Х.Чилаажав: Уран бүтээлчийн ховорхон хувь заяаг дэмий өнгөрүүлж болохгүй юм байна гэж бодогдох боллоо
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажавтай ярилцлаа.
-Та оюуны соёлын бүхий л салбарт чамгүй олон жил ажиллаж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг танд уран зохиолын тодорхой нэгэн бүтээлийг үнэлж өгөв үү. Эсвэл соёлын өргөн хүрээнд явуулсан үйл ажиллагааг тань онцлов уу. Зарим хүмүүс оройтож авлаа ч гэцгээж байх шиг?
-Би лав оройтсон гэж бодохгүй байгаа. Олон жил авах юм сан гэж бодож мөрөөдөж явсангүй л дээ. Зохиолчдын байгууллагад найман жил гүйцэтгэх захирал, дөрвөн жил Удирдах зөвлөлийн даргаар ажиллахдаа олон зохиолчийн шагналын тодорхойлолтыг бичиж байсан даа. Миний ажиллаж байх үед олон ч зохиолч гавьяат, төрийн шагналтан ардын уран зохиолч болж байсан. Тэгээд “За миний хүү, миний цолыг аваарай” гэцгээнэ. Тэр үед нь сонин санагдаад л өнгөрдөг байлаа. Би өөрөө баярлахаас гадна ах дүүс, хамаатан садан, найз нөхөд, үр хүүхэд, хань ижил эргэн тойрныхон маань их баярладаг юм байна. Тэднийгээ баярлахыг харах сайхан байна. Нөгөөтэйгүүр уншигч өргөн олон баярлаж байгаа бол шагналын гол утга учир тэр л дээ. Өөртөө ирэх алдар нэрийг өөрөө хайж олж авах биш аяндаа төр түмэн мэдээд, бусдыгаа баярлуулж ирж байгаа шагнал бол сайхан. Аав, ээж минь бурхан болоод удаж байна. Тэднийгээ бас бодож байлаа. Хүү минь төр түмэндээ үнэлэгдэж байна даа гэж хэрвээ амьд сэрүүн байсан бол их л баярлах байсан байх даа.
-Та аав ээжээсээ хэдүүлээ вэ?
-Зургуулаа. Хоёр ах, хоёр эгч, нэг дүүтэй. Намайг хорин тавтай байхад аав ээж хоёр минь гуравхан сарын зайтай өөд болсон. Тэгэхэд би шүлэг л бичдэг залуу байв. Түүнээс хойш хорин таван жил өнгөрчээ. Ийм үед хүн эрхгүй л аав ээжийгээ л боддог юм билээ. Миний хамгийн том ах бас гавьяат цолтой хүн бий. Нэг айлаас хоёр гавьяат төрлөө гээд ах дүүс их бэлгэшээж байна.
-Ах тань юу хийдэг вэ. Хэзээ гавьяат цол хүртэв?
-Долоо найман жилийн өмнө гавьяат авсан. Миний ах эмч хүн. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Оросоо гэж хүн бий. Говь-Алтай аймагтаа байдаг. Насаараа л тэнд ажилласан.
-Энэ жил олон сум ерэн жилийн ойгоо тэмдэглэж байна. Танай сум яаж байна?
-Манайх Говь-Алтай аймгийн Дэлгэр сум. Энэ жил ерэн жилийн ойтой. Саяхан бид нутгийнхаа Лүн хайрхны тахилгыг хийгээд ирсэн. Улаанбаатар хотод байгаа нэг голын хэдэн хүн нийлээд гурван жил дараалан тахиж байгаа юм. Уулынхаа тахилгыг хийж ирээд, хадмынхаа нутагт очлоо. Төв аймгийн Баян-Өнжүүлд Зоргол хайрхан гэж гайхамшигтай сайхан уул байдаг юм. Тэр ууланд оччихоод ирсэн.
-Энэ зун нутаг, ер нь хөдөөгүүр ямархуу байна?
-Нутаг маш сайхан байна аа. Энэ жил ер нь монгол нутаг даяараа бороо хур, ургамал ногоо жигдэрсэн их сайхан зун болж байна. Би энэ жил хөдөө нэлээн явлаа. Манай сумын ой ирэх наймдугаар сарын эхний өдрүүдэд болно. Нутгийнхаа ойд очно доо. Манай нутагт хөдөлмөрийн баатар, төрийн шагналтан, гавьяатууд, гуч дөчин эрдэмтэн байна. Эрдэмтэн их олон төрсөн нутаг.
