З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна

Aдмин / Нүүр

БОАЖЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн шинжлэх ухааны зөвлөх, доктор З.Батжаргалтай ярилцлаа.


-Зун болохгүй байна гэж хүмүүс яриад байна. Хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Ингэж байснаа айхавтар халуун болно гэх юм. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?

-Хоёр талтай. Хүмүүс урьд өмнө байсан зүйлсээс мууг нь мартаад, сайныг нь санадаг. Сүүлийн үед л бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг тал бий. тийм учраас зун болохгүй байна. Урьд нь сайхан ногоо гардаг байсан, одоо тийм биш байна гэх мэтээр яриад байна л даа. нэг талаас хүмүүсийн сэтгэл санааны асуудал бий. Нөгөө талаас яг ийм өөрчлөлт гарч байгаа юу гэвэл тийм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу гэвэл бас холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, даян дэлхийн дулаарал гэж хоёр юм яриад байна шүү дээ. Уур амьсгал өөрчлөгдөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, энэ хэвээрээ яваад байвал аль ч орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна. үүнийг хязгаарлахгүй бол болохгүй нь ээ гээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нүб-ын суурь конвенц байгуулаад, үүнийгээ хэрэгжүүлэх Киотогийн протокол баталсан. Зарим хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд нэгдэж ороогүй учраас Киотогийн протокол тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй. Тийм учраас 2015 онд Парисын хэлэлцээр гэж байгуулсан. Дэлхийн улс орнууд үүнд нэгдээд, манай УиХ ч энэхүү Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. монгол дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа л даа. агаарын дундаж температур 2.25 хэм орчмоор сүүлийн 80 жилд нэмэгдсэн. Хүмүүс гайхдаг л даа. дулаарсан гэчихээд өвөлдөө гэнэт огцом хүйтэрч, зун сэрүү оргиод байх юм гэдэг. Одоо ч сэрүүн байна л даа. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад хур тунадасны хэмжээ буурч байгаа. Дулааны улирал уртасч байгаа ч ууршилт нэмэгдэж байгаа. Хур бороо орохгүй бол бэлчээрийн ургамал, тариа ногоо ч олигтой ургахгүй шүү дээ.

-Та хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан гэж хэлсэн байна лээ?

-Сүүлийн 80-аад жил 7-8 хувиар буурсан байгаа юм. Өвөл цас ороод байгаа шүү дээ гэж хүмүүс хэлэх байх. Мэргэжлийн хүний хувьд 20 гаруй жил үргэлжилсэн хуурай үе дуусч, ганц хоёр жил арай ахиу хур тундастай жил үргэлжлэх юм биш байгаа гэсэн горьдлого байгаа.

-Бид дэлхийн дулаарал яриад байдаг. Гадаа хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжлээд байдаг. Үүнийг яаж тайлбарлах вэ?

-Дэлхийн дулаарал гэж ерөнхийдөө агаарын дундаж температурын тухай ярьж байгаа юм. энэ тухай ганцхан манайд ч ярьж байгаа юм биш. Америкт өмнөх Ерөнхийлөгч нь зарлаж байгаад бүр Парисын хэлэлцээрээс гарчихсан шүү дээ. Хойд америкт цасан шуурга болоод, сүйд болоод байхад та нар юун дулаарал яриад байна гэцгээдэг. гэнэт хүйтэрч байгаа нь дулааралтын нөлөөнөөс болж байгаа юм гэж эрдэмтэд нь тайлбарлаад байхад ойлгодоггүй.

Тэгэхээр даян дэлхийн дулааралтаар илэрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нэг том үр дагавар нь дэлхийн агаар мандал тогтворгүй байдалд орж байгаа. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, сайхан шиврээ бороо ороод, хөрсөнд уусч шингэдэг байснаа одоо бол бороо орохгүй байснаа гэнэт аадар асгаад, үер болдог. Ганцхан Монголд биш, дундад өргөргийн бүс нутагт агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Даян дэлхийн дулаарал энэ байдлаар үргэлжилбэл манайд улам хүнд тусна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна.

-Сэрүүхэн өдрүүд үргэлжилж байснаа гэнэт аагим халуун болно гэцгээгээд байгаа нь үнэн үү?

