ХХААХҮЯ: 20 САЯ МАЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛСАН
ХХААХҮЯ-наас малын тоо толгой болон махны экспортын тоон мэдээллийг нийтэлжээ. Мэдээлэлд энэ жил улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарсан байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах 8.0 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5.0 мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. Харин 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ны байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5.0 мянган тонн боловсруулсан мах, 252.0 тонн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.
Амьд малын экспорт 10 сараас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28503 толгой мал экспортлогдоод байна.
Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид ХААН, Худалдаа хөгжлийн банкуудаар 53.3 тэрбум төгрөг олгогдоод байна. Харин аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.26.193.154] 2023-01-11 14:22:20
малаа эрүүлжүүлэх хэрэгтэй дээ мал их өвчтэй бн малын эмчийг төрийн болгох хэрэгтэй малчид мөнгө төлж эмчид үзүүлэхгүй бн өөрсдөө дур мэдэж тарьж бн энэ бол маш муу
зочин [66.181.176.244] 2023-01-10 23:52:50
Мал малчны өмч үү? улсын өмч үү? Малчны малыг нядлах эсэх шийдвэрийг ХХААХҮЯ гаргадаг гэж үү? Энэ бүхнийг малчид өөрсдөө шийддэг биз дээ? Мэдээ бичихдээ, яамны мэргэжилтнүүд ярихдаа үгээ маш зөв сонгож, үнэн зөв мэдээлэл өгч баймаар биш үү? Бэлчээр хомсдож байгаа, нөгөөтэйгүүр өнөө өвөл хавар цаг хатуурч амаргүй байх төлвийг тооцож малчид малаа муулсан байлгүй дээ? Түүнээс биш яамны тушаалаар нядлаагүй байх аа? Яагаад амьд мал гадаадад гаргаж байгаа юм бол оо? Социализмын үед вагон вагоноор нь өдөр шөнөгүй орос руу асар их мал, голдуу адуу үхэр амьдаар нь гаргаж байснаар Монголын мал 25 саяд ч хүрдэггүй байсан биз дээ? Монголын хойд хилийн дагуу оросын 8-9 махкомбинат ажиллаж байсан биз дээ? Монголоос мал асар хямд авчихаад буцаагаад 1 лааз /250 грамм орчим/ жигнэсэн махыг бидэнд 3 төгрөгөөр зарж байсан биз дээ? Тэр үед үхрийн 1-р зэргийн мах 1 кг нь 6 төгрөгийн үнэтэй байсан биз дээ? оросууд ийм мэтээр алхам тутамдаа Монголчуудыг асар их шулсан биз дээ?
зочин [64.119.29.136] 2023-01-11 12:52:15
Яг зөв хэлсэн байна. Яамны түшмэлүүд социалист сэтгэлгээнээсээ салаагүй бгаа нь харагдаж байна. Малчид өвөлжилт, хаваржилт хүндрэхийг мэдээд малаа муулсан болохоос яамны тушаал заавраар энэ ажлыг хийгээгүй байхаа. Хэрэв яамныхан тушаал шийдвэр гаргасан байдаг бол соц нийгэм рүүгээ алхаж бгаа юм бна. Яамдуудаар дүүрэн мэдлэггүй түшмэдүүд, хийсэн ажилтай болох гэж худлаа бурсан байх болтугай.