-Энэ жил наадам их сайхан боллоо. Сүүлийн жилүүдэд хүмүүс наадмаа үндэсний соёл гэдэг өргөн утгаар нь илүүтэй хүлээж авдаг болж. Та бөх, морь хэр сонирхдог вэ?
-Монгол хүн юм чинь бөх, морио үзэлгүй яахав. Өөрөө морь уядаггүй ч гэсэн байнга морио үзнэ. Би боддог юм. Монгол үндэстний том дархлаа бол наадам, цагаан сар хоёр гэж. Монголчууд бид тусгаар улс байсан цагт энэ хоёр баяр цэнгэл байж л байна. Нэгэн цаг үед монголчууд бид энэ хоёр баяраа тэр бүр өөрийн дураар тэмдэглэж чаддаггүй байсан шүү дээ. Энэ жил наадмаар тав хоног амарсныг би их зөв боллоо гэж бодож байгаа. Цагаан сараараа бүр долоо хоног амраад, ээлжийн амралтаа харин багасгаж болно шүү дээ. Наадам, цагаан сараараа сайхан амраад хүмүүс ах дүүс, найз нөхдөөрөө аажуу тайвуу уулзаад, гол ус нутаг зоноороо баярлаж л байвал хичнээн сайхан. Цагаан сараар гэхэд л хүмүүс субботник хийж байгаа юм шиг яаруу сандруу юм болдог. Тэрийг болимоор юм шиг санагддаг. Үндэсний соёл, тусгаар улсын бахархал байна даа, өргөн дэлгэр байх тусмаа сайхан.
-Таныг Үндэсний төв номын сангийн захирлаар очсон үеийг санаж байна. Маш олон жил урсгалаараа явсан хэцүүхэн газар байсан. Үндэсний төв номын сан уг нь тухайн үндэстний оюуны соёл, шинжлэх ухааны олон улсад нээлттэй төв байдаг. Гэтэл манайд дуртай хэдэн хүн очиж ном уншдаг нийтийн номын сангийн маягаар явж ирлээ шүү дээ. Та тэнд ажиллах хугацаандаа юу юу хийж амжуулав?
-Үндэсний төв номын санд би дөрвөн жил боллоо. Саяхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Өмнө нь удирдаж байсан хүмүүсийг би шүүмжлэхийг хүсэхгүй байна. Цаг үе ч хэцүү байсан. Манай төр өөрөө энэ том оюуны салбараа анхаарлынхаа гадна хаячихсан. Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам гэхчилэн яамдын бөөрөнд хаячихсан. Хүн очоод ном авахаар гаргаж өгдөг тиймэрхүү байдлаар үндсэндээ ерэн жил явсан даа. Би ажил авсныхаа дараа үнэхээр харамсаж байсан. Манай монголчуудын оюуны их өв сан ямар яндашгүй билээ. Гэтэл ямар аймаар байдалд байна. Тэгээд тухайн үеийнхээ удирдлагууд, сайд дээр ороод энэ байдлыг хэлж байсан. Тухайн үед, Ё.Отгонбаяр сайд дэмжлэг үзүүлж л байсан, одоо ч гэсэн овоо дэмжиж л байна. Технологийн шинэчлэлт, байр савны асуудал тодорхой хэмжээгээр хийгдэж шийдэгдэж байна. Гэхдээ суурь юмандаа их том бодлогын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой юм. Үндэсний номын сан бол аливаа ард түмний оюун санааны баримтат өв учраас улс орнууд үүндээ тусгай бодлоготой ханддаг. Энэ талаар манайх дэлхийгээс маш их хоцорсон. Өндөр хөгжилтэй орнуудыг харж байхад бүгд IT-ийн том компаниудаа төрийн бодлогоор үндэсний номын сантайгаа холбоод өгчихсөн байдаг.
Мэдээллийн технологийн том том туршилтуудыг үндэсний номын сандаа оруулдаг. Жишээ нь, ямар л шинэ технологи гарна түүнийг яаж номын сантай холбож ашиглах вэ, хүн гэртээ сууж байгаад яаж номын санд байгаа мэдээллийг шууд татаж авах вэ, дэлхийн аль ч өнцөг булангаас үндэсний номын санд байгаа ямар ч ховор нандин дурсгалтай хэдэн төгрөг төлөөд л танилцаж болдог тэр боломжийг хангачихсан байдаг. Манайх энэ жишиг рүү орох ёстой. Хоёрдугаарт манай ард түмэн бол чамгүй их юм бүтээсэн ард түмэн. Би саяхан Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хоёр хуулийн төсөл боловсруулж өгсөн. Ер нь дэлхийн улс орнууд үндэсний номын сан нь тусдаа хуультай байдаг юм.
