Тасарсан мах үсэрсэн цус мину-4

Aдмин / Нийгэм

/Ордост аялсан тэмдэглэл - 4/

ҮНДЭСТНИЙ ХАМТЫН ЦОГЦ УХАМСАР, НИЙТИЙН ОЮУН САНААНЫ ГЭР. Хятад үндэстэн нэг үндэстэн, тэгэхээр хамтын нэг үнэт зүйлийн тухай, үндэстний оюун санааг нэгдмэл байлгах үгүйсгэж болшгүй нэгэн цогц үнэт зүйлийн тухай л яриад байна аа даа. Их эзэн хааны онгоныг түүний нэгээхэн хэсэг гэж үзжээ. Хятад улсын дотор байгаа цөөн монголчуудын үнэт зүйлээ шүтэхийг хориглож яахин болох билээ, зайлшгүй хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй, хэрэв тэр нь Хятадын бодлогын хэм хэмжээнээс хальж, ертөнцийн монголчууд нэгэн дор цугларч, оюун санааны нэгтгэл өөр тийш зүглэхэд түлхэх томоохон хүчин зүйл болчихож болохгүй. Хүлээн зөвшөөрнө, гэхдээ хэм хэмжээнд нь. Тахилгын зан үйлийг хүлээн зөвшөөрнө, хийлгэнэ, гэхдээ төрөөс их хэмжээний мөнгө гаргахаа болихоор шийдсэн. Дэлхийн Монголчууд цугларч болно, гэхдээ тахилгад оролцож Хятад дахь монголчуудтай сэтгэлийн нэгэн орчил, аурад нэгдэх гэж биш, зөвхөн аялж, жуулчилж, онгоны тахилгын музей үзэхээр...

сонин mn

Эзэн хааны онгон найман зууныг дамнан өнөөдрийг хүрэхдээ юу эсийг туулсан гэхэв, үймээн самуунд өртөж хулгайлагдаж ч үзэж. Дайны хөлөөс дайжуулахаар эх нутагт нь хүргэн залах тухай яриа хөөрөө, бичиг сэлт ч үйлдэгдэж байсан тухай Авиан Баатархуягийн бичсэн тэмдэглэлд дэлгэрэнгүй бий. Энэ бүхнээс дайжуулан өдгөөг хүртэл хадгалж хамгаалж ирсэн онгоныг орчин үеийн өнгө төрхөнд хэрхэн оруулсан тухай музей нэлээд намч тайлбартай боловч сонирхолтой байлаа. Тахилын өргөөг хамгийн анх хар цагаан зурагт буулгаснаас эхлээд дайны хөлөөс хэрхэн дайжуулж авч үлдсэн, түүнийг хамгаалах үүрэгтэй дархадуудын тухай, БНХАУ байгуулагдсан үеийн онгоны байдал хийгээд 1954 онд эхэлсэн онгоны бүтээн байгуулалтын үеийн зураг, түүнийг дахинтаа өргөтгөн нэмж бүтээн байгуулснаас эхлээд өдгөөгийн үзэмж төгөлдөр өнгө төрхөө олсон бүхий л үеийн түүхэн зургаас гадна Их хар сүлдний өчиг - “Чингис богдын алтан бичиг”-ийг Их хааны магтуу - “Эзэн сан”-гийн хамт шилэн хоргонд мөн залжээ.

сонин mn

сонин mn

“Эзэн сан” хэзээ хойно, шарын шашин Монголд дэлгэрснээс хойш зохиогдсон хэдий ч Ордос нутагт Их эзэн хаантай нэгэн зиндаанд зэрэгцэн тахилын нэгэн хэсэг хэдийн болж чаджээ. Хэрэв Ордост, ер нь Өвөр Монголд айлуудад, албан газруудад орвол “Эзэн сан”-г хоймроо тахисантай элбэг тааралдана. Гэвч “Эзэн сан”-г шарын шашин дэлгэрсэн хэзээ хойно зохиосон уу, эсвэл Эзэн Чингисийн үеэс оршсон бөөгийн тахилгын ямар нэг зан үйлийн суурин дээр шарын шашин дэлгэрсний дараа хожим зохируулан өөрчилж найруулсан уу гэдгийг нэгэнт эцэслэн тогтоогоогүй.

