Хушны самрыг хулгайгаар биш бодлогоор экспортлох цаг болсон
Жил бүр хөндөгдөж маргаан дагуулдаг ч нэг талдаа гардаггүй сэдэв бол хуш модны самар түүж бэлтгэх, экспортод гаргах асуудал. Самарчид байгалийн дагалдах баялаг болох хушны самрыг түүхдээ модыг түншиж, хог хаягдал үүсгэж байгальд хохирол учруулдаг. Өөрсдөө ч эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол сүүлийн жилүүдэд тасарсангүй. Харин нөгөө талд улсаас баримтлаад буй эдийн засгаа солонгоруулж уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгын нэг хэсэг нь самрын бизнес. Монгол Улс жилд дунджаар 10-20 мянган тонн самрын идээ экспортолдог.
Нэг аж ахуйн нэгж жилд 5-8 тэрбумын татварыг төлж улсын төсөвт төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Өнгөрсөн жилийн их ургацаар л гэхэд 30 тэрбум төгрөгийг зөвхөн орон нутагт төвлөрүүлсэн гэхээр энэ салбар нь уул уурхайн бус экспортын нэг том салбар байх боломжтой үздэг.
Харин монгол Улс самрын экспортыг хориглосон хэвээр л. Самар экспортлохоор болохгүй, мах экспортлохоор болохгүй, арьс ширээ гаргаж болохгүй, тэгээд бид яаж хөгжих вэ. Зөв зохистой байгаа баялагаа ашиглах л хэрэгтэй... Самрыг бизнес, эдийн засгийн чиглэлээр хөгжүүлэн, стандарт аюулгүй ажиллагааны норматив баталж, холбогдох эрх зүйн орчныг шинэчлэн зохих журмуудыг шинэчлэн тогтоож чадвал асар хурдан өндийх салбар. Байгаль орчинд хор хөнөөлгүй, экологийн аюулгүй байдалд харшлахгүй байхаар оновчтой зохицуулвал иргэдийн тодорхой хэсэг нь амьжиргаагаа залгуулан тогтвортой орлогоор хангагдах боломж бүрдэж болохоор.
Гэвч төрийн зүгээс хялбархан шийдэж болох эл асуудалд яагаад хойрго ханддаг нь оньсого. Манай оронд 612.9 мянган га талбай бүхий хушин ой ургадаг. Улсын хэмжээний ойн сангийн 5.2 хувьд хуш мод гэхээр дээд зэргээр анхаарахгүй байж болохгүй жижиг талбай юм.
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаатай. Энэ хугацаанд самар түүсэн иргэд, ААН-үүд килограмм тутамд ахуйн зориулалтаар 500, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 800 төгрөг тушааж тухайн орон нутагт төвлөрүүлнэ.
Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самарны татаас болох 800 төгрөгийг аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Энэ бүх орлогын 85 хувийг нь ойн нөхөн сэргээлт, арчилгаа, хяналтад зарцуулах ёстой бол 15 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэсэн хэдий ч тухайн 85 хувийн орлогын дийлэнх нь аймаг, орон нутгийн төсөвт орж байгальд биш барилгад шингэдэг гэдгийг самрынхан, байгаль хамгааллын байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр хушин ойгоос самар түүх, бэлтгэх үйл ажиллагаанд одоо байгаагаас илүү нарийн зохицуулалт, журам шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл