ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТӨР АРД ТҮМНИЙ ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТӨР АРД ТҮМНИЙ ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Ц.Ганбаяртай ярилцлаа.
-Та 1992 онд Үндсэн хууль батлалцахдаа аль тойрогоос сонгогдсон депутат байв.
-Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 408-р тойргоос.
-Тухайн үеийн сэтгэгдэлээсээ хуваалцана уу?
-Би тэр үед Жаргалтхаан суманд эмчээр ажиллаж байлаа. Улс орны байдал ороо бусгаа, тоталитар тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийг тогтолцоонд шилжиж байсан амаргүй үе. Хамгийн гол нь коммунист үзэл сурталд нухлагдсан олны айдас хүйдэс их, бас хажуугаар нь шинэ санааг хүлээж авах чадвар МАХН-д байгаагүйгээс сөрөг ухуулга сурталчилгаа асар их, одоотой харьцуулахын аргагүй. Тэр үедээ л сумын сэхээтнүүд болох нэгдлийн эдийн засагч Л.Даш, Малын эмч Л.Норжин, Нэгдлийн механик Ш.Энхбат, Кино механикч Д.Ганбаатар, ХБА-ын нягтлан бодогч Ж.Цэрэндолгор зэрэг бидний хэдэн нөхөд ардчилсан хөдөлгөөнийг дэмжин сумандаа МоАХ-ны салбар зөвлөл байгуулан анхны даргаар нь намайг томилж байлаа. Тэр үед хүмүүс дэмжиж байсан ч ил гарч зүрхлэхгүй далдуур л шивэр авир хийлцэж орж гардаг. Ингээд жолооч Б.Болд, П.Бат-Эрдэнэ, эмнэлгийн нярав Л.Гүрдорж, ХБА-ийн манаач Л.Болдбаатар, захиргааны манаач Д.Найдан, бага эмч Б.Цэрэнгомбо, малчин Б.Даваасүрэн, О.Жаргал нараар эгнээгээ тэлж улмаар 90 оны анхны ардчилсан сонгуульд орсон.
Анх бид Дашийнхаа нэрийг дэвшүүлэхээр ярилцсан ч тухайн үүссэн нөхцөлд намайг дэвшүүлэхээр шийдсэн билээ. Учир нь МАХН-аас сум нэгдлийн дарга Пүрэвдорж дэвших болсон. Л.Даш маш дайчин, өндөр боловсролтой, сайн мэргэжилтэн байсан юм. Ингээд л бид 13-уулахнаа бүхэл бүтэн сумын МАХН-ын хороотой сонгуульд өрсөлдөж ардчилалд нэн хэрэгтэй 1 суудлын төлөө ялалт байгуулсан. Сүүлд нь аймгийн намын хороо Жаргалтхан сумын сэхээтнүүдийг тараах бодлого барьж Л.Дашийг ажилдаа хариуцлагагүй алдаа дутагдал гаргасан гэж халаад Баянмөнх суманд эдийн засагчаар нөхөр Ш.Энхбатынх нь хамт, Л.Норжинг маань арван хэдэн жилийн дараа анх сургууль төгсөж ирэхдээ гаргасан өргөдлийнх нь дагуу Галшар суманд малын эмчээр тус тус явуулж билээ. Ажилдаа тэнцэхгүй гэж халчихаад өөр суманд яг тэр ажлаар нь, Жаргалтхаан суманд бараг арваад жил ажиллаж, нутгийн хүргэн болоод тохижчихсон хүнийг сургууль төгсөж ирэхдээ гаргасан өргөдлөөр нь шилжүүлсэн нь одоо бодоход инээдэмтэй.Гэвч миний нөхдүүд одоо ч ардчиллаа дэмжсээр явдагт нь баярлаж суудаг юм. Мөн Үндсэн хууль батлалцсан 430 депутатын 10 ч хүрэхгүй хувь нь ардчилсан хүчнийхэн байсан ба МоАХ, МоАН-аас нийлээд ердөө 19-хөн хүний 7 нь л МоАХ-ноос сонгогдсон. Энэ түүх юм даа. Хөвсгөлийн 378-р тойрогоос Лувсандоржийн Шагдар багш, Хөвсгөлийн 399-р тойргоос Дамбадаржаагийн Чилхаажав геологич, Сэлэнгийн 289-р тойргоос Гүррагчаагийн Нороврагчаа зураач, Дорнодын 184-р тойргоос Соёлсүрэнгийн Билэгсайхан, Улаанбаатарын 9-р тойргоос Санжаасүрэнгийн Зориг, Хэнтийн 408-р тойргоос би МоАХ-ны нэрээр сонгогдож байсан бөгөөд бид 6 дээр нэг сонирхолтой нь Өвөрхангай аймгийн Богд сумын 244-р тойргоос Банзрагчийн Доржхорлоо гэдэг МАХН-ын гишүүн МоАХ-ны нэр дээрээс сонгогдсон юм. Тухайн үедээ Богд сумын сум нэгдлийн дарга мань эр намаасаа арга хэмжээ авахуулаад, МАХН өөр хүний нэрийг дэвшүүлэхээр нь сумын МоАХ-ны салбар зөвлөлийн анхны зохицуулагч Отгонбаатар МоАХ-ны нэр дээр дэвшүүлж ялалт байгуулаад депутат болсон билээ.