-Энэ хуулиар бодлогын чанартай ямар өөрчлөлт хийхээр байгаа вэ?
-Эрх зүйн хувьд дэлхийн улс орнуудын үндэсний номын сан ямар байдаг юм гэдгийг би судалж үзсэн л дээ. Дэлхийн том орнуудад үндэсний номын сан нь гурван янзын статустай байдаг юм байна. Хаантай орнуудад үндэсний номын сан нь хааны дэргэд юм уу хатан хааны дэргэд байдаг. Зарим оронд Конгрессын гэдэг ч юм уу дандаа тусгай статустай. Гурав дахь нь, Ерөнхийлөгчийн дэргэд байдаг. Ингэж статусын хувьд бие даасан, аль нэгэн улстөрийн томилгооноос ангид, маш сайн дархлаатай, тусдаа төсөвтэй, тусдаа хяналттай, нэлээн элит хүрээний санхүүжилттэй байдаг юм билээ. Ер нь гадны элитүүд үндэсний номын сан, үндэсний музейдээ хөрөнгөө оруулдаг, тэнд том том төслүүд хэрэгжүүлэх боломжуудыг нь татвараас чөлөөлөх гэх мэт олон янзын арга хэрэгслээр хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Өнгөрсөн жилүүдэд бид хоёр ч төсөл хэрэгжүүлээд гайгүй тоног төхөөрөмжүүд авчихсан. Ховор ном судруудаа түрүүчээс нь дижитал болгоод явж байна. Өмнө нь тэр ховор нандин ном судруудын хуудсыг шүлсдээд эргүүлдэг байсныг халсан. Хамгийн түрүүнд бид үнэт ховор гэдэг ангилалынхаа ном судруудаа дижитал болгочихсон. Бүгдийг нь, хуудас бүрээр нь тоолоод, хуулбарыг нь хийж цахим болгоод, үлдсэнийг нь тусгай танхимд мэдрэгчтэй, камертай, дохиололтой болгосон. Ер нь хадгалах хамгаалах хамгийн чухал нь байдаг. Зарим оронд үндэсний номын сан нь таван давхар газар доор, дөрвөн давхар нь газар дээр байх жишээтэй. Доод хоёр давхартаа хамгийн хосгүй нандин өвүүдээ хадгалдаг.
Тэр нь маш өндөр зэрэглэлийн технологиор хамгаалагдсан байдаг. Газар хөдөллөө гэхэд л байшин нураад алга болсон ч архелогичид шиг буцаагаад гаргаад ирэхэд бүх юм нь байж байдаг. Тийм хэмжээнд л үндэсний номын сангаа байгуулсан байдаг юм. Би энэ салбарт цөөнгүй жил ажиллалаа. Асар их ядарснаа мэдэрч байна. Төр засгийн ямар ч бодлого байхгүй, зөнд нь хаячихсан энэ номын санг, оюуны тэр их өвийг харин ч тэнд ажиллаж ирсэн үе үеийнхэн хадгалаад аваад ирсэн гавьяатай. Алдаад дуусгачихсангүй. Ямар ч байсан хадгалаад өдий хүргэж ирсэн нь том гавьяа. Үндэсний төв номын сан бол бас ч гэж их юм авч үлдсэн шүү.
-Одоо таны уран бүтээл рүү оръё. Та хамгийн сүүлд хэзээ номоо гаргалаа?
-2005 онд нэг ном, 2007 онд нэг ном гаргасан. Дөрөв таван номтой. Түүнээс хойш ном гаргасангүй. Би 2009 онд шүлгийн нэг ном гаргах гэж бэлдсэн ч тэгсгээд орхисон. Тэр үед ер нь галзуу солиотой юм шиг л ажиллаж байсан байна шүү. Зохиолчдын эвлэл, Радио телевиз гээд. Дараа нь Үндэсний номын сангийн захирлаар очоод номын сангийнхаа номтой ноцолдоод өөрийнхөө номыг хойш тавьсан. Сүүлийн дөрвөн жилд цэвэр номын сантайгаа ноцолдлоо. Сая ажлаа өгчихөөд ном, зохиолоо бэлдээд суусан чинь өөртөө харамсмаар сэтгэгдэл төрж байлаа. Өөрийнхөө уран бүтээлийг хойш нь тавьсаар маш их алгуурласан байна. Нас дөч гарчихлаа. Авьяас гэдэг хүн болгонд заяагаад байдаггүй, ховорхон заяадаг зүйл. Тэр ховорхон хувь заяаг дэмий өнгөрүүлж болохгүй юм байна гэж бодогдох болсон.
