Д.Амарсайхан: Хоногт 230-250 зам тээврийн осол, мэдээлэл бүртгэгддэг

У.Уранцэцэг / Хууль

-НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ӨГЛӨӨНИЙ ТҮГЖРЭЛ 07.30 ЦАГТ ЭХЭЛДЭГ-

Өнөөдөр Тээврийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан хэлэхдээ: Манай улсад өнөөдрийн байдлаар 960 мянган орчим тээврийн хэрэгсэл, нэг сая орчим жолооч 12 мянган километр хатуу хучилттай авто зам байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэл хотод хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд хоногт 410 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэг дээр хяналт тавьж байгаа бөгөөд цаашид 213 цэгт хяналт тавих шаардлагатай байгааг хэлж байна.

Монгол Улсад гол болон салбар замуудад нийтдээ 280 гаруй авто төмөр замын гарамтай бөгөөд үүнээс 122 гарам нь өндөр ачаалал бүхий нийтийн хэрэгцээний төмөр замын гарам байгаа. 98 гарам нь галт тэрэг ойртон ирж буй мэдээллийг дохио, тэмдгийн зохицуулалттай. Түүнчлэн жолооч нар анхаарал болгоомжгүй байдлаас галт тэрэгтэй мөргөлдөх, мөргүүлэх осол нэлээд бүртгэгдсэн байна.

2019 оны эхний хоёр сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд 11479 дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Үүнээс 4265 хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Он гарсаар зам тээврийн ослоор 56 хүн амиа алдаж, 165 хүн гэмтсэн байна. Осол хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29 хувиар буурсан дүн мэдээтэй байгаа аж. Орон нутагт замд яваа жолооч нар анхаарал болгоомжгүй яваагаас 47 хүн орон нутагт нас баржээ. Нийслэлийн хэмжээнд өглөөний түгжрэл 07.30 цагт эхлээд үүсдэг болсон. Хөдөлгөөний ачаалал зарим замуудад хэвээрээ байна. Манай алба хаагчид цагийн уртасгасан хуваарьтай ажилладаг. Тухайлбал, нэг алба хаагч долоо хоногт 40-48 цагийн үүрэг гүйцэтгэдэг. Хоногт нийслэлийн хэмжээнд 230-250 зам тээврийн осол мэдээлэл бүртгэгддэг. Үүний дийлэнх нь эд материалтай холбоотой осол бүртгэгдэж байгаа” гэв.

-ЦЕГ-ЫН ДЭД ДАРГЫН ЖОЛООЧ ОСОЛ ГАРГАЖ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН-

-Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн даргын жолооч осол гаргаж хүний амь нас хохироосон гэсэн мэдээлэл бий. Мөн дээрх ослын мэдээллийг бүртгэж аваагүй, нуусан гэх асуудал яригдаж байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Саяхан Нийслэлийн цагдаагийн дарга бөгөөд ЦЕГ-ын дэд даргын жолооч зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаж хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Дуудлага гарсан даруйд алба хаагчид шуурхай ажилласан. Одоогоор уг хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субъект шалгадаг газар шилжүүлсэн.

-Сүхбаатарын талбайн хажуу талын замыг эргэхийг хориглосон байсан. Энэ талаар?

-Хөдөлгөөний түр зохион байгуулалтыг судалгаатай хийдэг. Түгжрэлийн улмаас ачааллаа дийлээхээ болиод ирэхээр түр зуурын зохион байгуулалтыг хийгээд байгаа юм. Өнөөдөр нэг жолооч зам дээр хэдхэн минут зогсоход Улаанбаатар хот нийтдээ түгжрэх эрсдэлтэй болчхоод байна. Иймд түр хугацааны зохион байгуулалтыг Авто тээврийн үндэсний төвөөс хийж байгаа. Манайхаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил хийнэ.


Сэтгэгдэл

Монос [202.179.24.28] 2019-03-22 05:33:42

Бүртгэгдэхгүй олон арван зөрчлүүд, согтуунууд байгаа шд. Замын цагдаа нар таньдаг мэддэг болхоор зүгээр л явуулчдаг. Миний л нэг таньдаг хүүхэн баянгол дүүрэгт бол хөндлөн давхидаг юм байнлэ. Замын цагдаа нар нь харахаараа инээгээл бараг ёслоод өнгөрөөх нь холгүй л юм байнлэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.