-Шинэ Үндсэн хуульд таны санаачилж оруулсан заалт хэр олон бэ?
-Энэ ардчилсан шинэ Үндсэн хуулийг 2 жил олон түмнээр хэлэлцүүлэн, эрдэмтэн мэргэдийн санал зөвөлгөөг тусган, Улсын Бага хурлаар 4 удаа шүүн хэлэлцэж байж Ардын Их хуралд өргөн барьсан учир депутатуудын санаа бодлоор оруулсан заалт гэж бараг байгаагүй бөгөөд хэсэг, зүйл, заалт бүрээр нь шүүн тунгаасан юм. Санал нийлэх, нийлэхгүй олон л заалтууд дээр санал бодлоо илэрхийлж байсан. Д.Дожоодоржийн “Намрын 10 халуун өдрүүд” номонд миний хэлсэн үгнүүдийг бичсэн байдаг. Үндсэн хууль нь хувь хүмүүсийн гэхээсээ монгол түмний оюун санааны хамтын бүтээл юм даа. Хууль зүй талаас нь Чимид гуай тайлбарлан таниулж, үг үсэг нэг бүрээр нь, монгол хэл зүй, найруулга, утга санаа зэргийг нь агуу Л.Түдэв, Ж.Бямбаа, Д.Маам, Д.Дожоодорж зэрэг мундагчууд шүүсэн гэхээр тэр талаасаа алдаа тун бага.
-Тухайн үеийн Үндсэн хуульд бүх ард түмний санал бодол бүрэн тусч чадсан уу?
-Тухайн үед Үндсэн хуулийн төслийг 2 удаа хэвлэлд нийтлэн ард иргэдээр хэлэлцүүлэн, 18 аймгийг 5 бүсэд хуваан бүсчилсэн зөвөлгөөн хийлгэж, УБХ-аар 4 удаа хэлэлцэж, радио телевизээр Үндсэн хуулийн талаар эрдэмтэн судлаачид иргэдийн оролцоотой нэвтрүүлгүүд олон удаа зохион байгуулж, Монголын нийт 1,2 сая сонгогч иргэний 75 орчим хувь буюу 900 мянган иргэн шууд оролцож, 200 мянга гаруй санал ирүүлсэн байдаг юм. Ингэхээр ард түмний санал бодол харьцангуй сайн туссан хууль болсон. Тиймээс шинэ Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын бүтээл юм.
-Та бүхний батлалцсан Үндсэн хууль хэр хэрэгжиж байна?
-1992 оны Үндсэн хууль төгс биш ч үүргээ ороо бусгаа үед биелүүлсэн гэж үздэг. Аливаа зүйл мөнх бусын адилаар хууль ч өөрөө мөнхийн гэж үгүй, цаг үе хөгжил дэвшилтэйгээ уялдан шинэчлэгдэн сайжирч явдаг учиртай. Харин хэн хэзээ шинэчлэх вэ гэдэг нь Үндсэн хууль, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд тодорхой заачихсан. Үндсэн хуулийн заалтыг санаатай, санамсаргүй зөрчин улс төрийн атгаг бодол санаагаа гүйцэлдүүлэх зорилгоор өөрчлөх нь хүнд гэмт хэрэг. Үндсэн хууль Монгол Улсын төрийн байгуулал, нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцооны үндсийг хуульчлан баталгаажуулсан билээ. Хуулийг мөн чанарынх нь дагуу хөгжүүлэн баяжуулж хэрэглэхийн оронд мэдэн будилж хувийн шунал шохоорхлоо гүйцэлдүүлэн улс орноо сүйрүүлж байгаа нь Үндсэн хуулийг санаатай сульдуулж байгаа хэрэг. 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль бол тийм ч муу хууль биш ээ.
