Номын их хүмүүн Ш.Гаадамба: Би “Нууц товчоо”-ны агуулгаас зохиогчийг нь эрсэн юм.
Ш.Гаадамба гуай ийнхүү хэлж байжээ. Сайтар уншиж үзвэл дараах зүйлүүдийг ажиглаж болно. Нэгдүгээрт: Баруун зүгийн аян дайны хэсэгт огт оролцоогүй хүмүүсийг оролцсон мэтээр (жишээ нь Мухалиг) бичсэн байдаг. Үүнээс зохиогч нь гадаадын аянд оролцоогүй хүн өөрөөр хэлбэл тэр явдлыг нарийн мэддэггүй хүн байжээ гэж үзмээр. Хоёрдугаарт: Ордны үйл явдлыг их нарийн тодорхой бичсэн бий. Чингис хаанаас дуулах аргагүй нарийн мэдээллийг зохиогч хэнээс олж авав гэхээр, Бөртэ хатнаас л сонссон болж таараад байгаа юм. Өөлүн, Бөртэ нарыг Чингис хаанаас ч илүү ухаантай хүмүүс байсан маягаар дүрсэлсэн тэр шадар хүн хэн байв? Боломжтой дөрвөн хүнээс би Хоргасуныг сонгож авсан. Хоргасун бол Бөртэтэй сэтгэлийн холбоотой байсан, хааны сум хадгалагч хүн. Аргасун хуурчийн домог “Нууц товчоо”-ноос 100-гаад жилийн хойно бичигдсэн. Энэ нь Хоргасуны тухай домог. Угтаа нэг л хүн. Бас бус олон зүйлийн тайлбар нэмж болно л доо.
“Нууц товчоо” бол монголын уран зохиолын дурсгалын анхных ч биш, бас эцсийнх ч биш гэсэн академич Ц.Дамдинсүрэн гуайн үгийг би зөвшөөрдөг хүний нэг. Ямар учраас вэ? “Нууц товчоо”-ны анхны галиг дахь зарим үгсийн бичлэг, дуудлага нь үгсийн хувирлын хуулиар маш эртний бичгийн хэл байжээ гэж бодогдуулмаар байгаа юм.
Энэ хуулиар хэлний насыг тогтоох оролдлогыг японы эрдэмтэд хийсэн. Миний бодлоор бол манай хуучин бичиг (сонгодог бичгийн хэл) 1500 орчим жилийн, магадгүй түүнээс ч өмнө Хүннүгийн үед хэрэглэгдэж байсан байж болох юм. Энэ бүхэн “Нууц товчоо”-ноос өмнө өөр зохиол бичиг байсан гэж дүгнэхэд хүргэлээ. “Нууц товчоо”-ноос өмнө ямар зохиол байсныг хэлж чадах хүн одоогоор байхгүй ч “Нууц товчоо”-ны зарим үг, үлгэр, домог нь тийм бүтээл байсныг санагдуулмаар байдаг. Жишээ нь, Дува сохор гэсэн нэр. Дува гэдгийн дуудлага нь “Дө” юм. Энэ үг киргизээр “Аварга” гэсэн утгатай гэж Юдакины тольд тайлбарлажээ.
Тэгвэл “Аварга сохор” гэсэн үг байж болно. Энэ маань грекийн Полифем (ганц нүдэт аварга биетэн)-ийг санагдуулна. Төв Азид яригддаг домог грекийн үлгэр туульст шингэсэн байж болох бус уу. Эцсийн эцэст Гомер ардуудаас авсан уу? Ард түмэн Гомероос авсан уу? гэдгийг тогтоогоогүй шүү дээ... “Нууц товчоо”-ны эхэнд “Бөртэ чинуа, Хоо марал тэнгис далайг гаталж ирээд” гэсэн өгүүлбэр байдаг. Энд нэг алдаатай буулгасан зүйл байх шиг санагддаг юм.
“Далай” гэсэн үг үндсэн эхэд нь байгаагүй болов уу. “Тэнгис гэтэлж” гэж унших ёстой юм. Гатлах биш гэтлэх! Тэнгис нэртэй гол Хөвсгөл аймгийн хойт захад байна гэж дуулдсан. Түүнийг л гэтэлж ирсэн юм шиг болох гээд байгаа юм. “Эмээлийн дуу” гэсэн хэллэгийг “Нууц товчоо”-ноос зарим эрдэмтэд гаргаж ирсэн юм. “Эм-хи-нүүн дуунд авбай” гэсэн мөр байдаг юм л даа. Ацаг, шүдийг нь буруу татсанаас болоод үүнийг “эмээлийн” гэж ойлгоход хүрсэн болов уу. Тэр ч байтугай Хайссиг гуай “эмгэнэн” гэж буулгаад эмгэнэлийн дуу гэсэн маягаар ч тайлбарласан удаа бий.
