Монгол үндэсний шилдэг, алдарт малчин Доржийн Дашзэвэг

Aдмин / Нүүр

Уншигч та бүхнээс гайхах нэгэн байж магад. Яагаад гэхээр "Монгол үндэсний шилдэг, алдарт малчин" гэдэг тийм цол байдгийг дуулаагүй сонсоогүй хүн олон болов уу. Тиймээс тайлбар хэлье. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Д.Дашзэвэг гэдэг хүнд нэгэн гэрэгэ, алтан цом, медаль бий. Уг гэрэгэ дээрх үгийг сонирхвол,

-Эрхэм хүндэт малчин Д.Дашзэвэг таны малч удмынхаа сайхан үлгэр жишээг залгамжлан, үр хүүхдээ хүмүүжүүлэх, монгол өв соёл, ёс заншлаа тэдэндээ өвлүүлэх үйлсэд гавьяа байгуулж байгааг чинь үнэлж "Монгол үндэсний шилдэг, алдарт малчин" гэдэг олон улсын, цом, алтан медаль хүртээлээ" Монгол заншил судлалын олон улсын холбоо. "Гэрэгэ"-ийн дугаар 001 гэжээ.

Үүнийг үзэхээр энэ цолны анхдагч нь энэ хүн юм байна гэдэг нь тодорхой байна. Мөн олон улсын тэр байгууллага түүний тухай хүндэт дэвтэртээ бичиж алдаршуулан цахим хуудастаа байршуулсан байгаа юм.

Энэ үйл явдал 2005 оных. Эндээс нэгэн бодол ургах нь хаа сайгүй л олон мундаг малчин байхад яагаад энэ хүнийг онцолж тийм онцгой алдар хүнд хүртээсэн юм бол гэвээс хэлэх үг зөндөө байна аа байна. Малчин Д.Дашзэвэгийн энгэрт Монгол Улсын гавьяат малчин гэдгийг гэрчлэх сүлдэт тэмдэг гялалзаж буй. Бас "Улсын аварга малчин" эрхэм цолыг мөн л 2000-аад оны эхэн үед хүртсэн байгаа юм.

"Алтан тал" нэгдлийн шилдэг адуучны нэг байхдаа адуу малд гойд нүдтэй, морь сайхан уургалдаг гэгдэж байсан төдийгүй аймаг, сумын аварга малчин, "Алтан унаганы эзэн" болж явж.

Түүнд бас Монгол Улсын анхны "3000-т малчин" гэсэн үнэмлэх бий. Тэр бүхний дотроос онцгой гэхээр содон зүйл Дэшзэвэг гэдэг хүнд заяасан гэж хэлэхэд ердөө илүүдэхгүй биз ээ.

Тэр нь бууч овогтон энэ ам бүлийнхний амины өмч болсон монгол өв уламжлал, ёс заншлыг өнөө үеийнхэнд өртөөчлөн хүргэж ирсэн үйл хэрэг онцгой л доо. Өвөг эцэг Шагдарын үеэс нь эхлээд эцэг Доржийнх нь ердийн хөсгийг нүүдэл суудал, амьдрал ахуйдаа өргөн ашиглаж ирсэн хэв шинж одоо ч үргэлжилж буй. Уг өв уламжлалыг өнөөдөр хүү Д.Дашзэвэг нь залгамжилж яваа юм. Хэдэн мянган малтай малчин алийг тэр гэхэв. Тэр тухайд нь онцлох гэсэнгүй ээ.

Чухамхүү тэр өв уламжлал гээд байгаа юм нь юу вэ гэвэл техникийн эрин гэх өнөө үед мартагдах шахсан олон арван тэмээн тэрэг ашигладгаараа эднийх монголдоо ижилгүй болов уу гэсэн бодол байгаа юм. Өнөөгийн хөдөөгийн хот айлын гадаа "Портер" гэх ачааны автомашин заавал юм шиг байдаг болсон. Гэтэл Дашзэвэгийнх гэдэг айлд очиход тиймгүй. Харин гэрийнх нь хойгуур урдуур жагсаалын цэрэг шиг эгнэх олон тэрэг. Бараг тэрэг бүхэн дээр дөрвөлжин авдар шиг савтай юм. Түүнийг чингэлэг гэх. Түүнд эд хогшил бараа туруугаа ачина. Харин харах цонхтой дотроос яндан цухуйлгаастайг нь мөхлөг гэдэг юм билээ.

