М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан

Д.Тулга / Эрүүл мэнд

emch

-ТАСРАЛТГҮЙ 34 ЖИЛ АЖИЛЛАХДАА 11,500 ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВСАН-

Эх хүүхэд хоёрын хоёр яс салж, хорвоод нэг хүн мэндэлж, эх орон аав, ээж элгэн саднаа баярлуулдаг. Эхийн хэвлийнээс дөнгөж төрөөд уйлах, эх хүүхдээ хөхүүлж байхыг харах сайхан мэдрэмж хэмээн хуучлан суугаа энэ эмчийг С.Энхтуяа гэдэг. Тэрээр тасралтгүй 34 жил нэгдүгээр төрөх эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Түүнийг олон сайхан эх хүүхэд төрүүлсэн, сайхан сэтгэлт чадварлаг эмч гэдгийг олон гэр бүл магтан ярих нт бий. Ийнхүү АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй эмч М.Энхтуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн оноос эх барих эмчээр ажиллаж эхэлсэн бэ?

-Намайг Машлавын Энхтуяа гэдэг. 1977 онд арван жилийн сургуулиа төгсөөд тухайн үеийн анагаахын дээд сургууль элсэн орж, зургаан жил сураад 1983 онд шууд Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хувиарлагдсан. Хувиарлагдаж ирээд одоог хүртэл тасралтгүй 34 жил ажиллаж байна. Би анх “Сэрэлт” киног үзээд эмч болох хүсэл төрж байсан юм. Тэр дундаа эх барих эмч болохоор шийдсэн. Тухайн үед анагаахын дээд сургуулийн оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн дадлагад гардаг байлаа. Би дөрөвдүгээр курстээ Булган аймагт эх баригчаар ажиллаад эхэлсэн. Дараа жил нь тавдугаар курстээ анхныхаа хүүхдийг эх барьж авч байлаа. Анх хүүхэд эх барьж авахад их сандраад энгэртээ наагаад л бөөн цус, дөнгөж төрсөн хүүхдийн зунгаг болж байсан. Эх барихын эмчийн гараа тэндээс эхэлж байсан юм. Мөн тавдугаар курсэд байхдаа дуудлаганд их явдаг байсан. Анх Булган аймагт очиж байхад н.Цэрэндорж гэж хүний гавъяат эмч байсан. Тэр хүн их мундаг хүн байж билээ. Тэр үед тэр хүнийг хараад “яаж энэ хүн шиг мундаг эмч болох вэ?” гээд л хардаг байлаа.

Мөн Нарантуяа эмч одоо нас барсан сүүлд гавъяат болсон юм. Тэр хүн тэр үед төрөх тасгийн эрхлэгч байсан. Тэр эмчтэй бид хоёр Могод суманд очиж хийсвэр хагалгаа хийж байлаа. Шууд л галтогооны өрөөнд ширээн дээр даавуу дэвсээд хэсгийн газрын мэдээ алдуулалтаар хагалгаа хийж байсан. Би их залуухан байсан болохоор нэг их цусанд дунд юу болоод байгааг ч сайн мэдэхгүй. Эмч маань сандархаар нь “тайван тайван” гэж хэлж байсан санагддаг. Тэр төрж байсан хүн гэдэс нь гарч ирнэ, хэсэг газрын мэдээ алдуулсан байсан болохоор өвдөнө, орилно, оёно их хэцүү байсан. Тухайн үед би эмчдээ их сайн тусалж байсан санагдаж байна. Тэр үед эмч нар оюутан байхаасаа эхлээд хүнд анхны тусламж үзүүлэхэд гаршсан төгсдөг байлаа.

emch

-Сүүлийн үед төрөхөөр ирж буй ээжүүд их бэлгийн замын өвчлөлтэй байна гэх юм. Олон эрсдэл үүсэх гэл үндэс болдог гэдэг. Энэ талаар?

