Г.Болор: Хоёр зуун жил амьдрах ч биш, хоёр нарыг үзэх ч биш...
“Хувилбартай асуулт” булангийнхаа энэ оны анхны зочноор ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.БОЛОРЫГ урьж ярилцлаа.
Та ямар улиралд төрсөн бэ?
-Өвлийн улиралд, тэр тусмаа бүх зүйлийг шинээр эхлэх, шинээр төлөвлөх мэдрэмжийг төрүүлдэг нэгдүгээр сард төрсөн.
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал ...
-Цэргийн сургуулийн карантинд орсон анхны өдрийн хөгтэй явдал санаанаас ер гардаггүй юм. Өдөржин жагсааж, бүртгэж, хувцас хуваарилж бужигналаа. Харин дараа нь одоо оройн зугаалгатай гэдэг юм байна. Би ч ашгүй бас зугаалга байдаг юм байж ээ гэж дотроо бодон нэлээд баярлалаа. Тэгээд эргэн тойрноо ажиглаж зугаалчих газар хайтал штаб гэсэн байрны урд модтой хэсэг харагдаж байна аа. За тэнд л суух нь дээ гэсэн юм бодож байтал өдөр нь заасан дуугаа дуулуулж баахан алхуулж байснаа одоо унтлагын цаг гэхээр нь зугаалах юу болсон бэ гэтэл түрүүн дуулж алхаад байсан чинь оройн зугаалга шүү дээ гэдэг байгаа.
Таны хүндэлдэг хүн ...
-Миний амьдралд тааралдаж намайг энд хүртэл ямар нэг хэмжээгээр хайрлан хүндэлж, туслан дэмжиж, сургаж байдаг бүх хүмүүсээ хүндэлдэг.
Таны бахархал ...
-Дөрвөн хүүхдээ эрүү саруул өсгөж, эрдэм боловсролтой бие хүн болгон хүмүүжүүлсэн миний ээж бол миний бахархал.
Таны шүтлэг...
-Аль нэгэн бурхан шашныг тухайлан шүтээд байдаггүй. Гэхдээ аавыгаа тэнд байгаа хэмээн бодож алтан нарандаа хүслээ шивнэх дуртай.
Эх орон гэж юу вэ?
-Маш их хайрын бөөгнөрөл мэдрүүлдэг тэр газар, эзэн нь би шүү дээ гэсэн мэдрэмж өгдөг орон зай, салхи, уул ус, хүн ард, хэл соёл.
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
-Ямар нэгэн өнгө будаггүй, болор тунгалаг.
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
-Бурхан хийгээд чөтгөр нь сайн, муу үйлийг илэрхийлсэн хүний хийсвэр сэтгэхүйгээс гарсан төсөөлөл гэж боддог. Тиймээс муу үйлийг бага, сайн үйлийг өөрийн чадахын хэрээр хийгээрэй гэж захимаар байна.
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг. Бүх юм амьтай сүнстэй. Үг хүртэл амьтай. Хэлэх үг сайхан байвал биелэх үйл ч амжилттай байдаг гэдэгт итгэдэг.
Дуртай хоол ...
-Ер нь очсон газар бүртээ тухайн үндэстний хоолыг амталж, бас өөрөө хийж туршиж үзэх дуртай. Гэхдээ л ээжийн минь хийсэн хуушуурыг гүйцэх хоол миний хувьд хаана ч үгүй ээ.
Дуртай дуу...
-Цэргийн жагсаалын дуунууддаа дуртай.
Дуртай спорт...
-Уран гулгалт үзэх дуртай. Яг одоо өвлийн олимп болоод дуртай төрлөө үзэж, нэг тийм уран тансаг мэдрэмжийг мэдрээд сайхан байна аа. Харин би алхах дуртай.
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл юу вэ?
-Хүний цаг хугацааг хайрлахгүй байхыг. Хүн бүхэнд 24 цаг тэгш оногддог, түүнээсээ бусдад зориулан зарцуулна гэдэг том бэлэг бөгөөд сэтгэл гэж би ойлгодог. Үүнийг хүндэтгэлгүйгээр үрдэг тэгээд уучлалт гуйдаггүй хүмүүст үнэхээр дургүй.
Хэлэх дуртай үг...
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ үг үнэхээр үнэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.