-Дөчин хэдэн нас бол хүний эрдэм чадал тэгширсэн, ид хийж бүтээх нас шүү дээ. Одоо л жинхэнэ хийгүй, жинтэй том том бүтээлээ гаргах цаг?
-Тэгж бодож л өөрийгөө зоригжуулаад бичиж, янзалж, цэгцэлж байна. Албан ажилтай нэрээр зохиол бүтээл, дотоод ертөнцөөсөө өөрийгөө холдуулчихаж. Хүний сэтгэлгээ гэдэг тийм амархан байдаг бололтой. Манай томчуудын дурсамж, яриа хөөрөөнөөс харахад, өдөр болгон бичиж байх ёстой гэдэг байсан. Тэр үг аргагүй үнэн юм байна.
-Заримдаа хорин хэд, гучин насандаа, маш хүчтэй, хүсэл мөрөөдөл дүүрэн, эр зоригтой үедээ бичсэн зохиол бүтээл нь сүүлийнхээсээ хавьгүй илүү ч байх тал бий шүү, тийм ээ?
-Эр зориг гэдэг чинь л их оносон үг байна. Айж ичих гэдгийг мэдэхгүй нас шүү дээ. Одоо ингээд дөч гараад ирэхээр айж эмээх болгоомжлох нь их болчих юм. Нэг юм бичихээрээ бусдыг, өөрийгөө ч давтчихгүй юм сан гэж болгоомжлох ч шиг. Ийм нэг тууштай биш байдал харагдаж байна аа. Багынхаа шүлгүүдийг хүртэл сөхөж харахад нээрээ би ийм шүлэг бичиж байл уу гэж бодох шиг. Тэр шүлгүүдээ би одоо бэлдэж байгаа номондоо оруулна. Бүр арван хэдэн жилийн өмнө бичиж байсан шүлгүүдээ тухайн үедээ тоогоогүй хаячихсан юм их байх юм.
Тэр болгоноо одоо эргүүлээд цэгцлээд сууж байна. Уран бүтээлчийн хувь заяа олдоно гэдэг бол их том хувь заяа юм даа. Энэ хувь заяагаа гээчихэлгүй, ид шидийг нь гаргаж, энэ том хувь заяаныхаа эзэн нь болж чадаж л амьдрах ёстой юм байна даа гэж бодох боллоо. Хараад байхад зарим нь цаг үеийн жижиг сажиг алдар хүнд ч юм уу, юм юмны золиос болчихож байна. Зарим нь ажил амьдралынхаа буулганд тэр сайхан хувь заяагаа гээж орхичихож байна. Ийм харамсалтай юм байдаг юм байна. Ийм юм руу би ч гэсэн бас орооцолдож явсан тал байх ч шиг. Уран бүтээлчийн хувь заяаг цаг зуурын юманд үрэх ёсгүй юм байна гэж гэнэт бодлоо. Номын сангийн захирлын ажлаа өгье гэж сайд дээр ороод хэлсэн. Маш гайхаж байна лээ. Яамны дарга нар ч их гайхаж байсан. Зохиолч хүн номын сангийн дарга байхаас илүү сайхан ажил юу байна, чи татгалзаж байдаг, ямар сонин хүн бэ, яах гэж байгаа юм, улс төрч болох гэж байгаа юм уу гээд гайхацгаасан.
-Хүмүүс монгол хэл суларлаа гэж их ярих болжээ. Гэтэл уран зохиол, театраас монгол хэл маань унаган төрхөөрөө сонсогдсоор л байгаа шүү дээ. Ер нь үндэсний хэл, түүний дархлааг гудамжнаас биш үндэснийхээ уран зохиол, театрын соёлоос бодитоор нь харах боломжтой л доо. Ингэхэд та жүжиг, хүүрнэл зохиол бичиж байгаа юу?
-Надад хэд гурван өгүүллэг бий. Хоёр ч роман бичиж эхлээд дуусгаагүй яваа. Жүжгийн зохиол ч ганц нэг юм байгаа. Нэг их сайн болохгүй л байна. Нөгөө л хаширладаг зангаараа болоогүй л юм шиг санагдаад байх юм. Гэхдээ бичих ёстой гэж бодож байгаа.