-Монгол улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан 30 жилийн ойн өдөр 1-р сарын 13-нд тохиож байна. 1992 оны яг энэ өдөр чухам яг юу болов. Та түүх өгүүлнэ үү?
-Шинэ Үндсэн хуулийг БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 1991 оны 11-р сарын 11-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 12-ны өдөр хүртэл 75 хоног БНМАУ-ын АИХ-ын 430 депутат цэц ухаанаа дайчлан хэлэлцэн 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн хуралдаанд Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид нэг бүрчлэн уншин сонсгож мөн өдрийн 13 цаг 35 минутанд баталсан юм.
-Урьд батлагдсан 1924,1940,1960 оны Үндсэн хуулиудаас дөрөв дэх шинэ Үндсэн хууль юугаараа ялгарах онцлоготой вэ?
-Монгол Улс нэн шинэ түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хууль дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба 1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртал баримталснаараа социалист маягийн Үндсэн хуулиуд байв.
Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.
Юуны өмнө, энэ Үндсэн хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд баталгаатай эдлэх үндсийг тавьсан юм. Бид өнөөдөр бодит амьдрал дээр үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших хийгээд сонгох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломжтой. Иймээс 1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль гэдгээрээ өмнөх Үндсэн хуулиудаас эрс ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой.
-АИХ-ын 430 депутат анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах гэж 76 хоног хуралдсан гэдэг. Депутатууд юун дээр санал бодол бүрэн нийлж байв, санал зөрөлдөх,маргаан гарах тохиолдол мэдээж олон л байлгүй.
-АИХ-ын 430 депутатуудын дийлэнхи олонх нь МАХН-ын гишүүн, нам, ҮЭ, АХШХ, нэгдэл, САА-н дарга нар ч амьдралд нухлагдсан жинхэнэ луугарууд байлаа. Бид үзэл бодлын зөрүүтэй ч улс орноо хөгжүүлэх, эх орноо хайрлах сэтгэл, болж өгвөл гайгүй хууль гаргачих юмсан гэсэн эрмэлзэл ижил, одоог бодвол хавьгүй эх орончид байцгаажээ. Хувийн сонирхол, элдэв шуналгүй, зуугуул зувчуур бодолгүй, жинхэнэ ажлын төлөө гайгүй хууль баталчих гээд 2 сар гаруй ёстой л чөмгөө дундартал сууцгаасан даа. Ойлголтын зөрүүгээс бас намын бодлого чиглэл барьж санал онол зөрөлдөх, маргах асуудал их гарнаа. Гэвч тэр үед зөвшилцөж эв зүйгээр шийддэг байсан. Сонирхуулахад газрын тухай асуудал хэлэлцэх үед завсарлагаанаар их танхимын зүүн урд жигүүрийн 00-ын өрөөнд депутат Дашбалбар, Зориг 2 бараг барилцаж авах дөхөөд би дундуур нь орж салгаж билээ. Тухайн үед газрыг хувь хүмүүст өмчлүүлэх гэдэг үнэхээр ойлгомжгүй асуудал байсан бөгөөд Дашбалбар зайлуул эх орон газар шороогоо худалдах гэлээ гэж л бухимдсан юм билээ. Үнэндээ Зоригийн газрыг өмчлүүлж эзэмшүүлэх санал нь зах зээлийн зайлшгүй шаардлага юм билээ. Энэ мэтчилэн олон асуудлууд дээр санал зөрөх, маргах асуудал гардаг л байсан.
-200 гаруй жилийн дараа Монгол улсын иргэд төрөө эмхлэн, тусгаар тогтнож, эцэг хуулиа баталсан үйл явдлын талаар та дүгнэлт өгнө үү?
