“УЛС ТӨРЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ!” Иргэдийг улс төрөөс холдуулах хэнд ашигтай вэ?

Aдмин / Улстөр

Хамт олон, найз нөхдөөрөө ширээ тойрон хөөрөлдөхөд уур амьсгал эвддэг шалгарсан шилдэг арга бол улс төрийн сэдэв эхлүүлэх юм.

Улс төрийн үзэл бодлоо ажлын газрынхандаа эсвэл гэр бүлийн хүрээнд илэрхийлэх нь бусдын таагүй хандлагыг өдөөх эрсдэлтэй. Түүгээр ч үл барам хов жив, шүүмжлэл, хэрүүлийн алим босгох, аль нэг улс төрчийн нэрийг дурсахаас зайлсхийдэг ахуйн соёл Монголчуудад тогтжээ. Нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг хамтдаа анхааран нэг нь нөгөөгийнхөө санаа бодлыг сонсож хэлэлцэх ардчилсан нийгмийн суурь зарчим даанч төлөвшсөнгүй. Үргэлж улс төржсөн эсвэл улс төртэй ямар нэгэн байдлаар холбоотой яриа өдөөдөг найз нөхдөөсөө зай барих нь залуусын дунд ил цагаан зүйл.

Үнэхээр бид таагүй харилцаатай танилаасаа эсвэл хэрүүл зодоонтой хөрш айлаасаа дөлдөг шиг засаглалын шударга бус хуваарилалт, ахуй амьдралаа удирдах үйл явц дахь бидний оролцоо илүүц гэж үү? Нэг талаас анхааралтай ажиглавал иймэрхүү ойлголтоор улс төрөөс ангид орших хандлага газар авч сөрөг үр дагаврууд нь илэрч байна.

“Битгий улс төржүүлээд бай!” Улс төржилт ажил хийлгэхгүй байна

Аливаа асуудлыг улс төржүүлэхийн эсрэг байнга сурталчилдаг хүмүүс бол баг, хорооны түвшнээс төрийн ордонд хүртэл шатлан суусан эрх баригчид юм. Биднийг улс орноо өөд нь тат, ард түмний амьдралыг сайжруул, авлига, хээл хахууль, завхралтай тэмц гэж сонгосон болохоос намын харъяаллаар нь сонгоогүй шүү! гэж эрх баригчид ам нээх бүртээ сануулдаг. Аливаа ажил явуулахад улс төрийн зааг хүрээ гаргаж талцах хэрэггүй гэж ам хаадаг. Яг л “биднийг үг дуугүй дага өөр сонголт та нарт үгүй” гэхтэй адил.

Ийм байр суурь тэдний өөрсдийн үйл ажиллагаа, шийдвэрээ хамгийн амжилттай хаацайлах арга болсон.

Төр, эдийн засгийн удирдлагын асуудлыг улс төржүүлэхгүй, өрөөр хэлбэл нийтийн анхаарлаас хол байлгахыг улс төрчид өөрсдөө уриалах нь утгагүй бөгөөд авцалдаагүй. Гэвч ийм уриалга нь нийтээр өрөвдүүлж чаддаг. Улс төржихийг хүсэхгүй байх хандлага нийгмийн бүх давхаргад халдварлаж, жирийн малчин, тогтмол ажлын байртай багш, эмч, эрдэмтэд, мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг хамарчээ. “Надад улс төр сонин биш”, “улс төр бол бохир зүйл”, “цүнх баригчдын ажил”, “бүх зүйл надаас хамааралгүй шийдэгдсэн”, “дэмий чалчих бус хөдөлмөрлөх хэрэгтэй” гэх мэтээр бид өдөр бүр хаана ч сонсох боломжтой.

“Тоглоомын паркаа аваръя”, “багш, эмч нарын цалинг нэм!”, “тэтгэвэр нэмэгдүүл!” зэрэг шаардлага тавьсан олон нийтийн хөдөлгөөн, жагсаал цуглаанууд хүртэл улс төрд үл итгэх, эргэлзэх шинжтэй болж хувирчээ. “Улс төржүүлэхээ боль!”, “органик жагсаал”, “залуусын санаачлага” гэх шалтгаар хүмүүсийг нас хүйсээр ялгаварлан хөөж туух, доромжлон гутаах нь энгийн үзэгдэл. Энэ үзэгдлүүдийг сайн ажиглавал эрх баригчдаас шаардсан зүйлдээ нааштай хариу сонсохдоо сөрөг хүчинтэй холбоо хамааралгүй харагдах, өөрөөр хэлбэл төр засагт тал засах, аргадах тактиктай мэт. Цаашилбал эрх баригчдын өөрсдийн захиалгатай мэт сэтгэгдэл ч төрнө. Угтаа эрх баригчид тэмцэгчдийн шаардлагад анхаарал хандуулах учиртай сан.

