С.Оюун: “Тан руу нүүж явна” зохиолдоо засвар хийх гэж Кино үйлдвэрт гурав хоног цоожлуулж билээ
Монголчуудын нүүдлийн амьдралын гайхамшиг, нүүдэлчин Монголчуудын энэрэнгүй сэтгэл, эх үрийн холбоо, хагацал, уярал хайраар дүүрэн “Тан руу нүүж явна” киноны зохиолч Санжаажавын Оюунтай ярилцлаа. “Хорвоод ганцхан ээждээ”, “Үгүйлэн санана даа”, “Мөнгөн шөнө”, “Үнсье чамайгаа үнсье”, “Өүлэн эх” дуурийн цомнол, “Загвар өмсөгч” гээд олон түмэнд хүрсэн олон зохиол, бүтээлүүдээс нь бид энэ удаа түүний “Тан руу нүүж явна” зохиолыг нь онцлон хүүрнэлдсэн юм.
-ЗОХИОЛЫН ЗАСВАРАА ХИЙЖ БАЙХАД КИНО БАГ БЭЛЭН БОЛЧИХСОН НАМАЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙВ-
-Таны талаар дуулаагүй зарим хүнд сонин болгож асуухад, анагаах ухааны мэргэжил эзэмшсэн та яаж утга зохиолын ертөнцөд хөл тавьсан бэ?
-Би Анагаахын дунд сургууль, Анагаах ухааны дээд сургуулиудад нийт есөн жил сурч төгссөн. Хоёуланг нь онц дүнтэй сурч төгссөн. Багш нар минь ч намайг их сайн эмч болно доо гэж итгэж байсан. Гэтэл Эрүүлийг хамгаалах яамнаас 1971 онд тушаал гаргаж, хэдэн эмчийг эрүүл мэнд хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан болгож томилсон. Миний хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон нь түүх бол Эрүүлийг хамгаалах яамны энэ томилгоотой л холбоотой юм. Тэр үед намайг Монгол телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэг хариуцсан редактор болгосон. Тоомойн Очирхүү гуай мөн Монголын радиогийн уран зохиолын редакцын эрүүл мэндийн нэвтрүүлэг хариуцсан редактор, сурвалжлагч болж ирж байлаа. Би өөрөө 1970 онд Монголын зохиолчдын эвлэлд элсчихсэн байсан. Очирхүү гуай харин сүүлд гишүүн болсон санагдана. Тэр үед бидний хувь заяаг яам л шийддэг байсан цаг үе шүү дээ. Есөн жил сурсан эрдмээ хойноо үлдээгээд яамны томилолт авч амьдралаа өөрчилсөн, ийм л түүхтэй дээ.
-Гэвч сэтгүүлч, зохиолч хоёр өөр шүү дээ. Та хэдийгээр эмч мэргэжил сонгосон ч бага наснаас бичиж, тэмдэглэх авьяастай байсан болоод л утга зохиолын салбартаа үлсдэн байх?
-Тэгэлгүй яахав. Би чинь Булган аймгийн Могод сумын хүн. Манайх 1958 онд Улаанбаатар хотод ижийн минь бие өвдсөн учраас шилжиж ирж байлаа. Ижий минь бие муутай байсан болохоор “За миний хүү, тариа хийдэг хүн бол” гэж хэлэхэд нь Анагаахын сургууль сонгож авч байсан юм. Тэгээд Анагаахын дээд сургууль төгсчихөөд сэтгүүлч болчихож байгаа юм /инээв. сурв/ Намайг 1970 онд Зохиолчдын эвлэлд элсэх үед надтай нийлээд есөн хүнийг элсүүлж байлаа. Д.Урианхай хойно сургууль төгсөөд ирсэн, Жамлиха гэж Казак байсан сүүлд Казакстанд очоод тэнгэрийн орондоо одсон, Жагдалын Лхагваа гэж Орост сургууль төгсөж ирсэн турбины инженер хүн, Ш.Шажинбат гэж Монголын радиогийн ажилтан биднээс арай ахмад хүн, Дармын Батбаяр гэж Төрийн шагнал хүртсэн, Лхаасамбуу гэж эмэгтэй байсан нь одоо бурхандаа одсон, Төмөр гэж цахиур хагалсан залуу шүүмжлэгч одоо бас л бурхан болсон. Ингээд бодохнээ тэр есөн хүнээс дөрөв нь л үлджээ. Энэ есийн хоёр нь оюутан байсан бөгөөд МУСГЗ Б.Хүрэлбаатар их сургуулийн оюутан, би анагаахын дээд сургуулийн оюутан байлаа. Бид хоёрыг шүлэг бичих ирээдүйтэй хүүхдүүд юм гэж Зохиолчдын эвлэлд элсүүлчихсэн байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд руу санал болгосон юм билээ.
-“Тан руу нүүж явна” киноны зохиолыг та хэдэн онд бичиж байсан юм бэ?
-1983 онд зохиолоо бичээд, 1984 онд кино болсон шүү дээ. Кино үйлдвэр гэж хаана байдгийг ч мэддэггүй байсан үедээ нэг юм биччихээд л, тэр нь кино болчихож болмоор шиг санагдаад, түүнийгээ хүн гуйж машиндуулаад, заримыг нь ажлынхаа газрын бичгийн машин дээр өөрөө цохоод л Кино үйлдвэр гэдэг газрыг сурагласаар байгаад явж очиж байлаа. Юу ч мэдэхгүй нөхөр “Найруулагч байна уу” гээд асуутал Б.Сүмхүү гэж найруулагчтай уулзуулдаг юм. Найруулагч миний зохиолыг аваад үлдсэнээ, маргааш нь утасдаж байна шүү. “Чи нэг хүрээд ирээ” гэдэг юм. Яваад очтол “Чиний энэ кино болж магадгүй юм шиг байна” гэж хэлсэн. Ингээд л Соёлын яамны Жүжиг киноны уран сайхны зөвлөлөөр ороод батлагдчихдаг юм. Юу болоод, яаж яваад батлагдчихсан учрыг сайн ч мэдээгүй. Харин тэр үед Э.Оюун гуай “Энд орчин үеийн малчин хүн гарах юм байна. Малаа ядахнаа шинжлэх ухаанчаар малладаг байх ёстой шүү дээ” гэж зөвлөөд энэ дагуу жаахан засвар оруулахаар болсон. Хамгийн сонирхолтой нь, тэр засварыг хийлгэх гэж намайг Кино үйлдвэрийн нэг өрөөнд гурав хоног цоожилж байсан юм. Одоо бол хүний эрхийг боомилж байна гээд сүйд болно шүү дээ /инээв. сурв/ Бие засах, хоол идэхэд л гаргана. Тэр үед юу ч бодоогүй мөртлөө одоо бодохоор инээд хүрээд байдаг юм.
-Тэр үед ийм л байх ёстой мэт бодож хийж байсан байх даа?
-Тийм шүү. Намайг засвараа хийж байхад кино групп аль хэдийнэ бэлэн болчихсон, зөвхөн намайг дуусахыг хүлээж байсан нь тэр шүү дээ. Бие засах гээд л өрөөнөөс гарахаар хүмүүс намайг их таниад л, “Сайн байна уу, Оюун зохиолч оо” гээд л их хүндэтгэнэ. Залуухан л бүсгүй шүү дээ. Миний зохиол гарах л юм бол шууд аваад явах гээд тэр олон хүн хүлээж байгааг мэдчихээд би их л үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлж байсан. Засвар дуусахад гар нооргийг шууд гараас булааж авах шахуу юм болж машиндуулаад л, найруулагчийн зохиол зэрэг гараад л натурт явчихаж байгаа юм. Ингээд намар нь кино гарсан даа.
-Кино зураг авалтыг хаана хийсэн бэ? Та очиж байв уу?
-Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд зураг авч байсан. Зохиолчийг 10 хоног натурт аваачдаг. Зохиолч хүнийг их ч сайхан хүндэтгэдэг байж. Зохиогчийн эрхийн хууль намрын чуулганаар шинэчлэгдэх гэж байгаа. Эртээд Оюуны өмчийн газар хэдэн хүмүүс уулзаад зохиогчийн эрхийн хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан. Зохиогчийн эрхийн хуулинд зохиогчийн эрхийг зөрчсөн нэг л заалт байдаг. Тэр нь 1993 онд анх гарсан Зохиогчийн эрхийн хуулиас өмнө бүтээгдсэн бүх бүтээлийг төрийн өмч гэж үздэг. Гэтэл төрийн өмч нэрийн дор эзэнгүйдэж байгаа юм. Энэ чиглэлээр “Эзэнгүй төрийн оюуны өмч” гэсэн материал бичсэн, засаж янзлаад удахгүй уншигчдын хүртээл болгоно оо.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжихдээ орон улсын орон сууцыг эздэд нь өгсөн. “Та нар энэ байрны мөнгийг төлсөөр энэ байрыг худалдаж авах хэмжээний мөнгө аль хэдийнэ төлчихсөн” гээд өгсөн. Малыг малчдад нь өгсөн, нэг ч мөнгө улс аваагүй. Гэтэл төрийн оюуны өмч гэж хэдэн бүтээл л үлдсэн. Хэдэн зураг, хэдэн кино, хэдэн дуурь, драмын жүжиг бий. Тухайн үед жилд долоохон л кино гардаг байсан тул тийм их оюуны өмч гэх юм байхгүй. Гэтэл үүнийгээ эзэнгүйдүүлээд хаячихсан, эзэнд нь ч өгдөггүй. Миний кино бол 10 хоногийн дотор зардлаа нөхөөд олчихсон юм шүү дээ. Улсыг өр авлагагүй болгочихсон байхад төр өөртөө авлаа гэх энэ заалт хамгийн буруу. Үүнийг шинэчилж байж л Оюуны өмчийн тухайн хууль жинхэнэ утгаараа шинэчлэгдэх болов уу.
-АМИА АЛДДАГ, МАЛЫН ЭМЧ ДАРЬСҮРЭН БОЛ БОДИТ ХҮН-
-Таны энэ хүсэлт биелэх байхаа. Эргээд киноныхоо талаар ярихад та кино зохиолынхоо санааг хэрхэн олж байсан юм бэ? Бодит амьдрал уу?
-Бодит амьдралаас сэдэвлэсэн. Манай нутагт малын эмч хүүтэй нэг хөгшин байсан. Тэр хүнээс сэдэвлэж бичсэн ч яг л тэр хүний амьдрал гэвэл өрөөсгөл. Энэ бол зохиол. Сая харин их сонирхолтой зүйл надад тохиосон. Дарьсүрэн гэдэг бол тэр малын эмчийн бодит нэр л дээ. Булган аймгийн Могод суманд байсан хүн. Гэтэл Дарьсүрэн гэж хүний эгч Цэвэл гэж хүн байсан юм байна. Би 1958 онд дөрөвдүгээр ангид байхдаа Улаанбаатарт ирсэн болохоор үүх түүхийг нь сайн мэддэггүй байж. Гэтэл тэр Цэвэл бол Улсын баатар Төмөрбаатар гэдэг хүний гэргий. Тэдний хүүхдүүд надтай холбогдоод “Манай ээж Цэвэл хэлэхдээ Оюуны кинонд гарч байгаа энэ Дарьсүрэн бол миний дүү байгаа юм гэж уйлдаг байсан” гэж ярьсан. Яриад байвал их сонин түүхүүд олон бий. Бид ер нь ээж ааваасаа ах дүү ураг төрлөө айхтар сайн асууж сурагладаггүй, тэр үед тийм юмыг сонирхохыг ч хориглодог, удам угсаагүй болж байсан үе. Гэтэл миний ижийгийн амьдралыг мэддэг нэг хүн байж таарав. Манай Булган аймгийн Могод сум Архангай аймгийн сум байсан юм. 1938 онд Булган аймгийг байгуулахад Төв аймгаас, Сэлэнгээс, Архангайгаас хэсэг газар авч байгуулсан шүү дээ. Гэтэл дээр ярьсан Улсын баатар Төмөрбаатар, түүний гэргий Цэвэл нар миний аав ижийтэй их дотно сайхан найз байж. Түүнийг нь би ихээ олон жилийн дараа мэдэхэд, гэргий Цэвэлийнх нь төрсөн дүү миний зохиолын гол баатар байсан байдаг. Их сонин шүү.
-Бодит амьдралаас сэдэвлэсэн гэхээр л хүмүүс шууд болж өнгөрсөн үйл явдлыг шууд дуурайлгаад л хийчихдэг мэтээр ойлгодог шүү дээ. Гэтэл үүнийг урлагийн түвшинд боловсруулж, найруулж, шинэ дүрүүд гаргаж ирнэ гэдэг амаргүй байх?
-Танзав гэж хөгшин Дарьсүрэн гэж хүүг өргөж авчээ. Хүү Дарьсүрэн нь өсч томроод малын эмч болж, хажуугаар нь үндэсний бөхөөр барилдна. Манай нутгийн хөгшчүүл “Танзав гуайн хүү их сайхан залуу болждээ” гэж ярьж байхыг сонсож байсан. Гэтэл удалгүй Танзав гуай сохорч гэнэ, хүү нь үүрээд Нэгдүгээр эмнэлэг дээр явна гэнэ, сайхан хүүтэй хүн сайхан юм даа гээд л ярьдаг байсан. Тэгэхээр Танзав гэдэг хүн байдаг, Дарьсүрэн гэж хүн байдаг, бусад нь дандаа уран сайхны дүр. Харин яажшуухан зохиол болгож бичиж байсан золиг юм, өөрөө ч тэрийгээ санадаггүй юм /инээв. сурв/ Үгүй мөн, сүрхий юмдаа, биччихсэн юм байна л гэж боддог. Уран сайхны кино хийхэд найруулагчийн хөдөлмөр их шүү дээ. Кино гэдэг зохиолч, найруулагч хоёрын оюуны өмч. Хөгжмийнхөн дууны яруу найрагч 40 хувийг, хөгжмийн зохиолч 60 хувийн шагналыг авдаг шиг кинонд ч мөн зохиолч 40 хувь, найруулагч 60 хувийн шагнал авдаг байдлаар Оюуны өмчийн хуулиар зохицуулдаг. Хамтарсан оюуны өмч тул хэрэв ашиг олбол энэ жишгээр явдаг юм. Гэтэл өнөөдөр энэ киног телевизүүд гаргаж, эфирийн цагаа дүүргэж байгаа боловч төрд нэг ч төгрөгийн ашиггүй, зохиолчид нь ч нэг төгрөгийн ашиггүй л сууж байна даа.
-ХҮН ХҮН РҮҮГЭЭ НҮҮДЭГ, НҮҮДЛЭЭР АСУУДЛЫГ ШИЙДДЭГ ГЭХ САНААГ НАЙРУУЛАГЧ ГАРГАСАН-
-Та зохиолоо бичиж байх үедээ ээж болсон байсан уу?
-Тэгэлгүй яахав. Би дөрвөн хүүхэдтэй.
-Таны зохиол дээр хоёр эх хүний халуун сэтгэлийг харуулдаг шүү дээ. Үрээ алдсан, үрээ хорвоод тосон авч буй хоёр эх. Үрээ алдсан эхийн сэтгэлийг эх хүн л ойлгоно гэх утга санааг та юунаас харж, ойлгож бичиж байв?