Үүнд хүн суух зориулалттай бол зүгээр нэгэн хайс хашлагатай тийм тэрэгт аргал түлш голдуу ачдаг юм байна. Мөн ханхай тэрэг ч байх.

Тийм болохоор тэднийх тэмээн тэрэг гэдэг хөсгөөр л нүүж заншжээ.

"Эгэл" төсөл П.Баттулга

-Та одоо хэр олон хөсөг тэрэгтэй вэ гэхэд

-За яахав 40 гаруй юм бий дээ. Тэргэнд хөллөдөг 70-аад тэмээтэй гэж байна лээ. Бас тэмээний буйл, бурантаг, морины хазаар ногт, чөдөр гээд суран эдлэлүүдийг төрөл төрлөөр нь чингэлэгтээ хадгалдаг юм билээ. Үүнийг л Д.Дашзэвэг гуай их л нандин хөрөнгө гэж хэлнэ лээ.

Бидэнд өөр бас нэг өв хөрөнгөө авчирч үзүүлсэн нь хадагт ороосон тамганууд байлаа. Тэгээд энэ манай удмын саранзуузай тамга. Адууных. Энэ онги тамгыг тэмээ, үхэртээ дардаг гэж байлаа.

Түүний үгнээс үхэр тамгалдаг гэдэг үгийг сонсоход содон санагдав. Энэ зуур яруу найрагч Ц.Чимэддорж агсны "Малчин" шүлэгт гардаг

-Албаны тамгатай бичгийг униндаа хавчуулж мартдаг ч

Адууныхаа тамгыг болохоор хадганд боож нандигнасан

гэсэн яруухан мөрүүд санаанд орж байсан юм.

За тиймээ. Монгол малчин хүн ийм л зан үйлтэй юмсан билээ. Ер нь монголчуудыг ертөнцийн тойргийг өргөө гэртээ шингээсэн ухаантнууд гэдэг. Тэдний нэг тод төлөөлөл нь малчин Д.Дашзэвэг мөнөөс мөн төдийгүй дассан сайхан нутгийнхаа үүднээс хоймрын уужимхан зайд насаа элээж, намтар түүхээ бичиж явна. Монгол үзэл бидний тархи, зүрхэнд байнга оргилж байдаг юм шүү дээ гэж тэр хэлнэ лээ.

Энэ тухайд онцлон дурдахын учир монгол өв уламжлалын өртөөч нэгэн энэ цаг үед байгаа юм гэдгийг олон түмэнд дуулгах нь зөв хэмээн бодов.

Монгол өв, ёс заншил бол улсын маань түүх. Тэр түүх дэлхийн брэнд гэж бодвоос тэр түүхийн улбааг хадгалагч хүмүүн малчин Д.Дашзэвэг яахын аргагүй өнөө цагийн нэг брэнд гэж хэлэх гэсэн минь. Нөгөө гэвэл энэ хүний амьдралыг хайрла, эх нутгаа хайрла, монголоо хайрла гэсэн үзэл санаа амьдралд нь биелэлээ олж өөрөө бусдад, үр хүүхдүүддээ үлгэрлэн харуулж яваа хүн гэж болно. Өөрийнх нь философи тийм ажээ. Ийнхүү тос дааж, буян хурсан айл тэднийд бууж тэр монгол сайхан эртэй уулзаад ухаарч сэнхэрье гэвэл монгол ухааныг таньж мэдье гэвэл Д.Дашзэвэг гэдэг хүний үг яриаг сонсоход тун гэмгүй шүү гэсэн бодол төрсөөн.

* * *

Малчин Д.Дашзэвэг аавынхаа тухай л юм болгонд дурсах дуртай юм байна лээ. Аав минь насаараа мал сүргээ адуулж бас дээр үед морин өртөөгөөр улсын алба залгуулж явсан юм гээд л ярина. Харин өөрөө угаас дуу цөөтэй хүн болохоор сайн лавлахгүй бол зарим үгээ, залгичихдаг гэмтэй юм. Өөрөө эрийн цээнд хүртлээ малын захад байсаар цэрэгт морджээ. 1970 онд цэргээс халагдаж нутагтаа очоод гэрлэж бараалаад сумандаа малчин өрх айлын тоог нэмсэн хүн юм билээ. Аавынхаа зааж сургаснаар ах дархан хэмээх Чулуунбатынхаа бурхан ухааныг түшиглэн хүний зэрэгтэй өсч өндийсөн гэдгээ ярьж байна лээ. Тэр дотроос тэмээн хөсгийг өдий хүртэл ашиглаж байгаа нь гол нь гэдгийг дээр хэлсэн дээ. Д.Дашзэвэг цэрэгт байсан тухайгаа ярихдаа,

