Д.Ангар: Иргэд орлогогүй болж байгаа энэ үед ломбардны зээлийн хүүнд дээд хязгаар тогтоож байгаа нь зөв

Aдмин / Эдийн засаг

Д.Ангар: Иргэд орлогогүй болж байгаа энэ үед ломбардны

УИХ-ын нэр бүхий гишүүд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ талаар болон ломбардны зах зээлийн зохицуулалттай холбогдуулж эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

-Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед эд зүйлээ барьцаалж хялбархан зээл авах боломжтой тул хүмүүс ломбардад ханддаг. Гэвч энэ салбарт зохицуулалт сул, зээлийн хүү нь харилцан адилгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг нэг шугаманд оруулах гэсэн хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Зөв зүйтэй хуулийн зохицуулалт гэж харсан. Яагаад гэхээр хөл хорионы үед иргэдийн орлого тасалдаж байна. Ингээд ирэхээр зээлийн хүүгээ төлөх эх үүсвэр нь тасалдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр үүнд төр оролцохоос өөр аргагүй. Ломбардны зээлийн хүү дунджаар сарын 16 хувь байдаг. Тэгвэл үүнийг гурван хувь руу оруулах нь иргэдээ бодсон шийдвэр мөн.

Ер нь ломбардууд одоо хүртэл тогтсон нэг стандартгүй явж байна шүү дээ. Зээлдүүлэгч талын эрх ашгийг харахаас гадна одоо зээл авагч талын эрх ашгийг харахаас өөр аргагүй болсон. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар гишүүн огт байдаггүй хуулийн зохицуулалтыг санаачлаад өргөн барьсан зүйл биш. Энэ бол бусад улсад хэрэгждэг хуулийн зохицуулалт юм. Харин үүн дээр нэг зүйл нэмж хэлэх байна. Ломбардны хүүг цэгцэлж, зохицуулалт оруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ бол санхүүгийн зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй сегмент юм. Үлдсэн 99 хувь нь зохицуулалтгүй үлдчихээд байна шүү дээ. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байна. Сарын гурван хувиас дээш хүүтэй зээл өгч байгаа ББСБ байгаа. Үүнд давхар хуулийн зохицуулалт хийхгүй бол том гажуудал гарна. Санхүүгийн зах зээлийн эрэмбэ дараагаар яривал хамгийн том нь банк, дараа нь банк бус, хадгаламж зээлийн хоршоо, хамгийн доод талд нь ломбард орж байна. Гэтэл ломбардны хүүг 3 хувь болгочихоор 3-аас дээш хувийн хүүтэй банк бусууд яах вэ. Шударга бус гэсэн үг. Тэгэхээр хоёр гишүүний барьсан хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ шатанд нь УИХ-ын гишүүд банк, банк бусын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Ломбард 3 хувь бол банк бусынх 2, банк 1.5 гэх зэргээр бүгдэд нь хүүгийн зохицуулалт хийх ёстой.

-Ломбард дээр зөвхөн хүү гэлтгүй бусад чиглэлд ч зохицуулалт сул, хяналт багатай байгааг шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бүх улсад манайхтай ижил ийм санхүүгийн харилцаа байсан. Тодруулбал, 1960-1970 оны үед илүү хүчтэй байсан. Япон гэхэд маш өндөр зээлийн хүүтэй байлаа. Зайлшгүй зээл авах хэрэгцээ байгаад байдаг. Гэвч хэт өндөр хүүтэй авсан зээлээ төлж чадахгүй эргээд асуудалд ордог. Улам өрөнд орно гэсэн үг. Сүүлдээ эд хөрөнгийг нь хураан авдаг. Японы бодит жишээн дээр эд эрхтнийг нь үнэлээд авдаг систем рүү явж байсан. Ингээд 1980 оноос эхлээд ихэнх улс орнууд нарийн зохицуулалтууд хийж үзсэн. Мэдээж зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хувьд гэрээндээ ямар заалт оруулахаа хоёр талаас тохирно. Тэр болгон дээр нь төр оролцох боломжгүй. Харин төр зээлийн хүүгийнх нь дээд хязгаарыг л тогтоодог. Японд банк, ломбард, хадгаламж зээлийн хоршоо гэх зэргээр ямар төрлийнх байхаас үл хамаарч зээлийн хүү жилийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зарлачихсан.

Энэ нь сарын 1.6 хувь байна. Америкт муж мужаараа дээд хязгаарыг тогтоосон байдаг. Нью-Йоркт жилийн зээлийн хүүг 8 хувиас хэтэрч болохгүй гэдэг. Англи, Австрали ч мөн ижил. Монголд харин зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог төрийн оролцоо сүүлийн 30 жил хийгээгүй учир иргэд нь мөнгө хүүлэлтэд нэрвэгдчихсэн. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл ч байна. Жилийн 365 хувь гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэлж ломбардаас эхэлж байгаа нь зөв. Цаашид нийт санхүүгийн зах зээлээ энэ зохицуулалтад оруулж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоос өөр аргагүй. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл гурван жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан. Үүгээр банкны зээлийн хүүг жилийн 18, банк бусыг 35 хувиар хязгаарлая гэх зэргээр санал гаргасан ч хэлэлцэхгүй байсаар сонгууль болоод буцаагдсан.

