ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар юуны өмнө COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын зүгээс COVID-19-ийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгаарлах хугацааг богиносгох, хөдөлгөөнт хөл хорионы дэглэм нэвтрүүлэх боломжийг судалж буйг хэллээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица нь Монгол Улсын Засгийн газраас COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаан тэмдэглээд, дотоодын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв. Тэрбээр мөн өмнөх уулзалтаар манай талын дэвшүүлсэн дэлхийн нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, ДЭМБ-ын үүргийг нэмэгдүүлэх талаарх саналыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам