Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардлаа

Б.БУРМАА / Нийгэм

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байр юм.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцанд оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан айл өрхүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ. Уг орон сууцны барилгын ажлыг НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Нью биг фиш констракшин” ХХК гүйцэтгэжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.141] 2019-07-09 00:03:55

Bair ni haana bnaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.