Ц.ГАНБАТ: ХОЁР САРЫН ХУГАЦААНД 5800 БАРИЛГЫГ ПАСПОРТЖУУЛНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбаттай ярилцлаа.


-Монгол Улсад 5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна гэх. Барилгын паспорт нь ямар учиртай эд вэ?

-Хүнээр бол өвчний түүх гэж байдаг шүү дээ. Эмнэлгээр явахдаа карт бариад явдаг. Тэр юм л даа. Барилгыг л тийм юмтай болгоно гэсэн үг. Барилгын паспорт гэж бий. Мөн барилгын хувийн хэрэг гэж байдаг. Хувийн хэрэг дээр барилгыг барихаас эхлээд өвчний түүх шиг карт нээгээд, түүн дээр нь яаж барьсан, ямар материал хэрэглэсэн, ямар засвар хийсэн, ямар зөрчил дутагдал гарсан, ямар суваг шуудуу дүүрсэн, түүнийгээ яаж зассан, урсгал засвар хэдийд хийсэн, их засвар яаж хийсэн гэх зэргээр бүх нарийн мэдээллийг бичдэг. Барилгын паспорт гэдэг нь яг одоогийн нөхцөлд тэрхүү барилга ямар төлөв байдалтай байна вэ гэдгийг тодорхойлдог баримт бичиг байгаа юм.

-Гэтэл Монголд байгаа энэхүү 5800 гаруй паспортгүй барилгыг хоёр сарын хугацаанд үзлэг шалгалт хийгээд паспортжуулна гэж Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн. Ийм хугацаанд амжих уу?

-Тийм зүйл байхгүй. Өмнө нь бүхий л аймаг орон нутгийг бүх барилгаа паспортжуул гээд шахаж л байсан. Өмнөговь аймагт 100 сая төгрөг батлаад, түүнийг нь хэн ч хийгээгүй л байна. Аймгууд үүнийг ерөөсөө тоохгүй байгаа шүү дээ.

Ер нь барилгуудын одоогийн төлөв байдал ямар байгааг тодорхойлж гаргаж ирэх ёстой. Хоёр сарын хугацаанд 50 барилгын хяналт шалгалтыг хийгээд паспортжуулбал их юм. Хэзээ ч энэ хугацаанд 5800 барилгыг паспортжуулна гэж байхгүй. Хоёрдугаарт, газар хөдлөлтийн талаар нэг мэдээлэл гарахаар яамныхан нь юу ч мэдэхгүй байж том том юм ярьдаг. Цаад мэдээлж байгаа хүмүүс нь ч тэр буруу ташаа мэдээлэл өгдөг байх.

-Арматурын чанарыг шалгана гэсэн. Ямар стандарт нормтой байдаг юм бол?

-Арматурыг шалгах нь зөв. Хятадынх байтугай дотоодод үйлдвэрлэснээ ч шалгах хэрэгтэй. Стандартын хувьд манайх ч тэр, орос, хятад ч тэр зарчмын хувьд нэг л стандарт байгаа. Өөрөөр хэлбэл, хаана хэрэглэхийг нь химийн найрлагыг нь ингэж тодорхойлно, ийм ийм үзүүлэлттэй байна. Тэр үзүүлэлт нь тэдэн хувь байна гэх мэтээр стандарттай. Түүнээс дан ганц Хятадаас орж ирж байгаа арматурыг шалгана гэвэл өрөөсгөл асуудал. Гаднаас импортоор орж ирсэн ч бай, дотоодын үйлдвэрлэл ч бай бүгдийг нь шалгах нь зөв. Ер нь барилгын бүхий л материалыг шалгах нь зүйн хэрэг.

-Барилга барихад арматурын төмрийг хэдэн ширхэг зангидаж байж стандартад нийцдэг вэ. Даац хэмжээ, давхраасаа хамаарах уу?

-Хэд ч байж болно. Тухайн үеийн тооцооллоосоо болно. Багана гэдэг чинь босоо элемент шүү дээ. Гол ажлын арматур нь босоо чиглэлтэй юм байна. Барилгын зургаасаа хамаараад 6, 8, 12, 18 янз бүр байж болно. Хэдэн давхар барилга байх, ямар ачаалал авч байна гэдгээсээ шалтгаалаад, баганын даах чадвараасаа хамаарч хэдэн ч арматураар багана зангидаж болно. Тооцоогоор тогтооно. Тооцоогоор тогтоосон зүйлийг харин дутуу хийж болохгүй. Жишээлбэл, 28-ын арматур олдохгүй 25-ынхаар хийхээр болбол тоо нь арай их ч юм уу, зохицуулалт хийгээд барьж болно.

-Цементийг бас шалгана гэсэн байна лээ. Цементийн стандартыг яаж тогтоодог юм бол?

-Цементийн стандартыг манайд хангалттай баталсан байдаг. Үйлдвэрүүд өөрийн гэсэн лабораторитай байгаа. Тэр лабораториасаа гарсан үр дүнгээр энэ стандартыг хангаж байна гэсэн нотолгоо болгож, туршилтын шинжилгээнийхээ үр дүн болох дагалдах бичиг баримтуудаа өгдөг юм. Жишээлбэл, 500 маркийн цемент доторх химийн найрлага нь ийм шүү гэж нотолсон бичиг баримтуудаа өгнө. Үйлдвэр өөрөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор тодорхой давтамжтайгаар хянуулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай лаборатори зөв ажиллаад бид зөв норм стандартын дагуу үйлдвэрлэж байгаа гэдгээ хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж байна гэсэн үг. Нөгөө талдаа цемент хэрэглэхээр авч байгаа гүйцэтгэгч компаниуд, бетон зуурмагийн үйлдвэрүүд авсан цементээ итгэмжлэгдсэн лабораториор заавал давхар баталгаажуулж байх хэрэгтэй. Барилгын баталгаанд хамруулах барилгын материалыг баталчихсан байдаг юм. Үүнд цемент, хайрга, бетон зуурмаг болбол түүнийг, арматур, хуванцар хоолой, ган хоолой гэх мэтчилэн маш олон материал бий. Энэ материалуудыг бүгдийг нь барилгын аюулгүй байдлыг хангахын тулд хөндлөнгийн лабораториор заавал баталгаажуулах ёстой гэсэн норм стандарт ч бий.

-Нэгэнт баригдсан барилгын арматурыг зөв зангидсан уу, норм стандартыг зөв хангаж байна уу гэдгийг шалгах багаж төхөөрөмж байдаг юм болов уу?

-Багажаар тийм арматур байна гэдгийг тодорхойлж болно. Дундаа тасалдаад байх юм бол хэцүү л дээ. Ерөнхийдөө ямар арматураар хийсэн юм, ямар материал хэрэглэсэн гэдгийг явцын хяналт, акт баримт, зураг хөрөг гээд бүх нотлох баримтаар л баталгаажуулсан байх ёстой.

-Арматурын хэрэглээний хэдэн хувийг дотоодоос хангадаг вэ?

-Тааруухан даа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хийхгүй байгаа. Багануурт уг нь нэг үйлдвэр хийдэг байсан. Тэр үйлдвэр одоогоор даацын материал хийхгүй байгаа юм шиг байна лээ. Ихэнхдээ манайх арматурын төмрөө гаднаас л аваад байгаа.

-Дорноговь аймагт баригдах газрын тосны үйлдвэрийн ажил удаашралтай яваа гэх. Яагаад гээд сонирхохоор Монголд үйлдвэрлэсэн болон Хятадаас оруулж ирж байгаа арматурын төмөр чанарын шаардлагад нь нийцэхгүй гэсэн зүйл ярьжээ. Тиймээс заавал Энэтхэг улсаас барилгын материал бүтээгдэхүүнээ оруулж ирнэ гэж. Үйлдвэрлэлийн барилгын арматурын стандарт нь өөр байдаг хэрэг үү?

-Хятад, евро, монгол стандартууд бараг зөрүүгүй ойролцоо ижил түвшнийх. Хөрөнгө гаргаж байгаа улсууд өөрсдийн бараа материалаа хэрэглэнэ гэдэг. Жишээлбэл, хятадууд нэг төсөл хэрэгжүүлэхээрээ заавал өөрийн компанийг оруулж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа материалыг хэрэглэдэг. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг л ханддаг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-07 15:18:38

МАШИН ЧИП СУУЛГАДАГ ШИГ 10 ХУВИЙН ДАВААСҮРЭН ХУЛГАЙЧ БАС ДУНДААС НЬ МӨНГӨ ШААХ Л ГЭЖ БАЙГАА БИЗ ХУГАЦАА НЬ ДУУССАН БАРИЛГЫГ НУРААЖ ЗАЙ ТАЛБАЙ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ШИНЭ БАРИЛГА БОСГО

зочин [192.82.72.35] 2023-03-06 22:20:18

Монгол улсын орон сууцны барилга хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг нэгбүрчлэн үнэлж гарган нийтэд ил тод мэдээлээч ээ, зарлаач ээ. Баригдаж байгаа, баригдсан байшин бүр 8 балл-д /5 магнитуд орчим уу?/ тэсвэртэй гэж үнэн үү? Зүгээр л монгол гэр нь амар, санаа зоволтгүй оромж юм биш үү?

Mongol [202.126.88.174] 2023-03-06 16:29:20

Ehleed barilgiin suuriin sain hynaj bariulaachee Bariad duusanii daraa shalgaad hend ashigtai ym ..Mongoliin barilga barteriin sistemd shiljsen odoo chanar yriad demii Bugd negniigee hynah chadvargui bolson Ter bairiig zeeleer avch baigaa humuus l huurhii ...Odoo gazar hudlultund tesehgui bairiig shuud zarlaarai !!!!

Зочин [202.179.24.47] 2023-03-06 10:56:37

соц.. нийгэмээсээ долоон дор болсон арчаагүй юм. өмнөх нийгэмд пампортгүй барилга гэж байгаагүй шүү. хариуцлагаа уландаа гишгэсэн байна. шүү дариухан засах хэрэгтэй

Иргэн [192.82.75.249] 2023-03-06 10:10:11

Болсон хойноос нь биш --- урдаас Сайн хариуцалгатай ажилла !!!!!! Тэнэгтээд энийг ажил гээд бх юм ямар хойшоо Толгой вэ??????????


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.