Хавар бүр л өрнөдөг жагсаалын сүүлийн нэг жишээ бол “Ажлаа хий!” лоозонтой “залуусын” жагсаал. Нийгмийн шударга бус байдал, эрх баригчдын албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан луйвар, төсвийн хөрөнгө, мөнгө тонон дээрэмдсэн гэмт хэргийг таслан зогсоох тухай шаардлага тэнд бараг үзэгдсэнгүй. Технологийн дагуу жагсаалыг залж чиглүүлж, нийтийн сүлжээгээр шуугицгааж нийгмийн анхаарлыг сарниулсан. Үүрэгт ажлаа “хий” гэж жагсах нь хичнээн утгагүйг бүрэн илтгэв. Үр дүнд хүрсэн үгүй нь өнөөдөр ч тодорхойгүй хэвээр, эргэж хариу нэхэх эзэн биегүй, хадан дунд хашхирах галзуу хүмүүсийн хоосон цуурай мэт.

Жагсаалд оролцсон нэгэн хуулийн сургуулийн оюутан “...зарим залуусаас анзаарахад төрийн эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн талаар, ер нь Засгийн газар, УИХ ямар үүрэгтэй, түүнээс юу нэхэх боломжтойг ойлгоогүй байдал ажиглагдсан л даа” хэмээн ярьснаас маш тодорхой дүр зураг ажиглагдана.

Улс төрийн тодорхой шаардлага тавиагүй, зорилгогүй, зохион байгуулалтгүй акц практикт ч, онолын хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч амжилт олох боломжгүй. Үүнийг ойлгоход Үндсэн хуулиар тунхагласан иргэний улс төрийн эрх, Улс төрийн намын тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиудын хэдхэн заалтыг уншихад л хангалттай.

Залуус төр засгаас шийдвэр шаарддаг атлаа улс төрийн боловсролгүй, улс төрийг үзэн ядаж, зайлсхийх үзэгдэл яагаад ингэтлээ газар авав гэдэг асуултад дахиад л “сөрөг хүчин дотроо учраа олохгүй, олхиогүй” гэх тайлбар давтан хэлдэг нь эрх баригчдын арга. Тал үнэний ортой ч, нөгөө тал үнэн нь эрх баригчдын технологиор залуусыг асуудлын мөн чанараас холдуулж мэдлэг мэдээлэлгүй байлгах арга амжилттай хэрэгжиж байна. Иргэдэд улс төрчдийн илбэ мэт трюкууд ойлгомжгүй тул түүнээс эмээх, зай барих, итгэл алдрах, идэвхгүй байх нь эрх баригчдын цаг хожих арчаагүй хэрэгсэл. Ковидын дэглэмийн үеийн сонгуулийн ирц, сонгогчдын идэвх, гарсан үр дүн үүнийг илтгэнэ.

Ковидын цар тахлын хорио цээр, дэглэмээс үүдэн иргэд өмнө хэвшиж дадсан амьдралаа тэр хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүйг дор бүрнээ ухамсарлан хязгаарлагдсан үед эрх баригчид улс төрийн сонгууль гурвантаа хийж амжсан. Улс төрийн идэвх, иргэний нийгмийн дуу хоолойг зориудаар хазаарласан механик ялалтаа мөн л “улс төржүүлж болохгүй нөхцөл байдал”, “тогтвортой байж цар тахлыг даван туулна” гэсэн суртлаар хаасан.

Монгол улс “сонирхолтой” гэж хэлэхүйц онцлогтой улс. Цөөн хүн амтай, хэт төвлөрсөн доголдолтой, мерит бус улс төрийн багаас бүрддэг удирдлагын тогтолцоотой. Үүний жишээ нь бүх шийдвэр дээд төвшинд гардаг популист шинжтэй тул тогтвортой бус цаг үед илүү таатай, бүрэн хэрэгждэг.

