Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг байгуулъя

Aдмин / Нүүр

Ийм санал дэвшүүлж байна л даа. Яагаад гэвэл 1930-аад оны хэлмэгдлээс тэсч үлдсэн хэдхэн сүм хийд Монголд бий. Яг бүрэн бүтнээрээ үлдсэн нь хэд вэ гэвэл маш цөөн шүү. Гандантэгчинлэн хийд, Богдын ордны дуган, Чойжинламын сүм музей гэсхийгээд л зогсох байх.

Хөдөөд байсан сүм хийд бараг л устсан юм гэдэг. 700-гаад сүм хийдийг үгүй хийсэн гэж түүхэнд байдаг. Энэ бол тийм олон дахин дурсаад байх таатай зүйл ч биш байх. Харин одоо байгаа нь ямар өнгө төрхтэй ашиглагдаж буй тухай ярилцмаар байна. Нэг их сүсэгтэйдээ бурхан шашныг өмөөрсөндөө биш. Монголын түүх, соёлын үнэт өв ямар байнав гэдэгт сэтгэл зовохдоо ингэж хэлллээ л дээ.

Богдын ордон болон Чойжинламын сүм музейгээр хааяа орж явахад тэндхийн хариуцсан хүмүүс нь сүм, дуганы өнгө цараа муудаж, борооны ус нэвтрээд үнэт үзмэрээ хадгалахад бэрх байна. Гадны хүн, жуулчдаас их зовох юм. Энэ өв соёлоо Монгол Улс анхаардаггүй юм байхдаа гэж хэлэх вий гэхээс л яс хавталздаг гэж байхыг нэг биш удаа сонссоон.

Тэгээд төр, засгаас энэ талаар ямар анхаарал тавьдаг юм бол гэж сонирхлоо. Зарим жилийн төсөвт түүх, соёлын өв хамгаалахад хөрөнгө хуваарилсан л байх юм. Гэтэл тэндхийн сүм, дуганыг засахад гэсэн чиглэл харагдсангүй. Ер нь төр, шашин хоёр тусгаар байх Үндсэн хуулийн заалт бий учраас болгоомжилдог биз. Уг нь Гандантэгчинлэнгийн нэг дуганыг засна гэх нь зохимжгүй л байх. Тэгвэл дээр дурдсан хоёр сүмийн хувьд улсад данстай музей шүү дээ. Музейд засвар хийж болно доо гэтэл мөнгө төлөвлөөд ч бүтдэггүй юмны нэг энэ. Яагаад бүтдэггүй вэ гэвэл тэдгээрийг засахад барилгын нэг том компанийнхан очоод ч нэмэргүй ээ. Монголын барилгачид ур чадвартай сайхан байшин барьдаг болсон л гэдэг. Гагцхүү үнэн нь хэчнээн мэргэшсэн өнөөгийн сайн барилгачид сүм, дуган засч чадахгүй юм. Иймээс л нэгэн үед цөөн орон тоотой ч ажиллаж байсан. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг дахиад байгуулъя гээд байгаа минь. Тэнд ажиллаж байсан хүмүүсээс одоо тав гурван хүн байгаа юм билээ. Тэд чинь ядаж сүм, дуган сэргээхэд ашигладаг будаг, маажингийнхаа найрлагыг мэднэ шүү дээ. Мөн зураач, сийлбэрчээр ажиллаж байсан хэн нэгнийг би ч мэдэх л юм. Тэр хүмүүсийг түшиглээд нэг хамт олон бий болгоё гэсэн юм. Өнөөдөр гайхмаар ур чадвартай залуучууд бий болж сайхан гэр, авдар савнаас эхлээд эд хогшил хийж байна. Тэднийг дуудаад авъя. Харин тэдэнд хангалттай цалин хөлс амлахгүй бол хэчнээн чанга дуудаад ч дуулаагүй мэт өнгөрүүлж таарна.

Бод л доо. Дахин давтагдахааргүй нэг сайхан гэр бүтээгээд 30-40 саяар худалдаж байгаа урчууд сард 800-900 төгрөгийн цалин өгье гэхэд зөвшөөрнө гэж үү. Хэцүү л юм. Гэхдээ тэр Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг байгуулах нь туйлын зөв. Одоо байгаа сүм, хийдийн дуган байр жилээс жилд хэврэгшиж муудна. Тиймээс додомдох газартай болгоё. Хэн нэгэн мэдэмхийрч Энэтэхэг, Балбаас урчууд Буриад хийлгэчихье гэж магадгүй. Тэгэхэд нэг байгууллага байгуулахаас илүү зардал гарна шүү дээ. Нэгэнт түүх, соёлын дурсгалын тухай ам нээснийх, үзэг цаас нийлүүлснийх сүүлийн үед их яригдах болсон хуучин барилга, байшингийн тухай асуудлыг орхимгүй байна. Сүүлийн үед Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр тэргүүтэй хэд хэдэн барилгыг яахав, ийхэв гэсэн яриа их байгаа.

Монголын урлагийн ариун сүм гэгдэх тэдгээр барилга 1940-1950 оны үед баригдсан харахад сэтгэл булаам архитектортай барилгууд. Мөн Гадаад харилцааны яам, Элдэв-Очир кино театр буюу одоогийн хөрөнгийн бирж, хуучин төв эмнэлэг, хотын захиргааны гээд нэгэн өвөрмөц өнгө төрхтэй Улаанбаатар хотын таних тэмдэг болсон барилгууд энд нэмэгдэнэ. Олны яриаг сонсож байхад эд чинь Монголын соёл, уран барилгын өв шүү дээ гэхийн оронд өнөөдөр, маргаашгүй буулгаад хаях талын үг дийлэнх байх юм. Хуучин барилгыг сэргээн засч хүчитгээд хадгалж хамгаалдаг, ашигладаг жишиг олон улс оронд байдаг л юм билээ.

Гэтэл манай Монголд хуучин бүхнээ нурааж хаяад оронд нь шинээр барилга барих сэтгэлгээ тун давамгай болж. Энэ бол түүхээ үгүй хийх завхарлын нэг. Түүхээ устгахаас гадна хүмүүсийн дурсамж, ой санамжийг үгүй хийж байгаа юм. Тэгвэл барилгын архтектур түүнээс бүрдэх хот байгуулалт нь бүхэлдээ улсын түүх шүү дээ. Манай мэргэжлийн хяналтынхаан гэж. Барилга хуучирлаа гэхээр нэг л шийдвэр гаргадаг. Тэр нь ашиглалтын шаардлага хангахгүй, дотор нь хүн ажиллуулж болохгүй гэсэн тамганы үг шиг нэг л хэвийн байдаг. Тэгээд "Нурах аюултай, холуур яв" гэсэн пайз хатгачихна. Үүний цаана хэн нэгний ашиг сонирхол ч тээгдэж явдаг нь нууц бишээ.

Энд нэг жишээ хэлье. ДБЭТ-ын барилгад мэргэжлийн хяналтынхан мөн л тэр жижүүрийн шийдвэрээ гаргасан байдаг. Гэтэл 2016 онд Австрийн барилгын мэргэжилтнүүд ирж нарийн багаж төхөөрөмжөөр шалгаад бүх талаар хэвийн гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм. Дээр дурдсан барилгууд ердөө 50-70 жилийн насжилттай гэдэг. Гэтэл нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилт хариуцсан хүмүүс хуучин барилгын тухай тун харанхуй мэдлэгтэй, хазгай үгтэй байх юм билээ. Тэд Монголын барилгажилтад 1970 онд л газар хөдлөлтийн норм мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр үүнээс өмнө баригдсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьсан байгаа юм.

Дөч, тавин мянгат, 120 мянгатын байшингуудыг эндээ хамааруулсан байдаг нь бүр мангар гэмээр явдал. Италид гэхэд 2000 жилийн настай байшин бий. Энүүхэн манай хойд, урд хөршид мөн Японд 500-600 жил болсон ч өнгө төрхөөрөө хадгалагдсан барилга байгууламж байдаг л шүү дээ. Тийм барилгуудыг олон улсын хэллэгт "Чулуугаар бичсэн түүх" гэдэг юм билээ.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд 217 дэсийн 479 дурсгал бий гэжээ. Харин түүний дөнгөж 11 нь улсын хамгаалалтад байдаг. Бусад нь нийслэлийн хамгаалалтад байж таардаг. Гэтэл Улаанбаатарын үе үеийн дарга нарын "бүтээл" нь хамгаалж байх учиртай байшин, барилгыг мэдсэн ч мэдээгүй юм шигээр устгуулж байсан нь нөгөө газрын наймаа шигээ гэмт хэрэг болж үлджээ. Яагаад гэмт хэрэг гэж байгаа юм бэ гэвэл нийслэл хотынхоо түүхийг санаатайгаар устгасан гэсэн үг юм. Нурааж устгасан цөөн жишээ дурдвал Лениний музейн архан талд байсан олон цонхтой дүнзэн байшинг бид мэднэ л дээ.

