ЭРТНИЙ СУРВАЛЖИТ МОНГОЛ АЙМГУУД

Aдмин / Нүүр

ХИАД-БОРЖИГОН. Халхын хаад ноёд “Хиад яст Боржгин овогт” хэмээн угаа хөтөлдөг нь дээд өвөг Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз (1513-1549) Чингисийн 16 дахь үеийн ач учраас улбаалсан ажээ. Хиад-Боржгин нь эртний монгол аймгуудийн нэг 8-р зууны үед Эргүнэ Хунгаас Бурхан-Халдунд ирсэн Хиад аймгийн тэргүүлэгч Бөртү-Чину бөгөөд түүний 11 дэх үеийн Бутанцар нь Боржигон овогтны удам болно. Бутанцарын 11 дэх үеийн ач Чингис Монголын тулгар төрийг байгуулж, их хаанд өргөмжлөгдсөнөөр Хиад-Боржигон нь алтан ургийн овог болж үүнээс хойш Чингисийн удмын монголын бүх хаад ноёд уг шагаа Хиад яст Боржигон овогт хэмээн хөтлөх ёсон уламжлагджээ.

ХАТАГИН. Добу мэргэний бэлэвсэн хатан Алун- гуагийн ахмад хөвгүүн Буха хатагаас үүссэн Нирун аймгийн гол овгийн нэг болой. Хатагин 1204 онд Чингисийн харъяанд орж Халх голын сав нутгаар нутаглаж байсан улбаа нь одоо хүртэл уламжлагджээ. Гурван Хатагин гэж нэрлэх бөгөөд одоо Дорнод аймгийн Матад суманд гол нь буй. Мөн Дорнод аймгийн Баян-Уул, Сэргэлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баянтэрэм, Сүхбаатар сум, Архангай аймгийн Тариат, Батцэнгэл, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумдад хошуу захиргааны үед хатагин баг, отог байжээ.

УРИАНХАН.10-12-р зуунд Дарлигины бүрэлдэхүүнд орсон 18 монгол аймгийн нэг, Нууц товчооны мэдээгээр Урианхайн нар Алунгуагийн үед Бурхан-Халдунд нутаглаж байгаад хожим Бутанцарын эзэмшилд шилжиж Чингисийн үед Зэлмэ, Сүбээдэй зэрэг баатарууд тодорсон бөгөөд Чингис хаанаас хойш Урианхан нь Тулуй, Элжигдэй ноёны хувь өмчид ирсэн аж. Хожим 16-р зууны үед Гэрсэнзийн 7-р хүү Самбу-Бумад өвлөгдсөн Халх долоон хошууны нэг болжээ. Дараа нь Самбу-Бумбын хоёрдугаар хүү Доржравдан илдэнгийн угсааны ноёд Хөх нуурт очиж сууснаас "Хөх нуурын халх хошууд” гэгдэн Халхад Засагт хан аймгийн Урианхан Дайчин вангийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил,Бугат, Төгрөг, Шарга зэрэг сумдын халхчууд болно. Үүнээс гадна Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудад урианхан нар халх ястан бүрэлдэн тогтоход идэвхтэй оролцож байсны илрэл мөн. Судрын чуулган, монгол сурвалж бичигт монгол урианханыг түрэг урианхай нараас ямагт ялган заагласан нь тэдний хооронд угсаа ялгарлын шинж тэмдэг эрт үеэс тодорсон болохыг илтгэнэ.

ОЛХУНУД. Дарлигины 18 аймгийн бүрэлдэхүүнд орж явснаас үзэхэд олхунуд нь эртний монгол аймгийн нэгэн бөгөөд хожим 16-р зууны үеэс Халхын Засагт хан аймгийн гурван хошуу болж, удам угсаа нь одоогийн Ховдын Дарви, Цэцэг, Говь-Алтайн Дарви, Тайшир, Тонхил, Бигэр, Дэлгэр сумдад нутаглан буй. Мөн Хөвсгөлийн Шинэ-Идэр Тариалан, Булган, Завхан, Баянхонгор, Дундговь, Хэнтий аймгийн зарим сумдад “Ологнууд" гэсэн нутгийн аялгаар нэрлэгдсэн овгууд тааралдаж байна. Олхунуд нь дотроо хуваагддаг байсан бололтой. Жишээ нь: Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн (Одоогийн Ховд аймгийн Дарви сум) Олхунуд нь алаг адуутан, шар халзан хоньтон, улаан залаатан гэсэн гурван бүлэг улсаас бүрдэснээс үзэхэд Олхунуд овог нь дотроо бүлэг төрөлд хуваагдсан үе удмаа хөтөлдөг байжээ.

