалжуулагч аймгийн арслан К.Канат аймагтаа хоёр удаа түрүүлсэн, хурц арслан цолтой бөгөөд “Өлгийн хүчтэн” дэвжээний багшаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус гал нэг үе тавхан хүүхэдтэй бэлтгэл эхэлж байсныг бодоход одоо 35 болж, жилээс жил өргөжиж сайхан байгааг тэрбээр ярьж байв.
Мөн тэрбээр “Энэ жил манайх зургадугаар сарын 10-наас бэлтгэлдээ гарсан. “Хас Өргөө” амралтын газарт гурав дахь жилдээ гарч байна. Энэ газар бидэнд маш их ээлтэй байгаа. Энд анх гарсан жилдээ Б.Баатарцол маань Улсын начин болсон. Дараа жил нь Б.Серик начин болсон. Энэ жил дахиад нэг цолтон төрөх болов уу гэж найдаж итгэж байна. Хүүхдүүдийн бэлтгэл ханаад сайхан байна. Өнөөдрөөс зарим нь буугаад, аймаг сумдын наадам зорих гээд байж байна. Улсад барилдах хэд маань 10-нд буугаад маргааш нь шууд л наадамдаа зодоглох зорилготой байна.
Энд 10 гэрт нийтдээ 35 хүүхэд байрлаад бэлтгэлээ хийж байна. Системтэйгээр бэлтгэл хийлгэж байгаа учраас сайн барилдах байх гэж бодож байна. Манай Еркебулан, Мустафа, Береке гурвын аль нэг нь цол авна, цаашилбал харцага ч болчих байх гэж найдаж сууна. Гэхдээ төрийн наадам хэцүү шүү дээ. Манай аймгаас 35 жилийн дараа начин цолтон төрөхөд их баярласан. Олимпийн аварга төрөхөд бид яаж баярлаж байлаа. Манай аймгийнхан тэрнээс илүү баярласан. Ер нь буухиагаа таслахгүй гэж бодож байна.
Б.Серикийг би заан ч болчих болов уу гэж боддог юм. Гэхдээ өөрт нь хэлдэггүй. Бас хэлэхээр онгирчих болов уу гэж боддог юм. Увсын галын бөхчүүдтэй хаяа нийлж бэлтгэл хийнэ. Ер нь Увсыг бараадаж гарч ирсэн энэ газар их ээлтэй гээд бэлгэшээгээд байгаа. Хаяа түшээд асуух зүйл их байх юм. Эд маань их тус болно оо. Мэддэг чаддагаа харамгүй хэлж өгдөг” гэв.
Б.СЕРИК: ЕРКАБУЛАН, БЕРЕКЕ, МУСТАФА АХ НАРАА ЦОЛ АВЧИХААСАЙ
ГЭЖ БОДОЖ БАЙНА
Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, өнгөрсөн жилийн баяр наадмаар начин цол хүртэж, нутгийн зон олноо баясгасан Б.Сериктэй цөөн хором ярилцлаа.
-Бэлтгэл сайхан уу? Бэлтгэлдээ гараад хэд хонож байна вэ?
-Бэлтгэл дажгүй сайхан, 20-иод хоночихлоо. Өмнө нь “Сүлд” спорт хорооныхоо бөхчүүдтэй наадмын бэлтгэлд гардаг байсан. Харин энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай галынхан гурав дахь жилдээ Увс аймгийн “Увс нуур” галтай айлсаж бэлтгэл хийж байна.
-Өнгөрсөн жил жил начин цол хүртсэн. Энэ жил цолоо ахиулах том зорилготой байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Цолоо батлаад, дахиад цаашаа ахиулахын төлөө, нутаг усныхаа нэрийг гаргахын төлөө бэлтгэлээ базааж байна даа. Нас залуу байна. Энэ жил 24-тэй. Тэгэхээр цолоо ахиулахын төлөө хичээж бэлтгэлээ хийж байна даа.