Харин цар тахлын өмнөх үе буюу дотооддоо халдвар алдахаас өмнө хорио цээрийн үед ч төрийн удирдлагын тогтолцооны гажиг ажиглагдаж, эдийн засгийн хямралыг шийдвэрлэх ямар ч чадваргүй, халамж, тэтгэмж шууд тараахаас өөр зохицуулалт хийж чадсангүй.

Амаржсан ээжийг өвлийн хүйтэнд тавчиктай алхуулдаг эрүүл мэндийн үйлчилгээ, ковидын хуулиар далдалсан сонгуулиуд, төрийн албаны томилгоонууд, өндөр үнэтэй эмчилгээний зардлууд, үндэслэлгүй тусгаарлалтууд, хяналтгүй төсвийн зарцуулалтууд бүгд улс төржүүлж хэрхэвч болохгүй асуудал. Үр дүнд нь ард түмэн ажилгүйдэн, амьжиргааны эх үүсвэргүйдэж, эдийн засгийн “цус”-ны эргэлт зогссон.

Цар тахлын амьдрал ахуйн шинэ хэв маяг бүрэлдэж эхэлсэн үед улс орны цаашдын хөгжилд тустай эрс шинэ алхмууд хийх боломж эрх баригчдад байсан гэж үздэг. Жишээ нь эрүүл мэндийн салбарт он удаан жилээр хуримтлагдсан асуудлуудыг хурдтай шийдэх, үйлчилгээний салбарын соёл, эрүүл ахуйн нөхцөл байдлыг шинэ төвшинд гаргах бүрэн бололцоог зөнд нь орхин, одоо ч сургамж аваагүйг нийтээрээ харж бухимдсаар байна.

Ковид иргэдийг улс төрөөс холдуулах, улс төрийн шийдвэрт маргахгүй байх том хүчин зүйл болсон ч эсрэгээрээ бухимдал хуримтлуулсан нь тод анзаарагдана. Парламент онцгой байдалд зохицуулалт хийх хуулиуд баталсан, Засгийн газар том үнийн дүнтэй шийдвэрүүд гаргасан, Үндсэн хуулийн цэц, шүүх тогтолцоо өмнө нь байгаагүй улс төрийн асуудлуудыг дэнсэлж шийдвэрлэсэн гэх мэт чухал үйл явдлууд яг ковидтой давхцсан. Товчхондоо хамгийн их улс төржиж, хамгийн их улс төр хийсэн нь эрх баригчид өөрсдөө юм. Энэ тухай УИХ-ын ганц л гишүүн “Төр, ард түмний итгэлцэл байхгүй болоод байна. Энэ итгэлцлийг яаж сэргээх вэ? Ковидын нэг удаагийн хуулийг энэ он дуустал сунгахыг дэмжихгүй. Ковидоос дутахгүй гаарч буй нэг аюул нь төр хүний эрхийг зөрчдөг дарангуйлагч болсон асуудал. Хүний эрхийн зөрчилд төр дадаж байна, иргэд нь ч дасч байна. Хуулийн ач холбогдлыг үгүйсгээгүй шүү. Ард түмнийхээ хяналтаас гараад байна. Ковидын хуулиар далимдуулаад одоо зарим салбарууд дээр дураараа бизнес хийж байна. Ковид зарим байдлаар авлига, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж ирж байна” хэмээн харуусан ярилцлага өгсөн удаатай. Дашрамд дурдахад энэ хууль 2022 он дуустал мөрдөгдөнө.

Ковид иргэдийн эрүүл мэндэд аюул учруулаад зогсохгүй авлига, үрэлгэн төс­вийн хяналтгүй зарцуулалт, албан тушаа­лаа урвуулан ашиглах далим, татвар тө­лөх чадамжгүй аж ахуйн нэгжүүдийн ажил­гүйдэл, иргэдийн итгэл алдралд хүргэжээ.

Ард иргэдээ улс төржихгүй байхыг хүссэн эрх баригч нам улс орны бүх эрх мэдлийг гартаа авсан. Монополчилсон эрх баригч нам гагцхүү өөрөө өөртэйгөө л ярьдаг ба XX зууны коммунист намуудын адил ийм нам гагцхүү тоталитар буюу эзэрхүү засагт л орших боломжтой. Харин эзэрхүү засаг улс төржилтөөс үргэлж зайлсхийдэг билээ.