-Та нар цаг уурын мэдээ харсан уу. Хэд хоногийн дараа 30 хэм хүрэхээр зарлаж байгаа биз дээ. Зургадугаар сар гарч байхад зарим газар хасах хэмтэй байна. Аль хэдийнэ суулгасан эмзэг ногоо цочир хүйтрэлд өртөх аюултай байна. Ийм болно гэдгийг аль хэдийнэ мэргэжилтнүүд судалж, шинжлээд, ном бичиг гаргачихсан. Манайх ч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны тайлангууд гаргаад явж байна. Иргэд тэр бүр тайлан унших биш. Гайхаж цочирдох юм байна. Шинжлэх ухаан талаасаа энэ бүхэн тайлбаргүй зүйл биш. Улс орны хөгжлийн бодлогод ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа. Алсын хараа 2050 гээд том бичиг баримт гарсан. Тэрэнд “Ногоон хөгжил” гэсэн бүлэг оруулаад, уур амьсгалын өөрчлөлт одоо ийм байна цаашид 2030 болон 2050 онд ийм болно гээд шинжлэх ухааны аргаар урьдчилаад баримжаалаад, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлогод харгалзах ёстойг хэлсэн байгаа.

-Та Алсын хараа 2050-д байгаль орчны ажлын хэсгийг ахалсан. Усны гачаалаас хамаарахгүй байх эдийн засгийн хөгжлийн загварыг бодож олох ёстой гэсэн. Хөв цөөрөм, усан сан байгуулна гээд баахан ажил төлөвлөсөн байна лээ. Бодитой хэрэгжиж байгаа юу. Тухайлбал 2021, 2022 онд хэдэн хөв цөөрөм, усан сан байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэрэгжүүлэхгүй бол болохгүй, хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хэдэн өдөр уулын цас хайлаад, Туул савандаа багтахгүй хальж урсаж байна. Тэр их ус урсаад хил гараад алга болж байна. Энэ их усыг Туул гол дагасан цувраа цөөрөм байгуулаад, авч хоцорч чадвал зун сайхан сэрүү татаад, уснаас нь ашиглах боломжтой болно. Энэ мэтээр асар их хэмжээний байгалийн баялгийг ашиглаж чадахгүй байна. Зүй нь хуурайшилтын дарамтыг сөрж зогсох ганц арга нь том голуудыг дагасан цувраа усан сан байгуулах юм. Гадагшаа урсгалтай голуудын хамаг усыг хамаад авчихвал хөршүүд яриа хөөрөө гаргана. Бид борооны усыг тогтоож авъя гэж байгаа юм. Усан сангууд байгуулбал үерийн аюулыг бууруулна. Мөнх цас, мөсөн гол хайлаад, ууршдаг нь ууршаад, урсдаг нь урсаад гарч байна. Монголд мөстлөгийн хэлбэрээр хуримтлагдсан усны бараг тал нь алга болсон гэж үздэг. Эдгээр идүүдэл усыг бүгдийг хуримтлуулж, тогтоож чадвал бид нэг хэсэгтээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч байгаа ган гачгийн дарамтыг тэсч чадна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Одоо 10 их наяд төгрөг гаргаад, ойрын хугацаанд хэрэгжүүлэх 100 гаруй төсөл зарлаж байна. Тэрэн дотор усны нөөц хадгалах хөв цөөрөм байгуулах талаар тодорхой юм орсон гэж би хэлж чадахгүй. БОАЖЯ-наас “Хөх морь” нэртэй том хөтөлбөр зарласан. Тэрэн дотор хаана хаана ямар цөөрөм, усан сан байгуулах талаар оруулсан байна лээ. Түүнийгээ төлөвлөгөөнд тусгаад хэрэгжүүлэх, эзнийг нь оноогоод, мөнгө хөрөнгө гаргасан эсэхийг БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газрынхнаас асуух хэрэгтэй.

-Хүмүүс тогтвортой цаг агаар хүсч байна л даа. Тариа, ногоогоо тарьж, малаа маллах хэрэгтэй. Нэг өдөр зун болоод, маргааш нь өвөл болоод байвал хэцүү л дээ. Үүний төлөө бид юу хийж чадах вэ?