-Танай галаас энэ жил начин цол хүртэх магадлал өндөр дөө гэсэн аймгийн арслангууд хэн хэн байна вэ?
-Уржнан жил Б.Баатарцол ах, өнгөрсөн жил би начин цол хүртсэн. Одоо манайхаас Еркабулан, Береке, Мустафа гэсэн гурван арслан байна. Энэ жил бэлтгэл сургуулилт сайн. Заал танхимд сайн барилдсан. Цол авчихаасай гээд харж сууна даа.
-Өнгөрсөн жил начин болсон тэрхэн агшнаа эргэн дурсвал?
-Начин болоод, тав даваад, туг тойроод явж байхад нутгийн ард түмэн бүгд маш их баярласан. Тэр өдөр манай аймгийн наадам зэрэг болж байсан. Тэгээд Б.Серик начин болчихлоо гээд бүгд алга ташиж баярлаад, бөөн л юм болсон гэсэн. Намайг очингуут маш сайхан хүлээж авсан.
-ГОВЬ-АЛТАЙН “ХАНТАЙШИР” БӨХИЙН ГАЛААР ЗОЧИЛЛОО-
Бидний дараагийн зочилсон гал бол Хантайшир. Эрт дээр үеэсээ алдартай засагт ханы хөх харчууд “Мандал” амралтад бэлтгэл сургуулилтаа базаагаад, олон наадамтай золгож байна. Энэ жил зургадугаар сарын 10-даар 60 орчин бөх наадмын бэлтгэлд гарчээ. Төрийн наадамд төвөггүй шөвгөрчихдөг Нямдоржийн Ганбаатар гарьд, унаа холтой уран хурц барилдаантай Жанцангийн Бат-Эрдэнэ, сийрэг зоримог барилдаантай Б.Соронзонболд, нягт уран Гантулга, Шинэбаатар, шинэхэн начин Б. Хишигбаатар гэх мэт цолоо ахиулах, дээшээ барилдах олон хүчтэн бий.
Шинээр улсын цолны босгонд тулсан арслангууд ч олон. Хурц арслан Бямба-Очир, Тангад, Буянт, Даваажаргал, Отгонбаатар, Сайханжаргал, Алтаншагай, Хосбаяр нарын шилдэг арслангууд жилдээ ганцхан наадмаа хүлээж бэлтгэлээ улам чамбайруулж байна. Цолгүй нь цолтой, цолтой нь цолоо ахиулахын ерөөлийг нийт Хантайширчууддаа өргөе.
С.БАГАХҮҮ: ТӨРИЙН НААДАМ БОЛДГООРОО БОЛНО, БӨХЧҮҮД
БАРИЛДДАГААРАА БАРИЛДАНА
“Хантайшир” бөхийн дэвжээний багш, дасгалжуулагч С.Багахүүтэй цөөн хором ярилцлаа.
-Танай галын бөхчүүдийн бэлтгэл сургуулилт сайхан уу?
-Говь-Алтай аймгийн бөхчүүд бэлтгэлдээ гараад, бэлтгэл дажгүй, 70-80 хувьтай хангагдсан байна. Ерөнхийдөө манайх жилдээ ачаалалтай үед 60-70, дунджаар 50 бөх байнгын бэлтгэл сургуулилт хийдэг. Өнөөдөр 50-иад бөх байна. Суманд барилдах зарим бөхчүүд бэлтгэлээсээ буугаад явсан. Өнгөрсөн жил манай галаас начин төрсөн. Б.Хишигбаатар маань наадмаас хэдхэн хоногийн өмнө цэргийн наадамд хурцлаад, хурц арслан болоод байсан. Хэд хоногийн дараа улсын наадамд сайхан барилдаж, начин болсон доо. Манайд одоо ойролцоо настай 8-9 аймгийн арслан байна. Бүгд бэлтгэл сайхан хангагдсан. Бүгдийг нь цол авчих болов уу гэж харж байна. Болдог бол бүгдээрээ цол авчихаасай гэж бодож байна. Манайх энэ хангайд 11 дэх жилдээ бэлтгэл хийж байна. Энэ жилийн тухайд хур бороо багатай жаахан тиймхэн л байна. Гэхдээ хэд хоногоос сайхан болчих байх аа. Галын наадмаа зургадугаар сарын 23-нд эртхэн хийчихсэн. Хурц арслан Бямба-Очир түрүүлсэн шүү дээ.
