Б.Очиржав: Тайширын УЦС үнэхээр Монгол Улсад хэрэгтэй бүтээн байгуулалт болсныг нутгийн ард түмэн мэднэ

Aдмин / Технологи

Түрүүч нь...


Баруун бүсийг эрчим хүчтэй болгож, тэр дундаа Говь-Алтайнхныг устай залгуулсан Тайширын УЦС-ыг барьж байгуулах ажлыг анх санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Очиржав гуай билээ. Өмнөх дугаартаа толилуулсан түүний ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.


-Ингэхэд таныг Тайширын УЦС-ыг бариулсны төлөө арван жил Тагнуул, цагдаагийнханд шалгагдсан гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

-Би яг үнэнээр нь хэлье. Нэлээд дээгүүр ажилладаг миний найз надтай уулзахдаа “Очиржав аа, чи болгоомжтой бай.

Яагаад вэ гэхээр чиний санаачилж байгуулсан гээд байгаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн УЦС-ын чинь усан сан нь дүүрэхгүй байна, чамайг үнийн тооцоолол буруу хийсэн гэдэг асуудал үүссэн. Чи мөрдөгдөж магадгүй болоод байна шүү. Хувцас хунараа базаа. Бэлтгэлтэй байгаарай” гээд сануулдаг юм байна.

Хариуд нь “Би өнөөдөр ч шоронд ороход бэлэн байна. Монгол Улс бүтээн байгуулалт хийж байгаа хүнээ шоронд хийдэг юм бол хамаагүй, би өнөөдөр оръё. Зөв юмны төлөө явсан хүнийг буруутгах юм бол сүүлдээ тэр нь бурууддаг юм. Тиймээс би өөрийгөө зөв ажил хийсэн гэж бодож байгаа. Хамаагүй ээ, намайг тодорхой хугацаанд барьж, хорих юм бол алдар цуутай болъё. Монгол Улс бүтээн байгуулалт хийсэн хүнээ барьж хорьдог юм байна гэдгийг гадныхан хараад шуугина” гэж хэлсэн юм. Тэр хүн цааш нь миний хэлснийг дамжуулсан эсэхийг мэдэхгүй.

-Энэ үйл явдал хэзээ болсон юм бэ?

-Төсөл дуусах дөхөж байхад ийм асуудал гарсан юм.

-Тэгээд таныг байцаасан уу?

-Нөгөө найз маань яахав хэлэхдээ “Би чамд анхааруулах гэсэн юм” гэж билээ. Үнэн хэрэгтээ намайг байцаасан асуудал байхгүй. Зүгээр яригдаж байсан байгаа юм. Би Эгийн голын УЦС-ын төсөл дээр ажиллаж байхад тухайн үеийн Засгийн газрын Тэргүүн ирсэн. Төслийн нэгжийнхэн намайг Ерөнхий сайдад танилцууллаа. “Энэ бол Монгол Улсын УЦС-ын байгууламжийн анхны инженер хүн. Тайширын УЦС-ыг барьж байгуулсан хүн” гэлээ. Тэгэхэд нөгөө Ерөнхий сайд “Өнөө Тайширын УЦС-ын тооцооллыг буруу хийдэг хүн чинь мөн үү. Та яагаад зориуд буруу тооцоолол хийснээ тайлбарла” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Та намайг ямар ч улсаар шалгуулж болно. Завхан гол бол олон жилийн өгөгдлөөрөө 10-13 метр секунд хүртэлх урсацтай. Энэ ус зарим жил багасдаг. Зарим жил үерлэхээрээ хоёр метр хүртэл ихэсдэг. Гэтэл та нар одоо цаг уурын мэдээгээр хоёр хоногийн дараа бороо орно гээд хэлж байна. Гэтэл хоёр хоногийн дараа бороо орохгүй байхаар та нар яадаг билээ дээ. Цаг уурынхан андуурчихаж гэнэ. Хоёр хоног шүү дээ. Тэгвэл хорин жилийн тэртээхийг би тооцоонд л итгэнэ. Цаг уурыг би мэдэхгүй” гээд миний хийсэн тооцоо үнэн зөв болохыг түүнд хэлсэн. Ерөнхий сайд ганц ч үг дуугараагүй.