Улс төр хийх буюу улс төржих гэдэг нь системтэй үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлт, маргаан, мэтгэлцээн, хэлцэл, зөвшилцөл, ойлголцол, харилцан буулт хийж хамтран ажиллах соёл, шийдвэр гаргах дараалал гэдгийг нийгмийн ухамсраас арчин хаяв.

Залуусын дунд улс төржихгүй, нам бус байх зөв гэх ойлголтыг тренд болгож чадсан ч бодит байдал дээр улс төр бүх зүйлд нөлөөлж, бүх салбарт төр засаг хутгалдсаар. Мэдээж зарим улс төрчдийн амнаас гарах “дэмийрэл”-ийг маазруулан өнгөрөөж болох ч энэ “дэмийрэл” эрт орой хэзээ нэгэн цагт ард иргэдийн эрх ашгийг хөндөнө. Өөрөөр хэлбэл улс төрийг цирк мэт үзвэл тайзнаас сургуультай араатан үзэгчдийн суудал руу ноцохтой адил юм.

Иргэд улс төрийн идэвхгүй, улс төржүүлэхгүй байх тактик нь эрх баригчдын үйл ажиллагааг нэг хэсэгтээ амар тайван байлгах ч цаг хугацаа өнгөрөх тусам сөрөг тал руу ажиллаж эхэлнэ. Улс төрийн өрсөлдөөн устаж засаглалын бүх төвшинд захирагдах ёс алдагдсанаас төрийн үйл ажиллагааны үр нөлөө буурах, улс орны хэмжээнд бодитой бодлогоор нийгмийн дэмжлэг авах боломжгүй болох, чаддаг нь бус “эрх баригч талынхан” томилогдсоноор мерит зарчим алдагдаж хүний нөөцийн хомсдолд орох гэх мэт. Улс төрийн бодлогыг орлуулдаг улс төрийн технологиуд хөрөнгө чинээ элбэг үед үүргээ гүйцэтгэдэг ч өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй нөхцөлд эрх баригчдын сулбагар үйлдлүүд харалган шинжтэйг нотолсоор.

Иргэд улс төрөөс дөлөх хандлагын суурь мөн чанар нь айдас юм. Айдас ил харагдахгүй ч улс төрийн идэвх илт буурах хэлбэрээр илэрдэг мэдрэмж. Сөрөг хүчний улс төрчид нийгэмд ихэвчлэн шалгагдсан, мөрдөгдсөн, байцаагдсан гэдгээрээ танигдах нь хэвийн зүйл болжээ. Бараг долоо хоног бүр улс төрчидтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн асуудал, дуулиан шуугиан тасрахгүй удаж байна. ЖДҮ, Хөгжлийн банкны тонуул гэх мэт мартагнуулах үйл явц улс төрийн “Double standard” уу? Эсвэл үнэхээр бусармаг зүйлстэй тэмцэж байна уу? гэдгийг иргэд ялгах болсон тул амаа хамхин айдаст автаж байна.

Улс төржүүлэхгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч эрх баригчдын улс төрийн технологийн эрэг шураг болон зүтгэж, төрийн мэдлийн сувгууд зөвхөн эрх баригчдын үйл ажиллагаа, илтгэлийг сурталчилж байна.

Амьдрал ахуйд хамгийн их нөлөөлдөг татвар, бензин шатахууны үнэ, тээврийн зардал, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, тэтгэврийн насны хязгаар, нийслэл, орон нутгийн удирдлагын хямрал бүгд хяналтаас гарч зөвхөн эрх баригч намын хүрээнд бидний оролцоогүй шийдэгддэг болсон. Тэр ч бүү хэл хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, зогсоол гэх мэт оршин суугчдын ахуйтай холбоотой шууд мэдлийн энгийн зүйлс дээр санал бодол асуудаггүй.

Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахад баганан тулгуурт метро, газар доорх метро, агаарын дүүжин тээврийн яг аль нь тохирох эсэхийг шийдэх нь иргэдэд хамаагүй мэт. Яг аль нь түгжрэлд цэг тавихад хэрэгтэй тухайд улс төрчид ч өөрсдөө төөрөлдсөн, тэр бүү хэл усан тээврийн тухай барин тавин ярьснаа ч санахгүй байгааг иргэд мэдсэн. Мэргэшсэн инженерүүд таг чимээгүй, улс төртэй хутгалдах хүсэлгүй нь илт.

Иргэд улс төрөөр мэтгэлцэх, санал бодлоо илэрхийлэх, олон ургалч санаа уралдуулан нийтийн эзэмшлийн зүйлсийнхээ төлөө идэвх зүтгэлээ гаргах талбар хүсэмжлэхээ ч больж эхэлжээ. Та хамгийн сүүлд хэзээ хороо, багийнхаа иргэд нийтийн хурал, СӨХ-ны цуглаанд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн бэ? гэдэг асуултыг нам бус, улс төрийн идэвхгүй иргэнд тавьбал ямар хариулт сонсох нь тодорхой.

Иргэдэд улс төрийн сонгуульд саналаа өгөхөөс өөр идэвхтэй үйлдэл үлдсэнгүй. Тэр байтугай улс төрийн сонгуулийн сурталчилгааны үеэр зарим телевизээр танилцуулга уулзалт маягтай ток шоу зохион байгуулдаг ч эрх баригчид огт оролцдоггүй, тоодоггүйгээс ажил хэрэгч мэтгэлцээн өрнөхөө больжээ.

Сүүлийн 10 орчим жилд үүссэн завхралыг 30 жил хуримтлагдсан мэт буруугаа бусдад нялзаах, хариуцлагаас мултрах арга сэдэж эрх баригчид өөрсдөө улс төржиж байна.

Улс төржилтгүй, бодлого, шийдлээ хэлэлцдэггүй, эрүүл мэтгэлцээн өрнүүлдэггүй, альтернатив үзэл бодол сонсдоггүй нийгэм цогцлоох, өөртөө таатай хувилбараар сонгууль удирдан явуулах эрх баригчдын сонирхол иргэдийг уламжлалт сэтгэлгээ, эрх чөлөөний мэдрэмж, мөн чанараас нь салгаснаар, сонгогчдын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг бүдэгрүүлснээр, аминч сэтгэлгээгээр өнөө маргаашаа аргацаах сэтгэлгээнд нь уяж алсын хараа, улс орны ирээдүйн хувь заяаг эргэцүүлэх нөхцлийг боомилсноор хэрэгжиж байна.

Нийт улс үндэстнээрээ идэвх чармайлт, мэдлэг, оюун ухаанаа зарцуулан ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох ажил хэрэгч механизмыг “улс төржилт бол муу зүйл” гэдэг улиг болсон суртлаар далдлах нь мухардалд хөтөлдөг.

“Битгий улс төржүүлээд бай!” гэх уриа нь явцуу утгаараа залуу үеийн сэтгэлгээнд буруу нөлөөлөл үзүүлж байгааг залруулах, эрүүл, ардчилсан тогтолцоог хадгалахад анхаарал хандуулах шаардлага тулгарчээ. Иргэд улс төрийн өнцгөөр асуудал тавих нь улс төрийн эрхээ эдэлж буй зүй ёсны шаардлага болохоос бус эрх баригчдын эрх мэдлийг булаах, үйл ажиллагаанд нь хутгалдан оролцох, саад тотгор хийх санаархал огтхон ч биш гэдгийг нийтээрээ ухамсарлах цаг иржээ.

Ардчилал сонин

С.БАТ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.178] 2022-05-11 04:45:39

Улс төржигтүн

Зочин [150.129.142.38] 2022-05-10 04:28:27

Хэ хэ улс төрийг чи тоохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг үг байдаг шиг санагдаж байна төр засагт нь байгаа хэсэг боловсроогүй түүхий чадваргүй хүмүүсийнх нь хийж хэрэгжүүлж байгаа ажил гаргаж баталж байгаа хууль дүрэм журам нь Зөв биш байгаа юм чинь ард иргэд нь дуугарахаас биш яах билээ дээ харин ч монгол ард иргэд маань тайван улс төрийг тоохгүй Улс төржихгүй өөрсдийгөө тэднээс Илүү гэдгээ харуулж амар амгаланг эрхэм болгож байгаа санагдах ухаант ард түмэн шүү дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.