-Гурван жил нэг ангид алба хаасан. Өндөр өсгөлүүн цэрэг учир парад жагсаалд оролцохдоо мянган цэргийн цээжинд л зогсдог байлаа гэж. Бас анги, дивизийнхээ хүрээнд бөхийн барилдаан болоход голдуу түрүүлдэг, үзүүрлэдэг байлаа гэсэн дурсамж хэлдэг юм. Цэргээс халагдаж нутагтаа очоод "Алтан тал" нэгдэлд адуу малласан гэдэг. Арав гаруй жил адуу харсаан гэж даруухан ярьж байна.

Сайн ч адуучин гэгдэж байв. Тэр дундаас өлгөн авах юм зөндөө л...

Эхлээд 500 адуу хүлээн авсан бол түүнийгээ 1700-1800 хүргэн өсгөсөн. Бас "Алтан унага"-ны эзэн болж байсныг түүний ярианаас мэдэв. Басхүү нэг содон юм адуучин Дашзэвэгт байсан нь жинхэнэ сайн уургач гэгдэж байж. Эр чадалтай, чацтай эр болохоор ямар ч эмгэг хангалаас бэргэхгүй. Ямар сайндаа даага, сарваа унаж үзсэнгүй шахам. Учир нь багад нь хашраасан адуу унууш муутай болдог. Харин нэлээд бүдүүнд нь сургавал гарын ая даах төдийгүй унаа сайтай морь болдог гэж байсан. Энэ ярианаас нь монгол малч ухааны үнэр мэдрэгдэх шиг болж байлаа. Бас хонхортоо сайн уургач гэгдэж байсан тухай нутаг, орных нь дунд бараг домог шиг юм олонтаа яригддаг юм билээ. Бүр хонхортоо төдий биш зэргэлдээ аймаг сумынхан ч мэддэг л байж. Нутгийнхан нь энэ хээрийг, тэр зээрдийг нэг бариад өгөөч гэж гуйна. Залуу халуун нас байна, чадал тэнхээ байна. Юунаас буцхав. Уургалж бариад л өгнө. Ер нь жаахан хэцүүхэн, эмнэг хангалуудаа Д.Дэшзэвэгээр уургалуулдаг байж. Мань хүн уургын морь энээ тэрээ ч гэхгүй нуаж яваа мориороо л уургалчихна. Өөрийн чадал тэнхээ, авьяас чадварт итгэсэн хүний л зан тийм байсан юм биз. Нэг удаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нэг өвгөн адуугаа тууж ирээд нэг ардагдуу азаргаа барьж өгөх хүн олдохгүй юм чамайг зорьж ирлээ гэж.

Уургаллаа. Уургын хуйв нь нарийн чихэлзуураар нь таарсангүйг анзаарсангүй татчихсан чинь тэр азарга нь гуйвагнаад амьсгаа нь хяхтнаад байж. Эзэн нь азаргаа чадан ядан оосорлож авчихаад Дашзэвэгийн уурганы хуйвыг үзээд байж. Ер бусын хийцтэй юм байж магадгүй гэсэн юм байлгүй. Хожим сонсохнээ тэр азарганых нь цагаан хоолой тасарсан юм уу гэсэн сураг байсан гэдэг. Эндээс үзэхэд уургын морь гэж шилдэггүй, ямар ч ардаг догшин, ороог уургалчихсан байхад нэг их олон гишгүүлдэггүй л уургачны нэг нь Дашзэвэг байж л дээ. Дашзэвэг өнөөдөр энэ тухайгаа дурсахдаа,

-Би ер нь моринд уургаа зүүгээд алдаж байгаагүй юм шүү. Миний үеийн адуучдаас "өндий" хэмээх Лхам гуай л байна даа гэж байв. "Өндий" гэдэг юу гэсэн үг вэ гэхэд тэр Лхам гуай бас над шиг өндөр нөхөр юм л даа гэсэн.