-Одоо дээр үеийг бодвол бэлгийн замын өвчлөлтэй эх ихээр ирж байна. Гэхдээ эхчүүд намайг анх эмч болж байх үеийг бодвол өөртөө их хяналт тавьдаг болсон байна. Анх төрөх нэг болон хоёрдугаар тасаг гэж тасагтай байлаа. Би хоёрдугаар тасгийн М.Энхтуяа гэдгээрээ алдаршсан байсан. Тэр тасагтай 20 гаруй жил ажилласан. Тэр тасагт ямар хүмүүс ирдэг вэ? гэхээр аль шинжилгээ муу, хавсарсан өвчтэй, төрсөний дараах хүндрэлүүдтэй, жирэмсэн эх өөрийн биеэ их айхтар оролдсон ирдэг байсан. Тэр үед аборт нээлттэй биш байх үед жирэмсэн ээжүүд өөрийн биеэ их оролдсон муудсан ирдэг байлаа. Тийм хүмүүстэй 20 гаруй жил ажилласан. Бас надтай хамт бас манай тамгийн эрхлэгч, зөвлөх эмч нар их тусалж ажилладаг байсан. Тэд нарын дунд аль хүндрэлтэй тохиолдлуудтай ажиллаад сурсан.

Одоо бол эмнэлгийн үйл ажиллагаа сайхан жигдэрсэн байна. Бэлгийн замын өвчлэлтэй хэрхэн яаж тэмцэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, НҮБ-ээс их олон сургалт ирж байна. Гэхдээ бас хувь хүнээс шалтгаалах олон хүчин зүйл байсаар байгаа юм. Манай улсад ДОХ-ын тохиолдол нэмэгдсээр байна. Мөн манай улс сүрьеэ гэх өвчнөө хяналтаас алдчихсан. Мөн тэмбүү бол улс даяар дэндүү тарсан. 1930 аад оны үед тэмбүү өвчнөөс салгах гээд улаан тариа хийдэг байсан үерүүгээ эргээд орох шинжтэй болоод байна. Би энэ тэмбүү гэх өвчнийг их тарж байгаад харамсаж байна. Соцализмийн үед сүрьеэгийн өвчнөө их сайн хянадаг байсан. Дээр үед идээ бээр нь гоожоод л ирдэг байсан. Харин одоо бол хүчтэй эм тариа их болсон учраас харахад өрөвсөл гайгүй юм шиг хэрнээ цусанд нь байж л байх жишээтэй. Одоо бас цусаар дамждаг халдварт өвчин ихэссэн байна.

-Эхийн эндэгдэлд эмч нарын буруутай үйлдэл хэр нөлөөлж байна вэ?

-Одоо харьцангуй эхийн эндэгдэлд эмч нарын үйлдлээс болж эндэх нь багасчихсан. Харин эхийн хавсарсан өвчлөл ихтэй байгаа учраас эндэгдэл байсаар байна. Тэгэхээр суурь өвчин их байна. Манай улсын хувьд бөөр шээсний замын өвчин маш их байна. Охидууд хавар намрын цагт нимгэн явдаг, гадаа задгай нойлд биеэ засдагтай холбоотой. Түүнчлэн манай хотын орчин ямар байгаа билээ дээ. Үүнтэй холбоотой хавсарсан суурь өвчлөлтэй жирэмслэлт, төрөлт их байна.

-Эх хүүхдийн эндэгдэл болон төрөх үед гарах хүндрэлд гол нөлөөлж буй ямар өвчлөл байна вэ?