Их Эзэнээ магтан дуулсан, тахиж ариулсан “Эзэн сан”-гийн маш олон хувилбар байх боловч хамгийн түгээмэл дэлгэрэнгүйг нэгтгэн өнөөдөр дэлгэрүүлж байгаа ажээ. Үүнийг Монголдоо дэлгэрүүлэхэд манай төвд судлаач Г.Ням-Очир буюу Танхай банди бас ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Тэрээр хийдэд шавилан суудаг 100 залуу ламд “Эзэн сан”-г заан цээжлүүлснээ таараад ярьж байсан билээ. Зүүн зүгт “Эзэн сан”-гийн уншлагатай болсон, одоо баруун тийш зорьж байгаа гэнэ. Эзэн санг хэн гээч зохиов гэдэг нь ч маргаантай, одоогоор гуравдугаар Мэргэн гэгээн хэмээн үзэж байгаа ажээ. Мөн “Эзэн сан”-гийн нэгээхэн хэсэг шадын доор “Ордосын засаг ноён Ванжалцэдэн Эзэн богдын тахилга тэр мэт хэрэгтэй хэмээн дурдсаны тул Дарамбазар бээр зохиовой. Туган гэгээн Дарамбазар” гэсэн байх. Юу ч атугай сүүлд зохиогдсон нь илт.

Нэгэнтээ “Монголын аугаа их дайнч сүр сүлд, бардам хүчийг доройтуулж Хятадын цагаан хэрэм, Ар Монголын Хархорин мэт дөрвөн газар зан үйлээр дарсны нэг нь Хархоринд төвдийн шидээр зүрхийг дарсан. Тэнд байнга төвд уншлага уншиж Их хааны зүрхэн нуур, бас бус хүчийг дарж байдаг...” гэж сонсож байсан санаанд оров.

Учир мэдэх хүмүүс тийн шивнэх. Гэхдээ Эзэн сангийн эх нь түвдээр биш Монголоор олдсон ажээ. Ямар ч байсан Эзэн сан “Ум аа хум, ум аа хум, ум аа хум...” гэж эхлэх нь нэг л соньхон. Ертөнцийг байлдан дагуулсан Аугаа их дайнч монгол эр, дэлхийг төвшитгөх догшин улстөрчийн имиж төрхтэй нэг л үл зохилдох мэт. Тэрчлэн “Богд” гэх тодотгол ч мөн л үл зохилдонгуй сонсогдоно. Гэхдээ хэн мэдэхэв дээ, шарын шашин Монгол даяарыг шаргалтуулан нөмрөхөд Аугаа их суу залийг нь үл умартуулах гэсэн өвгөдийн нарийн нягт санаа нь Хаанаа шүтээн, шашин болгон хувиргах, цаг үедээ зохирсон арга хэрэгслээр жинхэнэ шүтээнээ авч үлдэх их ухаан байсан ч юм бил үү, өчүүхэн хүмүүн би хэрхэн таах.

“Чингис хааны онгоны найман зуун жил бол их говийн өмнө умард нүүж, түүхэн салхи шуургыг туулсан түүх болно. Чингис хааны онгоны баялаг агуулга бүхий олон эшт соёлын охь, шүтээн сахигч дархадын үе үеийн уламжлалт, жич үнэнч шударга үүрэглэл нь Дундадын үндэсний шилдэг уламжлалт соёлын чухал агуулга болжээ...”

“Чингис хааны онгон нь намын удирдлагаар шинэ Дундад улс, шинэ цаг үед алхан орж, шинэ байдлыг буй болгов. Чингис хааны онгоны жуулчлалын орон нь Ши Жин Пингийн шинэ цаг үеийн дундад улсын онцлог бүхий нийгэм журмын үзэл санаагаар жолоодлого болгохыг ямагт баримталж, Дундадын үндэсний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхээр гол шугамаа болгож, намын үндэстний төрийн бодлого, жич чиглэлтийг туушуулан Дундадын шилдэг уламжлалт соёлыг уламжлан бадруулж, шинэ аянд алхан орж шинэ цаг үеийн аянд дамжин урагшилж Дундадын үндэсний аугаа их сэргэн мандалтын магтаал дууг бичиглэжээ”

“Чингис хааны онгон бол бүх улсын голдлогот түүхийн дурсгалт бодисыг хамгаалах нэгж, улсын ААААА дэсийн жуулчлалын орон, улсын дэсийн соёлын аж үйлсийн жишээ үзүүлэх суурин газар, өөртөө засах орны дэсийн "Улсаа хайрлах хүмүүжлийн суурин газар” байж, Чингис хааны тайлга нь анхдагч бүлэг улсын дэсийн биет бус соёлын өвийн хамгаалалтын нэрсэд бүртгүүлжээ.

Намын ивээл хайраар Чингис хааны онгон нь баруунш нүүлгэсэн, дахинтаа бүтээн байгуулсан зэргийг дамжин, түнэр харанхуйгаас гэрэл гэгээ рүү, түүхээс эдүгээ рүү чиглэж, тэнгэр газрыг донсолгом хувиралттай болжээ. Өнөөдрийн Чингис хааны онгон хүрээлэн нь бүтээн байгуулалтын хэмжээжлээрээ урьд өмнө байгаагүй өргөн уудам тайлга тахилгын соёлыг хамгаалан уламжилж бадруулан хөгжүүлсэн, шүтээн сахигч дархад үнэнчээр сахисан эе зохицол зол жаргалаар бялхаж буй. Өөрчлөлт хийж чөлөөтэй явалцсан, онцгойлон намын 18-р их хурлаас нааш Чингис хааны онгоны жуулчлалын орон нь үндэсний ажлыг чангатгах ба сайжруулах тухай ерөнхий сайд Ши Жин Пингийн чухал үзэл санаагаар жолоодлого болгохыг ямагт баримталж Дундадын үндэсний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэхээр гол шугамаа болгон үндэсний бүлгэмдлийн дэвшлийн хүмүүжлийг гүнзгийрүүлэн эх оронч үзлийн зориг санааг бадруулж, соёл жуулчлалын уусалцал хөгжилт, соёлын өв бүтэмжтэй хамгаалалт, Дундадын үндэсний хамтын цогцын зориг санааны гэр орныг байгуулах зэргийг биелүүлжээ” гэх зэрэг намч тайлбартай музейг нэгбүрчлэн үзэж дуусгалаа.

сонин mn

сонин mn

Хятад үндэстний нэгдмэл цогц үзэл санаа, ухамсар, эх оронч үзлээр үндэстнээ нэгтгэх Хятад улс өв уламжлалаа батжуулан бэхжүүлж, тэрхүү суурин дээрээс шинэ цаг үе рүү итгэлтэй алхан орж байгаа ерөнхий дүр зураг. Сүр хүчин төгөлдөр аугаа их түүхээр улбаалан дэлхий ертөнцөд түүчээлж байгаа нэгэн үндэстэн гэсэн маш том ерөнхий агуулгыг юухан хээхэнд шингээж урлаад улмаар тархинд аажим аажмаар шингээх зөөлөн хүчний бодлого. Маш аядуу, зөөлөн, хүчлэхгүй. Улайран давшихгүй боловч хэзээ ч умартахгүй аажмаар...

сонин mn

Музейн төгсгөл хэсэгт 2017-2022 онд Чингис хааны онгон тахилгын газарт оруулсан хөрөнгө оруулалтын талаар мэдээлжээ. Сүүлийн жилд нийт 122 сая юань буюу 60 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. 2022 онд гэхэд л хөрөнгө оруулалтыг өмнөх оноос гурав дахин нэмэгдүүлсэн байх жишээтэй. Аялал жуулчлалын бүс болгох гэж тэр. Одоо энэ хөрөнгө оруулалтыг нөхөж олох хэрэгтэй. Тиймээс ч монголчууд ирээд танил тал, найз нөхдийнхөөрөө хонож, хооллоод явдгийг нэгмөсөн болиулж гадаад паспорттой л бол заавал дөрвөөс дээш одтой зочид буудалд буух шийдвэр гарчээ. Нууцаар, хулгайгаар энд тэнд буух тухай ойлголт энд байхгүй, тэртэй тэргүй бүх зүйл бүх төрлийн сүлжээгээр хянагдана. Энд жуулчлахаар, онгон тахилга үзэхээр ирсэн л бол заавал мөнгөө төл, гэхдээ аль болох их мөнгө төл.

