Мьянмарын цэргийн хунт дэглэм 6000 шахам хоригдол сулласнаа мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Мьянмарын цэргийн хунт дэглэм өнөөдөр 6000 шахам хоригдолд өршөөл үзүүлж суллахаа мэдэгджээ. Энэ дотор Их Британийн Элчин сайд асан Вики Боуман зэрэг гадаадын 4 иргэн шоронгоос суллагдаж нутаг буцахаар болсон байна. Зүүн Өмнөд Азийн энэ улсад өнгөрсөн оны эхээр цэргийн эргэлт гарснаас хойш эмх замбараагүй байдал газар авч, цэргийн эрхтнүүд өөрөөр сэтгэгчдийг хүчээр нухчин дарах бодлого барьж ирсний улмаас өнгөрсөн хугацаанд олон мянган хүн эрх чөлөөгөө хасуулж, торны цаана хоригдсоор байгааг хүний эрхийн байгууллагууд мэдэгддэг.

Тэдний дунд мөн хэдэн арваар тоологдох гадны иргэд байгаа юм. Өнөөдөр тохиож байгаа Мьянмарын үндэсний баярыг тохиолдуулан өршөөлд хамрагдахаар болсон гадны иргэдийн дунд тэрчлэн Японы сэтгүүлч Таро Кубота, эдийн засгийн зөвлөх, Австралийн харьяат Шон Тернелл, Америкийн ургамал судлаач Кьяту Хтай О нар багтаж байгааг эрх баригч дэглэмийн өндөр тушаалын төлөөлөгч "Франс пресс"-т мэдээлжээ.

Энэ гурван хүнийг гурвууланг даруй албадан нутаг буцаана гэж мэдэгдсэн байна. 2002-2006 онд Их Британиас Мьянмарт суух Элчин сайдаар ажиллаж байсан хатагтай Боуманы тухайд наймдугаар сард оршин суух эрхийн зөрчил гаргасан хэрэгт буруутгагдан нэг жилийн хорих ял шийтгүүлсэн юм байна.

Түүний нөхөр, Мьянмарын иргэн, нэртэй зураач Хтейн Лин бас суллагдах хүмүүсийн тоонд багтсан. Гэхдээ тус улсаас албадан гаргах хүмүүсийн жагсаалтад нэр нь байхгүй байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Австралийн иргэн Шон Тернеллийн тухайд тэр Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чжи-гийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн юм байна. Тэр, цэргийн эргэлт гарсан даруйд шахам хоригдсон Аун Сан Су Чжи-гийн хамт, төрийн нууцын тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж хаалттай шүүхээс тус бүр 3 жилийн хорих ял шийтгүүлжээ. Японы иргэн, 26 настай сэтгүүлч Кубота энэ оны долоодугаар сард нийслэл Янгон хотод Засгийн газрын эсрэг цуглаан дээрээс Мьянмарын хоёр иргэний хамтаар саатуулагдаж, 10 жилийн хорих ял заагдсан байжээ.

Өнөөдөр нийт 5774 хүн суллагдахын 600 орчим нь эмэгтэйчүүд байна гэж албан мэдээлэлд дурджээ.

ЮНЕСКО-гийн мэдээгээр, цэргийн эргэлтээс хойш Мьянмарт 170 гаруй сэтгүүлч саатуулагдаж хоригдсоноос 70 шахам нь одоо хэр нь шоронд байгаа юм байна. Мөн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааны үеэр 70 гаруй хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.