Н.Цогбадрах: Тарваган тахал маш аюултай өвчин учраас онцгой анхаарах шаардлагатай

Б.Лхамаа / Эрүүл мэнд

Тарваган тахлын өвчлөл нь коронавирусын өвчлөлөөс илүү аюултай болохыг эрдэмтэд нотлоод буй.Тэгвэл Ковид-19 цар тахал өвчлөлийн үхлийн хувийг 2 хувь, тарваган тахлын үхлийн хувийг 4 хувь байна гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ жил тарваган тахлын идэвхжилтэй жил тохиож байна. Манай улсад 2020 он гарсаар тарваган тахлын сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Тарваган тахал өвчнөөр манай улсад 693 хүн өвчилж 514 хүн буюу нийт өвчлөгсдийн 75 хувь нь нас барсан харамсалтай тоо байдаг. Энэ нь нас баралтын хувиар коронавирусээс хэд дахин өндөр гэдгийг харуулж байна.

Монгол Улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Голомттой газраас бусад газарт иргэд тарвага зөөвөрлөж хориотой ан хийсээр байгаа учраас голомтгүй бүс нутаг байхгүй гэдгийг ЗӨСҮТ-өөс мэдээлсэн. Тарваган тахал нь нянгаар үүсгэгдэг халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжиж халдварладаг зоонозын цочмог халдварт өвчин юм. Халдварын нууц үе 1-6 хоног байдаг байна. Халдвар дамжихдаа шууд халдах буюу тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэргээр халдварладаг. Мөн агаар дуслын замаар халдварладаг ажээ.

ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах:-Тарваган тахлын өвчлөл гарч байгаад онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тарвагыг хууль бусаар агнах, тээвэрлэх, хот суурин газар руу оруулах, хүнсэнд хэрэглэх, түүхий эд эд эрхтнийг эмчилгээний зориулалтаар ашиглах зэргээс болж сүүлийн жилүүдэд тарваган тахлын өвчлөл байнга гарч байна. Иймд ард иргэд энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Одоо амралтын цаг болж иргэд хөдөө орон нутгийг зорьж дотоодын аялал жуулчлалаар маш их явж байна. Энэ үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан ялангуяа маш олон дагагчтай хүмүүс тарвага агнасан, тарваганы боодог хийж байгаа мэдээллүүдийг тавьж байна. Үүн дээр цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагууд энэ байдлыг илрүүлэн таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахад анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ бол маш аюултай өвчин учраас онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай.

image

ЗӨСҮТ-ийн дэд дарга Б.Амгаланбаяр:-Монгол Улсын баруун аймгууд болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг аймгуудад бидний хийсэн тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэлээд өндөр байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлаар өвчлөх түүнчлэн нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Тарваган тахал өвчний хамгийн их аюултай нь уушигны хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд халдварлаж нас баралт 30-100 хувийн түвшинд явагддаг.Өөрөөр хэлбэл 10 хүн халдвар авахад түүний 3-10 нь халдварлаж нас барах эрсдэлд өртдөг. Өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр иргэн тарваган тахлын халдвар авч нас барсан. Мөн энэ жил тарваган тахлын таван тохиолдол бүртгэгдсэн.

Тарваган тахал өвчин нь амь нас, бусдын эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эмчилгээ авахад өндөр зардалтай байдаг. Уг өвчний тохиолдол бүртгэгдэхэд 60-100 сая төгрөгийн зардлаар эмчлэх болон бусдад халдаахгүй байх хариу арга хэмжээ авдаг байна. Сүүлийн жилүүдэд тохиолдсон тарваган тахлын өвчлөлийн тохиолдлуудыг судлахад ихэнх нь өсвөр үеийн хүүхдүүд байгаа ажээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдэдээ хавх тавьж тарвага агнахгүй байх, нохой зууж ирсэн тарвагыг хүнсэндээ хэрэглэхгүй байх сэрэмжлүүлгийг хэлж тайлбарлах нь зүйтэй гэдгийг холбогдох байгууллагууд онцолж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.