Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “WAMS” систем нэвтэрлээ

Ц.Анударь / Технологи

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “WAMS”систем нэвтэрч, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням болон бусад албаны хүмүүс оролцлоо. “WAMS”системийн төслийн танилцуулгыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн алба /РХАА/-ны дарга Ч.Амарсанаа хийв.

“WAMS” систем нь шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн систем юм. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний систем /ЭХС/-д үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэл юм. Энэ системийн ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг Эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлно.

Монгол Улсын Эрчим хүчний системийн хувьд цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилтыг хэрхэн хангагдаж байгаа нь тодорхой бус, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа энэ үед “WAMS” буюу “Шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем”-ийг нэвтрүүлж байгаа нь тун өндөр ач холбогдол бүхий ажил боллоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Бид 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Дэлхий нийт ухаалаг систем, программ хангамж руу чиглэдэг боллоо. Харин манай салбарын хувьд учир дутагдалтай байсан. Энэ жил томоохон дэвшилт гаргаж чадлаа. Нэг нь энэхүү WAMS юм. Энэ систем нэвтэрснээрээ найдвартай ажиллагаа өснө. Аваарын нөхцөл байдлаа урьдчилан тодорхойлж чаддаг болно. Системээ үнэлдэг болно. Юунаас болов гэдгийг богино хугацаанд тодорхойлдог болно гээд олон талын давуу талтай программ хангамж байгаа” гэдгийг нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

“WAMS” системийг ашиглан 2020 оноос нэгдсэн сүлжээний бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжилгээ хийснээр реле хамгаалалт, автоматикийн тавил тооцооны үнэмшил, тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн судалгааны ажил, горимын тооцооны математик загварчлал сайжирч Монгол Улсын Эрчим хүчний системийн цаашдын хөгжилд томоохон ахиц дэвшил гарах болно.

Дээрх ухаалаг системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0,02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх процессийг тодорхойлох боломжийг олгож байна.

“WAMS” систем хэрэгжиж цаашид үе шаттай хөгжүүлсэний үр дүнд дараах үр дүн гарна. Үүнд:

  • Шилжилтийн горимын болон реле хамгаалалтын аваар эсэргүүцэх автоматикийн тооцооны үр дүн бодит байдалд ойртож тооцооны үнэмшил цоо шинэ шатанд гарна
  • Нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах техникийн арга хэмжээ тодорхой болно
  • Тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн систем бий болно
  • МУ-ын Эрчим хүчний системийн одоогийн төлөв байдал болон цаашдийн хөгжлийн талаарх судалгаа шинжилгээг өөрийн инженер техникийн ажилтан /ИТА/-ууд бүрэн хийх чадамжтай болно
  • Диспетчерийн удирдлага оновчтой, хурдан, зөв шийдэлтэй болох зэрэг үр дүнд хүрэх юм.

Эрчим хүчний системийн тогтворжилтыг шилжилтийн горимын үед хадгалж үлдэх асуудал нь реле хамгаалалтын ажиллагаанаас гадна горимын тооцоолол дээр үндэслэгдсэн аваар эсэргүүцэх автоматикийн цогц системийг үүсгэж байж шийдвэрлэгдэх нь сүүлийн үед гарсан ( 2007,2015,2018 онуудад гарсан ) аваарын дараа тодорхой харагдлаа.

Манай улсын хувьд 2006 оноос хойш эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж шугам сүлжээ өргөжин тэлж, шинж чанар нь өөрчлөгдөөд байхад үүнтэй зэрэгцэн тогтворжилтыг хангах техникийн арга замаа тодорхойлох, судлах ажил орхигдсонтой дээрх аварууд холбоотой.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.