Урьдынх шиг хямд төсөр буудалд бууж болохоо больсны учир сая иж бүрэн ойлгогдлоо. Зөв л дөө. Төр ингэж л ажиллах ёстой. Төртэй улс гэж ийм л байдаг. Хүсэн хүлээсэн шиг нүсэр нүргээнтэй биш ч зан үйлийг алдалгүй, ёсчлон гүйцээсэн даруухан тахилгадаа ёслол төгөлдөр оролцож, музейг нямбайлан үзэж дуусгаад Их хааныхаа сүрлэг хөшөөнд дахинтаа сүслэн мөргөөд онгоны газрыг орхихоор заасан сумаар үүд рүү чиглэлээ. Гарах чигт нэгэн сайхан ногоон төгөлд ус, ундаа, зайрмаг, хөнгөн зууш зарж байна. Бид ам цангаснаа сая мэдэж ус авахаар 100 юань сарвайвал худалдагч залууд хариулж өгөх мөнгө байхгүй гэнэ. Аль ч цэг дээр очсон хэнд нь ч хариулж өгөх бэлэн мөнгө байсангүй.

Бүгд Вичатаар кю ар код уншуулж төлбөрөө секундын дотор л хийж харагдана. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх гэсэн биднийг гайхан харж, зарим нь өхөөрдөн инээмсэглэж байна. Гэхдээ гаднын хүн гэдгийг мэдээд туслахаар хичээж бие биеэсээ бэлэн мөнгө асуух боловч олдсонгүй. Бэлэн мөнгө тэдний хувьд улирч одсон хуучин цагийн зүйлс болж хэдийн хувирчээ.

Ингээд мөнгөтэй боловч ус авч чадсангүй, ам цангасан хэвээр цааш явлаа. Үзэсгэлэнт бяцхан ногоон төглийн цаахнатаа гарах хаалга бий. Дэлхийн музейнүүдийн л нэгэн адил гарахдаа заавал бэлэг дурсгалын дэлгүүрээр дамжиж гарахаар зохион байгуулжээ. Бэлэг дурсгалын зүйлс, ил захидал, зурагт альбом, цайны хэрэгсэл, бас цайгаар урласан хааны хөрөг задгай худалдаанаас арай үнэтэйгээр тэнд байна. Сэтгэлд таарсан хааны цээж баримал олдвол ханьдаа авч бэлэглэх санаатай лангуунуудыг нэгбүрчлэн нүдээрээ нэгжин хайлаа. Тийм ч элбэг биш юм.

Жижгэвтэр, цэвэрхэн хийцтэй, алтан шармал өнгөтэй баримал 600 гаруй юанийн үнэтэй байна. Үнэтэй л юм, гэвч таалагдвал яахав дээ гэж бодоод харуулбал манай хүн “Байдаг л нэг баримал, онцгой содон зүйл байхгүй мөртлөө үнэтэй байна” гэж байна. “Яахав дэээ, хааны онгоны газраас авсан гэдэг нь онцлог болохгүй юу” гэвэл “Онцгой гойд биш бол зүгээр л тооны нэмэр” гээд толгой сэгсрээд холдлоо. Манай хүний цуглуулгад хааны баримал хэд хэд бий л дээ, яг иймэрхүү ч бий. Цуглуулгынхаа тоо толгойд биш, чанар чансаанд илүүтэй анхаардаг тул түүнийг нь хүндэтгээд орхилоо.

Гарьд маань биднийг өчигдрийн хоол идсэн гэр ресторандаа ширээ дүүрэн амтат хоол захиалаад хүлээж байлаа. Хооллохын өмнө гэрийн гадаа гарч эргэн тойрныг хэсэг ажив. Бидний урд талын өргөөнд хөгжим дуугарч зочид караокед дуулна. Өсгөгчөө гадаа тавьсан тул хөгжим нь маш тод сонсогдоно.