-Жирэмсэн хүн гэдэг энгийн хүнийг бодоход биеийн эсэргүүцэх чадвар их сулардаг. Түүнтэй холбоотойгоор тухайн хүнд өөрт нь ямар суурь өвчлөлийн голомт байна тэр нь сэдэрдэг. Тэгэхээр хүний өрөвслийн анхдагч голомт шүд, хоолойноос эхэлдэг. Багадаа хүн 2-3 удаа хоолой өвдсөн л бол тухайн хүний улаан хоолойд идээ байж л байдаг. Хэзээ эсэргүүцэл суларна тэр үед идээ нь дахин сэдэрч идээлнэ. Шүд цоорхой, хамар байнга өвддөг гэх зэрэг шалтгаан нь идээт голомт болно. Гэтэл тухайн хүний байнгын бөөр өвддөг бол шээсэнд нь микроп байж л байдаг. Энэ бүгд цусаар урсаж байгаа шүү дээ. Тэр идээт өрөвсөл хэзээ бие суларна тухайн үед илэрч гарч ирээд байгаа юм. Гэхдээ халдвартай хүн болгон хүндрээд байна уу гэвэл тийм биш.

Тухайн хүний бие ийн онцлогоос их хамаардаг. Жирэмсэн хүний нэг онцлог нь халдварын клиник маш бүдэг явагддаг юм. Зүгээр энгийн бие чилээрхэх, хамрын ханиад хүрсэн төдий мэдэгдэхгүй явагддаг. Тэгэхээр энэ хүний бие нь жаахан сул байна даа гэж харахаар яг төрөх явцдаа гэнэт огцом бактер хордлого гэх юманд орчихоод байдаг.

emch

-НЭГ ДОР ЭХ, ХҮҮХЭД ХОЁР ХҮНИЙ АМЬ ХАРИУЦАЖ АЖИЛДГААРАА ОНЦЛОГ-

-Бактер хордлого гэдэг юу гэсэн үг вэ?

-Энэ нь маш хүчтэй хэмжээний бактерийн хор цусаар хүчтэй гэнэт тархахыг хэлж байгаа юм. Тэр нь тухайн хүнийг их ядарч байх үед гэнэт гарч ирэх эсвэл жирэмсэн байх үед бактераасаа болоод умай нь өрөвсчихсөн. Үүнд бэлгийн замын халдварууд ч орно.

Жирэмслэл гэдэг нь өөрөө эсэргүүцлийг сулруулдаг эмгэг юм. Тэгэхээр тухайн хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг шүү дээ. Энэ хэдийгээр физлогийн үйл ажиллагаа ч гэсэн эмгэг байвал эхийн амь насанд аюултай шүү дээ төрөлт гэдэг чинь. Их богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахгүй бол эх хүүхэд хоёрын амь насыг авч оддог ийм процесс. Тийм учраас мэргэжлийн эмч нар байнгын бэлдээд байдаг юм.

-Жирэмсэн хугацаандаа янз бүрийн эм бэлдмэлийн хэрэглээд байна. Хүний амаар эм авч байна шүү дээ?

-Тийм. Энэ бол маш буруу зуршил. Үүний илэрхийлэл бол хүүхэд их том хөөнгө гардаг. Мөн эх өөрөө их таргалалт явагдаад байдаг. Тэгэхээр манай жирэмсэн эхчүүдэд эрүүл хооллолт гэх зүйл байхгүй болчихоод байна.

-Жирэмсэн үедээ эх яг ямар витамин хэрэглэх ёстой байдаг вэ?

-Сүүлийн үед эхчүүд өөрсдөө их кальцийн дутагдалтай байна. Яагаад дутагдалд ороод байна гэхээр тухайн эх сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна. Одоогийн хүүхдүүдийн идэж байгаа хоол хүнс хэр баталгаатай вэ?, хэр шимтэй вэ? гэдэг асуудалтай байна шүү дээ. Би бол малын бүтээгдэхүүн их хэрэглэдэг байсан дээр гэж бодож зөвлөдөг. Аргагүй тохиолдолд юм уу, жирэмсний эхний үед фолийн хүчил гэх эмийг заавал өгнө. Яагаад гэхээр тархи, нугасны мэдрэлээс сэргийлдэг. Түүнээс хойш нэг витамин бичиж өгнө. Түүнээс тухайн эх өөрөө их тураалтай, хавсарсан эмгэгтэй бол витамин заавал уух хэрэгтэй.

emch

-Сүүлийн жилүүдэд хүчилтөрөгчийн архаг дутагдалтай хүүхэд ихээр төрж байна шүү дээ. Мөн түнхний мултралтай хүүхэд, ургын гажгууд их байна гэдэг. Үнэхээр тиймуу?