-Та энд тэнд шүлэг уншаад явахгүй юм. Дамчаа гуайтай хамтарч “Хурд” хамтлагийн дуулсан “Эх орон” дуу тань манай мэргэжлийн дууны урлагт төрж гарсан, монгол хүний сүлд дуу шиг болчихсон цөөхөн дууны нэг. “Аавдаа би хайртай” дуу байна. Яруу найрагчийнхаа хувиар та нэг их ил дуугараад байхгүй нь юуных вэ?
-Даргын ажил хийж байгаа хүнд нэг муухай тал байдаг юм. Өөрөө шүлгээ уншаад, өөрийгөө рекламдаад ч байгаа юм шиг муухай харагддаг юм. Хүмүүст ойлгогдохдоо онцгүй юм шиг санагддаг. Тиймээс энд тэнд шүлэг ер уншиж явсангүй. Хүн малаа тоолдог шиг би саяхан хэдэн шүлэг зохиолоо цэгцэлж үзлээ л дээ. Дөчин хэдэн дуу байдаг юм байна. Арван хэд нь хүмүүст овоо хүрчээ. Тэгж байгаад нэг тоглолт хийнэ дээ гэсэн бодолтой.
-Та зохиолчдын, хэвлэл мэдээллийн, үндэсний номын сан бичиг соёлын өвийн гээд их өргөн хүрээнд ажиллаж ирж. Одоо та уран бүтээлд алдсан хугацаагаа нөхөх боломжтой боллоо. Зохиол бүтээл рүүгээ нэлээн шуналтай орж, жинтэй бүтээлүүд гаргах байх гэж бодож байна?
-Хүмүүс, найз нөхөд, хань ижил маань ч хэлж байна. Чи одоо уран бүтээлээ хийгээч гэж сүүлийн үед хэлдэг болсон. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд чадах юмаа хийх л ёстой юм байна. Ер нь заавал Монголын сонгодог, дэлхийн сонгодог болох ёстой биш. Өөрийнхөө хэмжээнд ертөнцөөс авсан юмаа олон түмэнд түгээх ёстой юм байна гэж бодогдож байна шүү. Би өөрийгөө их юм алдчихлаа гэж байгаа юм биш шүү. Хорин таван боть номоо гаргачихаад Түдэв гуай хэлж байсан. Би амьдралдаа нэг удаа уран бүтээлийн чөлөө авч үзээгүй, хэзээ ч ажлаа тасалж байгаагүй, би насаараа ажил хийсэн гэж хэлж байсан. Хүн өөрийгөө зөв зохион байгуулж чадвал ямар их зүйл бүтээдгийн жишээ энэ л дээ.
-Хуучин цагийг бодвол өнөө үед амьдралын хурд гэж нэг том юм бий болчихоод байна л даа. Ийм том ялгаа байна. Ялангуяа уран зохиолын ерээд оныхны даван туулж яваа амьдрал бол бүх талаараа давтагдашгүй?
-Би заримдаа жар, дал, наяад оны зохиолчдыг маш азтай хүмүүс гэж боддог. Орчин нөхцөл нь хангалттай байсан. Ажлаа ч, бүтээлээ ч хийгээд, бүтээлийг нь төр аваад хэвлээд борлуулаад өгчихдөг байв. Энэ бол маш том аз шүү дээ. Бидний үед тийм юм байсангүй. Бид бол нөгөө л картын бараанаасаа эхлээд гүйгээд л гүйгээд л өдий хүрсэн. Гэр бүл, үр хүүхэд, орон байр бүх юмыг өөрийнхөө бор зүрхээр зүтгэж бий болгож, гүйж туулж амьдарч байна. Амьдралаа л нэгдүгээрт тавихаас өөр аргагүй л болдог юм байна шүү дээ. Ингэж хорин жил ухаан жолоогүй харайж харайж одоо л нэг сэхээ авч байх шив дээ. Нөгөөтэйгүүр, жинхэнэ уран бүтээлчид бол манай ерээд оныхны туулсан шиг ийм л цаг үеэс төрдөг. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш. Ер нь Монголын уран зохиолд ерээд оныхон бол яах аргагүй бүхэл бүтэн том тэсрэлт болж гарч ирсэн дээ. Үүнийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. Би бол үеийнхнээрээ бахархдаг. Тэглээ гээд Зохиолчдын хороонд олон жил ажиллахдаа зөвхөн үеийнхнээ мандуулаад, бусдыг нь доош нь дарах ажил хийгээгүй. Үүндээ бас их сэтгэл өег, бахтай л байдаг юм.
