COVID-19: БНСУ-д тусгаарлалтыг хэрхэн хийж байна вэ?

Ц.Анударь / Эрүүл мэнд

Тус улсад ковид19-тэй холбоотойгоор иргэдийг тусгаарлах ажлыг дөрвөн төрлөөр хийж байна.

1. Ковид19-өөр халдварласан өвчтөнүүдийг эмнэлэгт 1 хүний өрөөнд тусгаарлан эмчлэх. Өвчний шинж тэмдэг арилж, шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл үргэлжилнэ. Зардлыг төр хариуцна

2. Ковид19-өөр халдварласан нь шинжилгээгээр батлагдсан боловч хүндрээгүй, мөн эмнэлгийн 1 хүний өрөө олдохгүй байгаа өвчтөнүүдийг байрлуулж эмчлэх тусгаарлалтын байр. Амралтын газар, зочид буудал, оюутны болон албан байгууллагуудын дотуур байр зэргийг 1 хүний зориулалттай болгон түр тохижуулж, тэнд байрлах хөнгөн зэргийн өвчтөнүүдэд эмийн эмчилгээ хийж, мэргэжлийн эмч хянадаг.

Энэ тусгаарлалтын байр нь эмнэлгүүдтэй шууд холбоотой ажилладаг. Эмнэлэгт өрөө гарахад энэ тусгаарлалтын байранд байгаа өвчтөнүүдээс арай хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг түрүүлж илгээх дарааллаар шилжүүлдэг. Зарим онцгой тохиолдлоос бусад тохиолдолд төлбөргүй.

3. Гадаадаас хилээр орж ирсэн дотоодын иргэн болон тус улсад оршин суух бүртгэлтэй гадаад иргэдийг хилээр орж ирснээс хойш 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авч байна.

Ингэхдээ шинж тэмдэгтэй байгаа хүмүүсийг нисэх буудал дээр шинжилгээ хийж эерэг гарсан тохиолдолд шууд эмнэлэг рүү шилжүүлж, шинж тэмдэг байхгүй иргэдийг нисэх буудлаас тусгай автобусаар оршин суух газрых нь харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэн шинжилгээ авч, гэр гэрт нь тусгай машинаар хүргэж өгдөг.

Энэ үеэс тусгаарлалт эхлэх ба 14 хоногийн хугацаанд гэрээс гарах, хүнтэй уулзах хориотой. Дээрхи хүмүүсийн хяналтыг дүүрэг, хорооны ажилтан албан хаагчид хийх үүрэгтэй. Тэд анх хилээр орж ирэхэд гар утсан дээр суулгасан аппликэшний тусламжтайгаар байрлалыг хянахаас гадна өдөрт 3 удаа утсаар биеийн байдал, нөхцөл байдлын тухай асуух зэргээр хүн нэг бүрчлэнтэй харилцана. Мөн өдөрт хэд хэдэн удаа гэрийх нь хаягаар очиж байгаа эсэхийг хянана.

Эдгээр хүмүүст улсаас 1 удаа 100,000 вон дансаар нь шилжүүлж өгөх юм уу тухайн үнийн дүнд таарсан хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэж өгдөг.

Энэ тусгаарлалтыг арга хэмжээг зөрчсөн иргэдийг 1 жил хорих ял юм уу 10 сая хүртэлх воноор торгох, гадаад иргэдийн хувьд тус улсад дахин орж ирэх эрхгүйгээр хөөж гаргах арга хэмжээ авахаар хуульчилжээ. Одоогоор Индонез, Вьетнам, АНУ зэрэг хэд хэдэн гадаадын иргэд албадан буцаагдсан ба нэлээдгүй тооны дотоодын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

4. Гадаадаас хилээр орж ирсэн богино хугацааны визтэй гадаад иргэдийг хил нэвтрүүлэхээс өмнө шинжилгээ хийж сөрөг гарсан тохиолдолд хил нэвтрүүлж, улсаас бэлдсэн тусгай байранд тусгаарладаг. Мөн гэртээ олуулаа байж нэг байранд хамт тусгаарлагдах боломжгүй дотоодын иргэдийг ийм байранд тусгаарлана.

Энэ байрны төлбөр гадаад иргэдийн хувьд өдрийн 100,000 вон байх ба 14 хоногт 1,400,000 вон болох ба үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хилээр албадан буцаагдсан Тайван зэрэг гадаадын иргэд хэд хэд гарсан.

Эх сурвалж: Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот