М.Халиунбат:Улаанбаатар хотыг нэг "тархи"-аар удирдах зорилго тавигдсан

Н.Баярмаа / Нийслэл

Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил тодорхой түвшинд хүрсэн. Төрсний, гэрлэсний зэрэг элдэв төрлийн гэрчилгээ нотолгоог авах гэж хол явдаг байдал үндсэндээ цэгцэрсэн. Энэ сайн хэрэг. Олны талархлыг хүлээсэн төрийн үйлчилгээний нэгдсэн төв үйлчилгээг сайжруулах, дараагийн түвшинд гаргах ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотыг нэгдсэн “тархи”-тай болгох зорилгын хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн мэдээллийн технологийн газрын дарга М.Халиунбатаас тодрууллаа.

-Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг операторын системд нэгтгэнэ гэж ярьсан талаараа тодруулахгүй юу? Операторын систем гэж юу юм бэ?

-Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг дараагийн шатанд гаргах зорилготай операторын систем гэдэг тэр зүйл рүү орж ажиллаж байгаа. Операторын үйлчилгээг нэвтрүүлсэнээр төрийн аль ч төрлийн үйлчилгээг нэгдсэн төвд сууж байгаа бүх ажилтнаас авах боломж нээгдэх юм. Жишээлбэл газрын алба, улсын бүртгэл ч юм уу үйлчилгээний цонхууд нь маш их ачаалалтай оочер дараалалтай байдаг үйлчилгээнүүд байдаг. Гэтэл зарим төрлийн үйлчилгээ үзүүлэх цонхон дээр сардаа нэг хүн ирэх жишээтэй. Тиймээс дээрх байдлыг засах зорилгоор нэгдсэн үйлчилгээний төвийг операторын систем рүү шилжүүлж байгаа юм.

-Системийг нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Бид өнөөдрийн байдлаар операторын системдээ 150 орчим үйлчилгээг нэгтгэхээр ажиллаж байна. Хялбараар тайлбарлавал төрийн үйлчилгээний нэг ажилтан танд 150 гаруй нэр төрлийн төрийн үйлчилгээг үзүүлэх чадамжтай болж байна гэсэн үг юм. Ингэхээр олон төрлийн ажлыг нэг дор үзүүлж чаддаг боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй болсон. Энэ үүднээсээ ажилтнуудаа сургах чадавхижуулах ажлууд хийгдээд явж байна .

-Төрийн хэдэн төрлийн үйлчилгээг цахимжуулаад байна вэ?

-Өнгөрсөн жил бид нийт 47 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж дууссан. Энэ жил нэр төрлийнх нь тоог 120 болгон нэмэгдүүлэх зорилготой ажиллах юм.

ЦАХИМ АВТО ЗОГСООЛЫГ АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

-Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд нийслэлийн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ярилаа?

-Богино хугацаатай урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй автомат зогсоолуудыг шийдэх ажлуудыг гүйцэтгээд үндсэндээ дуусч байна. Ойрын нэг хоёр сардаа багтаагаад хотын төвийн гол хэсгээсээ дөрвөн тийшээ тэлэх маягаар нэгдүгээр эгнээ ч юм уу хаана машин зогсох боломжтой байна тэр бүх газруудыг түрүүний хэлснээр богино хугацаатай төлбөртэй зогсоол болгож хувиргах технологийн бэлтгэл ажлуудыг хийгээд дуусч байна.

-Улаанбаатар хотод гардаг гэмт хэрэг, зөрчлийн асуудлууд буурахгүй байна? Үүнтэй холбоотойгоор тодорхой түвшинд камержуулалт хийсэн. Гэхдээ хэрэгцээ шаардлагаа хангахгүй байна гэдэг?

-Улаанбаатар хотыг нийт 350 км квадрат газар нутагтай гэж үзэх юм бол нийт талбайнхаа таван хувийг л камераар хянаж чадаж байгаа. энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт шүү дээ. Энэ жилин бидний зорилго бол энэ тоог хорин хувьд хүргэе гэсэн төлөвлөгөө бий. Улаанбаатар хотыг камержуулах гурван үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлээд 2023 он гэхэд нийт газар нутгийхаа 75 хувийг ямар нэгэн байдлаар камертай болгоно гэж харж байгаа юм. Үүнийг тоогоор ярих юм бол 20-25 мянган камерын тухай яриа юм.

-Хөрөнгийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тэгэхээр хувийн хэвшилтэй хамтрах ямар гарц байж болох вэ гэдэг тал дээр гаргалгаа гаргах шаардлагатай. Нийслэлийн 2020 оны төсөвт “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Камер, сүлжээний дэд бүтэц, сервер дата үндсэн платформ гээд олон хэсэгт хуваан зарцуулах юм.

-Автозамын уулзварууд дээрх камерын хяналтыг сайжруулах талаар хийгдэж байгаа ямар ажил байна?

-Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 3000-4000 мянган камертай гэсэн тооцоо байдаг ч үүний 1500 орчим нь л хэвийн ажиллагаатай. Дийлэнх нь алдаг оног ажиллагаатай түүнийгээ нэгтгэж удирдаж харж чаддаггүй гээд маш олон дутагдалтай байдаг. Улаанбаатар хот нийтдээ 150 гаруй автозамын уулзвартайгаас бид наймыг нь л бүрэн удирддаг. Бүтэн удирдана гэдэг маань тэр дээр байгаа бүх гэрлэн дохиогоо удирдах, тэнд гарч байгаа дүрмийн зөрчил гээд юу байдаг юм түүнийг автоматаар таниж мэдээд автоматаар торгуулийг ногдуулж байдаг бүрэн удирдлагатай уулзварын тоог 44 нэмэхээр ажиллаж байна. Энэ бол тэнд үүссэн байдлыг 100 хувь автоматаар мэддэг, зөрчил гарсан байх юм бол автоматаар илрүүлдэг, төлбөр торгуулийг нь үүсгэдэг, илгээдэг боломжтой 44 уулзварын тухай яриа болж таарах юм. Эхний жилийн хувьд түрүүн хэлсэн найм дээрээ нэмэх нь 44 болгохын тулд 32 уулзвар дээр иж бүрэн ухаалаг систем хийж байна. Бусад хэв журмын чиглэлийн камеруудыг мөн хийнэ гээд тооцох юм бол 2000 камер шинээр суурилууулж байгаа гэсэн үг.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.123] 2020-05-19 02:12:03

эргүүлийн дроны төв байгуулж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.