Хобби ...
-Найзуудтайгаа уулзах, дэлгүүр хэсэх, хүмүүсийн амьдралын дурсамж, туршлагын тухай видео үзэх, ном унших дуртай.
Баримталдаг зарчим ...
-Хэнтэй ч бай эргэж уулзах нүүртэй амьдрахыг гол зарчмаа болгодог.
Хүсэл мөрөөдөл...
-Хүн бүхний их ч бай, бага ч бай сэтгэлээсээ хийж байгаа бүхэн нь биелээсэй, бүтээсэй гэж боддог.
Та хэр өр нимгэн бэ?
-Өөрийгөө би өр зөөлөн гэж боддог. Хүнд хатуурхаж тэр бүр чаддаггүй.
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ?
-Дөнгөж сая охиныхоо “Сайхан амраарай ээж ээ” гэсэн үгийн хариуд хэлсэн.
Бухимдсан үедээ ...
-Сайхан кофе ууж, дотнын хүмүүстэйгээ ярилццаг.
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
-Аль аль нь тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй гэж боддог. Тэгж байж бие биеэ тодотгоно. Шөнө байгаа учраас өглөөний сайхныг мэдэрдэг шиг.
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе ...
-Хоёр зуун жил амьдрах ч биш, хоёр нарыг ч үзэх биш. Хорвоод ирсэн энэхэн зурвас амьдралдаа бие биеэ хайрлаж, хүндэлж, аз жаргалыг аль болох илүү мэдэрч амьдарцгаая.
Цаг гаргаж өөрийнхөө хувилбараар хариулт өгсөн танд баярлалаа.
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл
Уншигч [122.201.24.45] 2022-02-16 23:46:56
Ухаарал хайралсан ярилцлага уншлаа. Сайн сайхныг хүсэн ерөөе.
Boeko [202.126.89.178] 2022-02-16 23:45:38
Яасан сайхан бодол тээж сэтгэн явдаг бүсгүй вэ! Амжилт
П.Баттогтох [66.181.185.179] 2022-02-16 04:47:05
Хариуцлагатай албанд нь амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе
Зочин [202.55.188.39] 2022-02-16 04:32:21
Мундаг бүсгүй б.а Баярлалаа..
Oogii [202.9.46.127] 2022-02-16 02:28:53
Sain yavaxad sadan olon.
Toli [83.215.197.107] 2022-02-15 22:15:59
Saihan ugte, saihan setgeltei, uhaantan hun baina!
Зочин [103.140.11.190] 2022-02-15 16:34:54
Миний багш ийм л мундаг хүндээ таниараа үргэлж бахархаж явлаг шүү.
Зочин [202.9.46.100] 2022-02-15 15:25:49
Гоё ярилцлага байна❤️
Зочин [103.26.195.129] 2022-02-15 14:25:16
Сайхаан
unshigch [139.5.219.202] 2022-02-15 13:14:14
Маш сайхан гэгээлэг сэтгэл сэргээсэн ярилцлага байна.
Г.Сайнбилэг [202.126.90.78] 2022-02-15 12:43:56
Сайхан ярилцлага өгчээ..Ухаантай гэгээлэг бүсгүй юмаа..Амжилт хүсье..
Монгол хүн [202.9.46.41] 2022-02-15 10:10:14
ЭНЭ САЙХАН ЭЭЖ БОЛ: Амьдралыг өөрийнхөөрөө хардаг, бодол сэтгэл нь чөлөөтэй, элдэв мөлжлөгийн халхавч болсон мухар сүсэгт автагдаагүй, бусдыг хүндлэж байж өөрийгөө хүндлүүлнэ гэдэг зарчимтай, ер нь ИХ ГЭГЭЭЛЭГ САЙХАН БҮСГҮЙ ЮМ АА. Дүү бүсгүй Г. БОЛОРЫН хань ижил, алаг үрс, ААВ, ЭЭЖИД НЬ ЭНХ МЭНДИЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ ӨӨ!
. [192.82.89.97] 2022-02-15 09:20:06
Ok
Иргэн [202.131.235.242] 2022-02-15 08:31:04
Ийм гэгээлэг, эерэг ярилцлагууд хийж байвал сайн байна. Сайхан эмэгтэй, баярлалаа.