-Энэ бол гарцаагүй түүхэн чухал үйл явдал. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улс “… төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийлээ. Нийгмийн амьдралын бүх салбарт ардчиллын үзэл санаа хэрэгжин төрийн тогтолцоо төвхнөн, хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийн харилцаа төлөвшиж, иргэдийн эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгааны үндэс тавигдаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж өссөөр байна. Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурь бэхжин, тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн гадаад таатай орчин бүрдэв.
Үндсэн хууль нь Монгол Улсын хууль, эрх зүйн тулгуур хууль учир Монгол Улсын төрийн байгуулал, нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцооны үндсийг баталгаажуулсан, Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмыг тогтоосон. Монгол Улсын төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв.Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшиж билээ.
-Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан заалтуудын талаар та юу гэж бодож байна?.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт нь анхнаасаа процедурын алдаатай Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан тул би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Монгол улсын шинэ Үндсэн хууль бол монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл бөгөөд төр ард түмний хооронд байгуулсан гэрээ гэж хэлж болно. Энэ утгаараа өөрчлөх эрх нь зөвхөн ард түмний гарт бий. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улс төрийн нам, эвсэл, улс төрчдийн хүсэл сонирхлоор өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно. Үндсэн хууль нийгмийн үндсийг бэхжүүлэх үүргээ биелүүлсэн ч үүрд мөнх үргэлжлэхгүй цаг үеийнхээ шинж байдлаас хамааран өөрчлөгдөж шинэчлэгдэх нь жам ёсны асуудал ч харин суурь зарчмууд нь уг хуульд яаж ч өөрчлөлт оруулсан хэвээр хадгалагдах ёстой. Гэтэл цаг үеийн тохуурхал, улстөрчдийн адал балмад улайрал нөлөөллийн дор энэхүү нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн тул яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Иймээс энэ бохирдсон тогтолцоог өөрчлөх бүх ард түмний сонгуулийг нэн даруй явуулж энэхүү улс төрийн бохир заваан балчиг намгаас гарах, ард нийтийн хүсэл сонирхлыг хангасан Үндсэн хуулийн жинхэнэ нэмэлт өөрчлөлт хийж улсаа түвшитгэх боломж нь байгаа шүү дээ.
Эцэст нь хэлэхэд бид тулгамдсан асуудлаа шийдээд, Үндсэн хуульт ардчиллаа бэхжүүлээд явах ёстой. Учир нь ардчилал гэдэг бол бидний амьдралыг бүхий л талаар төгс төгөлдөр болгох ид шидийн зүйл биш. Харин бидэнд өөрсдөө өөрсдийн туршлагаасаа суралцаж, хувийн болон хамтын амьдралаа сайжруулах боломж олгодог процесс юм. Ардчилал бидэнд хувь заяагаа сонгох бодит боломж л өгдөг.
Ярилцсан Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Үнэн [66.181.191.53] 2022-06-15 15:45:25
Энэ муусайн коммунистууд сайхан үгээр халхалж, хогийн Үндсэн хууль хийснээр өөрсдөө л алан тушаал хашдаг, авилгал авч баяждаг, хятадуудтай нийлж ёүлбэлддэг, ард иргэд нь ядуу, өвчин зовлон өрөндөө баригдсан, буурай орон болголоо.
Бага Хуралд ийм гишүүн байл уу???? [103.57.93.169] 2022-06-15 10:22:42
Улсын Бага Хурал Ц.Ганбаяр гэдэг ийм гишүүн байл уу? МАХН-ын Ганбаяр гишүүн байсан, Хууль зүйн Байшын хорооны гишүүн, даога, даоаа нь Улсын Ерөнхий прокурор байман. Харин Ардч намын бүлэгт ийм гишүүн байсныг санахгүй юм.
Зочин [192.82.84.244] 2022-06-15 12:58:42
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ МОНГОЛ ТӨР , МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ДАГАЖ МӨРДӨЖ ЯВАХ ҮНДСЭН ЗАРЧИМ ХУУЛЬ ЮМ. ТҮҮНЭЭС БИШ ТӨР НЬ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ЮМ АА ГЭЖ ХАРВАЛ МАН 3 ЖИЛД 2 УДАА ӨӨРЧИЛДӨГИЙГ ЗӨВ ГЭХ ҮНДЭСЛЭЛ ХУДЛАА ШҮҮ.
Зочин [202.55.191.194] 2022-06-15 09:22:49
myhdag shuu amjilt