Сенсаци мэдээлэлд тархиа базуулагчид
Нийгмийн сүлжээ цахим хэрэгсэл гарт ойр хөгжингүй хурдтай болох тусам хэн нэгнийг гутаан доромжлох, сэтгэл зүй, ажил амьдралд нь хүнд цохилт өгөх нь алга урвуулахтай адил хялбар болов. Хувь хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сошиал сүлжээнд бичих нь дурын хэрэг ч гэлээ хүний эрхэнд халддаг, гутаан доромжилдог, ёс суртахуунгүй бүдүүлэг байдал гаргах, худал мэдээлэл түгээх зэрэг нь хуулийн хариуцлагад татагдах үндэслэл болно. Аливаа арилжааны зар сурталчилгаа нь соёл, ёс суртахууны хэмжүүрийг баримталдаг, байх нь зөв. Маркетингийн менежерүүд ч аливаа хүн байгууллагын дүр төрхийг ямараар яаж гаргахаа мэргэжлийн үүднээс алдаа мадаггүй илэрхийлдэг байх.
Сүүлийн үед ач холбогол багатай сенсаци нийгмийн талцуулах хандлага ихээр ажиглагдах болов. Зарим нь зориуд ард түмний хандлагыг өөр тийш нь чиглүүлэх зорилготой бол зарим нь хувь хүмүүсийн хандлага үзэмжээс үүдсэн нөхцөл байдлаас хамааран нийгмийн сэтгэл зүй хямрах, хуйсагнах байдалд орж байна. Иймээс мэдээллийг боловсруулан дүгнэлт хийдэг ёс суртахуунлаг нийгмийн бие даасан боловсронгуй иргэншсэн үндэстэн болох боломж бидэнд бий.
Аливаа үндэстний түүхэн сэтгэлгээний онцлог баялаг уламжлал нь цааш хөгжих үнэт зүйл чиг баримжаагаа алдахгүй байх дархлаа нь болж байдаг. Монголчууд хов ярих,худал хэлэх, бусдыг дорд үзэхийг цээрлэдэг тогтсон өв ёс арвин. Ийм ч учраас дамын үг далан худалтай, үнэн ачтай, худал бачтай гэхчлэн цэцэлжээ. Технологийн хөгжлийг ёс суртахууны хэм хэмжээний хөгжил нь гүйцэхгүй гаднаа гяланцаг, дотроо паланцаг, дэлгэцний цаанаас чээжээ дэлддэг эвв хавгүй, эрээ цээргүй бусдыг доромжилдог сэтгэлгээ нь хзн амын хөгжлийг хойш татах болно.
Хүн өдөрт (сэрүүн байх 12 цагт) дунджаар 105,000 үг, секундэд 23 үгийг утас, интернэт, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Хэдийгээр хүн өдөрт 105,000 үг уншиж чадахгүй ч, энэ нь өдөр бүр хүний нүд, чихээр дамжин хүрч болох тоо юм.
Харин зураг, бичлэг, тоглоом зэргийг нэмснээр хүн өдөрт дунджаар 34 GB мэдээлэл хүлээж авдаг гэнэ. Энэ их мэдээ, мэдээлэл дунд амьдарч буй хүмүүс бид үнэн, зөвийг хэрхэн ялгаж, салгахаа мэдэхгүй болжээ. Тиймээс ч дэлхий дахинаа энэхүү байдлыг засахын тулд мэдээллийг түгээгч, хүлээн авагч хүмүүс "мэдээллийн боловсролд" суралцаж эхэлжээ.
МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ "Унших+Ойлгох+Нухацтай бодох = Мэдээллийн боловсрол" гэж НҮБ-аас тодорхойлжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.44] 2022-10-25 02:44:04
Зөвшөөрөлгүй хүний утасруу хакердан нэвтэрдэг хүмүүс Монголд байдаг уу? Байдаг бол хэр олон бдг вэ?