Түүнийг Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан гэдэг. 1918-1919 онд С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй бүлгийнхэн тэнд байрлаж байсан юм билээ. Уг байшинг "Ленинээр халхалчихаад" байсан боловч тэнд 2000-аад оны эхээр номын сан байрлаж байлаа. Гэтэл 2011 оны долдугаар сарын 11-ний шөнө буюу Улсын наадам эхэлсэн өдөр нураагаад хаячихсан байсан. Тэр байшинг 2008 онд нийслэлийн хамгаалалтад өгсөн Засгийн газрын шийдвэртэй ч нэг л шөнө хонь чоно идчихтэй адил юм болсон юм. Ингэж нураах устгах ажлыг олны сонор сэрэмж багассан үе, бас шөнө дөлөөр хийдэг хулгайн маягтай арга бий болсон. Саяхны жишээ гэхэд Байгалийн түүхийн музейн дурсгалт байшинг нураахыг залуус эсэргүүцэж байсан ч бас л шөнөөр ар талаас нь буулгасаар нэг л өдөр зөвхөн нүүрэн тал нь үлдсэн байсан. Ингээд л мөн "чонын хоол" гээч болсон доо.

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан дүнзэн байшин мөн л нэг мэдэхнээ арчигдчихсан байсан. Нийслэлийн хангарьд орны ард байдаг нэг дүнзэн байшинг хүнд битгий харуул гэсэн юм байлгүй дээрээс нь шинэ барилга өмсгөөд барьчихсан байналээ. Уг нь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын байшин юм гэдэг. Тийм дүнзэн байшингуудыг бол яаж ч сэргээж өнгө төрхөөр нь хадгалж болох л байсан. Гэтэл хадгалж хамгаалж бай гэсээр байхад нураагаад л хаячихдаг муу зан монголчуудын "хувийн өмч" юм. Ер нь хуучин барилгыг сэргээх хүчитгэх зураг төсөл хийчих архитеторчид ч ховор болж. Дээрээс нь удирддаг, зааварддаг хүмүүсийн мэдлэг чадал ч дорой. Зөвхөн мөнгө хөрөнгө байвал бүх юм бүтэх юм шиг эргүүдүү бодолтон олширсны уршгаар түүх соёлоо баллуурдсаар байна шүү дээ. Сүүлийн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан "Гоожингийн өндөр" гэж нэрлэгдэх европ хийцийн анхны хоёр давхар байшингийн тухай яриад л байна. Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг гэх ч хэн ч хайрлаж хамгаалсан шинжгүй байх юм. Уг нь барилгыг нэг жижигхэн бригад очиход бараг 5-10 хоногт сэргээчих ажил шүү дээ.

Улаанбаатарыг дэлхийд данстай орчин үеийн метрополис хот гэх болсон. Яахав хөгжил бий болсон нь үнэн. Гэхдээ зөвхөн нэг хэв загварын гозгор дөрвөлжин шилэн барилгууд жинхэнэ хөгжлийг тодорхойлохгүй ээ. 380 жилийн түүхтэй энэ хотод зуун зууны өнгө төрхийг илэрхийлсэн барилга байгууламжаа хадгалж, хамгаалж байснаар сайн сайхан харагдана аа. Эцэст нь ухааны сохор 100 жилийн амьдралаас утгыг нь таньсан нэг өдрийн амьдрал үнэтэй гэсэн үгийг бүү март гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.22] 2021-12-20 05:07:32

Юм л бол ийм ч яам,тиймч газар байгуулья гэх санал их гарах юм.Тэр чинь нөгөө цөөлөх гээд байгаа орон тоогоо дахиад нм,хүрэхгүй байгаа төсөвөө дээр нь өр тавьж нэм гэсэнтэй агаар нэг шүү дээ.Ер нь өөр аргаар зохицуулаад хийж болох ажлыг заавал данхар бүтэц бий болгож хийх сэтгэлгээнээсээ салмаар байна шүү,эрхэмүүд ээ.Асуудал байгаа нь үнэн гэхдээ заавал орон тоо гаргаж нэмж хийх биш яам газрын хүрээнд гм-ээр шийдэж болно шүү дээ.