-Монгол хүний тэр нэг их сайхан чанар. Хүнийг өрөвдөхдөө үрээ өгч чаддаг энэ чанарыг гадны улс орнуудад хайгаад олохгүй л болов уу. Миний ижий өргөмөл, миний аав өргөмөл. Дээр үед өргөмөл хүүхдүүд маш их байсан шүү дээ. Хүний зовлонг ойлгож мэдэрдэг, хүнийг энэрч хайрлаж чаддаг, хүний мөрөөсөл болсон нүүдэлчин ард түмний философи сэтгэлгээ эртнээсээ нааш байсан. Би түүнийг л гаргаж бичихийг хүссэн. Үүнийг минь найруулагч “Хүн хүн рүүгээ нүүдэг, нүүдлээр асуудлыг шийддэг, би тан руу нүүгээд очьё, хүүхдээ дундаа хараад хамтдаа өвөлжиж, хаваржаад амьдаръя” гэсэн санаа. Дээр үед манай нутгийнхан ч ийм л байсан шүү дээ, зөвхөн манай нутгаар зогсохгүй. Үр хүүхэдгүй эмгэн өвгөн хоёр олон хүүхэдтэй айл бараадаад буучихна. Ээж аав нь “Тэр хоёр хөгшинд усыг нь дөхүүлж өгөөрэй, аргалыг нь түүж өгөөрэй” гээд явуулчихна. Ээж өөрөө үнээг нь сааж өгнө. Алба мэт тусалдаг тэр сайхан чанар нүүдэлчдэд байсан шүү дээ. Би жаахандаа лав л их олон удаа айлын ус түлээг нь дөхүүлдэг байснаа санадаг юм.
-Гэлээ гээд хариу нэхэхгүй...
-Хариу нэхэхгүй. Санжаажавын охин сайн охин шүү, хүнд их тусламтгай гэж хэлүүлэх нь л хамгийн сайхан шагнал байлаа шүү дээ.
-Та кино натурт 10 хоног байсан гэсэн шүү дээ. Тэр үеийн дурсамжаас юу таны сэтгэлд зураглагдаж үлдэж?
-Хөгжмийн зохиолч З.Хангал бид хоёрыг Мандал-Овоо сумын натур дээр 10 хоног аваачиж, амрааж байсан. Угаас Кино үйлдвэр тийм уламжлалтай, зохиолчийг тэгж л хүндэлнэ, залуу байна уу, хүүхэд байна уу хамаагүй. Натурт найруулагч гэж ганцаараа том цагаан гэртэй. Хоол ундыг нь оруулж өгнө. Найруулагч зохиолоо л бодно. Гадаа суучихаад л говийн шингэж байгаа нар хараад л суудагсан. Шингэж байгаа говийн наранд хорхой бужигнаад л... Ер бусын байдаг. Хангал натураас эргэж ирээд хөгжмөө бичиж байсан. Гайхалтай аялгуу бичсэн дээ. Хангалын хөгжмийг одоо их л олон хүн тоглодог ч нөгөө л зохиогчийн эрх өөрт нь байдаггүй нь даанч харамсалтай.
-Таныг кино натурт байх үед яг ямар сценагийн зураг авч байв?
-Яг мотоциклтойгоо унаж, дугуй нь эргээд л, беларус ирж гэрлээ тусгай байгаа үеийг авч байсан.
-Хэдэн удаа давтаж байв?
-Тухайн үед нэг дүрсийг гурван янзаар, гурван удаа авдаг хуультай. Тэр гурваас сонгож авдаг байлаа. Хальсны кино учраас нэг хэсгийг гурван удаа авахад тэдэн метр урт хальс хэрэгтэй гээд л төсвөө гаргадаг байсан даа.
-ШАГНАЛЫНХАА МӨНГӨӨР МОСКВИЧ ХӨРГӨГЧ, БУЛГАН ЗАХТАЙ ПАЛЬТО АВЧ БАЙЛАА-
-Жүжигчдийн сонгон шалгаруулалтын үеэр таныг байлгав уу? Таны сэтгэлд хэр нийцтэй байсан бэ?
-Сонгон шалгаруулалтанд оруулаад л Жаргалын дүрд Гэрэл гэж кино драмын анги төгссөн, яруу найрагч хүүхнийг их Монголжуу царайтай гэж ярьж байсан. Хоёр, гурван ч гол дүр үзүүлснээс нэг нь Дорнодын кино театрын жүжигчин Адилбиш байсан одоо өөд болчихсон. Түүний охин жүжигчин болчихсон яваа юм билээ. Жүжигчдийн хажуугаас, урдаас авсан их олон зураг үзүүлж, миний сэтгэлд ч их таарч байсан.
-Кино бэлэн болж уран бүтээлчид анхны үзлэгээ хийх агшинд өөрийнхөө цаасан дээрх зохиолыг дүрс болгон амилсан байхыг хараад ямар мэдрэмж төрж байв?
-Гайхамшигтай. Уйлаад л байж билээ. Юун зохиолч, үзэгч л болчихсон, нулимс нь гойжоод л, уйлаад л суусан. Тэр үед киног Галивлет хүлээж авдаг байгаад, Жавзмаа гэж хүн ирж үзэж байлаа. Жавзмаа нь их шулуун шударга байсан болоод тэрүү хүмүүс их эмээнэ, “Жавзмаа ирээд суучихлаа” гээд л шивэр авир гэлцэж байсныг санадаг. Кино гэдэг тийм сайхан хамтын бүтээл, хамтдаа хийж бүтээхэд тийм л сайхан бүтээл болж гарч ирдэг юм билээ. Б.Балжинням найруулагчаа би маш их хүндэлдэг. Тэр хүний гайхалтай сайхан бүх л кинонууд 1993 оноос өмнө бүтээгдсэн учраас оюуны үр шим нь даанч үр хүүхдэд нь хүртээлгүй юмдаа.
-Харин үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ? Энэ кино таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан гэж та боддог вэ?
-Одоогийн энэ Хөрөнгийн бирж байгаа Элдэв-Очир кино театрт хүмүүс овооролдоод л байдаг байлаа. Хүмүүс уйлалдаад л гарч ирнэ. Энэ бол 1984 он. Харин би 1985 онд Горькийн сургуульд явсан. Энэ том сургуульд явахад энэ кино минь их том түлхэц, том үзүүлэлт болж байлаа. Намайг явахад 4000 төгрөгийн шагнал өгч, түүнийхээ 2000 хэдэн зуун төгрөгөөр Москвич нэртэй хөргөгч авч түүнийгээ 1990 он хүртэл лав ашигласан шүү /инээв. сурв/ За, тэгээд л бас нэг булган захтай пальто аваад л дуусч байсан. Гэвч энэ кино зохиол минь надад мөнгөнөөс илүүтэй сайн сайхан нэр хүнд авчирсан гэж хайрлаж, бодож явдаг аа.
-Та одоо ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа вэ?
-Энэ жил Болорсудараас зарласан туужийн уралдаанд нэг туужаа өглөө, Хүүхдийн жүжгийн уралдаанд бүтээлээ өглөө, одоо Вьетнамаас ирсэн азарганы талаар найзынхаа хүсэлтээр баримтат юм бичих гээд материалуудаа цуглуулж сууна даа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:35
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:35
Батжаргал [60.31.46.205] 2019-04-03 03:47:48
Сайхан бүтээл мөнх настай. Мөн ч олон жил хүмүүсийн мөс чанарыг хурцлан, монгол хүний гэгээн уужуу бодлыг сөхөн сөхөн хойч үед дэлгэцийн хэлээрээ уянгалан өгүүлсээр байх биз ээ. Эрдэмтэн зохиолч таньдаа гүн талархал илэрхийлье. Сайхан ярилцлага байна.