Германы алдарт “Чингис хаан” хамтлагийн “Чингис хаан” дууг нэгэн бүсгүй маш эвлэгхэн дуулах нь хэдий хятад хэлээр боловч сэтгэлд дотно сонсогдоно. Бидний байгаа гэр ресторануудаас баруун тийш онгон руу явсан хоёр урсгалт нарийн зам зурайж, хоёр талаар нь модод эгнэжээ. Түүний цаахнатаа онгоны их өргөөний орой тодоос тод цэнхэртэн харагдана.Өдрийн нар хурц биш зөөлнөөр ээж, сэрүүн салхи сэвэлзэн хацар нүүрийг илбэж, онгон болон гэр ресторануудын дунд налайн орших намагт ногоон хөндийд цөөн хонь, үхэр, адуу тааваар идээшилж харагдана. Харьшиж хүнийсэхийн аргагүй дотно сайхан орчин. Энэ бүхнийг сэтгэл тэнүүн нэгэнтээ хараад Гарьдын урьсан нөхдийн хамт үдийн зоог барилаа. Мөн л идээний сайныг ундааны сайнтай хамт таашаалтай хүртээд нэгэн хүндтэй хүний гэрт зочлохоор буцаад онгоноос баруун зүгт орших Эзэн хороог зорилоо.

Тэр хүн бол Эрдэнэсүмбэр гуай. Чингис хааны онгоны тахилгын газрыг олон жил тэргүүлсэн энэ хүний тухай Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үеэсээ л Аззаяа эгчээс сонсож, хэдийн хүндэтгэл бишрэл төрсөн тэр хүндэт хүн биднийг хоол идэж байх зуур сая гэртээ хүлээж авахыг зөвшөөрсөнд ихэд баярлалаа.

Ирсэн цагаасаа хойш энэ хүнтэй уулзах гээд нэг л санаснаар бүтэхгүй, Сүмбэр гуай өөрөө хойргошоод байх шиг байсан юм. Өмнө нь түүнтэй маш сайн харилцаатай байсан, бас ч наашаа ирэхээсээ өмнэ Эрдэнэсүмбэр гуайтай холбогдож байж ирсэн Азаа эгч ч түүний өөрчлөгдсөн, нэг л идэвх муутай, хойрго байгааг гайхаад байв. Яагаад тийн өөрчлөгдсөнийг нь Азаа эгч гайхаж байгаагаа дахин дахин хэлэх нь, наанадаж бид хоёроос нэг санаа зовоод, цаашаа бас Сүмбэр гуайг хүчилж чадахгүй хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л байсан хэрэг. Уг нь Азаа эгч Эрдэнэсүмбэр гуайтай муугүй ч биш, бүр сайн гэж хэлж болох харилцаатай байжээ. Азаа эгч түүний эхнэр Мөнхцэцэг гэж зураач бүсгүйтэй найз. Өмнө нь тахилгад ирэхдээ найз бүсгүйгээрээ хямд төсөр зочид буудал олуулдаг, эсвэл тэдний гэрт буудалладаг байжээ. Найз бүсгүй нь Ордост амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд ээжийгээ харахаар Улаанбаатартаа ирээд байгаа тухай бас ярьсан юм. Бодвол биднийг очиход эхнэр нь эзгүй, бас сайн найз нь угтаж авахгүй байхаар гайхна гэж бодоод энэ бүхнийг яриа биз ээ.

Сүмбэр гуайтай уулзах нь бидэнд маш чухал байлаа. Тахилгын зан үйлийг олон жилийн турш маш нямбай гүйцэтгэж ирсний дээр Хааны онгоныг орчин цагийн өнгө төрхөө олоход машид санаачилгатай ажиллаж ихээхэн зүтгэл гаргасан хүн. Түүнээс Хааны тахилга хийгээд Их хар сүлдний тахилгын талаар асууж ярилцах зүйл мундахгүй байсан тул бидний аяллын бас нэг томоохон зорилго түүнтэй уулзах байсан юм.

Тахилгын өмнөх өдөр онгоны ойролцоо нэг газар болзож уулзъя гэж бодож утсаар хэд хэд ярилцсан боловч завдал болоогүй, Сүмбэр гуай ч нэг их ач холбогдол өгөхгүй, их хардсан сэтгэлд бол бүр зугатаад байна уу ч гэж болохоор байсан тул бид сэтгэл жаахан хөрөөд байлаа. Гэвч ямар учир шалтааны улмаас ингэж байгааг бид ойлгосонгүй, таамаглах гээд ч чадахгүй байлаа. Ямар сайндаа Азаа эгчээс:

- Та Сүмбэр гуайг гомдоочихоод түүнийгээ мэдэхгүй байгаа юм биш биз дээ? Гэнэ.