-Тайширын УЦС баригдсанаар баруун бүсэд ямар өөрчлөлт авчирсан гэж та хардаг вэ?

-Завхан, Говь-Алтай аймаг ДЦС байгуулах гэхээр нүүрсгүй. Ганц, хоёр нүүрсний орд бий. Гэхдээ тэр нь эрчим хүч үйлдвэрлэхэд хангалтгүй. Төвөөс шугам татаад цахилгаанаар хангах гэхээр зардал өндөр. Дизель станц ажиллуулъя гэхээр түлш нь байнга өсч байдаг. ОХУ-аас хил дамжуулж зөөнө. Хэдэн мянган км тээвэрлэнэ гэдэг асар өндөр өртөгтэй шүү дээ.

Хоёрдугаарт, Говь-Алтай аймаг ус муутай болохоор иргэд нь янз бүрийн өвчлөл тусдаг байсан шүү дээ. Завхан голоос суваг татаад усжуулсан. Одоо хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Үнэхээр Монгол Улсад хэрэгтэй бүтээн байгуулалт болсныг нутгийн ард түмэн мэднэ.

-Та бол яалт ч үгүй Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, цээжээрээ хамгаалан хэрэгжүүлж чадсан гавьяатай хүн. Гэтэл төр засаг таны байгуулсан гавьяаг дэндүү хожуу үнэллээ гэж эрчим хүчний салбарынхан, танаар бахархдаг хүмүүс ярих юм билээ. Харин ямар санал бодолтой байдаг юм бол?

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг өөртөө хангалттай л гэж үздэг дээ.

-Монголд УЦС-ыг хөгжүүлэх ямар боломж байгаа вэ?

-Англи, Америк, Герман зэрэг хөгжилд хүрсэн орнууд бусад бага буурай улсуудад туслалцаа үзүүлдэг. Тэнд нь ус л урсаж байвал цахилгаантай байдаг учраас олон боломжийг бий болгодог юм. Тайширын УЦС-ыг байгуулсны дараа Засгийн газар тогтоол гаргаж “Тайширын ногоон эрчим” гэдэг төрийн өмчит компани байгуулагдсан юм. Тэр нь нар, салхи, усан цахилгаан станц гурвыг хослуулж, жинхэнэ ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ гурав бие биеэ дэмжиж ажилладаг станц Монголд өнөөдөр зөвхөн Тайшир дээр байна. Үнэхээр үлгэр жишээ станц. Батерей зай хураагуур гэж яриад байдаг. Тэр бол нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, удаан ажиллахад тааруу. Тэгвэл нар, салхитай үед УЦС усаа хуримтлуулаад авчихна. Оргил ачааллын үед буюу айл өрхүүд хоол ундаа хийдэг харуй бүрийн цагаар УЦС-аар эрчим хүчээ үйлдвэрлэчихнэ. Монгол Улс цаашид сэргээгдэх эрчим хүч хослон ажиллаж байгаа Тайшир шиг жишгээр явах ёстой.

-Эрдэнэбүрэнгийн УЦС яригдаад олон жил болсон. Эгийн голын УЦС, Байдрагийн УЦС-ын төслүүд ч овоо удчихлаа шүү. Энэ мэтчилэн том төслүүд хөдлөхгүй байгаад та ямар бодолтой байдаг вэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС нэг юм явчихлаа. Эгийн голын УЦС Оростой нааштай дуулдаж байна лээ. Байдрагийн УЦС бол явах ёстой. Дотоодын гол шүү дээ. Цахилгаан дамжуулах шугам хүчтэй салхинд унадаг. Эх үүсвэргүй болчихож байгаа учраас тухайн хэсэг тэр аяараа харанхуй болох эрсдэлтэй. Төвийн районд нэг шон унахад л тэр хавь бүгдээрээ харанхуй болдог. Тэгвэл Тайширын УЦС баригдсанаар эх үүсвэртэй болчихож байгаа учраас шон унасан ч хамаагүй. Гэмтлийг нь застал наанаас нь хангах бүрэн боломжтой гэсэн үг. Тиймээс Байдраг маш ач холбогдолтой станц. Тайширын УЦС 11 мегаватт эрчим хүч үйлдвэрлэдэг бол Байдраг 30 мегаваттын хүчин чадалтай юм. Энэ төслийг явуулах л хэрэгтэй. Байдраг дээр гадны нөлөө гайгүй байх аа. Би яамандаа итгэж байна. Явуулчих байх.