-Манай одоогийн энэ нийгэмд урагт их нөлөөлдөг хүчин зүйлүүүд их байна. Наад зах нь гар утас байна. Байнгын гар утас хэрэглээд байвал нөлөөлнө. Эхсээр нэвтэрч чадаж байгаа бүхэн урагт нөлөөлнө. Тухайлбал, эмийн бодисууд, телевиз, агаарын бохирдол байна. Улаанбаатар ийм аймар агаартай байхад тэр эхээс яаж 100%-ийн хүчилтөрөгчтэй хүүхэд төрөх вэ дээ гэж бодмоор. Гудамжаар алхахад хүртэл тайван байж чадахгүй байнгын машин тэрэг, утаа, машины сигнал дугарч стрэсдэж байна. Тэгэхээр одоо үед манайд урагт нөлөөлөх нөлөө маш их байна. Тэр хүн өөрийгөө л хамгаалах хэрэгтэй. Бид нар маш их бохирдолтой орчинд амьдарч байна.

Харин түнхний мултралыг манайх эрт үед илрүүлж байна. Төрөх тасагт эрт илрүүлэхийн тулд дунд чөмөгний толгой гарч ирж байна уу гэдгийг үзэж байна. Кальцийн дутагдлын үед дунд чөмөг их хожуу гардаг. Тэрийг сайн гаргахгүй бай байгаад хүүхдээ гишгүүлэх юм бол мултардаг. Тийм учраас эрт илрүүлэлт байнга яригдаж, хийгдээд байгаа юм.

-Та 34 жилийн турш эх барьж авсан байна шүү дээ. Хэдэн хүүхэд эх барьж авав?

-Би энэ хугацаанд 11,500 хүүхэд эх барьж авсан байна.

-Хүүхэд эхийн хэвлийнээс шууд гарч ирээд гаран дээр чинь тарвалзах мэдрэмж их сайхан байхдаа?

-Тэгэлгүй яахав. Тэр үе л их сайхан. Бид нар чинь хоёр хүний амь нэг дор хариуцаж ажиллаж байдгаараа бусдаас онцлог мэргэжилтэй. Гэхдээ эрүүл эх ч гэсэндээ гэнэтийн хүндрэл гардгаараа манай мэргэжил их эрсдэлтэй. Далд байгаа хүүхлээ байнга чагнана, байнга үзнэ. Заримдаа их удаан төрдөг, их олон цаг төрдөггүй тохиолдол их байдаг. Тохиолдол болгонд бид нар хүүхдээ их анхаардаг. Тэгээд л сайхан төрөөд хүүхэд уйлаад, эхэс нь сайхан салаад эх хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаа тэр мөч нээрээ үнэхээр хамгийн сайхан шүү. Хүүхэд төрсний дараа эхийн царай болон эмч нарын царай байдал инээд цалгиад тайвшраад уур амьсгал сайхан болоод ирдэг. Төрөх эмч нар олон хүндрэл ихтэй төрөх гэж байгаа эх хүүхдүүдийн араас байнгын санаа зовж суудаг. Одоо бол арга техник их сайхан хөгжсөн байна.

Төрөлт гэдэг чинь умайн булчин тэлж хүүхдээ доош шахаж гаргахыг хэлнэ. Умайн булчинд өвдөлт намдаах тариа хийхээр тухайн хүнд мэдрэгдэх өвдөлт багасаад стрэсс арилаад ирэхээр жигд сайхан төрнө. Түүнийг бид нар урьдчилж тооцож байдаг.