Мөнхжаргал [64.119.23.179] 2021-12-19 10:42:44

Зөв

Зочин [59.153.114.102] 2021-12-19 04:27:55

ЭНЭ ОЛОН БАРИЛГЫН КОМПАНИУД ЗАСАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ ЖЖ?

тэд чадахгүй. [202.126.88.179] 2021-12-19 05:31:17

гадаадын мэргэжлийн засварчидаар хийлгэсэн нь дээр. манайхан нүд хуурсан юм хийнэ.

Уг нь тийм газар байсан юм. [202.126.88.179] 2021-12-19 02:54:14

Намайг хүүхэд байхад одоогийн Бөмбөгөр худалдааны төвийн ард, Бакула Ренбүчи сургуулийн ард замын хойно хуучнаар Гэсэр сүм буюу одоогийн Бадма Ёга дацангийн байранд 1970-80-аад оны үед Түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газар байрлаж байсан.Сүүлдээ Гэсэр сүм сэргээн байгуулагдангуут 1990-ээд оны үед 4 дүгээр хорооллын дунд хуучны 2 давхар байшинд байрлаж байсан.Тэрнээс хойш юу болсон юм бүү мэд. Маш чухал санал байна.Ер нь энэ МАН-ын өлөн нүдэлсэн авлигачид л засгийн эрх барихлаараа улангасч улайрч хамаг өнгөтэй өөдтэй болгоныг буулгаж нураахын дон шүглэсэн байдаг. Монгол хүний зарчмын саналын цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугдсан байдаг гэж Баабар ёстой үнэнийг голоор нь хэлсэн. Барилга хуучирсан гэдэг бол худлаа шалтаг.Шалтгаан нь тухайн хуучин байр байшингийн хотын төвийн бүсийн ашигтай байрлалыг үнэ хүргэж зарах атгаг санаа.Бас шинэ байр байшин барих нэрээр мөнгө угаах их хэмжээний мөнгө унагаах шунал л байдаг.Худлаа гэвэл Хүрэлсүхийн бариулсан Чингисийн музе

иргэн [139.5.218.22] 2021-12-19 02:37:07

Эниыг чинь хариуцман газар нь орчиноо сэргээж явах ёстой амьдрал !!!!тусгай сэргээдэг хүмүүс хэрэггүй !!!!!!дандаа үргүй зардал гаргаж идэж уухаа гаргаж байхаар Цалин тэтгэвэрээ нэм ард түмэнээ хурдан Сэргээж өөд нь татаж өгөөч!!!!!!Та нар ёстой юу сэтгэж чадахгүй юм аа.???!!!!гадаад яваад л бх шиг юу хардаг юм вэ??????ядаж зөв хөгжил зөв яриаг суралцаач!!!!!!эхлээд зооглох илүү гаргаж авахаа бодохоор яаж хөгжих вэ дээ!!!!!

Зочин [202.9.46.67] 2021-12-19 02:19:01

1937 онд ард түмнийг мунхруулж байсан лам нарыг устгасан зөв байсан.

Ээж багш [66.181.187.251] 2021-12-19 02:01:58

Маш чухал одоо цагт хэрэгтэй санал байна. Үүнийг бичигч та бичгээ бариад Соёлын яамны сайдад өөрийн гараараа өөрөө өгвөл сайн,эс тэгэвээс нэг газар дарагдаад алга болоод хэн ч мэдээгүй хэн ч хараагүй хэн ч дуулаагүй л болох буйзаа....

Зочин [66.181.161.70] 2021-12-19 01:03:07

Маш чухал санал байна. Төр засаг анхааралдаа нэн яаралтай авна бизээ....

монгол [64.119.25.23] 2021-12-19 00:29:17

санаа нь зөв боловч арга чинь буруу байнаа бас нэг төрийн байгууллага байгуулах ямарч шаардлагагүй харин тэр соёлын яамаа ажиллуул төсөв өг өөр замгүй


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.