Бас маличн Д.Дашзэвэгийн нэг мэргэжил мэт гарамгай хөдөлмөр нь сур элдэх гэж болно. Ширийг зүснэ. Дараа нь шүүднэ. Шүүнээсээ гаргаж аваад эврээхдээ голдуу гар элдүүр хийнэ. Хашаа хороо, хад чулуунд савж гуядах арга бас хэрэглэнэ. Сураа бэлэн болохоор өөхөн тосоор 2-3 удаа тослоно. Тосоо гүйцэд шингээсэн сур эдэлгээ сайтай болдог гэж байна лээ. Тэр нэг сонирхолтой үг хэлсэн нь сураа жинхэнэ сайн боллоо гэдгийг нь мэдэх арга гэж байна. Тэр нь сурныхаа нэг талыг шүлсдэж байгаад нөгөө талаас нь үлээхэд ус бөнжийж байвал чийг нь бүрэн гарчээ гэж болно гэсэн нь анхаарал татсан юм.

Тэгээд сураар аргамжаа, хазаар ногт гээд бүхнийг хийнэ. Энэ нь аав, ах хоёроосоо сурсан эрдэм нь. Аавынх нь нэг нандин гэмээр захиас бас бий. Тэр нь эдлээгүй суран хэрэгслийг битгий хадгалж байгаарай муудахдаа амархан гэсэн үгийг Д.Дашзэвэг гуай мөрдлөг болгож иржээ. Хүүхдүүддээ ч үүнийг хэлж захина.

Өөрийн хүүхдүүд, ач зээ нараа өрх тусгаалаж айл болоход мал тасалж өгөхийн зэрэгцээ суран эдлэлүүд бэлэглэнэ. Энэ нь сайн малчин болоорой, монгол уламжлалыг хадгалж яваарай гэсэн үгийг дайвар болгосон хэрэг юм.

Тэднийх дөрвөн хүү, гурван охинтой. Тэд нь бүгд малчин. Энэ нь бас нэгийг хэлж байна л даа. Малчнаас малчин л төрдөг юм байна гэмээр.

Хүүхдүүд ач, зээ нар нь айл болоод одоо Дэлгэрхаан багт 10 гаруй өрх нэмсэн гэж байгаа. Малчин Д.Дашзэвэг түүний эхнэр Н.Янжмаа хоёрын үр сад тэгж л өнөр өтгөн болсоор буй юм билээ.

Хүүд нараас нь Д.Баянмөнх, Д.Жаргалсайхан гээд аавтайгаа адилхан биерхүү лагс эрчүүд болохоор морь унаж давхиад байх нь ховор. Яагаад гэхээр жаахан хол замд унасан морь хэвтчих гээд болдоггүй юм гэж тэд ярьдаг юм гэсэн. Д.Дашзэвэг гуайн тэмээд нь гэж дархан газрын буга шиг амьтад харагдах. Өөрөө ч морио унаад тэмээн хөсгөө хөтлөөд явах нэг дүр зураг нь бараг нь тэмээнээсээ өндөр харагдах. Тэгэхээр хүүхдүүд нь өөртэй адилхан том эрчүүд байдаг ч биз. 1990-ээд онд нэгдэлдээ хоньчин байсан Д.Дэшзэвэг хувьчлалаар 10 тэмээ авсанаа одоо өсгөөд 70 гаруй болгожээ. Бүдүүн бүгдийг нь тэргэнд оруулж сургасан байдаг.

Ер нь тэмээг тэргэнд сургах арга их онцлог. Ногт, уяанаас эхлээд өвөрмөц шийдэлтэй. Эхлээд шил толгойг нь мэдүүлдэг гэнэ. Энэ нь цуварч явах дадалд сургана гэсэн үг. Ачаа дагах болгоно ч гэж болно. Дараа нь тэргэндээ хөллөнө. Салаа ногт, хөллөгөө, татуурга гээд бүгд найдвартай байхыг эрхэмлэнэ. Тэр бүхнийг ингэдэг, тэгдэг юм гэсэн ам заавар биш аавынхаа, ахынхаа хийх үйлдэхийг харж байгаад л сурчихсан даа гэж өөрөө ярих юм. Өнөө үед мал сүргээ өсгөж олон болгосон тэгж малладаг, таргалуулдаг, ашиг шимийг нь ингэж ашигладаг гээд л малчин хүний тухай нэг чигийн магтаал сайшаал голлодог болсон. Тэгвэл Д.Дашзэвэг гэдэг хүний тухайд 50 гаруй жил мал маллахдаа дор хаяхад 10 гаруй мянга илүү малтай болсон гээд л хэлж болох ч гол нь тэрбиш монгол малчин хүний хувьд өв уламжлал, ёс заншлаа дээдэлсэн ямар шинж чанартай юм бэ гэдгийг нь бид голчилсон юм л даа. Эндээс нэгийг бодоход монгол зан үйл, өв уламжлал гэж ярьдаггүй биш багагүй ярьдаг. Даанч хэлсэн ярьснаа ажил хэрэг болгож хэрэгжүүлдэг нь цөөн болохоор тэр ойлголт дэндүү бүрхэгдүү байсаар ирсэн. Одоо ч тийм. Бас зарим залуус бид шинэ эрин зуунд амьдарч байгаа болохоор урьдын юм хамаа алга мэтээр үг унагах нь ч бий. Энэ чинь нөгөө түүхээ мэдэхгүй хүн сармагчинтай адил гэдгийн үнэн тэр байх л даа. Тэдэнд хандаж хэлэхэд хуучныг хуйхлагчид болохгүй л юмсан даа.

* * *

Манай эрхэм зочин-малчин Д.Дашзэвэг гуайг төрж өссөн эх нутгаа хайрладаг тэр чанараараа өгөөж хишгийг хүртэж яваа хүн гэдгийг бас тодоос тод хэлэх нь зүйтэй бизээ. Тэдний өвөлжөөний зүүхэн талд нэг бэсрэгхэн өндөрлөг бий. Нэр нь Баян-Өндөр. Тэр овоог Д.Дашзэвэг гуайнхан удмаараа шүтэн биширч яваа болохоор тэнгэр өргөж тогтсон хайрхан минь гэж залбирдаг. Тийм болоод тэднийхэн нутаг усаа даасан энэ хайрхан дээрээ гэрэлт суварга босгож тэр зүгт өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг ажээ. Энэ хайрхны баруун талд уулс хормойдож тэнгэрийг үүлтэй нь тольдсон нуурууд байх. Хөтөл, Шүүт, Баруун гээд л...

Түүний хамгийн том нь Найнгийн цагаан нуур. Эл нуур үеийн үед дундрашгүй сав дүүрэн байж мал сүргийг ундаалж эгшсэн бүхнийг дэвтээж иржээ. Дарайтал ургадаг хужир шүү нь жилийн дөрвөн улиралд малд эм болдог болохоор хавь ойроос ирэгсэд зөөдөг. Дашзэвэг гуайн хувьд тэр нуурын ойр орших Дэлгэрхаан уулын Гурван толгойн Гүдгэр гэдэг бүлээхэн нутагт төрж эндээ өсч өндийгөөд мөн энэ нуурынхаа хөвөөнд өрх гэрэ барьж айл болж байснаа түүх болгон ярьж байна лээ. Тиймээс нуурынхаа тухай "Найнгийн цагаан нуур" гэдэг уянгын сайхан дууг уранбүтээлчдэд захиалан хийлгэжээ.

Уг дууны шүлгийг Д.Эрдэнэхуяг, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр зохиосон. Дууг нь дуулж амилуулсан хүн нь дуучин Н.Балдан гэнэ лээ.

Дөрвөн цагийн өнгөндөө

Даяарын амгалан налайгаад

Дэлгэр сайхан амьдралын

Уянгын тойрог нуур минь

ээ ээ ээ

Найнгийн цагаан нуур минь гэсэн үгтэй энэ дуунд малчин Д.Дашзэвэг гэдэг хүний эх нутгаа гэх дундрашгүй сэтгэлээ шингэсэн магтуу гэж болно оо доо.

Энэ л нууртай, уултай нутгийн нэгэн зургийг харахуйд монголын их амар амгалангийн дүр төрх тодорч байнам. Их нуур нь цэлэлзэж хөвөөг нь даган адуу мал багшран байхын дээр наахнуур нь олон тэмээн тэрэгний цуваа сунайж эрхлэн тоглох зэрэглээнд нэг өндөрсөн, нэг намсан харагдах нь энэ нутгийн гоёхон чимэг гэлтэй. Тэр тэмээн хөсөгт цувааны хөтөч нь Д.Дашзэвэг. Тэр миний сайхан нутаг минь гэсэн бодлоо сэтгэлдээ тээсээр хөөглөн яваа даа Түүний нас сүүдэр 70 хол давсан ч яг л цэрэгт байсан үе шигээ гэмээр хөл, нуруу цэх шулуун. Залуугаасаа сурсан зангаараа дээлээ дорвитойхон хөөргөж өмсчихөөд мориндоо мордоод малынхаа хойноос цогчихно. Тэр нь ясны малчин хүний нийтлэгдүү төрх. Яриад суухуйд үгийнхээ төгсгөлийг харамлах аястай бүдгэрүүлчих хэрнээ учиртайхан хэлэх үг нь хэн бүхний сэтгэл рүү хатгаж цочоох мэт.