-Уран зохиолд менежмент яаж хиймээр юм бэ. Зохиолч зөвхөн бүтээлээ хийгээд амьдрах бололцоог та өнөөдөр төсөөлж байгаа юу?
-Менежмент хэрэгтэй л дээ. Гэхдээ энийг хийгээд явж байгаа жишээ нь, зураачид байна. Зохиолчид ч бас үүний төлөө өөрсдийгөө боловсруулах, зах зээлээ олж авах ийм юмнуудыг бас хийх шаардлагатай байх л даа. Үүнд төр үүрэггүй л дээ. Гэхдээ төрийн нэг ерөнхий бодлого л байх ёстой гэж боддог. Тэр бодлого нь хэн нэгэн алдар хүндтэй хүний төлөө биш, хэн нэгэн алдар хүндтэй хүнийг бий болгохын төлөө биш, ерөнхий Монголын утга зохиол гэдэг том юмыг л бий болгох түүний төлөө байх ёстой. Ямар ч төрд байх л ёстой зүйл.
-Сүүлийн үед та шүлэг бичив үү?
-Бичсээн. Сая гавьяат боллоо гээд зохиолчид маань баяр хүргэлээ л дээ. Бүгд баяр хүргэж үг хэлсэн чинь манай А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал хоёр ийм нэг шүлэг байдаг шүү өөрт нь нэг сануулъя гээд миний шүлгээс уншиж өглөө. Их сонин гоё санагдаж байлаа. Миний дуунуудаас дуулаад, шүлгийг маань уншсан чинь нулимс гарах гэж байна лээ шүү. Би ийм шүлэг бичдэг байсан юм байна шүү дээ, одоо яасан хөлдүү болчихоо вэ гэж бодогдож байгаа юм чинь.
-Яруу найрагч Х.Чилаажав “Хурд” хамтлаг хоёр уран бүтээлийн нандин холбоотой. Эдний Отгонбаяр бас гавьяат болоо. Та хэд уулзав уу?
-Ярьцгаасан. Хурд хамтлаг миний арван есөн шүлэгт аялгуу хийж дуулсан байдаг юм. Дандаа номонд орсон шүлгүүдээр маань хийсэн дуунууд юм.
-Та соёлын салбарт нэлээн олон жилээ зарцууллаа л даа. Харин одоо өөрийн уран бүтээлээ бодох цаг ирж байна. Танд баяр хүргэе?
-Бичнэ ээ л гэж бодож байгаа шүү дээ. Дараагийн удаа яривал өөр юу ч ярихгүй, зөвхөн уран бүтээлээ л ярья.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.40.23] 2022-10-04 01:13:50
АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭЙ ЭНЭ НӨХӨР ХЭЗЭЭ ТЭГЭЖ ИХ ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯДАРСАН ЮМ БОЛОО? ӨӨРТӨӨ Л БАЙНГА АШИГ ГАРГАЖ ЯВСАН БАЙХ, ТҮҮНДЭЭ ЯДРААГҮЙ БОЛ ЭНЭ ЯАСАНДАА ЯДРАХ ВЭ
Зочин [202.55.188.118] 2022-10-03 12:25:28
Erguu dagznuud????
ЗОЧИН [202.9.40.23] 2022-10-03 07:01:13
ТӨВ НОМЫН САНГИЙН ЗАХИРЛЫН АЖЛАА ДӨНГӨЖ ӨГСӨН БОЛОЛТОЙ БАЙХ ЮМ, САЯ ГАВЬЯАТ БОЛООД Л ГЭХ ЮМ, МИНИЙ МЭДЭХИЙН ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО ТӨВ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ БОЛООД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА, ЭРТЭЭ ТАЛИЙГААЧ БОЛСОН ЯРУУ НАЙРАГЧ А.ЭРДЭНЭ-ОЧИР ШҮЛЭГ УНШЛАА Ч ГЭХ ШИГ, ЭНЭ ХЭЗЭЭНИЙ ЮМ ЯВЖ БАЙНА ВЭ?
Иргэн [202.126.89.232] 2022-10-03 16:57:13
Зарим уран бүтээлчид чинь хий, хийрхэл, хөөс, давалгаа, савалгаа ихтэй сонин характертай ч юм шиг хүмүүс байдаг юм билээ ш дээ ТВ- ярьж бгааг нь сонсоход. Зохиодог гэдэг утгаараа залж өгнө өө хахаха