IAEA: “Фүкүшима” станцын ойролцоох далайн усан дахь тритий зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур байна
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА, IAEA) Японы "Фүкүшима-1" атомын цахилгаан станцын ойролцоох уснаас авсан дээжид хийсэн шинжилгээгээр цацраг идэвхт тритий зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур байгааг мэдээлжээ. НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага наймдугаар сарын 24-нд уг станцын цэвэршүүлсэн усыг далайд асгаж эхэлснээс хойш далайн уснаас анхны бие даасан дээж авч, хэмжилт хийсэн дүнгээ мэдээлсэн байна.
Станцаас 3 км-ийн зай доторх хэд хэдэн газраас далайн усны дээжийг авч шинжлэхэд, үр дүн нь станцын оператор “Tokyo Electric Power Company” /TEPCO/ компани болон Японы Байгаль орчны яамны мэдээлсэн үзүүлэлттэй нийцэж байна гэж ОУАЭХА мэдээлжээ. "Фүкүшима-1" станцын усыг асгах төлөвлөгөө нь олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байгааг ОУАЭХА долоодугаар сард нийтэлсэн тайландаа мэдэгдсэн юм.
ОУАЭХА-ийн тэргүүн Рафаэль Мариано Гросси хэлэхдээ, тус агентлаг уг станцын усыг далайд асгах бүх үе шатны хяналт шинжилгээг үргэлжлүүлнэ гэжээ.
2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” станцын нөөцлүүр савуудад одоогийн байдлаар аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөсөн байна.Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Цэвэрлэсэн усыг далайд асгахын өмнө станцын оператор тритийн хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усанд тогтоосон стандартын долооны нэгтэй тэнцэх хэмжээнд хүртэл бууруулж шингэрүүлжээ.
Д.Онон
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл