Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт, Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын Баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар /2023.04.28/ УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариуллаа.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Монгол Улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс, Алтай-Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй. Нийт 330 гаруй сум, суурин газруудыг төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг нөөц боломжийнхоо хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачаалалд бүх станцуудын 63 зуух, 42 турбоагрегат гэсэн үндсэн тоноглолууд ажиллаж, системийн хэмжээний нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1387 МВт хүрсэн бол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1462 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 102 МВт-аар нэмэгдсэн. Энэхүү ачааллыг хангахын тулд импортын эрчим хүчний хэмжээ 166 МВт-аар өссөн ба 50 хүртэл МВт ачааллыг хэрэглээний оргил цагт хязгаарлаж ажилласан.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангалаа гээд эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангаж буй эх үүсвэрүүдийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт-ын өргөтгөл шинэчлэлт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-аар өргөтгөлийн төслүүд дуусч, ашиглалтад орсон нь энэхүү хэрэглээний өсөлтийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. 2022 онд 2,14 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба 32.5 хувийг ОХУ-аас, 67.5 хувийг БНХАУ-аас авч, импортын эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 15-аар өссөн байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель эх үүсвэр тус тус үйлдвэрлэсэн байна. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гадна дулааны хангамжийн хүндрэлтэй байдал тулгамдсан асуудал болсон байна гэв.

Мөн тэрбээр, энэ салбарт хэрэглээний өсөлтөө үйлдвэрлэл нь гүйцэхгүй байгаа хүндрэлийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ тарифын нөхцөл байдал нь зах зээл дэх үнийн өсөлтийг гүйцэхгүй, салбар өөртөө хөрөнгө оруулалт оруулах нөхцөл бүрдэхгүй байгааг хэллээ.

Асуулгын хариултын төгсгөлд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх болон, шинэ эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлээд байна гээд тэргүүн ээлжинд, Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын усан цахилгаан станц, Чойр-Сайншанд, Эрдэнэбүрэн-Мянгадын 220кВ-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг буй болгох талаар ямар ажил төлөвлөж байна вэ, БНСУ-ын Засгийн газрын зээлээр 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдаж байна. Гэтэл цар тахлын өмнөх техник эдийн засгийн үнэлгээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад өссөн учраас БНСУ-ын тал үнээ нэмэх тухай ярьжээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэж асуув. Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсөж байна.

Өнөөдөр ажиллаж буй найман Дулааны цахилгаан станц байна. Суурилагдсан хүчин чадал 1264 меггават. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3000 орчим меггават хүртэл нэмэгдэхээр байна. Энэхүү хэрэгцээг хангахад “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой. Мөн нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний тохируулгын функцгүй байна. БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт Дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Бид тооцоо, үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байна гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрт 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан байгаа гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж 120 ам.доллар гадагшаа шилжүүлж валютын урсгалд сөргөөр нөлөөлж байна. Аль 1987 онд 5 дугаар дулаан станц барих шийдвэр гаргаж байсан. Гэтэл 30 гаруй жил өнгөрлөө. Эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатай гэв.

Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.126.250] 2023-05-01 15:43:25

YAG SH DEE

Ник [59.153.85.226] 2023-05-01 12:42:47

Эрчим хүчнийхээ үнэ тарифийг чөлөөлж зах зээлийн зарчмаар явуулахгүй бол 1000-н цахилгаан станц бариад хэрэггүй, дахиад өр авлагандаа баригдана, тэр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифаа болио. Зүгээр л эрчим хүчний мафийнхны хуульчилсан хулгай л шүүдээ.

ЗОЧИН [202.126.88.116] 2023-05-01 10:08:17

МОНГОЛД ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭХЭЭР Л 10 ХУВИЙН ДАВААСҮРЭН ГЭЖ ХУЛГАЙЧ ЭСЭРГҮҮЦЭЖ ШАНТААЖ ХИЙЖ УНАГАДАГ ЮМ 10 ХУВЬ НЬ ОЛДООГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ИНГЭЖ ӨӨРИЙН ЭРХ АШИГ ХУЛГАЙГ УДАА ТАВЬЖ МОНГОЛЫН ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ УНАГАДАГ УРВАГЧ ХУЛГАЙЧ НЬ БАС Л ЭСЭГҮҮЦЭНЭ БИЗ. ЭНЭ ХУЛГАЙЧ МОГОЙН ГОЛ, БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ УНАГАСАН НОВШИЙН УРВАГЧ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.