С.Дондов: Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй зарим зүйлсийг ярьсан

Aдмин / Хууль

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондовтой ярилцлаа.


-ХЭҮК-оос иргэн Ч.Мөнхбаярын талаар АТГ-т хандсан гэсэн үү?

-Иргэн Ч.Мөнхбаяр Хүний эрхийн үндэсний комисст хандан хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэд тэр хүн хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг талаараа нэлээн тод дурдсан байна лээ. Монгол хэл соёлыг цаашид хөгжүүлэх, хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулж дэлхийн монголчуудын эрхийг хамгаалахын төлөө, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа зовдог хувь хүн гэж өөрийгөө тодорхойлсон байсан. Надад эрүүгийн хэрэг хилсээр тулгаж байгаа энэ асуудалд би гомдолтой байна. Миний эдэлвэл зохих хүний эрхийг зөрчиж байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч гэсэн байр суурь илэрхийлэн хүсэлт илгээсэн юм. Энэ хүний хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдээд арван жил хорих ял өгсөн. Манай байгууллагын хувьд ямар нэгэн байдлаар энэ хэргийг хянан шалгаж байгаа үйл явцад нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Миний хувьд 2022 оны зургадугаар сард хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүнээр томилогдон ажиллаад хоёр сар гаруй л болж байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж тодорхойлсон. Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалах тухай ойлголтыг энэхүү хуулиар баталгаажуулсан.

Мөн энэхүү хуулиар хүний эрх хамгаалагчийг төр хэрхэн хамгаалах талаар ч тодорхой заалт оруулсан байгаа. Энэ хуулийн 4.1.3-т хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах гэж төр, хүн, хуулийн этгээд, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн аливаа этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн төрийн байгууллагын үүргийг хэлнэ гэж зохицуулсан.

Төрийн байгууллага хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүрэгтэй. Хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчиж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан өөрийг нь болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгөх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь гэм хор учруулахыг хориглоно гэж хуульчилсан.

-Та түүнтэй биеэр уулзсан уу?

-Ч.Мөнхбаяр гэдэг хүнтэй хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний хувьд биечлэн уулзах нь зөв гэж бодоод цагдан хорих төвд очиж уулзсан. Нөхцөл байдлын талаар ярилцахад тэрээр ямар нэгэн байдлаар улс эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулах санаа зорилго надад байхгүй. Харин би энд тэнд тархан суурьшсан монголчуудыг нэгтгэх, монгол хэл соёлоо мэддэг байхад нь туслах

зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Миний энэ үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх нь үнэнд нийцэхгүй. Надад хуримтлуулсан их хэмжээний мөнгө төгрөг гэх мэтийн зүйл байхгүй. Хууль бус нотлох баримтуудыг надад тулгаж ял үүрүүлж байгаад би гомдолтой байна гэж хэлсэн. Бид хэргийн материалтай танилцах боломжгүй учраас баримт нотолгоог нь хуурамч эсэхийг мэдэхгүй. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас хэргийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

Монгол Улсын иргэн хэн ч бай шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Шүүх байгууллага ч эрх мэдлийнхээ хүрээнд хуулиа баримтлаад энэ асуудлыг шийдвэрлэсэн байх.

-Эрүүдэн шүүсэн шинж чанартай байна гээд байгаа шүү дээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Эрүүдэн шүүсэн байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй зарим зүйлсийг ярьсан. Тиймээс би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах нь нь зөв гэж үзээд АТГ-ын даргад албан тоот хүргүүлсэн байгаа.

-Авлигатай тэмцэх газар шийднэ гэхээр авлига авсан байх магадлалтай гэсэн үг үү?

-Авлига авсан гэхээсээ илүү албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж ойлгож болно. Гэхдээ энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байж л тогтоох асуудал. Аливаа хэрэг маргааныг хянаж шалгах үедээ хууль хяналтын байгууллагын ажилтнууд хуулийг дээдэлж, шударга ёсыг удирдлага болгон ажиллах нь зүй ёсны хэрэг. Шалгагдаж буй хэн нэгэн ч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх эрх, үүрэг нь хуульчлагдсан. Хүсэлтэд дурдсан үндэслэлийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж үзээд хэн нэгэн албан тушаалтан буруутай, буруугүй эсэхийг олж тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэх нь хууль дээдэлдэг ардчилсан нийгмийн зарчим шүү дээ.

-Анхан шатны шүүхээр гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Тэгэхээр танай байгууллага анхан шатны шүүхээр хүний эрхийг зөрчсөн байна гэх үндэслэлээр оролцоно гэсэн үг үү?

-Нэгэнт манайд гомдол хүсэлт гаргасан болохоор хүний эрхийн талаас нь тухайн хүний эрхийн байдлыг дордуулахгүй байх, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд болон Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, ХЭҮК-ын тухай хууль зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. ХЭҮК-ын тухай хуулийн 5 дугаар зүйлд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог тодорхойлохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн Цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссоос бүрдэнэ гэж хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх чиг үүрэгтэй.

-Хууль хяналтын байгууллагууд уг хуулийг хэрэгжүүлэхгүй, эсвэл дутуу дулимаг ажиллаад байна уу?

-Хууль хяналтын байгуулагууд 1998 онд НҮБ-ын баталсан Хүний эрх хамгаалагчийн тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Бид ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлөх гэсэнгүй. Зөвхөн энэ хүний эрхзүйн байдлыг нь дордуулалгүй, эрхийг нь хангасан олон улсын гэрээ конвенцуудыг удирдлага болгоод асуудлыг шийдэхэд нь анхаарч үзээсэй гэсэн байр суурьтай байна. Хүний эрх гэдэг бол байнга аль ч асуудалд дагаж явдаг учраас асуудлын хоёр талыг нягт сайн харж анхаарч, хүндээ ээлтэй байдлаар асуудлыг шийдэх нь чухал юм. Хатуу, чанга ял өгөхдөө бус асуудлыг олон талаас нь бүрэн дүүрэн бодит үнэн байдалд тулгуурлаж шударга ёс, хуулийг дээдлэх нь чухал. Тэгэхээр Монгол Улсынхаа хууль болон олон улсын хүний эрхийн тунхаглалд захирагдаж хүнээ хайрлаж үйл ажиллагаа явуулах ёстой.

-Хэрэг үүсгэн шалгаж мөрдөөд нэлээн удаан хугацаанд хорих ангид хоригдож байна шүү дээ. Ч.Мөнхбаярын биеийн байдал ямар байна вэ?

-Цагдан хорих төвд бол намайг дарамталж, айлган сүрдүүлсэн болон бусад хууль бус зүйл болоогүй гэж хэлсэн. 10 хоног эмнэлэгт хэвтээд гарсан байна лээ. Цаашдаа монголчуудынхаа хүний эрхийн байдлыг сайжруулж, дээшлүүлэхийн тулд тал талдаа л хариуцлагатай ажиллах ёстой гэж хэлмээр байна.

СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.39] 2022-08-23 05:49:15

Зүгээр байсан хүнийг эх орноосоо урвасан гэж хэлнэ ч гэж байхгүй байхаа. УЦС барих төслийг эсэргүүцээд орилоод байсан. Эх орноосоо урвасан Урвагч новшнуудад буудан алахаас өөр ял оноодоггүй санагдаж бн.

Зочин [192.82.65.103] 2022-08-22 09:53:19

Зоригийн хэргээс хойш Шүүх байгууллагын нэр хүнд шалдаа унасан шүүдээ. Ямар ч хамааралгүй хүмүүст нотлон баримт гаргаад тэрийг нь Шүүх шүүсэн аймшигтай.!!!!!!!!!! Одоо хүний эрх ярихаасаа өмнө энэ хэрэг дээр ажилласан цагдаа, прокуор, шүүгч нарыг бүгдийг нь шоронд суулгах хэрэгтэй. Бүдгдэд нь 10 жил өгөх хэрэгтэй. Бүгдэнгийнхэн толгойн дээр өөрсдийнх нь баасыг асгах хэрэгтэй. Хариуцлага тооцсоны дараа Монгол хүнд хүний эрхийн талаах ярих хэрэгтэй. Хүний эрхийн талаар огт ажил хийгдэхгүй байна.Худлаа л ярьдаг. Адаглаж эрх нь зөрчигдсөн хэргүүдийн яваад / өчнөөн кейс байгаа/ эрхийг нь зөрчсөн хүмүүст хариулага тооцох талаар яагаад ажилдаггүй, дуугардаггүй юм бэ? Энд хариуцлагын ажил яригдах болохоос шүүх ажиллагаатай огт холбоогүй асуудал. Яагаад энэ тал дээр дуугардаггүй, ярьж болдоггүй юм. Хүний эрх чинь эндээс л эхлэх ёстой. Энгийн хүнийг алуурчин болгосон хүмүүсийг, бусдын эрхийг зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна !!!!!!!!!!

Зараа [107.167.107.90] 2022-08-22 02:14:25

мангар авгай вэ, ажил үүргээ хуулийн дагуу хүлээн авсан цаг мөчөөс эхлэн үүрэгт ажлаа хийх ёстой шүү дээ. тэгэхэд ажлаа аваад 2 сар гаруй л болж байна гээд эхнээсээ өөрийгөө өмөөрсөн, тунхаглалын шинжтэй, үлбэгэр, төрд байдаг л нэг сул дорой албан хаагч шив дээ

Зочин [124.158.65.111] 2022-08-21 23:56:54

Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр Мөнхбаяр бол эх оронч гэхээс өөрөөр төсөлөгдөх үгүй л байна. Цагийн эргэлтээр цагаатгах байх гэж найдаж байна...

Зочин [192.82.69.249] 2022-08-21 07:48:25

URWAGCHIIG ERUUDEKH CH BAGADNA <

Зочин [103.212.119.49] 2022-08-22 06:38:52

Zuw

Зочин [59.153.114.94] 2022-08-21 10:30:50

Солиор

Зочин [103.161.242.161] 2022-08-21 06:45:07

Мөнхбаяр монголчуудыг угсаа гарвал, дэлхий даяар тархан суурьшсан монголчуудад өөрийн соёл,хэлээ хамгаалах талаар л олон жил ярьж байсныг нь сонссоноос биш эх орны эсрэг ажиллагаа явуулсан гэж соннсож дуулаагүй юм байна. Яагаад ямар учираас баримттай баривчилсан юм бол. Ил болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хоосон хардлага , 37 он дахиад сэргэх вий дээ төр барьж байгаа намынхаан....

Зочин [202.21.108.56] 2022-08-21 06:07:50

Оросын тагнуул, хүртэх ёстой шийтгэлээ хүртэж л байна. Монгол улс эрчим дутагдалтай орон, гэтэл цахилгаан станц барих гэхээо байнга ийм хөлсний жагсагчид гэнэт гарч ирж жагсана, эсэргүүцнэ. Харин Оросын нэг дарга ирээд та нар цахилгаан станцаар яах юм бэ, Оросоос л худалдаж ав гэдэг

Зочин [202.126.89.21] 2022-08-21 06:32:18

Ок


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.