Ш.Амарбаясгалан: Аавтайгаа хамт цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байлаа
Мөрдөн байцаах албаны ажил дүгнэх шалгуур үзүүлэлтээр орон нутгийн мөрдөгч нараас нэгдүгээр байр, улсын хэмжээний мөрдөгч нараас гуравдугаар байрт шалгарч, “Мөрдөн байцаах албаны 2021 оны Хөдөлмөрийн аварга” болсон Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Амарбаясгалантай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Өөрийгөө уншигчдад танилцуулаач, цагдаагийн байгууллагатай ажил, амьдралаа холбосон тэрхүү дурсамжаас ярилцлагаа эхэлье?
-Та бүхний амрыг эрье. Намайг Шинэбаярын Амарбаясгалан гэдэг. Би Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг, цагдаагийн ахлах дэслэгч цолтой. 1995 онд төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт 2018 онд анх томилогдож ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж байсан. Цагдаагийн байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна.
-Төрийн тусгай чиг үүрэгтэй олон байгууллага бий. Яагаад заавал цагдаагийн албыг сонгох болсон бэ, юу нөлөөлөв?
-Миний аавыг Лувсандорж овогтой Шинэбаяр гэдэг. Цагдаагийн байгууллагад 32 жил тасралтгүй ажилласан ба үүнээс Мөрдөн байцаах албанд 11 жил ажилласан цагдаагийн дэд хурандаа цолтой, ахмад ажилтан бий.
Бага нас маань цагдаагийн алба хаагчийн гэр бүлд өнгөрсөн учраас тоглохдоо хүртэл цагдаа малгай өмсөөд гар станц, гав бороохой зэргийг зүүгээд тоглодог байлаа. Хүүхэд насны гэнэн цайлган, томоогүй тэр үеэсээ л цагдаа болно гэж мөрөөдөж байсан. Одоо харин мөрөөдөл маань одоо биелээд бүр цагдаагийн офицер цолтой алба хаагч болсон байна.
-Цагдаагийн байгууллагын алба хаагч нар чинь бас дотроо гүйцэтгэх чиг үүргээрээ өөр өөр шүү дээ. Тухайлбал, замын зохицуулагч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, судалгаа шинжилгээ, төлөвлөлт гэх мэт. Мөрдөгч болсон шалтгаан бий юу, мөрдөгчийн онцлог?
-Маш сайхан асуулт байна. Цаг наргүй ажилладаг ч нийгмийн сайн сайхны төлөө хар цагааны дэнсэн дээр ажилладаг цагдаагийн байгууллагад ажиллаж, тэр дундаа аавынхаа хийж байсан мөрдөн байцаагчийн ажлыг ойлгож мэдрэх хамгийн сайхан байна.
Мөрдөгч /мөрдөн байцаагч/ хүнээс хамгийн түрүүнд төрөл бүрийн мэдлэг боловсрол шаарддаг. Мөрдөгч гэх алдах эрхгүй, зүгээр суух ёсгүй, үргэлж тархиа ажиллуулж байх мэрийлт, үнэнч байдал, дээд зэргийн боловсрол, өндөр ёс зүй шаардсан энэхүү мэргэжлийг сонгоод олон сайхан ажлын туршлага чадвартай мөрдөгч ах, эгч нар болон үе тэнгийн залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж байхдаа хамгийн түрүүнд албаараа, ааваараа бахархдаг.
-Өөрөө цагдаа эсвэл бусад хүчний байгууллагад ажиллаж байсан эцэг, эх хүүхдээ тухайн мэргэжлийг нь өвлөж, үргэлжлүүлэхэд нэг бол маш их баярлаж, нэг бол их дурамжхан байдаг. Таныг мөрдөгч болоход аавд тань ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Аав минь намайг цагдаагийн албыг тэр дундаа мөрдөгчөөр ажиллах болсонд их баярласан. Би аавтайгаа хамт цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Хүн болгонд тохиолдоод байдаггүй аз завшаан гэж боддог. Намайг мөрдөгч болоход мөрдөгч хүн аливаа ажлыг хойш тавилгүй цагийн юмыг цагт нь нягт нямбай хуулийн хүрээнд хийж байгаарай. Мөрдөгч хүн ямар нэгэн хэргийг шуурхай халуун мөрөөр нь цаг алдалгүй ажиллах нь гэмт хэргийг илрүүлэхэд чухал юм шүү. Чамд алдах эрх байхгүй. Ингэж ажиллахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг цаг ямагт онцгой анхаарч ажиллах ёстой гэж хэлж байсан. Нэр төртэй, цогтой жавхаатай энэ сайхан албанд өөрийнх нь үйл хэргийг залгамжлаад ажиллаж байхыг хараад шууд хэлэхгүй ч гэсэн сэтгэл дотроо хүүгээрээ ихэд бахархдаг болов уу.
-Цагдаагийн албыг цаг наргүй, хүнд хэцүү гэдэг. Ажиллах хугацаандаа шантрах, өөр мэргэжил сонгодог байж гэж эргэлзсэн үе байсан уу?
-Хүүхэд байхаасаа бараг ухаан орсон үеэсээ л цагдаа болно гэж хүсэж, мөрөөдөж энэ мэргэжлийг сонгосон болохоор надад өөр мэргэжил сонгодог байж гэж эргэлзэж байсан үе байдаггүй. Цагдаагийн байгууллагад энэ нь гайгүй дээ гэсэн албан тушаал гэж огт байхгүй. Бүгд л ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй.
Мөрдөгч хүний хувьд нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай халуун мөрөөр нь илрүүлэх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулан хэргийг шүүхэд шилжүүлэх нөгөө талаар гэмт хэргийн улмаас иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх улмаар гэм буруутай этгээдэд шүүхээс тохирсон хариуцлага хүлээлгэхэд мөрдөгч хүний хийж гүйцэтгэсэн ажил маш чухал юм.
-Юунаас хамгийн их урам, зориг авдаг вэ?
-Цагдаагийн алба хаагчдад олон хоног нойр дутуу, ачаалал ихтэй ээдрээ, төвөгтэй хэрэг дээр ажиллах үе цөөнгүй байдаг. Энэ үед хамгийн түрүүнд гэртээ хүлээж байгаа эхнэр, охин хоёроо бодохын зэрэгцээ аавынхаа залгамж холбоо, мөрдөгч хүн шүү дээ гээд энэ мэргэжлийг сонгосноо ухамсарлан тангарагтаа үнэнчээр өөрийгөө дайчилж ажилладаг. Мөн иргэдээсээ “баярлалаа” гэдэг үгийг сонсох бүрийд ажлаа улам илүү нямбай хийж, урам зоригтой урагшлан алхдаг.
2019 онд мөрдөгч болоод нэг жил болж байхад манай аймагт үйлдвэрлэлийн ослын улмаас удахгүй тэтгэвэрт гарах гэж байсан нэг иргэн нас барсан хэрэг гарч байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ар гэрийн зүгээс “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авч чадахгүй байгаа бөгөөд тус компани тэтгэмж өгөхгүй байна” гэх гомдлыг гаргасан. Ингээд мөрдөгчийн зүгээс хийгдвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу түргэн шуурхай хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг шүүхээр шийдэгдэж хохирогч иргэн маань хуульд заасан тэтгэмжээ бүрэн авсан. Хохирогч “Үр хүүхэд маань сургуультай боллоо, мөн биднийг байр орон сууцаар хангалаа цагдаагийн байгууллага үнэхээр шударга ард иргэдийнхээ төлөө ажилладаг юм байна” гэсэн урмын үгийг сонсож байсан. Хохирогчийн энэ үг зүрхэнд хүрсэн. Үнэхээр сайхан санагдаж, ажиллах урам зоригийг маань улам нэмж байлаа.
-Та “Мөрдөн байцаах албаны 2021 оны Хөдөлмөрийн аварга” болсон. Өнгөрсөн он хэр үр бүтээлтэй жил байв?
-Миний бие 2021 онд иргэн аж ахуй нэгж байгууллагаас 85 гомдол мэдээлэл хүлээн авч мөрдөн байцаалтын 138 хэргийг шүүхэд шилжүүлэн Мөрдөн байцаах албаны ажил дүгнэх шалгуур үзүүлэлтээр орон нутгийн мөрдөгч нараас нэгдүгээр байр, улсын хэмжээний мөрдөгч нараас гуравдугаар байрт шалгарч, “Мөрдөн байцаах албаны 2021 оны Хөдөлмөрийн аварга” болсондоо маш их баяртай байна.
