НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов
Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу уртын ээлжээр ажиллах 14/14 хоногийн хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй гурван саналыг Ажлын хэсгээс бэлтгэлээ. Түүнчлэн ажлын хэсэг 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажил хаялт, хөдөлмөрийн эрхийн маргаан, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээг тодорхой болгож, ажил олгогч ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүргийн дагуу мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах, дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой болгох мөн хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал бэлтгэснийг Байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал гишүүн Д.Сарангэрэл ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй гэж үзэж байгаа бөгөөд ямар үндэслэлээр ингэж тогтоосныг тодруулав. Энэ асуултад жилийн ээлжийн амралтын үндсэн хугацааг 15 хоногоор тогтоогоод, ажилласан жилээс шалтгаалж нэмэлт хоног олгох хуучин зохицуулалтаараа явах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гаргасан учир энэ саналаар өнөөдөр санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэллээ.
Гишүүн Д.Сарангэрэл, Б.Энхбаяр нар олон парламент дамнан хэлэлцэгдсэн энэхүү суурь хуулийн төсөл дээр чамбай ажилласан Ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсэгт ажилласан салбарын яам, холбогдох албан тушаалтнуудад талархэл илэрхийлэв. Асуулт, хариулт дууссаны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 19 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.
Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар тус тус дэмжигдлээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн, шийдвэрлэв.
Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Оюутолгой ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс болгох зэрэг долоон санал ирүүлснийг Ажлын хэсэг дээр ярилцаад хүлээн авах үндэслэгүй гэж үзсэн талаар хэлж, хүлээн авах боломжгүй үндэслэлүүдийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, протоколд тэмдэглүүлэв. Ийнхүү хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
Коронавируст халдварын хариу арга хэмжээ, эмчилгээ, эмнэл зүй, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов
Дараа нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.
Энэ асуудлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бөгөөд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооны дарга Б.Баттөмөр Түр хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар товч мэдээллийг гишүүдэд өгөв.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр нийт өвчлөлийн тохиолдолд хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна гэлээ.
Одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж буй талаар болон вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв. Мөн хөл хорио тогтоох тухай Эрдэмтдийн зөвлөл санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар Засгийн газар, улсын онцгой комисс дээр яригдаагүй, энэ асуудлаар Засгийн газрын зүгээс шийдвэр гаргана гэлээ. Тэрбээр цаашид албан байгууллагын ажилчдыг 1/3-ээр ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авах нь үр дүнтэй болохыг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр эмнэлгүүдийн ачаалал ирэх долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна гээд үүнийг өдөрт халдвар авч байгаа хүний тоо эмчлэгдээд, эмнэлгээс гарч буй хүний тооноос их байгаатай холбон тайлбарлахын зэрэгцээ нас баралт долдугаар сарын эхний өдрүүдэд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна гэв. Мөн 10, эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцооллыг танилцууллаа.
Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, П.Анужин.Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, үндэслэл болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин урамшууллыг цаг тухайд нь, үнэн зөв бодож олгох, нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоох байгууллагаас хүсэж буй дэмжлэг, Орхон аймагт “Делта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө. Эрүүл мэндийн сайд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэсэн хариултуудыг өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан салбарын сайд болон Эрдэмтдийн зөвлөлөөс гишүүдийн асуултад оновчтой бус, дутмаг хариулт өгч буйд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газар иргэдэд мэдээлэл муу өгч байна, нөхцөл байдлын улмаас ямар шийдвэр гаргах талаараа ойлгомжтой, тодорхой мэдээлэл, тайлбар өгч баймаар байна, яах нь ойлгомжгүй байж болохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.91] 2021-06-24 01:18:43
. Ёс зүйгүй сахилга батгүй, сэтгэлгүй сэлгүүцсэн нөхдийг өөгшүүлж давраасан юм хийчихээд хөдөлмөрийн хууль гэж нэрлээд байхдаа яахавдээ. Хөдөлмөрийн хууль тодорхой сайн байж улс хөгжинө байх шүү. Ажлаа дуртай өдрөө хийж дургүй өдөр хаяж явчихаад ямар ч хариуцлага үүрэхгүй байж болдог хууль Монголд л бдаг байх.
Зочин [66.181.179.73] 2021-06-23 12:37:19
ХУВИЙН ХЭВШИЛД ДЕЖУР ХАРУУЛЫГ 4 ЭЭЛЖ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ. МӨН ҮЙЛЧЛЭГЧИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТАЛБАЙГ ТУСГАЖ ӨГМӨӨР ЮМ
Зочин [202.179.31.242] 2021-06-23 09:36:21
Олон жил ажиллаж байгаа хүмүүст ээлжийн амралтын нэмэгдэл хоног зайлшгүй шаарлагатай. Хувийн компаниуд болон хэн нэгэн эзний эрх ашгийн төлөө хууль санаачилдгаа болих болоогүй юу.
Зочин [192.82.69.181] 2021-06-23 15:59:11
Харин тиймээ, Энэ Мөнх-Оргил гуай болимоор юм! Амралт гэдэг чинь нас нь явж байгаа хүнд илүү хэрэгтэй гэдгийг мэдмээр юм даа!!! 23 настай дөнгөж ажилд орсон хүн 40 нилээн гарсан хүн огт өөр шүү!!!
Зочин [202.179.31.242] 2021-06-23 09:34:11
Хөдөлмөрийн хуульд ээлжийн амралтын хоногийг хуучин хуулиар явуулах саналтай байна.
Иргэн [192.82.69.181] 2021-06-23 16:01:49
Амрах хугацаа нас насанд өөр байдаг чинь шинжлэх ухааны үэдэстэй юм шүү дээ,Хувийн компантуд хүнд зүгээр мөнгө өгчих нь гээд үхлээ л дээ!!!