-Цаг агаар, улирлын аяс ямар байна гэсэн асуултад

-Хорь хоногийн зунтайл болж уу дээ. Зарим жилийн ургац торгоны хээ шиг оочин цоочин байх юм гэж хэлнэ лээ. Хавар, намартаа хавчигдангуй алагхан зуны тухай аргагүй оносон үг тэр байв. Мөн нэг зүйлийг жаахан зовонгуйгаар шаардуулан ярьсан нь

-Уржнан намар юм даа. Зүүн хярд байгаа айлд хужир шүү хүргэж өгөх гэж явтал нэг тэрэгний дугуй тээг чих нь барагдаад мултраад унадаг юм. Хүндхэн ачаатай болоод тэгсэн үү мэдэхгүй. Ганцаараа явсан учир ачааг жаахан хөнгөлж байгаад тэрэгнийхээ арлыг ташаан дээрээ гаргаж ирж байгаад дугуйг хийчихэж байлаа. Ингээд ярихаар зарим нь энэ хөгшин өвгөн худлаа онгирч байна гэх вий дээ. Хүнд чинь бие хааны чадал гэж байхаас гадна сэтгэлийн тэнхээ гэж заавал байдаг юм шүү дээ. Уг нь тийм юм болсон. Залуу байхад ямар ч юм тохиолдсон зовж зүдрэхийг мэддэггүй байж дээ гэв. Энэ хүний ухаалаг яриа, уулын чинээ нөмөрт нь хоргодонгуйхан бид тэднийхээс мордсонсон. Сайхан монгол эр буюу энэ өвгөний дотоод сэтгэл дундуур цухасхан туучихад ийм л...

Түүний чин бодол санаа, зорилго бүхний нэгээхэн хэсгийг нь л энд дурдлаа. Ер нь малчин Д.Дашзэвэгийн ертөнц гэдэг дэндүү том юм даа. Ухаалаг хүний бодлын хэлхээ, хийж бүтээснийг бүрэн төгс тэмдэглэх аргагүй мэтээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.42] 2022-01-09 14:01:42

Ийм малчин ховордсон доо. Ердийн хөсөг, суран эдлэл гээд

Тэгшээ [66.181.179.107] 2022-01-08 12:21:14

Туслах малчинаа зодоод алсан гэдэг, олон жилийн өмнө. Хахуульдаад гарсан. Олон маландаа нийлсэн малыг хэзээ ч хэлдэггүй. Шуурганд уруудсан малыг имнэж тамгална. Ийм хүнийг шагналд тодорхойлох утгагүй. Малчын хувьд малч, зоос татна мэднэ. Өөрөөр ч ид шидгүй хулгайч ш дээ

Zochin [202.126.88.146] 2022-01-09 01:45:46

ymar aimaar psda ve. myngatuud tsuun chanartai ailiig ingej deerelhej baidag gesen. Survaljlaga hiisen nuhur ni sain medeegyi yum uu daa

Зочин [66.181.160.99] 2022-01-08 09:53:50

Монгол өв уламжлалаа хамгаалан яваа энэ малчиндаа баяр хүргэе.Залуу малчиддаа үлгэрлэж урт удаан наслаарай,мал сүрэг чинь түм бумаар өсөх болтугай.

Дээдэс,доодос [202.126.89.5] 2022-01-08 06:01:03

Төр нь шагналаа хавтгайруулаад утга учрыг нь алдагдуулж, хүн болгон сэтэр зүүхийн донтой болсныг далимдуулаад элдэв хувь хүн, байгууллага хүртэл өөрийн цол хэргэм гуншин олгодог болжээ. Ерөөсөө төр тэнэгтэж гавъяа шагнал өргөмжлөлөө больчихвол ТББ ч ингэхээ больчихно. Дээдчүүл нь суудлаа олохгүй бол доодчуул нь гүйдлээ олохгүй гэгч л болж байна даа, манай нийгэмлэг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.