Л.Оюун-Эрдэнэ: “Оюу толгой"-н асуудлаар УИХ-д хаалттай горимоор мэдээлэл өгөхөд бэлэн байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчдын цалин хөлсний асуудлыг хэрхэн тусгасныг тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан 2021 онд эхэлсэн эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэлийн цоо шинэ бүтцийн өөрчлөлт хойтон үргэлжилнэ хэмээлээ. Энэ хүрээнд ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Энэ мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан эмнэлгүүдэд хуваарилах аж. Төрийн албаны тухай хуульд эмнэлгийн ажилтны цалинг хатуу тогтоосон заалтыг нь доод цалин болгож өөрчлөхаар төсөв дагасан хуулиудын нэмэлт өөрчлөлтийг өргөн барьжээ. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудын цалинг дор хаяж 20 хувиар нэмэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад 420-470 тэрбум төгрөг төсөвлөсөн байгааг дурдаад, уг төсвийг хэрхэн зарцуулахыг асуув. Мөн тэрбээр автомашины дугаарын хязгаарлалт хийснээр иргэд автомашин худалдан авах нь улам бүр нэмэгддэг гэсэн олон улсын судалгаа байдаг хэмээсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар хот улсын төсөвт жил бүр 420 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсныг түгжрэлийг бууруулахад зориулж, нийслэлд үлдээж байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэл өөрийн гэсэн төсвөө батлах ёстой бөгөөд энэ төлөвлөгөө улам тодорхой болно хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн зэс хайлуулах үйлдвэр, төмрийн үйлдвэрийг байгуулах талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа, энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоо хийсэн эсэхийг тодруулав. Түүнчлэн АИ-92 шатахууны хомсдол үүсэх эрсдэл байгаа эсэхийг асуулаа.

УУХҮ-ийн сайд Г.Ендон, “Салбар яамнаас олборлосноо боловсруулан, хуваарилдаг болох зорилт тавин ажиллаж байна. Зэсийн баяжмалыг Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк барих ажлын хүрээнд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд гангийн үйлдвэр тус тус байгуулна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгасан. Өнгөрсөн сарын сүүлчээр гангийн үйлдвэрийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг баталсан. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тухайд Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн тавдугаар сард олгосон. Үйлдвэр технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр барина. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь 99.99 хувийн агуулгатай 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Дэлхийн том 15 банкны таамаглалаар шатахууны үнэ нэмэгдэх шинжтэй байна. Гэхдээ 11-р сард болох ОПЕК-ийн уулзалтаас их зүйл хамаарна. Хомсдол үнэ өсөхөөс ч илүү өндөр эрсдэлтэй. АИ-92-ын үнийг барьсаар ирсэн нь импортлогч ААН-үүдээ татаж унагах эрсдэлтэй. Үнэ чөлөөлөх алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюу толгой" ордын 12 тэрбум ам.долларын өрийг Засгийн газрын өрөнд оруулж тооцсон эсэхийг асуулаа.

Монгол Улсын нийт өр 32 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүнээс 8 тэрбум нь Засгийн газрын өр юм. Харин "Оюу толгой"-н өрийг Засгийн газар шууд хариуцдаггүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюу толгой"-н ажлын баг амаргүй нөхцөлд ажиллаж байна. Үр дүн гарсан. ТЭЗҮ-д алдаа гарсныг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд Засгийн газар өр төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Зарим асуудлыг УИХ-тай зөвшилцөх шаардлага бий. УИХ-д хаалттай горимоор мэдээлэл өгөхөд бэлэн байна. Бүх асуудлыг нээлттэй ярьж болохгүй. Улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.

Мөн гишүүд ирэх онд эрүүл мэндийн салбарт хэдэн төгрөг зарцуулахыг тодрууллаа. Эрүүл мэндийн сайд Л.Энхболд, “Эрүүл мэндийн даатгалд улсын төсвөөс 360 тэрбум төгрөг олгоно. Сүүлийн 6 сард эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжлээ. Үүнийг засахын тулд мэдээллийг цахимжуулна. Эмнэлгүүд өөр хоорондоо мэдээллээ солилцож чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг ирэх онд 20 хувиар өсгөх боломжтой” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.