ХЭҮК-оос онцгой байдлын байгууллагын удирдлагад алба хаагчдын нормын хоол, хувцсыг яаралтай стандартын хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлжээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит мэдээллээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн Комиссын Зөвлөмж болон ОБЕГ-т хүргүүлсэн шаардлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд тусгуулахаар Комиссын зөвлөмжийг Удирдлага, зохион байгуулалт, Хүний эрх, эрх чөлөөг хангах, Хүн амыг авран хамгаалах онцгой ажиллагаа, Гамшгаас хамгаалах алба хаагчийг хамгаалах, чадавхжуулах гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулж, хүргүүлсэн.

Тухайлбал, Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөнд гамшиг, ослын үеийн мэдээллийн урсгал нь зөвхөн дээрээс доошоо чиглэлтэй тусгагдсан болохыг анхаарч, гамшигт өртсөн хүн амаас мэдээлэл авч, гамшгийн хариу арга хэмжээг төлөвлөх, хүн амыг бодитой мэдээллээр хүртээмжтэй хангах эргэх холбоо бий болгох, гамшиг, осол бүрийн дараа гамшгаас хамгаалах арга хэмжээний ерөнхий болон дэд төлөвлөгөөний хэрэгжилт, үр нөлөөтэй байдлыг үнэлж, хуримтлуулсан туршлагад үндэслэн тогтмол сайжруулах зэрэг асуудлыг тусгасан.

Харин Хүн амыг авран хамгаалах онцгой ажиллагааг нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, Монгол Улсын иргэдийг гадаад улсаас татаж авах арга хэмжээ гэсэн дэд бүлгийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах талаар тусгасан" гэлээ.

Комиссын гишүүний танилцуулгын дараа Гомдол, хяналт шалгалтын дарга Г.Ууганбаатар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлагыг товч танилцууллаа.

Тэрбээр "Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 26-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтыг үндэслэсэн тус шаардлагад Онцгой байдлын хэлтэс, гал унтраах, аврах 10 дугаар ангийн байр нь цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орсон. Тус хэлтэс нь уг цогцолборын гурван давхарт байрлах бөгөөд захиргааны алба хаагчдын тасалгаа ажлын таатай нөхцөлөөр хангагдсан байгаа нь сайшаалтай.

Гэвч хяналт шалгалтаар цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн тул холбогдох арга хэмжээ авах тухай шаардлагыг ийн хүргүүлсэн. Тус шаардлагад:

  • Алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг холбогдох хууль, дүрмийн дагуу хангах.
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гал унтраах 1 дүгээр зэрэглэлийн ангиудын хүний нөөцийн судалгааг улсын хэмжээнд хийж, орон тооны нөхөн хангалтыг шийдвэрлэх талаар холбогдох шийдвэр гаргаж, үе шаттайгаар шийдвэрлэх.
  • Гал унтраах, аврах нэгдүгээр зэрэглэлийн ангийн алба хаагчдын цалингийн шатлал, онцгой албаны нэмэгдлийг нийслэл, орон нутаг, ажлын ачаалал, албан үүрэг гүйцэтгэх эрсдэлд үндэслэн ялгамжтай байдлаар шинэчлэн тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.
  • Онцгой байдлын хэлтэс, ангиудад 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хүнсний нормыг ”Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн норм”-д нийцүүлэн нэмэгдүүлэх.
  • Алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтыг нэн даруй олгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах.
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, эдэлгээний байдалд үзлэг хийж, дутуу хангалтыг нөхөн гүйцээх,
  • Гал түймрийн авто машины жолооч нарыг үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой усны гутал, хувцсаар хангах зэрэг асуудлыг тусгасан" гэлээ.


Сэтгэгдэл

Nar [103.80.210.90] 2024-09-20 09:43:47

Онцгой байдал л гээд байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулгын хорих анги байранд ажиллаж байгаа жижүүрийн алба хаагчидийн эрхийн талаар дуграач адалхан бараг 24 цаг хоригдоол гарч ирдэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.