Их Британийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарсан боловч үүрэгт ажилдаа эргэн орох хараахан болоогүй гэж түүний ажлын алба мэдээллээ.

Өдгөө 55 настай Б.Жонсон коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш 10 хоногийн дараа буюу өнгөрсөн ням гарагт Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн юм.

Б.Жонсон эрчимт эмчилгээний тасагт гурван хоног эмчлүүлснийхээ дараа пүрэв гарагт энгийн тасаг руу шилжсэн юм. Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр, Б.Жонсон Ерөнхий сайдын өргөөндөө эмчилгээгээ үргэлжлүүлэх ажээ.

"Ерөнхий сайд эмч нарын зөвлөсний дагуу үүрэгт ажилдаа яаравчлан орохгүй” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Түүнчлэн Б.Жонсон Гэгээн Томасын нэрэмжит эмнэлгийн бүх ажилтанд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Их Британийн Засгийн газрын тэргүүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