ЭЕШ: 12-р ангид судалж амжаагүй сэдвүүдийг шалгалтаас хасжээ

Н.Баярмаа / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сунгагдаж долоодугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Шалгалтад нийт 30900 суралцагч бүртгүүлээд байна. Засгийн газрын тогтоолын дагуу их дээд сургуульд элсэн суралцаж байгаа бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой гэсэн журам байдаг. Энэ жилийн хувьд гурван сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дөрвөн сарын 25 болгож хойшлуулсан. Үүнээс хойш дахин хойшлогдож элсэлтийн ерөнхий шалгалттай цуг авах шийдвэр гаргасан. Монгол хэл, бичгийн шалгалт задгай буюу нөхөх даалгавар гүйцэтгэдэг учраас шалгалтыг засах гэж маш их хугацаа зарцуулдгаас тус шалгалтыг энэ жил цуцлах шийдвэрийг гаргасан юм.

Өвчлөлттэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт ороод буй.Тухайлбал, Улсын онцгой комиссоос ирсэн зааврын дагуу нэг ангид 12 сурагчийг хоёр метрийн зайтай суулгахаар болсон. Мөн шалгалтын байрны тоог нэмэх шаардлага гарсныг нэмсэн. Нэмэлт байртай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, орос хэл, монгол хэлний сонсож ойлгох даалгаврын төхөөрөмж дутсан учраас оронд нь уншиж ойлгох чадварын даалгавар оруулахаар болоод буй.

Урт хугацааны тэнхимийн сургалтын үйл ажиллагаа доголдсоны улмаас цахимаар явагдсан хичээлийг сурагчид үүнийг бүрэн ойлгоогүй гэж үзээд элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэвт өөрчлөлт оруулсан байна. Шалгалтад 10, 11-р ангийн мэдлэгийг бүрэн хамруулах бөгөөд 12-р ангийн орж амжаагүй сэдвүүдийг шалгалтаас хасах шийдвэрийг гаргасан байна. Мөн өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчид шууд засалтын танхимд орж дэлгэцээр дүнтэйгээ танилцдаг байсан бол энэ жил онлайнаар дүнгээ харахаар тус тус өөрчилжээ.