Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна

Aдмин / Улстөр

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ онцолсон. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид рүү чиглэсэн томоохон реформыг энэ удаагийн Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавив. Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэлээ.

Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл

Зочин. [202.126.89.194] 2023-08-26 15:51:45

Аймаг орон нутгаас захиалга авч,гурвалсан гэрээ хийж, огт төлбөргүй биш орон нутагтаа 10 доошгүй жил багшлах, орон тоо бэлэн байх, төгсөөд шууд ажлын байртай цалин өндөр байх зэргийг харгалзан үзэх нь чухал байх. Гэрээ зөрчвөл төлбөрийг эргүүлэн төрд тухайн ханшаар төлдөг тогтолцоо чухал. Үүнд хамгийн гол асуудал өндөр босго байхаас гадна, багшлах дур сонирхолыг шалгуур үзүүлэлтийн эн тэргүүнд тавих хэрэгтэй. Багшлах дургүй дипломтой болох хүсэлтэн байвал тэр эртхэн өөрийг сонго ! ЗГ-н шийдвэр зөв. Хэрэгжүүлэгчид л хэтийдэх бий гэж санаа зовно.Багшийн мэргэж маш сайхан гэж сурталчлахын оронд цалин бага амьдрал хэцүү гэх хүн олон. Миний хувьд 44 жил боловсролын дунд, дээд шатанд ажиллаа. Цалин, тэтгэвэр бага байсан ч цалингаа гололгүй ажиллаад, амьдраад болоод бна. Багш сайхан мэргэжил .Хүүхдийн эерэг сайхан, зөөлөн, дулаан инергийг хаанаас олохгүй.

Зочин [202.126.90.32] 2023-08-25 19:08:49

Багш болж брак хүмүүс бэлтгэе

зочин [66.181.188.52] 2023-08-25 18:07:36

Ниргэсэн хойно хашигирав гэж. Багшийн цалин дэндүү бага, ажил нь маш их. Дээрээс нь эцэг эхчүүд нь ялихгүй юмаар шалтаглан матаж маажаад амар заяа үзүүлдэггүй болохоор үнэгүй болгоод ч багш болох хүн олдохгүй. за олдлоо гэж бодоход дундаас доогуур сурлагатнууд бидний хүүхдэд юу заах юм, өөрөө мэдэхгүй байж. Ойрын хэдэн жилд соц үеийн жинхэнэ багш нар тэтгэвэртээ гараад дуусахаар монгол орны боловсрол яах юм бол. Тэрний оронд цалингий нь хангалттай нэмээд шалгуурыг нь маш өндөр болгоход л болно. Муу эмч алдаа гаргасан бол өнөө маргаашдаа нүдэнд ил харагдана. Муу багш алдаа гаргасан бол 20-30 жилийн дараа монгол үндэстнийг байхгүй болгоно. Бодлого боловсруулдаг боловсролын яам, бусад эрх мэдэлтнүүдийн алдаа гаргасных нь төлөө хатуу шийтгэх хэрэгтэй

Зочин [62.165.236.140] 2023-08-26 07:36:55

Дан ганц цалин нэмээд монголын боловсрол сайжрахгүй.

1234576 [202.72.245.121] 2023-08-25 16:11:37

Сонгуулийн шоу эхэлсэн үү

Зочин [203.98.76.249] 2023-08-25 15:38:31

одооны багш 99% алтан 3 чирч байгсад гэдгийг сайн санаж бай. өдөр бүр мэдээгээр сануулж ярьж бай. арай дөнгүүр нь хувийн сургуульд багшилж байгаа

Нармандах [202.131.236.181] 2023-08-25 15:11:53

Багш нарын тоог хөөрөгдөн нэмэгдүүлэхэд л чиглэсэн арга хэмжээ болж байна. Сурах явцад нь эрэл хайгуул судлагаа хийсэн_ хичээн суралцсан,дадлага хийсэн, тэр дундаа хөдөө орон нутагт боловсролын хүртээмж чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн алхам хэрэгжүүлсэнийг нь харглзан үндэслэж, нөхөн олгово байдлаар олгхо, эсвэл сургалтын зээлийг хаах байдлаар олгох зэрэг арай өөр хэлбэрийг ашиглавал үр дашиг нь дээшилэх юм.

Зочин [103.11.192.46] 2023-08-25 14:53:16

Багш мэргэжлээр сурахад төлбөргүй биш хамгийн өндөр төлбөртэй байх ёстой юм. Мөн гараад ажлын байранд гарахад хамгийн өндөр цалинтай байх ёстой. Энэ хүмүүс чинь улс орны ирээдүйг удирдах зөв хүн бэлтгэж байгаа гэдэг утгаараа шүү. Миний л мэдэхийн багш мэргэжлээр онц сурдаг хүүхдүүд бараг л сонгож сурдаггүй л юм.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.