-Мэдэхгүй л дээ. Эгч нь олон удаа тахилгад оролцохдоо Монголыг аврах гарц энд л байгаа юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Тэгээд Их хааныхаа тахилгыг Монголдоо сэргээчих юмсан гэсэндээ олон ч хүнд хэлж, олон ч хүнийг авчирсан даа. Ойлгож хүлээж авч байгаа нь хэд юм бүү мэд. Миний зэргийн жижиг түшмэлийн хүрээ бас шалихгүй шүү дээ. Гэсэн ч бас гандан буурахгүй нэг тахилгад оролцож ирснийхээ дараа хэдэн хуудас бичээд Ерөнхийлөгчдөө оруулаад өгчихсөн гэж байгаа. Миний бичсэнийг тоож хараагүй биз дээ...

Намайг төрд ажилладаг, Ерөнхийлөгчийн тамгын газар ажилладаг гэхээр их найдвар тавьж ач холбогдол өгөөд байхад нь миний байгаа царай урагшгүй, ахиц дэвшилгүй болохоор “нэмэргүй амьтан байна” гэж үзээд урам нь хугарсан ч байж болох юм даа. Уг нь ингэж идэвхгүй байхаар хүн биш дээ, эгч нь бас гайхаад л байна...

Гэх мэт түмэн таамаг дэвшүүлж хоорондоо ярилцсаны эцэст бидэнд сая боломж гарч Сүмбэр гуайд бэлдсэн жижигхээн бэлгээ аваад тэднийхийг яаран зорилоо. Онгоноос баруун тийш нээг их холгүй газарт барууны таун хаус маягийн зохион байгуулалттай үзэсгэлэнтэй сайхан хороолол байна. Яг энэ хэсэгт орж ирэхэд Европын хотын захын нам гүмхэн тансаг хэсэгт ороод ирэв үү гэлтэй. Хоорондоо битүү модоор хүрээлсэн засмал замаар холбогдсон маш тохилог, үзэмжтэй гурван давхар таун хаусууд бол Их хааны онгоныг найман зууны туршид тасралтгүй өртөөлөн тахиж ирсэн дархадуудад зориулан Хятадын засгийн газраас барьж өгсөн хороолол. Дархадууд эндээ тайван жаргалтай, ахуйн хувьд дутагдах гачигдалгүй амьдарна.

Эдгээр хорооллын нэгэн байшинд Эрдэнэсүмбэр гуай ганцаар амьдарч байлаа. Бид заасан байшингийн гадаа ирвэл Сүмбэр гуай өөрийн биеэр орцныхоо үүдийг онгойлгон биднийг угтлаа. Зорин зорин, хоорондоо ярин ярин ирсэн хүнтэйгээ ийнхүү нүүр туллаа. Чингисийн онгоны тухай, түүнийг хэрхэн хамгаалж, харамлаж, хадгалж ирсэн дархадуудын тухай, тахилгын зан үйлийн талаар, бас хар сүлдний тухай асууж ярилцахаас гадна Эрдэнэсүмбэр гуайтай өөртэй нь танилцах сонирхолтой, сайхан байх учиртай. Жар гарч яваа болов уу гэмээр, харваас эрдэмтэй байрын нүдэнд дулаахан төрхтэй, дунд зэргийн нуруутай, тогтуун сайхан нүд, шөнтгөр цэвэрхэн хамар, буурал үс нь итгэл төрүүлэм, эрүүл чийрэг царайтай туранхай бор эр биднийг инээмсэглэн угтаад гэртээ дагуулан орлоо. Тэр хэн бол оо, бас бидэнд юу ярьж өгч, ямар гээч нууцыг тайлах бол оо гэхээс сэтгэл яарна...

Г.Уяанга

/үргэлжлэл бий.../


Сэтгэгдэл

Ardhvv [122.201.31.54] 2023-06-12 13:01:27

Ard tvmnii tolgoi ergvvlsen yum bitgii hiigeed bai manai haan ta nart ymarch hamaagvi ene ymar muu orchuulagtai yum be naad hytad sheesnvvdee avaad hurdan zail


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.