-Энэ байдлыг зогсоохын тулд ний нуугүй хэлэхэд бид их юм хийж чадахгүй. 1850-иад оны үед аж үйлдвэрийн хувьсгал гарч, олон үйлдвэр байгуулагдаж, их хэмжээний нүүрс шатаан, агаарт хүлэмжийн хий ихээр гаргачихсан учраас дэлхийн агаар мандал дулаарч эхэлсэн. Өнөөдөр ялгарч байгаа бүх хүлэмжийн хийг зогсоолоо ч өмнөх хүлэмжийн хийг арилгах аргагүй. Одоо бол нэмж гаргаж байгаа хүлэмжийн хийгээ багасгая гэж байгаа юм. Хүлэмжийн хийг шингээдэг юм бий. Ой, өвс ургамал шингээдэг. Ялгарч байгаа, шингээж байгаа юмаа ойртуулаад, агаарт байгаа хүлэмжийн хийг багасгая гэж уриалж байгаа юм. Хүлэмжийн хийг хэн ялгаруулж байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд, энэ улсууд хүлэмжийн хийгээ их хэмжээгээр бууруулах ёстой. Манай улс ч бууруулах ёстой. Гэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хий маань харьцангуй бага.

-Гэхдээ нэг хүн, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хий их гээд байгаа биз дээ?

- Тийм ээ, нэг хүнд ногдох хэмжээ юм уу үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээрээ тооцвол их өндөр. Нүүрс шатааж гаргаж байгаа хэмжээ өндөр. Дээр нь малын амьсгал, өтөг шивхнээс ялгардаг метан хийн хэмжээ их учраас манайхан тийм ч хор шаргүй улс гэж тооцогдохгүй байгаа.Тийм учраас бид Парисын хэлэлцээрт нэгдээд үүрэг хүлээгээд явж байгаа.

-Бид олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хэр биелүүлдэг юм бэ?

-Биелүүлэх гэж оролдоод, Засгийн газраас Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримтыг боловсруулаад, батлаад хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна. Түрүүн та дулаараад, хүйтрээд байна яах вэ гэсэн. Тохиолдож байгаа үзэгдлүүдийг зогсоохын тулд бид том нөлөө үзүүлж чадахгүй. Гэсэн ч шинээр тулгарч байгаа бэрхшээлд дасан зохицох, гарз хохирол багатай даван туулах, бэрхшээл дагасан сорилыг боломж болгон ашиглах хэрэгтэй байна.

Хамгийн наад зах нь хайлж урсаад алга болж байгаа усыг хуримтлуулах усан сангууд байгуулъя. Хур тунадас нь багасаад, дулаан нэмэгдээд байвал аль болох ус чийг бага шаарддаг ургамал тариалж, хүнсний хэрэгцээгээ хангая. Мал аж ахуйнхаа тодорхой хэсгийг эрчимжүүлэх гэх мэт арга хэмжээ авах, дээр нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал оруулж ирэх гэх мэтээр эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

-Машинуудаас ялгарч байгаа хий хүлэмжийн хийд нөлөөлнө биз дээ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утаа, айлуудын гэрийн яндангаас гарч байгаа утаа, машины яндангаас гарч байгаа утаа, малаас гарч байгаа, хогноос ялгарч байгаа хий, гэр хорооллын өчнөөн мянган жорлонгоос ялгарч байгаа хий цөм агаарын бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгахарад нөлөөлж байгаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нь давхар ашиг тустай. Хүлэмжийн хийг бас бууруулна гэсэн үг. Түгжрэлийг бууруулна гэдэг агаарын бохирдол, хүлэмжийн хийг давхар бууруулж байгаа гэсэн үг.

Цогцоор нь асуудлыг харж шийдвэрлэх, хөрөнгө зарах талаар Засгийн газрын урт болоод дунд хугацааны хөтөлбөр үйл ажиллагаанд туссан. Дасан зохицох гэдэг том арга хэмжээг БОАЖЯ-наас Уур амьсгалын Ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байна. Уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн сөрөг нөлөөг давж гарахын тулд Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, зам тээвэр яах ёстой вэ, хог хаягдлыг яах ёстой вэ гэдгийг шийдэх Үндэсний Дасан зохицох төлөвлөгөө боловсруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.14] 2021-06-04 08:23:01

Эрдэмтэн гэх ийм хонь царайлсан юмнуудын үг ямар ч нэмэргүй.

ene unen yum yarihgui dee bayalduuch [103.212.117.230] 2021-06-04 04:02:56

ene odoo hurtel baigaa yum uu sonin gar shuu tsag uur baisan kommunistuud bugd baigaa l yum baina

Зочин [66.181.161.36] 2021-06-04 02:45:14

Бас нэг Грета

Зочин [202.9.46.159] 2021-06-04 01:51:14

Газрын ухаад модын тайраад байхаар уур амьсгалд өөрчлөлт орно шдээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.