ЭЛЖГИН. Дарлигины бүрэлдэхүүнд орж Хонгирад аймгаас салбарлан 16-р зууны үед Гэрсэнзийн дээд хөвгүүн Ноёнтойд Бэсүд, Элжгин хоёр отог өмчлөгдөн улмаар түүний ахмад хөвгүүн Хонгор сэцэн жонон, хоёрдугаар хөвгүүн сайд Бадма Хатан баатар нар таван Бэсүд, хоёр Элжгин нараас долоон хошуу байгуулсны хоёр элжгиний удам нь одоогийн Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын халхчууд болно. Элжгин нар нь дотроо Шарилжийнхан, Буучийнхан, Зургаадайнхан, Гэлэнгүүд, Бухынхан гэсэн бүлгүүдэд салбарлан бүлэг дотроо гэрлэдэггүй байжээ.

БЭСҮД. Нирун аймгийн нэгтгэлд хамрагдаж 13-р зууны эхэнд Тайчууд аймгийн бүрэлдхүүнд байгаад 1204 онд тулгар төр байгуулах үйлсэд нэн их хүчин зүтгэсэн (Бэсүүдийн алдарт Зэв жанжин) аймгийн нэгэн болно. 16-17-р зууны үйл явдлын үед Гэрсэнзийн хоёрдугаар хөвгүүн Ноёнтойн эзэмшилд өмчлөгдөн Хангай, Алтай нурууны завсар нутагт нутаглаж улмаар халх ястан бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн овог билээ. Бэсүд овгийн удам угсааныхан одоогийн Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Дорнод аймгуудад байна.

ЧИНОС. Нируны 19 аймгийн дотор тайчуудын нэгэн салбар эртний сурвалжит аймаг, 16-р зууны үед халх түмний отог болж хожим “Чинос”-оор овоглох нь мартагдсан бололтой. Эдүгээ Ховд аймгийн Чандмань, Дорнод аймгийн Булган, Халх гол сум, Хөвсгөлийн дархад ардын дунд чинос, чонод овгийн нэр тааралдаг нь дээр өгүүлснийг бататгах баримт юм. Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Дархан, Ерөө, Алтанбулаг, Булганы Уньт, Хутаг-Өндөр Дундговийн Дэлгэрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Дарви, Хөхморьт сумдад тааралдаж байна. ДАРХАД. 13-р зууны монгол аймгуудын нэг, тулгар төрийн үйл хэрэгт оролцсон эртний овог аймаг бөгөөд 19-20-р зууны заагт одоогийн Булган аймгийн Могод, Төв аймгийн Өндөрширээт, Өвөрхангай аймгийн Бүрд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринчинлхүмбэ, Баянзүрх, Дорнод аймгийн Чойбалсан, Булган, Халх гол (Хар дархад, Ухаа дархад, Жал дархад) Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ, Хойд Мянгад, Дуут сумдад халх, дархад, мянгад, Алтайн урианхайн дунд байснаас үзэхэд нилээд нийтлэг тархсан овог байжээ.

ҮЖЭЭД. Чингисийн дүү Отчигин ноёны харъяат монгол аймаг бөгөөд хожим 16-р зууны дундуур өврийн таван халх отгийн (Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд нар) дотор суурьшжээ. Халх долоон хошууны Үжээд овог эдүгээ Булган аймгийн Бүрэгхангай суманд бий. МЯНГАД. Мянгад нь Монголын тулгар төр байгуулахад хүчин «зүггэж явсан аймгуудын нэг, хожим бага хаадын үед монгол даяар Хянганы нуруу хүртэл тархсан ажээ. Манай улсад Хөвсгөл, Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад мянгадаар овоглосон бүлэг хүмүүс нутагладаг ажээ.