Зочин [203.91.114.244] 2019-04-02 08:22:33
яахын аргагүй сайхан МУСК. гэхдээ зохиогчийн эрх гэж тэр үед байсан биш дээ. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Ярилцлагандаа хэт их мөнгө, зохиогчийн эрх ярьсан нь харин таалагдсангүй шүү. Улс тухайн үедээ таныг сайн үнэлсэн л байна.
zochin [202.21.119.186] 2019-04-02 06:16:37
Setgeld hursen hamgiin saikhan kino, dur, aj amidral, hogjim, hunii setgel tugsgul heseg unen tasrahai bsan, Tand eruul enhiig huseye, Neg l goy gegeen ertontsod avaachdag, dahin dahin uzeed uiddaggui buteel shu, Ter azargaar barimtat bish uran saikhnii kino hiivel onoogiin kino ertontsiig shine tuvshind avaachih bh da
Зочин [73.95.132.233] 2019-04-01 20:13:03
Монголкино үйлдвэрт 3 хоног хоригдсон гэдэг нь юу л бол ! Арай тэгж хоримооргүй юмаа . .. ???
Зочин [202.179.31.36] 2019-04-01 19:42:05
Энэ киног анх 80 онд гарахад хилийн цэргийн отрядад алба хааж байлаа гэж тэр үед ангийн офицер ахлагч нар тэдний ар гэр бүгд үзэж ангийн улаан булангийн сандал хүрэлцэхгүй шинэ цэрэг босоогоороо үзэж билээ зарим бүсгүйчүүд уйлж байж үзэж байсан юм даг.Одоо үзэхэд сэтгэлд хүрсэн сайхан кино болждээ гэж бодогдож сууна даа. Танд урт удаан наслахыг хүсэн ерөөе. !
элдэв [202.55.188.39] 2019-04-01 15:14:44
Санжаажав гуай гэж сайхан хөгшин цагаанхуаранд амьдардаг байлаа гэж...
Зочин [202.9.42.212] 2019-04-02 15:31:55
та өвөөг минь таних уу
Алдархан [64.119.21.59] 2019-04-01 08:48:18
Яагаад З хоног цоожилсон юм бол? Түгжвэл сайн зохиол бичдэг гэсэн.
зочин [66.181.187.72] 2019-04-01 07:58:58
залуу байхад ээжтэйгээ энэ киноог үззж билээ.одоо энэ киноог үзхээр хуучин танилтайгаа уулзсан юм шиг ээжтэйгээ хамт байгаа юм шиг сонин гоё мэдрэмж тѳрдѳг юмаа.
Эмч хүн [112.72.11.112] 2019-04-01 07:09:15
Таны бичсэн энэ зохиол маш үзүүштэй кино болсон. Үүнийг л кино гэдэг юм. Одоогийн гарч байгаа кинонуудаас үзэх кино тун чиг ховор. Гарын арван хуруунд багтана. С.Оюун гуай таньд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе ХУД
зочин [66.181.161.120] 2019-04-01 07:04:17
Бас нэг луугаруудын нэг шүү сайн сайхан бүхнийг бас ахин дахин амжилт хүсъёэ.
уншигч [66.181.161.72] 2019-04-02 00:09:56
гавъяа шагнал цол гуншинг бүрэн бичмээр үнэндээ цөөрч байгаа том зохиолчдын нэг мөн шүү
зочин [203.169.50.131] 2019-04-01 06:04:08
Миний санал: Соц үед хийгдсэн кинонуудын зохиогчийн эрхийг гаргаж дэмий дээ. Зохиогчийн эрхтэй болчихвол гаргах ТВ олдохгүй байх. Хангалттай олон гарсан болохоор. Төрийн эзэмшил хэвээрээ байвал ядаж залуу үе маань дээр үед Киног жинхэнэ утгаар нь хийдэг байсан, утга санаагаа бүрэн илэрхийлдэг байсан, сайн жүжиглэдэг байсныг мэдэж аваг л дээ. Одооны зарим кинонууд теле жүжигээс дор байна даа
japanaas [126.159.211.26] 2019-04-01 05:40:21
Anh 8 r angid baihad manai eej sharlaaad emnelegt baisan ued sumiin tubd ene kino irj garahiig uzeed ankh udaa kino uzej uilj bilee,bi eregtei huuhed shu de.uuriiguu mederch baij bilee
Mongol [77.119.129.22] 2019-04-01 05:08:23
Saihan kino. Anh uzeed neeree uilj bsndaa. Iim hundee turiin shagnal ugch uzeegui baij ter duuchin Bold geed bgaa hund turiin shagnal uguud l... harizuulaad uzdee humuusee!!!