-Ломбардуудын хүү буурснаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нарын ашиг буурч, зээл олгохоос татгалзах эрсдэл үүсэх үү. Үүнээс болж богино хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ үүссэн иргэдэд хүндрэл үүсэх юм биш үү?

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тавья гэхээр дэмжихгүй гэсэн хүмүүс ийм тайлбар хэлээд, үүн дээр нь дөрөөлөөд асуудлыг удаасан. Монголд мөнгөний илүүдэл байна. Нийт системээр нь аваад үзвэл бараг 10 их наяд төгрөг зээл болж чадахгүй зах зээл дээрээ байгаад байна. Тэгэхээр зээлийн хүү буурснаар ломбард, банк бус, банкууд зээл гаргахаа зогсооно, эсвэл зээлийн хэмжээгээ бууруулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв зээл олголтоо зогсоовол тэр байгууллага өөрсдөө орлогогүй болно гэсэн үг. Дээр нь ломбардны зээл маш эрсдэлгүй. Яагаад гэхээр сая төгрөгийн үнэтэй эд зүйлсийг нь 400-500 мянган төгрөгөөр барьцаалж аваад, эсвэл хэзээч үнэ цэнээ алдахгүй алт, мөнгөн эдлэл, газар, байшинг нь барьцаалж авч байна. Хэрэв зээлээ төлөхгүй бол буцаагаад борлуулаад хохиролгүй болчихно. Маш эрсдэлгүй зээлийн салбар юм. Зээлийн хүү буурснаар харин ч зээлдүүлэгч нарт ашигтай хувилбар юм. Эргэн төлөгдөх боломжууд нэмэгдэнэ шүү дээ. Жилийн 70 хувийн хүүтэй, эсвэл 36 хувийн хүүтэй зээл олголоо гэхэд бага хүүтэй нь иргэдэд дарамт бага учруулж, эргүүлж төлнө биз дээ. Мөн хүү буурснаар хувь хүмүүс хоорондоо хар захын хэлбэрт орж, нууц байдлаар мөнгө өгөлцөж авалцана, эргээд асуудал тарина гэж ярьдаг. Энэ маш буруу, худал тайлбар. Бусад улсын санхүүгийн зах зээл дээр хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт л юм.

-Хэдийгээр ломбардын зээлийг хүүг 3 хувь болгож байгаа ч энэ сигмент санхүүгийн зах зээлийн ердөө 1 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр нийт иргэдийг хамарсан зохицуулалт болж чадахгүй нь ээ?

-Нэг хувьд хүрэхгүй ломбардыг зохицуулж байгаа нь зөв. Гэхдээ 99 хувьд байгаа банк бус, банкнаас айгаад байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө олноор ББСБ ажиллуулдаг. Мөн төрийн албаны том дарга нарын ХОМ-ийг харахад ихэнх нь ББСБ-тай. Зарим нь дүү, эхнэр, хамаатныхаа нэр дээр байгуулаад ХОМ-т гарч ирэхгүй ажиллуулж байна. Хүч нөлөө багатай ломбардуудынхаа зээлийн хүүг хязгаарлаад, банк, банк бус руугаа халдаж чадахгүй байгаа нь Монголын төр муу муудаа дээрэлхүүгийн нэг жишээ.A

ӨДРИЙН СОНИН Г.БАТ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:33

иргэн [192.82.75.123] 2021-02-11 05:34:10

Дэлхийн орнуудад ийм популист захиргааны аргаар хийгдсэн зохицуулалт эерэг бус сөрөг нөлөөтэй болох нь нэгэнт нотлогдсон, монголчууд бид дэлхийн хамгийн болохгүй аргуудыг сонгож мод монголоор дуусдаг үлгэрийг нэгээр нэмдэг. Энэ ямар ч энгийн ухамсраар бодоход хар маст таалагдах гэсэн илэрхий логигүй, шинжлэх ухаанч бус улс төрийн шийдвэр яригдаж байна шүү дээ. Ухаарал даа нөхөд минь

Зочин [103.212.118.217] 2021-02-11 03:32:01

Bank bank busuudaa bas buulgaach ter lombardiig bas hun ajiluuldgiishdee mash ih ersdel uurch ajildag ajiluulj uzeegui humuus oilgohgui ee.

Зочин [202.55.188.87] 2021-02-13 07:33:32

Yamar ersdel baidgiin?

Зочин [103.212.118.217] 2021-02-11 03:29:43

Ediin zasagiig humih l ym yrihiimaaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.