ХАРНУУД. Харнууд бол 13-р зууны үеийн монгол аймгуудын нэг бөгөөд түүгээр овоглодог хүмүүс одоо Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Гурвансайхан, Өндөршил, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Говь- Алтайн Цээл, Хөвсгөлийн Улаан-Уул, Баянзүрх, Ринчинлхүмбэ зэрэг сумдад олонтоо тааралдаж байна. Энэ нь халхын голлох овгийн нэг байсны гэрч буйзаа. ТҮМЭД. (Түмэт) Нууц товчоонд “хорь түмэт", Судрын чуулганд Баргаас салбарлаж, Баргужин тохомд нутагладаг гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд 13-р зууны эхэнд Чингисийн мэдэлд шилжсэн аймаг юм. 16-р зууны үед халхын баруун түмний нэгэн түмэн 12 түмэд нь Алтайн 12 сувгийг хамгаалан суусан гэдэг мэдээ сурвалжид байдаг. Түмэд овог бүхий хүмүүс эдүгээ Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Луус, Хулд, Өлзийт суманд бий.

САРТУУЛ. Сартуул нь Чингисийн байлдан дагуулалтын үед Дундад Азиас ирж суурьшсан түрэг угсааны нэгэн томоохон бүлэг иргэд бөгөөд Хархорин хот барихад гар урлалын ажил эрхэлж байсан бололтой. Сарт хэмээх нь гар урчуул гэсэн утга бүхий түрэг үгнээс гаралтай. Хожим их гүрний дараа бусад монголчуудтай адил аж ахуй эрхлэн Тулуйн эзэмшилд орж 16-р зуунд Гэрсэнзийн заргадугаар хөвгүүн Далдан Хөндлөнд Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халх долоон хошууны нэгэн хошуу болсон ба улмаар халх сартуул хэмээн нэрлэгдэв. Одоо сартуул овгийн хүмүүс Завхан, Баянхонгор, Дорнод, Хэнтий , Увс, Булган аймгийн зарим сумдад бий.

ТАНГУД. Тангуд нь Чингисийн байлдан дагууллын шувтрага 1226 онд Монголд захирагдсан улс бөгөөд тэр үеэс монгол нутагт шилжин ирж нутагшсан хэсэг бүлэг монгол бус гарлын улс болно. 16-р зууны үед халх түмний бүрэлдхүүнд “тангад халх” хэмээх 15-р зууны хоёрдугаар хагаст Гэрсэнзийн хоёдугаар хөвгүүн Далдан Хөндлөнгийн хувь эзэмшилд Сартуулын хамт шилжин Халх долоон хошууны үүсвэрийг тавилцсан отог болно. Тангуд овгийн хүмүүс эдүгээ Дорнод, Сүхбаатар, Архангай, Завхан, Говь-Аптай, Хөвсгөл аймгийн зарим сумдад нутаглаж байна.

МЭРГЭД. Нууц товчоо, Судрын чуулганд гурван мэргэдийн Чингистэй хэрхэн харилцаатай байсныг маш тодорхой өгүүлснээс үзэхэд мэргэд нь тэр үед хүчирхэг аймаг байсныг гэрчлэх бөгөөд тэр нь эртний монгол удмын нэгэн салбар, татаар, найман, хэрээдийн адил бие даасан томоохон аймаг ажээ. Хожмын түүхэнд мэргэдийн тухай төдийлөн дурсагдахгүй болсон нь Чингисийн үр ач нарын байлдан дагууллын үеэр өрнө зүгт нүүдэллэн гарсан бололтой. Харин тэдний удам улбаа нь монгол овогтны дунд нэлээд түгээмэл тархан үлдсэн ажээ. Одоо Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан, Булган аймгийн Тэшиг сумдад яс угсаагаа мэргэдээр овоглодог хүмүүс бий.

Барга. Халхын дунд суурьшсан барга нь үндсэндээ хоёр үед холбогдоно. I үе нь Галдангийн үед Манжийн цэрэгт татагдан одоогийн Завхан аймгийн Сантмаргац, Их-Уул, Ховд аймгийн Мөст, Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай зэрэг сумдад нутаглаж байна. II үе нь XX зууны эхэнд баргын Манлай баатар Дамдинсүрэн харъяат албат нарын хамт Богд хаант Монгол улсад дагаар орсон нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумын барга нар болно. Эдгээр баргыг “хуучин барга” гэх ба “шинэ барга" нь 1945 онд Өвөр Монголын Хөлөнбуйр сумаас Шаарийбуугийн удирдпагаар ирсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын барга нар юм.

БАЯУД. Баяуд (Баяд) нь Дарлигин нэрийн дор явсан 18 аймгийн нэг бөгөөд 12-13-р зууны үед Сэлэнгэ мөрний сав газраар нутаглан, монголын талаар төр байгуулагдах хэрэг явдалд хүчин зүтгэж байснаараа нэрд гарсан билээ. 16-17-р зууны үеийн үйл явдалд Баяуд нар нь өвөр халхын таван отгийн нэгэн болжээ. 17-р зууны хоёрдугаар хагаст халх түмний дунд үлдсэн Баяуд Засагт ханы харъяанд явж одоогийн Увс аймгийн Зүүнговь, Малчин, Хяргас, Тэс сумын нутагт төвлөрөн суусан бөгөөд эдүүгээ халхчуудын дотор “Баяд”-аар овоглодог хүмүүс Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхановоо Эрдэнэдалай, Дэлгэрхайнгай, Хулд, Дорнод аймгийн Халх гол сумуудад түгээмэл байдаг.

ЦАХАР. 18-р зууны дунд үед Манжийн хаан өөрийн үржил сүрэгт Сэцэн ханы хошуунаас одоогийн Сүхбаатар аймгийн Дариганга зэрэг сумыг таслан авч Халхын түшээт хан аймгийн ноён Цэрэнжавын албат ардын нь хамт нүүлгэн суулгаж, бас цахар найман хошуунаас нэлээд ардыг албандан гаргаж тус сүргийг хариуцуулан маллуулж суулгаснаас үүссэн болно. Тухайн үед тэр сүрэгчдийг "Даригангачууд” хэмээн нутгийн нэрээр нэрлэх болсон нь хожим дариганга ястан ч гэж үзэх болсон юм. Даригангчуудын доторх Цахар, Өөлд нь халхжиж халх буюу нутгийн нэр Даригангаар овоглох ажээ.

ХАРЧИН. Манжийн засгийн газраас 1728 онд Чуулалт хаалганаас Улиастай хүртэл 64 өртөө байгуулснаас 40 өртөө нь Халхын нутаг дундуур өнгөрч халхчууд түүний 20-ийг дангаар хариуцаж, үлдэх 20 өртөөг Өвөр Монголоос гэр хөрөнгийн хамт Халхад нүүлгэн суулгасан харчин ардууд дагнан залгуулж эхэлсэн үеэс халхажсан харчин нь одоогийн Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутагт бий.

ӨӨЛД. 17-р зууны сүүлч үеийн Галдангийн Манжийн эсрэг йвуулсан дайнаас халхад үлдсэн өөлд нараар тусгай хошуу байгуулан Одоогийн Архангай аймгийн Хотонт, Өлзийт сумын нутагт суулгаснаас үүссэн ажээ. Мөн зарим хэсэг бүлгийг халхын хошуудад отоглон суулгасны удам салбар нь одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Халзан, Эрдэнэцагаан, Завхан аймгийн Их-Уул Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдад буй. 1911 онд Богд хаант Монгол улс тогтноход Цахар Сумъяа бэйс Илийн хязгаарын Бор талаас Цахар, Өөлд хамарсан албат нараа дагуулан Алтай нуруугаар дамжин Халхад ирж Богд хаант Монгол улсад дагаар орсонд одоогийн Сэлэнгэ аймагт нутаг олгон хошуу байгуулсан нь Сумъяа бэйсийн “Өөлд” гэж олны дотор нэршсэн болно.

ТОРГУУД. Өөлдийн нэгэн адил 17-р зууны сүүл үед халхад нутагшсан бололтой. Эдүгээ Завхан аймгийн Их-Уул (шар торгууд гэж өөрсдийгөө овоглодог) Өвөрхангайн Баян-Өндөр (торгууд отог гэж байсан) сумдад торгуудаар овоглодог хүмүүс бий. ЖОНГООР. Өөлд торгуудын нутагших үед холбогдох Зүүнгарчууд бололтой. Архангай аймгийн Цэцэрлэг суманд бий.

ХОТГОЙД. 18-р зууны 1754-1757 онд гарсан Амарсанаа, Чингүнжав нарын Манжийн эсрэг тэмцэл ялагдлаар төгссөний дараа Манжийн засгийн газар Чингүнжавын харъяат албат нарыг бусад аймаг хошуудад тараан суулгасан үеийн хотогойдын удам одоогийн Дорнод аймгийн Халх гол, Ховд аймгийн Мянгад суманд байгаа.