Зочин [203.91.118.247] 2019-04-01 03:40:51
Үнэхээр сайхан кино шүү. Мундаг зохиолч байна шүү. Аз жаргал хүсье.
Зочин [64.119.21.75] 2019-04-01 03:02:13
ТА МИНЬ БИТГИЙ Л УЛС ТӨРЖӨӨРӨӨ . УРАН БҮТЭЭЛЧ ХҮН УЛС ТӨРЖИХӨӨРӨӨ МУУХАЙ БАЙДАГ .
Gerelee [66.181.182.70] 2019-04-01 02:39:19
Tanii Bichsen ene Saihan kinog Uzeh mash Saihan baidag Heden Zuunii tursh ch uidadgui jinhene kino shig kino oroltson togloson jujigchid ter kinonii ug ay hugjim ene ter neeree urlagiin Saihan buteel hezee ch huuchrashgui Zuunii shildeg kinogoor shalgarmaar shuu neeree odoonii kinonii utga aguulga Bol mungu tug rug Luiwar butelgui hair setgel Uzeh sonirhol tatahaar need bish Harin tani lulu Nuuj ywna kino Bol jinhene Hun Chanar hunii setgel in utasaiig hundsun Tim Shan kino ,Tanid ajiliin amjilt Husie urt udaan naslahiig Eruuee
Зочин [202.126.89.192] 2019-04-01 01:38:34
Уйдамгүй гоё кино. Мундаг. Би сониноос арай өөр түүхийг уншиж байсан санагдах юм. Нэг хөгшин хүүгээ алдчихаад нутаг усанд нь хүүхэд төрөхөөр өөрийнхөө хүүхдийг эргэж төржүү гээд тавьсан тэмдгээ хайгаад байдаг хөгшний тухай. Бас Дожоодорж гэсэн нэр бас санагдаад байх юм.
Zochin [202.126.89.221] 2019-04-01 01:14:09
Iim saihan kino odiivrtel garsangvi de.tanid ervvl enh az jargal hvsii de.
zochin [64.119.26.249] 2019-04-01 01:07:43
Ih saihan yriltslaga ba . Bi enz kinog ehelj garahad ni mash olon uzej bsan. Gaigaltai goi hugjimtei , nairuulgatai, aguulgatai . Bas Javzmaa egchiig tanina .Sayhan burhan bolsoon .Huuli zuin yamnii ahmad bsiimaa..Odoo iim kino hovor boljee.
Өвган бичээч [202.179.24.29] 2019-04-01 00:53:41
Таны бичсэн энэ кино олон арван жил өнгөрхөд огт хуучирдаггүй ,сэтгэлээс гардаггүй,үзээд уйддаггүй гандан бууршгүй сайхан бүтээл болсон юм.Хүн хүнийхээ төлөө байдаг,байх ёстой ёс уламжлалыг гайхамшигтай харуулж өгсөнд л киноны хүч оршсоор байгаа юм болов уу.Баярлалаа.Танд уран бштээлийн амжилт,урт наслаж жаргалтай явахыг ерөөе
Зочин [211.36.144.163] 2019-04-01 00:44:28
Сайхан сайхан жинхэнэ уран бүтээл таньд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Зочин [202.131.233.251] 2019-04-01 00:43:17
Сайхан кино шүү, үзээд л баймаар байдаг юм. Зохиолч нь ийм хүн байсан юм байна ш дээ. Эрүүл энхийг хүсэе!