Хүүхдийн толгой нь бултайгаад гараад ирэхээр л хөөрхөн шүү.

emch

-Та энэ нэгдүгээр төрөх буюу одоогийнхоор Өргөө амаржих газар тасралтгүй 34 жил ажилласан байна шүү дээ?

-Тийм. Миний энэ 34 жилийн турш ажилласан гол бахархал бол МУ-ын хэмжээнд анх үүсгэн байгуулагдсан, олон түмний дунд алдартай энэ нэгдүгээр эмнэлэгт тасралтгүй ажилласнаараа бахараж байна. Намайг анх эмч болж байхад багшил байсан Дамбадаржаа, Гунгаамаа гээд их олон багш нар бий. Мөн миний гол багш маань Хөдөлмөрийн баатар Жав багш юм. Мөн Ардын эмч Үйлс эмч байна. Энэ хоёр хүний торгон шавь нь гэж би өөрийгөө бодож явдаг. Энэ хүмүүс энэ нарийн хэцүү мэргэжлийн эзэмшүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн хүмүүс юм. Одоо манай Өргөө амаржих газар олон гавъяат эмчтэй, олон ардын эмчтэй боллоо. Ирэх жил манай амаржих газрын 90 жилийн ой тохиох гэж байна.

Анх манай амаржих газар 1928 онд нэгдүгээр төв эмнэлгийн хажууд зургаан ортой төрөх тасаг байгуулагдаж байсан. Тэр үед гурван сувилагч, 900 төгрөгийн төсөвтэйгөөр ажилладаг байлаа. Анх манай эмнэлгээс бүх төрөх эмнэлгүүд салаалж гарч байлаа. Манайхаас улсын хэмжээнд эх барих эмч нарыг бэлтгэж гаргадаг байлаа.

1960 онд Нийслэлийн хоёрдугаар амаржих газар салж гарч байсан. мөн 1962 онд Цацраг туяа гэх эмнэлэг салаалж гарч байсан юм. 1966 онд гуравдугаар амаржих газар бие дааж гарч байсан. 1987 онд Эх нялхасын эрүүл мэндийн төв гарч байсан. Миний санахын эндээс эмч нарыг нь бэлдэж өгөөд гаргаж байсан. Тэр үед төгсөөд ирсэн залуусыг манайд хоёр жил сургаад гаргадаг байсан юм. Одоо эх нялхасын төрөх тасгийн эрчимт эмчилгээний тасаг гэж мундаг туршлагатай тасаг бий. Тэр тасгийн эрхлэгийн анх Амармандахыг бэлдэж гаргаж байсан. Тэгэхээр манайх улсын хэмжээний төрөх эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэж өгдөг. Одоо ч хэвээрээ л байгаа. Тийм учраас ирэх онд ойгоор манайд амаржсан эхчүүд буриа нэг эргэж ирэх биздээ.

-Иргэд сүүлийн үед эмч нарын ёсзүйг муудсан гэж ихээр ярих болсон шүү дээ?

-Тиймээ. Тэрийг хүлээн зөвшөөрөлгүй яахав. Хаа газар сайн муу тал байна. манайх бол үйлчилгээний алба учраас хүн гомдоох, хүнийг сэтгэл ханамжгүй гаргах тохиолдол талууд байсан. Одоо ч байхгүй гэхгүй. Гэхдээ тэр маань тоо хэмжээ нь улам багассаар байна. Бага байх гэдэгт итгэлтэй байна. Бага байлгахын төлөө хичээж ажилласаар байна. Аль болох хүн гомдоохгүй, аль болох сэтгэл дундуур гарахгүй байхын төлөө л байна.

-Таньд маш их баярлалаа.

-Баярлалаа.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.БИЛГҮҮН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000