Буйр нуурын эрэг орчмыг цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах менежмент төлөвлөгөө боловсруулахаар хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэв
Буйр нуур нь Монгол орны зүүн хэсэгт Улаанбаатар хотоос 969 км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 314 км, Халхгол сумаас баруун хойно 20 км орчим зайд далайн түвшнээс дээш 581 м өндөрт байрлах бөгөөд, засаг захиргааны нэгжийн хувьд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт хамаарагдах ба хойд, зүүн хойд хэсгээрээ Хятад улстай хиллэнэ.
Буйр нуур нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, аялал жуулчлалын томоохон бүс нутаг төдийгүй, Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн зам дагуу байрших тул олон зүйл усны болон эргийн шувуудын нүүдлийн үедээ идээшлэх, буудаллаж амрах чухал нутаг болдог учир, түүний орчмын ус, намгархаг газрыг Рамсарын конвенцын хавсралт жагсаалтад бүртгэсэн манай орны төдийгүй олон улсын хувьд чухал ач холбогдолтой газар юм.
Сүүлийн жилүүдэд Буйр нуурын эрэг орчмын элс бүхий талбайн хэмжээ нэмэгдэж байгаа учир Дорнод аймгийн ЗДТГ, БОАЖГ нь Буйр нуурын эрэг орчмын цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах менежмент төлөвлөгөө боловсруулахаар, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд, тус хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачид 2021 оны 08 сарын 13-аас 23-ны хугацаанд хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.
Хээрийн судалгааны ажлын хүрээнд цөлжилт, газрын доройтолд эмзэг байдлыг тодорхойлох зорилгоор орон нутгийн иргэд болон Буйр нуурын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг хамруулан асуулга судалгаа явуулж, мэдээлэл цуглуулав. Буйр нуурын усны талбайн өөрчлөлт болон, нуурын эрэг дагууд тархсан элсний талбайн хил ба элсэн хуримтлалын жижиг хэлбэрүүд болох сөөг, довцог болон газрын ерөнхий бүрхэвч элсний хэмжээг газар дээр нь нарийвчлан тодруулах судалгааг гүйцэтгэлээ. Улмаар хөрс болон ургамлан бүрхэвчийн хэмжилт судалгааг гүйцэтгэн, хөрсний болон усны дээж бэлтгэн ирж, лабораторийн шинжилгээ хийж байна. Судалгааны ажлын турш дижитал камер болон DJI алсын удирдлагт дрон ашиглан фото зураг, бичлэг хийж баримтжуулав.
Энэхүү судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Буйр нуурын эрэг орчмын хөрсөн бүрхэвчийн шинж чанарт гарч буй өөрчлөлт, элсжилт үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг илрүүлж, элсний нүүлтээс сэргийлэх, хамгаалах болон нөхөн сэргээх зөвлөмж, менежмент төлөвлөгөөг боловсруулж байна.
Зураг 1. Хээрийн судалгааны ажлын явцын фото зургаас
Сэтгэгдэл
irgen [59.153.115.180] 2021-09-02 07:18:51
MOD BUT SOOG TARIACHEE ARCHAAGUI ULS DELHII DEER 1 BNAAAA BUSAD ULSUUD ULS ORNOO NOGOON BOLGOOD BH YM MANAIH L GEJ ULAM L TSOLJOOL TSARAI ALDAAD BHIIMAA.
Зочин [202.9.46.69] 2021-09-02 06:00:32
Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлая.