Ц.УРТНАСАН: ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТАВЬСАН ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛИЙГ ЦУЦЛАХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ
ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн үед уг байгууллагатай холбоотойгоор өрнөөд буй үйл явдлын талаар сэтгүүлчдийн асуултад ШӨХТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан хариуллаа.
-Гурил үйлдвэрлэгчдэд тавьсан торгуулийн дараа үйлдвэрлэгч эсэргүүцэн үнээ нэмсэн. Энэ нь эргээд энгийн хэрэглэгч ард иргэдэд дарамт болж байна. Танайхаас хийсэн шалгалтын үр дүнд үндэслэлгүй нэмсэн үнийг буулгах ёстой атал эсрэгээрээ нэмчихлээ. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-ШӨХТГ хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд найман хуулийн дагуу иргэдээс ирсэн гомдол саналыг үндэслэн хянал шалгалт хийдэг. Бид 11-11 төв болон өөрсдийн 115 дугаарын утсанд ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авдаг. 2023 он гарснаас хойш манайд хандсан 68 өргөдөл гомдол ирсэн. Эдгээр гомдлын дагуу хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироохгүй байхын тулд хохирлыг барагдуулах үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Хуульд заасны дагуу гурил үйлдвэрлэгчдэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын үеэр зөрчил илэрсэн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Хуулиараа бол улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг аж ахуйн нэгжүүд сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй бол шүүхэд гомдол гарган улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг цуцлах зохицуулалттай. Бид гурил үйлдвэрлэгч гурван аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулсан. Шүүхэд гомдол гаргасан өргөдөл нь одоогоор манайд ирээгүй байна.
Бид улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг өнөөдрийн байдлаар үндэслэлтэй хэмээн бодож байгаа. Хуульд заасан тухайн зөрчлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй. Аж ахуйн нэгж ч гэсэн илэрсэн зөрчлийг арилгах үүрэгтэй.
-Торгууль шийтгэлийн арга хэмжээг тухайн байгууллага ямар хугацаанд төлсөн байх шаардлагатай вэ?
-ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг нь үнийг өсгөх буулгах гэдэг асуудал биш. Харин тухайн зах зээлд давамгай болон монопол аж ахуйн нэгжүүд ноёлох үйл ажиллагаа явуулж байна уу үгүй юу, өртөг зардлаасаа хэт давсан өндөр үнийг тогтоож зах зээлд ноёлох, бусад аж ахуй эрхлэгчдийг тухайн зах зээлд оруулахгүй байх нөхцөл бий болох вий гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулдаг.
Өнөөдөр торгууль шийтгэл ногдуулаад, төлөлт хангалтгүй байна гэж байгаа боловч торгуулийн хууль эрхзүйн орчин дахь тодорхой хэмжээний өөрчлөлтийг шаардаж байгаа. Бид Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг хийгээд явж байна. Аж ахуйн нэгжүүддээ уриалаад хэлэхэд шударга өрсөлдөөнийг бий болгож ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Аливаа асуудалд сонголтыг эцсийн хэрэглэгч хийдэг. Тэгэхээр тэрхүү хоёр дахь сонголтыг хийх орчныг ШӨХТГ өнөөдрийн эрхзүйн орчныг бүрдүүлж хяналт тавьж ажилаж байдаг гэсэн үг.
-Ил хэлсэн нь “Алтан тариа” компани болохоос биш цаагуураа “За та нар торгож байгаа бол бид үнээ нэмнэ” гээд чимээгүйхэн нэмж байгаа тохиолдлууд бий л байх. Үүнийг хэрхэн арилгах вэ?
-Манай байгууллага хяналт шалгалтын явцаар энэ зөрчлүүдийг илрүүлсэн. Нэгдүгээрт, 2022 онд тухайн зах зээл дээр байгаа аж ахуйн нэгжүүд хоорондоо үгсэн тохиролцож, үнээ нэмсэн асуудал байсан. Хоёрдугаарт, тухайн зах зээлийн бүтээгдэхүүний түүхий эд, хэрэглэгдэхүүний үнэ нэмэгдээгүй тохиолдолд нэгж бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Тэр хүрээндээ торгосон. Аж ахуйн нэгжийг торгоод тэр аж ахуйн нэгж торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгчид үүрүүлж байгаа нь хууль бус.
Хэрвээ тийм асуудал байгаа бол бид тухайн бүтээгдэхүүний өртөг зардлын тооцоог хийж үзээд үндэслэлгүй байна гэж үзвэл мөн л манай хуулийн зохицуулалт тийм байгаа учраас хуульд заасан арга хэмжээгээ дахиад л авахаас өөр аргагүй.
-Юнивишн компани хэрэглэгчдийг ихээр хохироож байгаа тухай хэрэглэгчид байнга гомдол гаргах боллоо. Хоёр үнийн тарифтай ажилладаг. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Өрсөлдөөний тухай хуулиар тарифын зохицуулалттай ААН-үүдийн үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хяналт тавьдаггүй. Эрчим хүчний салбар, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг зохицуулалттай салбарууд байдаг. Өнөөдрийн байдлаар давамгай болон монопол 304 аж ахуйн нэгж байна. Эдгээрийн 100 гаруй нь зохицуулалттай салбарынх юм. Хуулиар зохицуулалттай салбарын үнэ тарифт ШӨХТГ хяналт тавьдаггүй. "Юнивишн" ХХК-ийн тариф тогтоосон асуудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт тавьж, тогтоодог. Харин ШӨХТГ-аас тухайн зах зээлд давамгай байдалтай ажиллаж буй байгууллага хэрэглэгчдэд хоёр өөр үнийн дүнг оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй гэдэг асуудлаар шийтгэл оногдуулсан. Аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэгчдэд нэг үнийг санал болгох ёстой. Хэрэглэгчид иргэний журмаар гэрээ байгуулж ажилладаг. Гэхдээ аливаа сонголтыг эцсийн хэрэглэгч өөрөө хийдэг.
Тухайн аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулж буй эсэх, хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг ШӨХТГ явуулна. ААН-ийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд хэрэглэгчдэд нэг л үнийг санал болгох ёстой. Энэ нь хуульд заасан зохицуулалт. Тиймээс ч хоёр өөр үнэ санал болгож байгаа асуудлаар “Юнивишн” ХХК-д хуулийн дагуу арга хэмжээ оногдуулсан.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.144] 2023-03-15 15:49:11
Монопол эрх эдэлж, үндслэлгүй үнээ нэмэх нь буруу.Мэргэжлийн хяналтын албаа татан буулгасан одоо ШӨХГ -ыг боомилбол хяналтгүй хэдэн үйлдвэрүүд дураараа загнах болно. ШӨХГ ч сайн ажиллаж байгаа шүү..Ажлыг нь хийлгэ!!!