Л.Загдсүрэн.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.102] 2023-10-23 11:34:04

Дутмаг мэдээлэл байна . Эх сурвалжнаас үүдсэн бүгд мэдээллийг багцлаад хүргэж байгаа ч дутуу ойлголттой мэдээлэл авж байна.

иргэн [66.181.160.47] 2022-12-27 18:49:06

санаанд хүрсэнгүй. тааруухан л мэдээлэл байлаа.

Зочин [66.181.160.115] 2022-09-22 04:52:48

Дутуу дулимаг мэдээлэл байна,тухайлбал Урианхайчууд зөв боловч Зэлэм,Сүбээдэй нараар удирдуулсан Аданхан,Жамух гүр хаанаар удирдуулсан Жадаран урианхай гэж байсан,Аданхан Урианхайн үр хойчис тэр омгынхоо нэрээр зан үйл,түүх соёл,амьдралынхаа хэв шинжийг хадгалсаар ирсэн Алтайн Урианхай гэсэн тодотгол нэртэйгээрээ явж ирсэн.Энэ нь одоогийн Баян-Өлгийн Алтай,Буянт,Сагсай,Алтанцөгц,Бугат,Булган,Ховд аймгийн Дуут,Мөнххайрхан сумдад,үлдэгдэл нь Говь-алтай аймгийн нэлээд олон сумдад болоод Хөвсгөл аймгийн хэдэн хэдэн сумдад оршиж байгааш дээ.Алтайн гэж тодруулдаг нь түрэг гаралтайТувагаас ялгаж,салгасных юм шүү дээ.Дандаа хольж хутгаад бичээд мэдэмхийрээд байх юм.Бид чинь эрх биш өөрсдийнхөө гарал үүсэл түүхийг мэддэг юм шүү.

Эгэл [66.181.161.99] 2022-09-22 00:36:37

Ойлгоц өгсөн танд баярлалаа.Хэрэйд Найман аймгийн талаар мэдээлэл өгөхийг хүсьэ.

Чү. Пүрэвдорж [64.119.19.158] 2022-09-20 12:40:25

Монголын эртний отог овгуудын талаарх Бүдэг бадаг ч гэлээ "түүхэнд бичигдэж үлдсэн мэдээ" баримтуудыг Нийтийн хүртээл болгосон Судлаач Л. Загдсүрэн танаа талархмой

Зочин [202.131.236.138] 2022-09-20 09:18:40

халх гэж буй хүмүүс ясаа мартсан хүмүүс шүү. боржигон овог хиад ястанд л байдаг овог

Зочин [103.212.116.198] 2024-08-05 22:08:43

Битгий тэнэгт

Түүх бол өнгөрсөн үе, харин бидний ирээдүй яах бол? [64.119.23.186] 2022-09-20 02:54:23

Одоо энэ хуваарьлат ямар ч ач холбогдолгүй болж байна доо. Монголчууд чөлөөтэй нутгаа сольж, нүүж, бусад овогь аймгийн хүмүүстэй чөлөтэй гэрлэж холилдож байна. Тэрч байтугай гадаадруу үй олноороо дүрвэж, тэндээ гадаадын хүмүүстэй гэрлэж, хүүхэд нь гадаад овон нэр авч байна. Энэ нь сүүлийн 30 жил чөлөөтэй болжээ. Тэгэхлээр овгийнхоо цэвэр цустайгаа үлдсэн монгол байна уу? Овог гэдэг нь сайхан түүх болж үлдэж байна доо. Харин энэ том дэлхийд "монгол" гэсэн удамшлаа авч үлдэж чадах нь уу? Бид чинь хятаджиж болно, оросжиж болно, европжиж болно. Харин монгол нь монголоороо үлдэж чадах болов уу?

Зочин [202.70.44.46] 2022-09-20 00:26:01

Нөгөө Нууц товчоонд бичигдсэн Найман, Хэрэйдүүд хайчив. Их л том аймгууд шүү дээ

Бямба [103.145.235.133] 2022-09-20 11:14:35

Казакстанд байгаа

Зочин [202.126.90.139] 2022-09-20 10:31:41

Хэрэйдүүд Архангайн Хангай сум,урд бас бгаад бх шиг бна.Өөр хаагуур тарсын.

Иргэн [66.181.161.3] 2022-09-20 04:05:31

Тэд нар чинь тува алтай, киргиз казахууд шүү дээ, тэд нар харин ч хүчирхэгжиж байна


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.