Бодлогын хүүг тэглэж байж гурван хувийн хүүтэй зээл хэрэгжих үү?
Эрүүл мэнд, эдийн засгийг тэтгэх 10 их наяд төгрөгийн цогц бодлогын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгохоор болсон гурван хувийн хүүтэй зээлийг банкууд өгч эхлээгүй байна. Харин энэ зээлд хамрагдах хүсэлтэй аж ауйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч шалгуур хангах судалгааг хийж байгаа аж. Гурван хувийн хүүтэй зээлийн шалгуурт 2019 оны татварын өргүй байх заалт орсон. Гэтэл зорилтот жижиг аж ахуйн нэгжүүд дунд энэ шалгуурыг хангах байгууллага алга. Мөн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгөд батлан даана гэж байгаа ч үүнд жилийн борлуулалт нь 1-3.5 тэрбум төгрөгтэй жижиг дунд бизнес хамрагдана гэсэн нь мөн л биелэгдэх боломжгүй гэж Баялаг бүтээгчдийн холбооноос мэдэгдсэн.
Нийт санхүүжилт болох хоёр их наяд төгрөгийг бизнес нь зогсож, ажлын байраа хадгалж чадахгүй болсон, зээл болон цалингийн, түрээсийн өр зээлд орсон нийт 58 орчим мянган аж ахуйн нэгжид хуваан олгох юм. Өөрөөр хэлбэл, нэг зээлдэгчид 500 сая төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай олгох юм. Зээлдэгчдэд барьцаа хөрөнгө хангалтгүй учраас 60 хувьд нь Төрийн зээлийн батлан даалтын сангаас татаас олгохоор болсон.
Гэхдээ уг зээлийг банкуудын илүүдэл эх үүсвэр болох найман их наяд төгрөгийн эх үүсвэрээс олгох учраас ханш болон, инфляцид сөрөг нөлөө, дарамт учрахгүй гэдгийг Төвбанкнаас мэдэгдээд байгаа. Гэвч зарим эдийн засагч бодлогын хүү зургаан хувь байгаа тохиолдолд гурван хувийн хүүтэй зээл олгох тухай амлалт цаасан дээр үлдэнэ.
Харин бодлогын хүүгээс доош хүү амлах биш зургаан хувьтай олгоно гэсэн бол амьдралд нийцэх байлаа. Эсвэл бодлогын хүүг гурван хувьд эсвэл тэг болгосноор гурван хувийн хүүтэй зээл олголт биелэх магадлалтай гэж байр сууриа илэхийлж байна.
Тухайлбал, Төвбанкны зүгээс бодлогын хүү буурсан ч зах зээлийн тодорхой бус байдал, болгоомжлол арилахгүй бол Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) буурахгүй. Өнгөрсөн онд Монголбанк бодлогын хүүгээ дөрвөн удаа таван нэгж хувиар бууруулж, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэн бодлогын хүүг зургаан болгож түүхэн доод түвшинд хүргэсэн хэдий ч ТБҮЦ-ны хэмжээ 70 гаруй хувиар нэмэгдээд байна. Түүнчлэн хөл хорио нь шинэ зээлийн эрэлтийг ч буулгаж байна. Иймээс банкууд шинээр гаргах зээлийн хэмжээгээ бууруулж, төгрөгийн хадгаламжийнхаа хүүнээс бага хүүгээр 3-4 хувийн алдагдалтайгаар ТБҮЦ-нд байршуулж байна. Тэгэхээр эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэхгүй тохиолдолд бодлогын хүүг дахин бууруулснаар зах зээлийн эрсдэлийг бууруулж улмаар зээл олголтыг нэмэгдүүлж чадахгүй юм. Нөгөөтэйгүүр, бодлогын хүүг бууруулж гол худалдааны түнш улсуудынхаа валюттай харьцуулахад төгрөгийн өгөөжийг огцом унагах нь гадаад валютын гарах урсгалыг нэмэгдүүлэх, макро тэнцвэрийг алдагдуулах, цаашлаад макро болон санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлийг дагуулж болзошгүй гэсэн санааг тэд хэлж байгаа юм. Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс шалтгаалж банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгаа. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус гэж үзэж байгаа юм. Ямартай ч гурван хувийн хүүтэй зээлийг хамтарч ажиллах байгууллагуудын дундын гэрээний дагуу хэрэгжүүлэх юм. Маргаашаас дундын гэрээнүүд зурагдах ажил эхлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ц.Мягмарбаяр
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:08
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:08
Зочин [59.153.114.137] 2021-03-01 06:04:14
Бодлогын хүү тэглэвэл төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханш навс унах ба бодлогын хүүг одоогийн түвшинд хадгалах нөхцөлд 3 хувийн зээл олгох ямар ч боомжгүй, харин түүний оронд 3 хувийн зээл аваад монголбанкны үнэт цаас аваад 3 хувийн хүүгийн цэвэр ашиг олох механизм үйлчилнэ. Ингэснээр ЖДҮ эрэхлэгчид ямар чбаялаг бүтээхгүй харин мөнгө угаах үйлдэлд татагдан орно шүү
Зочин [202.126.89.130] 2021-03-01 03:18:41
Бодлогын хүү тэглэвэл Монгол улс дампуурна, Хятад улсад дагаар орхоос замгүй болно