Цагдаагийн байгууллагын зүрх, тархи болсон Мөрдөн байцаах албаныхаа шилдэг мөрдөгч, хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар шалгарсан амжилттай байлаа. Шагналаа аваад аав, ээж дээрээ очиж үнсүүлэхэд аав маань “Өшөө сайн ажиллана шүү миний хүү” гэж хэлээд дотроо их баярлаж байгаа нь анзаарагдсан. Харин ээж маань миний өмнөөс баярлаад сэтгэл хөдлөлөө гаднаа илэрхийлж байсан. Эцэг, эхийнхээ нэрийг сайн зүйл дээр гаргаад ачийг нь бага ч болов хариулж байгаа байхдаа гэж дотроо бодон сууна.
“Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг
Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг жамтай
Зорьсон бүхнийхээ төлөө
Зоригтой, зогсолтгүй урагшлахыг хүсье!”
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Зочин [150.129.140.81] 2022-02-14 12:44:18
Залуу хүн хэрнээ яөсан мундаг юм бэ. Их ирээдүйтэй залуу байна шүү.
Зочин [103.57.94.84] 2022-02-13 09:36:18
Ямар сайхан юм бэ? Аавынхаа мэргэжлийг нэр төртэйгөөр өвлөж амжилт бүтээлээр дүүрэн өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай
Зочин [103.57.94.84] 2022-02-13 09:34:18
Баяр хүргэе. Ажил амьдрал цаашдын мөрөнд нь хамгаас том амжилт хүсэж улам их тууштай ажиллаарай.
Зочин [202.9.46.21] 2022-02-13 05:33:09
Цус ойртсон захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг монголын цагдаа
зочин [192.82.80.50] 2022-02-12 13:26:04
Олон хэрэг илрүүлж тогтоож ажиллахад ур чадвар эрдэм мэдлэг хэрэгтэй байдаг байх. Мундаг байна
Зочин [192.82.80.50] 2022-02-12 09:40:41
Ороо бусгаа энэ цаг үед шударга ёсыг тогтоохын төлөө ажилд нь амжилт хүсье.
zochin [192.82.80.50] 2022-02-12 09:38:12
Gemt hereg buriin ard hohirogch baigaa shuu ulam sain ajlaarai.Amjilt husie.
Зочин [103.57.92.232] 2022-02-12 08:44:31
Ажилд нь өндөр амжилт хүсье.
Зочин [202.179.24.170] 2022-02-12 08:08:01
баяр хүргьё. хууль сайн мөрдөж мөрдүүлж байвал улс хөгжинө. Их хурлыхны гаргаж байгаа сонин сонин хуулиудад шүүмжлэлтэй хандах ёстой шүү. улам их амжилт хүсьё
Зочин [103.26.194.141] 2022-02-12 07:39:31
Tsagdaa ch geh sulhan surlagatai, sain surlagatand horsoj ussun nuhduudiin tsugladag gazar bolson dooo
ЗОЧИН [59.153.86.75] 2022-02-12 06:39:00
нийгэм хямарч хүмүүс ажилгүй орлого үгүй архидалт хавтгайрсаннөхцөл байдал энэ үед цагдаа хууль хүчний байгууллага зайлшгүй өргөжин тэлж байгаа юм түүнээс биш нийгэм амар амгалан хүмүүс ажил орлоготой сайн сайхан болсон үед хэрэгцээ нь байхгүй болж цөөн хүний бүрэлдхүүнтэй болох ажил мэргэжил.цагдаад шудрага сайн ажилын төлөө зүтгэж байгаа хүн ч байгаа цагдаагийн эрх мэдлээр бусармаг үйлдэл хийж байгаа адгийн шаар хүн ч байгаа
Өлзий [202.9.40.104] 2022-02-12 06:25:51
Ажлийн амжилт
Зочин [59.153.112.160] 2022-02-12 05:56:57
Mundag bn
зочин [192.82.80.50] 2022-02-12 05:52:21
Мундаг байнаа баяр хүргье
зочин [192.82.80.50] 2022-02-12 05:51:43
Ёстой ажлын төлөө төрсөн шударга мөрдөгч байна лээ. Тангарагтаа үнэнч улам сайн ажлаарай.Амжилт