“Эмхлэн дуунд авав” гэж ойлгох нь зөв болов уу. Дуу гэдэг маань шүлэг гэсэн үг. Сургаалын зарим үгсийг шүлэг болгон номонд оруулж байсан ийм уламжлалын жишээ нь “Нууц товчоо” юм. Чингис хааны үед персийн түүхчид хоёр хуваагдсан байжээ. Рашид-ад Дин, Жувейний нар бол Чингист дагаар орсон талынх нь хүмүүс. Тийм ч учраас Монгол гүрнээр байнга явдаг, баялаг мэдээ материалтай байсан.
Чингис хааны жинхэнэ төрийн бодлогыг тэд сайн мэдэж байсан учраас зөв талтай бичсэн гэж үздэг. Харин эсрэг тал буюу зугатаж зайлсан хүмүүс мэдээ, баримтаар хомс, гол төлөв харааж зүхсэн зүйлийг бичиж үлдээсэн байх юм. Соёлыг устгах нь Чингис хааны зорилго байгаагүй гэдгийг батлахад нэр дурдсан түүхчдийн бүтээл тус болно. ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалахаар явахдаа хүүхдийн утга зохиолын тухай бичих ёстой байсан юм. Гэтэл тэр үед хүүхдийн зохиол тун ховор. Бичих юм нэг л хомс санагдаад Михайлов багштайгаа зөвлөлөө.
Тэгээд л “Монголын нууц товчоо” уран зохиолын дурсгалт бичиг мөн, эсэх сэдвийг боловсруулахаар шийдсэн дээ. Тэр үед “Нууц товчоо”-г зөвхөн түүхийн бичиг гэж үздэг байсан юм. Гэтэл дотор нь уран сайхны маш сайхан дүрслэлүүд байдаг. Академич Д.Лихачев зэрэг хүмүүс “Игорийн цэргийн үг”-ийг тайлбарласан. Андрей Рублев (Оросын сүмийн зураач)-ын бүтээлийн тухай сонирхолтой судалгаанууд бичиж байсан үе л дээ. Би тэдгээрийг уншаад ер нь “Нууц товчоо”-г судалбал ард түмнийхээ эртний соёлын өвийг гаргаж ирж болох юм даа гэсэн бодол төрсөн. Ер нь тэгээд “Нууц товчоо” руу нэг ороод, “шунгаад” ирэхлээр эргэж салахын аргагүй болчихдог юм билээ... |Т.Мандиртай хөөрөлдсөн ярилцлагаас нь тоймлов|
Сэтгэгдэл
Рэнцэн [202.126.88.204] 2022-10-17 02:44:58
Төрийн их заргач Шихихутаг бичсэн байх магадлал өндөр юм учир болбоос түүхийг үнэнээр бичих ёстой гэдэг логикоор хууль сахиулах эрх, үүрэгтэйн холбож судлах шаардлагатай..
зочин [202.9.46.87] 2022-10-15 03:46:44
Сорхгтан хатан бичсэн байх аа
Зочин [66.181.160.56] 2022-10-15 02:28:32
Монгол газар монгол хүн монгол бичгээр туурвисан гэдгийг нь бат нот баталсан хүн. Жинхэнэ эрдэмтэн.
Зочин [103.212.116.119] 2022-10-14 10:29:46
Гаадамба гуай мэргэн гүүш шүү, одоогийн өөрийгөө гүүш гээд байгаа хүмүүстэй эн зэрэгцэмгй аугаа хүн.
Хамаг Монгол [202.9.46.86] 2022-10-14 09:40:45
Нууц товчоог нухацтай биш ч гэсэн цөөхөн удаа уншиж, хэрэг болсон үед эргэн эргэн хардаг. Мөн сүсгийн үүднээс биш, сонирхлын үүднээс манайхан ариун ном гэдэг тэр Библийг гүйлгэж харсан. Эрэгцүүлээд бодохоор энэ хоёр номын бичсэн байдал, ерөнхий үйл явдалд төстэй, бүр аль нэгээсээ санаа аваа юу гэмээр юмс тааралддаг л юм. Исламын шашны Коран ч гэсэндээ Библээс хуулсан юмс байдаг л юм билээ. Орштугай.
ганаа [202.72.247.58] 2022-10-14 08:41:17
Аугаа ийм хүмүүн Их Монгол Улсдаа дахин олноороо төрөх болтугай. Аугаа хүмүүн.