-Хоёр бөхийн холбооны маргаан үүсээд байгаа. Бөхчүүдийн хувьд энэ маргаантай холбоотойгоор барилдахгүй гэсэн асуудал байхгүй биз дээ?
-Хэзээ ч тийм асуудал байхгүй ээ. Төрийн наадам болдгоороо болно. Бөхчүүд барилддагаараа барилдана. Манай дэвжээний бөхчүүдийн хувьд цааргалаад, янз бүр болсон асуудал байхгүй. Ер нь бөхийн маргааны асуудал бидэнд төдийлөн хамааралтай биш. Яриад байх зүйл байхгүй.
Б.ХИШИГБААТАР: БӨХ ХҮН НААДАМ БОЛГОНД Л ТОМ ЗОРИЛГО ТАВЬДАГ
Манай сайт өнгөрсөн жил мөн л Говь-Алтайн галаар зочилж сурвалжлага бэлтгэж байсан юм. Энэ үеэр аймгийн хурц арслан байсан Б.Хишигбаатараас ярилцлага авч, цолоо ахиулна гэсэн ам авч байсан нь биелэлээ олж, улсын начин цол хүртсэн билээ. Тиймээс энэ жил дахин ярилцлага өгвөл цолоо дахиад ахиулна шүү хэмээн бэлгэшээж түүний сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр “Бэлтгэлдээ гараад 20 гаруй хонолоо. Ерөнхийдөө бэлтгэл ханах тийшээгээ болсон. Жаахан амрах маягтай л байна. Миний хувьд өнгөрсөн жил начин цол хүртсэн. Бөх хүн чинь наадам болгонд л том зорилго тавьж барилддаг болохоор энэ жил ч гэсэн цолоо баталж, ахиулж Монголын ард түмэн, нутгийн зон олноо баясуулах юмсан гэж бодож байна. Бүтэн жилийн бэлтгэл сайн хийсэн учраас хувийн бэлтгэл сайн байгаа л гэж бодож байна. Өнгөрсөн жилийн наадмаас хойш ганц хоёрхон заалны барилдаан алгассан” гэлээ.
-ЗАВХАНЫ НУТГИЙН БӨХЧҮҮД ГУРВАН ГАЗАРТ БЭЛТГЭЛД ГАРЧЭЭ-
Энэ цаг үед бөхчүүд маань тус тусын галдаа бэлтгэл, сургуулилтаа чамбайруулж байгаа нь лавтай. Өнөө жил Оройн дээд Богд Очирваань хайрханаар овоглосон Завхан нутгийн бөхчүүд маань гурван газар бэлтгэлд гарчээ.
Хамгийн эхэнд улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан "Даян" дэвжээний бөхчүүд ЦЕГ-ын "Сүүж" амралтын газар бэлтгэлд гарсан бол, "Завхан" дэвжээний бөхчүүд улсын гарьд Ш.Жаргалсайхан, аймгийн заан П.Өсөхбаатар нарын удирдлага дор Багануураас хойш 30 км-ын зайд орших, "Хаан хэрлэн" амралтын газар энэ сарын 20-нд бэлтгэлд гарчээ.
Улсын өсөх идэр начин Ж.Оргил "Хүч" спорт хорооны бөхчүүдийг ахлан Сүүжид байгаа юм байна. Өнөө жилийн улс, аймаг, сумын баяр наадамд Завханы бөхчүүд одтой сайхан барилдахын ерөөл өргөе.
Б.БУРМАА
Сэтгэгдэл