С.Тайван: Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд мөрдөгчдөө чадавхжуулах нь чухал

Aдмин / Хууль

Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайванг урьж, кибер гэмт хэргийн талаар ярилцлаа.

КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ УЛС БҮРТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙДАГ

-Одоогийн байдлаар Кибер гэмт хэргийн талаарх нэгдсэн ойлголт олон улсад бий болоогүй байна.Тухайн улсын эрх зүйн хэм хэмжээнээс хамаарч кибер гэмт хэргийг тодорхойлсон байдаг. Манай улсын тухайд бусдын цахим хэрэгсэл, программ хангамж руу хууль бусаар нэвтрэх, тасалдуулах, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэлд халдах замаар үйлдэж байгаа бүх төрлийн гэмт хэргийг кибер гэмт хэрэг гэж үздэг. Мөн бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, дүрс бичлэгийг хадгалах, түгээх, бусдад шилжүүлэх, түүгээрээ дамжуулан хүүхдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх гэмт хэргийг кибер гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Зарим улсад зохиогчийн эрх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, худал мэдээлэл тараах зэрэг кибер орон зай, орчныг ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүдийг кибер гэмт хэрэг гэж үздэг. Үүнээс шалтгаалан эрх зүйн зохицуулалт нь орон бүрт өөр өөр байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг кибер орон зайд үйлдэж байгаа гэсэн судалгаа байна. Үүнээс, нийт гэмт хэргийн 24 орчим хувийг цахимаар залилах гэмт хэрэг эзэлдэг. Үлдсэн зургаа орчим хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлдэг. Энэ оны эхний арван сарын байдлаар 30 гаруй мянган гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 8000 орчим нь цахимаар залилах төрлийн гэмт хэрэг байна. Цахимаар залилах гэмт хэргийн 15 орчим хувь нь бусдын цахим хэрэгсэл, хаяг руу хууль бусаар нэвтэрч залилах хэлбэрээр үйлдэгдэж байна.

БУСДЫН НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ ДАНС, УТАСНЫ ДУГААР АШИГЛАДАГ УЧИР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ХҮНДРЭЛ ҮҮСДЭГ

-Цахим залиланг бусдын цахим хэрэгсэл рүү хууль бусаар нэвтэрсэн эсвэл нэвтрээгүй залилсан гэж хоёр ангилдаг. Нэвтрэлттэй гэдэг нь бусдын цахим хаяг, хувийн мэдээлэл рүү хууль бусаар халдаж, түүгээрээ дамжуулан бусдыг залилах гэмт хэрэг юм. Харин нэвтрэлтгүй буюу халдлагагүй залилангийн гэмт хэрэг нь бусдын зураг, нэрийг ашиглан хуурамч цахим хаяг нээн залилж байгаа хэлбэр юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэд хэдэн хүндрэл гардаг.

Нэгдүгээрт, цахимаар залилан хийж байгаа хүмүүс бусдын нэр дээр нээсэн дансыг ашигладаг. Нэг иргэн хэд хэдэн данстай байх, дансаа цахимаар нээх боломжтой байна. Үүнийг гэмт этгээдүүд овжин ашиглаж бусдын дансны мэдээллийг “өдрийн 50 мянга, 100 мянган төгрөгийн ажил байна” гэсэн утгатай зарыг цахим орчинд байршуулж, иргэдийн дансны мэдээллийг авдаг бөгөөд тухайн иргэнийхээ дансыг ашиглан гэмт хэрэг үйлддэг. Дансаа ашиглуулж байгаа хүн орлого, зарлагадаа хяналт тавих боломжтой.

Гэвч иргэд үүнийг мэддэггүй. Үндсэн бүртгэлтэй эзэн нь ашиглахгүй байгаа нөхцөл байдал энэ төрлийн гэмт хэргийг шалгахад ихээр илэрч байна. Зарим тохиолдолд бэлэн мөнгөний машин, АТМ-ээс мөнгө авах гэж байгаа хүнд гэмт хэрэгтнүүд “Картаа орхижээ, таны данс руу хэдэн төгрөг шилжүүлье” гээд тухайн хүний дансыг ашиглан залилангийн мөнгөө бэлнээр авдаг. АТМ-ийн бичлэгээр гэмт этгээдийн дүрс харагдахгүй. Зөвхөн дансаа ашиглуулсан хүний дүрс л үлддэг учир цахим залилан хийдэг гэмт этгээдүүд энэ аргыг түгээмэл ашигладаг. Тиймээс иргэд бусдад дансныхаа мэдээллээ өгч, дансаа ашиглуулахаа болих хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, бусдын нэр дээр бүртгэлтэй утасны дугаар ашиглаад энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг. Утасны дугаар нь тодорхой, ил байхаар иргэд залилангийн гэмт хэрэг биш гэж боддог. Мөн утасны дугаар нь мэдэгдэж байгаа учир мөнгө залилсан хэрэгтэн тэр даруй илэрнэ гэж иргэд бодож байж магадгүй юм. Гэвч өөр хүний нэр дээр бүртгэлтэй утасны дугаар ашигладаг учир мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг.

Гуравдугаарт, Цахим орчинд залилан хийхдээ томоохон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зураг, мэдээллийг ашигладаг. Энэ мэдээлэл нь цахим орчинд хангалттай нээлттэй байна. Гэмт хэрэгтнүүд цахим залилан хийхээс гадна бусдын нэр төрд давхар халддаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.Иймэрхүү янзаар үл тасрах, нэг нь нөгөөгөөс хамааралтай байдлаар цахим залилангийн гэмт хэрэг үйлдэгддэг.

КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ МЭРГЭШСЭН МӨРДӨГЧ ХАНГАЛТТАЙ БИШ БАЙНА

-Бид бүхний анхаарах дараагийн чухал асуудал нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх боловсон хүчин юм. Цахимаар үйлдэж байгаа гэмт хэргийг илрүүлэхэд мэдээллийн технологийн мэдлэг, мөрдөн шалгах ур чадвар буюу мөрдөгчийн туршлага, гадаад хэлний мэдлэг гэсэн гурван салбар шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлага тавьдаг. Энэ шаардлагад тэнцсэн боловсон хүчнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, дадлагажуулах, туршлагажуулах нь шийдвэрлэх шаардлагатай нэн тэргүүний асуудал болоод байна. Бид кибер мөрдөгчийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд тогтмол анхаарч, боломжит бүх төрлийн сургалтад хамруулдаг. Энэ жилээс Дотоод хэргийн их сургуульд кибер мөрдөгч бэлтгэх ангитай болсон. Тиймээс ойрын хугацаанд кибер гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшсэн мөрдөгчид бэлтгэгдэж ажлын байран дээр гарч ирнэ. Үүнээс гадна технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦАХ НЬ ЧУХАЛ

-Олон улсын хэмжээнд кибер гэмт хэргийн тоо өсөн нэмэгдсэнтэй холбоотой түүний гаралтыг бууруулах чиглэлд хууль сахиулах байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Бусдын хувийн мэдээллийг авч заналхийлэх, залилан мэхлэх, мөнгө хулгайлах гэх мэт бүх төрлийн гэмт хэргүүд кибер орчинд үйлдэгдэх болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа улс орон бүр ижил сорилтуудтай тулгарч байна.

Дэлхий дахинд кибер гэмт хэрэгтэй технологийн тусламжтайгаар тэмцэх, түүнийг зөв оновчтой ашиглах чадварт суралцах нь нэн тэргүүний асуудал болж байна. Энэ чиглэлээр манай урд, хойд хөрш, АНУ, БНСУ, БНТУ зэрэг орнууд хүний нөөц, техник технологидоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Цаашилбал, хүний амь нас хохирсон, дээрэм, хулгай гэх мэт олон төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд кибер орчноос тоон ул мөр бэхжүүлэх арга, аргачлал ашиглагдах чиг хандлагатай байгаа учир олон улсын хэмжээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажилд илүү ач холбогдол өгч, анхаарч байна.

БУСДАД МЭДЭЭЛЛЭЭ ШИЛЖҮҮЛЖ ЭСВЭЛ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ТӨЛЖ ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛДОГ

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь цахим залилан байна.Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор ЦЕГ-аас санаачлан “UNSEND” буюу “Бүү шилжүүл” уриатай аяныг энэ сард зохион байгуулж байна. Иргэд гар утсанд ирж байгаа бүх төрлийн нууц үгээ бусдад өгөх, тусгайлан бэлтгэсэн линкээр орж, цахим хаягийнхаа нууц үгийг алдах тохиолдол их байна. Түүнчлэн цахим орчинд байрлуулсан зард итгэж урьдчилгаа төлбөр хэлбэрээр мөнгөө шилжүүлж, залилуулж байгаа гэмт хэргийн гомдол их байгаад анхаарах нь зүйтэй болов уу.

Жишээлбэл, хамгийн сайн найзынх нь фейсбүүк хаягаас “Мөнгөний чухал хэрэг гарлаа. Картаа орхижээ. Яаралтай мөнгө шилжүүлээд өгөөч. Удаахгүй өгье” гэсэн чат ирэхэд шууд итгэдэг. Гэтэл үүний цаана огт өөр танихгүй хүн байдаг. Хэн нэгэн утсанд чинь код очсон хэлээд өг гэхээр нягтлахгүйгээр шууд өгчихдөг. Гэтэл тэр код нь илгээсэн хүний фейсбүүк хаягийг сэргээх нууц үг байдаг. Яагаад гэж асуухгүй, хор хохирлыг нь тооцоолохгүй хохирч байна. Ингээд иргэдийг өөрөөр нь хувийн мэдээллийг нь хэлүүлж эсвэл урьдчилгаа төлбөр авч залилаад байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид хохирогчоо сонгож байна. Ялангуяа хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд рүү түлхүү чиглэж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. Тухайлбал, орон нутгийн иргэд, малчдын хэрэгцээ, сонирхолд таарсан бараа хямд үнээр борлуулна гэж урьдчилгаа төлбөр авч, залилж байна.

Тиймээс иргэд олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохгүй байх аян, сургалтуудыг бид бүхэн тогтмол хийдэг. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид руу чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг. Энэ удаа бид бүхний зохион байгуулж байгаа цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх “UNSEND” буюу “Бүү шилжүүл” нэртэй аян ч гэсэн энэ ажлын нэг хэсэг юм. Иргэд энэ аяны хүрээнд, цахим залилах гэмт хэргийн талаар мэдлэгтэй болж, өөрсдийгөө хамгаалах чадвартай болно гэж итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.