Орон нутгийн сонгуулийг ирэх аравдугаар сарын эхний хагаст зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталж, 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 23 дугаар тогтоолыг 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр баталсан байдаг.
Уг тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоожээ.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4-т, Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудаст байршуулна гэж заасан.
Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг хангаж, Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулсан байна.
Үүнтэй холбогдуулан уг хуулийн болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулгыг хүргэж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 11 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгажээ.
Үүнийг дор хялбар байдлаар сийрүүлбэл:
1.Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан асуудлыг арилгаж орон нутгийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулах, дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулахаар хуульчлав.
2.1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсоноос хойш орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өглөө.
3.Төлөөлөгчдийн Хуралд 18 насанд хүрсэн, энэ хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэн нэр дэвших боломжтой боллоо.
4.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн Орон нутгийн Хурлын сонгуулийг аль болохоор улс төржүүлэхгүй байх зорилгоор:
-Мөнгөн хандивийн хэмжээг иргэний хувьд 2 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байхаар бууруулав;
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгав;
-Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов.
6.Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд анхны удаа квотын асуудлыг хөндсөн бөгөөд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байхаар зохицуулсан болно.
7.Орон нутгийн Хурлын сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаадаг байхаар хуульчилав.
8.Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.
9.Хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр боловсруулжээ. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон байна. Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээхээр тус тус зохицуулжээ.
Сэтгэгдэл
Зочин [77.38.148.28] 2020-08-02 15:34:09
солиотонгууд сонгууль гэж солиорч байхаар гадаадад гацсан, зовсон иргэдээ авчраач, тэртэй тэргуй хужаад газар нутгаа зараад эхэлсэн 6-ын 2-ыг еерчил гээд файсбуукээр 10 едер давалгаалж байна