Ер нь тухайн улсын эрчим хүчний систем гэдэг бол хэрэглэгчээ хангах чадвартай, нөөц хүчин чадалтай байхыг хэлнэ. Хэрэгцээнээс 30-40 хувийн илүү хүчин чадалтай станцтай байх ёстой. Гэтэл манай одоогийн хүчин чадал хэрэгцээндээ хүрэхгүй. Ийм байхад урд, хойд хөршөөсөө эрчим хүч авахаас өөр аргагүй. Энэ бол биеэ даасан эрчим хүчний систем биш. Үүнийг бие даасан эрчим хүчний систем болгохын тулд дотооддоо хэрэглэгчээ хангах чадал дээр нэмэх нь 30 хувийн нөөц чадалтай эх үүсвэртэй болох хэрэгтэй. Тэгэхээр яам бол энийг мэдэж байгаа. Тавдугаар цахилгаан станц явахгүй удчихлаа. Үүнийг би гадны нөлөө гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл дотроо л хэл амаа ололцох хэрэгтэй.

-Дотоодын улс төр их байна гэж үү?

-Ер нь тийм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчээ ойлгохгүй явж ирсэн байхгүй юу. Харин шинэ Ерөнхий сайд гарч ирээд одоо л эрчим хүчээ ойлгож байх шиг байна.

Өнгөрсөн өвөл Улаанбаатар хот хэцүүдлээ шүү дээ. “ТЭЦ-4”-ийн нэг зуух зогсоход хот хэсэгтээ цахилгааны хязгаарлалт хийсэн дээ. Өнөө миний яриад байгаа нөөц байхгүй болохоор л тэр шүү дээ. Хэрэв 30, 40 хувийн нөөцтэй байсан бол тэндээсээ авчихна. Нөөц гэдэг ийм л чухал. Үүнийг Монгол Улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхэээр Монгол Улс одоогоор тогоо таслахгүй гэсэн баталгаагүй хэвээр байна. Ойрын хугацаанд Эгийн голын УЦС-ыг байгуулчихвал төвийн райондаа нийлүүлчихнэ. Байдрагийн УЦС 30 мегаватт гэхээр нэлээд нэмэртэй.

-Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл улиг болтлоо яригдаж байна. Хэдэн ч Засгийн газрын нүүр үзэв дээ...

-Монгол Улсын хүн амын 50-иад хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Өвөл их хатуу ширүүн болдог. Нийслэл хотын дулаан хангамжийг маш их анхаарах хэрэгтэй. Тэгэхийн тулд дулааны станцтай байж дулаанаар хангагдана. Яах аргагүй Дулааны тавдугаар станцыг том чадлаар барих хэрэгтэй. Тэгж байж улаанбаатарчууд аврагдана. Тэгэхгүй бол нэг өвөл нийслэл хотын энэ олон мянган км урт шугам хоолой аюулд орно.

-Ер нь сум болгонд нарны панелиар эрчим хүчний эх үүсвэрээ хангах боломжтой юу?

-Тийм боломж байна. Монгол Улс жинхэнэ нарлаг орон. Нарны эрчим хүчийг ашиглах ёстой. Үүнд нэг л асуудал байна. Тарифыг нь өндөр тогтоочихсон. Нар салхины эрчим хүчийг өндөр тогтоосон. Тэгэхээр санхүүгийн хувьд үр ашгийг нь үзэхээр алдагдалтай юм шиг.

Улсууд “Ямар өндөр үнэтэй юм бэ. Ийм өндөр үнэтэй юмаар яах юм бэ, галаа түлээд суусан дээр” гэх сөрөг хандлага байдаг. Энэ бол тийм биш. Үүнийг эрчим хүчний зохицуулах хороо авч үзэж, тарифынхаа асуудлыг зөв болгох ёстой. Зориудаар өндөр тавьчихаар эрчим хүчний системийг алдагдалд оруулаад, систем өөрийнхөө орлогоор нөхөж байна. Үүнийг л анхаарч, зөв замд нь оруулах ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.