Таван жилийн өмнө залилах гэмт хэрэг 590 бүртгэгдэж байсан бол 7000 болтлоо өссөн байна

Aдмин / Нийгэм

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

- Иргэд цахим залиланд өртөх, данснаасаа мөнгөө алдсан тохиолдол хэр их гарч байна вэ? Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэд интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг санхүүгийн хэрэглээндээ түлхүү ашигладаг болсон. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг энэ систем манайд нэвтрээд төдийлэн удаагүй ч өргөнөөр ашиглаж, үүнийг дагаад эрсдэлүүд бас гарч байна л даа. Эдгээрийн нэг нь иргэдийн данснаас мөнгө алдагдаж байгаа асуудал. Энэ тухай багагүй тооны гомдол бүртгэгдсэн, хэрэг үүсгээд шалгаад явж байна. Иргэд маань хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлаасаа болоод л интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг бусдад алдаж гэмт хэргийн хохирогч болж байна.

-Ихэвчлэн хэдий насны, ямар хүмүүс хохирогч болж байна?

-35-аас дээш насныхан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их. Фэйсбүүк чат, пост, комментоос нэр хаяг, хэн болох нь тодорхойгүй аккаунтын холбоосоор санаатай санаандгүй нэвтэрч орох, бусдад өөрийн мобайл банк, интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ дамжуулах гэх мэтийн санамсар болгоомжгүй байдал болон интернэт орчны мэдээлэл, мэдлэг сулыг далимдуулж амар хялбар аргаар мөнгө олох санаархал бүхий этгээдүүдийн арга занганд орж мөнгө, эд зүйл, сэтгэл санаагаар хохирох тохиолдол нэлээдгүй байна.

-Тэгвэл нөгөө талдаа цахимаар гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироож байгаа хүмүүс хэдий насныхан байдаг вэ?

-17-30 орчим насны хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн үйлдсэн байна. Цахим орчинд үйлдэгдэж байгаа хэргүүдээс 90 гаруй хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа нь залуучууд амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үздэг болсонтой холбоотой гэх дүгнэлтэд хүргэж байна. Иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч мөнгө шилжүүлж авах, хууль бус аргаар олж авсан мөнгийг pokerrrr2, 1xbet.com, зэрэг бооцоот тоглоомын сайтууд дахь дансаа цэнэглэх, криптовалют арилжааны сайтууд руу шилжүүлж биткойн болон бусад төрлийн криптовалют болгох зэргээр “цэвэршүүлдэг”.

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн төрлүүд?

- Гадаад улсын гэмт бүлэглэлүүд фэйсбүүк орчинд залилан мэхлэх хууль бус үйл ажиллагаа явуулах зорилгоор хуурамч хаягнаас монгол хэл рүү хөрвүүлсэн зээл олгох зар байршуулж, холбогдсон иргэдийг залилах, мөн зарим иргэдийг ажилд авна гэж итгүүлэн түүний Монгол дахь банкны дансыг хууль бус үйл ажиллагаандаа ашиглах тохиолдлууд нэмэгдэж байна.

-Хуулийн мэдлэггүйгээсээ болж гэмт хэрэг үйлдэх эсвэл хохирогч болох тохиолдол бий юү?

-Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд виртуал хөрөнгийн ойлголт хүчтэй бий болж, түүнд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаатай холбоотой залилан мэхлэх шинжтэй үйлдлүүд нэмэгдэх чиг хандлагатай байна. Иргэд энэ төрлийн хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайтар судалж байж аливаа санхүүгийн үйл ажиллагаанд оролцох шаардлагатай байна.

- Цахим орчинд бусдад залилуулах гэмт хэргийн тоон мэдээллээс дурдахгүй юу?

- Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг зүйл ангиар нь авч үзвэл нийт гэмт хэргийн 14,086 буюу 85.0% нь цахим залилах, 647 буюу 3.9% нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, 574 буюу 3.5% нь мөрийтэй тоглоом зохион байгуулах, 421 буюу 2.5 хувь нь худал мэдээлэл тараах төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна. Залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь иргэдийн цахим орчин, интернэтийн хэрэглээ улам бүр цар хүрээгээ тэлж байгаатай холбоотой. 2018 онд залилах гэмт хэргийн нийт бүртгэгдсэн тоо 590 байсан бол 2022 онд 7000 болтлоо өссөн дүнтэй байна.

-Иргэд кибер гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сонор сэрэмжээ дээшлүүлж мэдлэг мэдээллээ сайжруулмаар байна. Бүртгэгдсэн хэргүүдийг шалгахад хэд хэдэн аргаар иргэдийн дансанд халдсан байгаа юм. Иргэд мобайл банк, интернэт банкныхаа нууц үгийг утас, цахим төхөөрөмж и-мэйл хаяг, эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Ийм замаар нууц мэдээллээ алдсан тохиолдол бий. Мөн и-мэйл хаягаар нь дамжиж иргэдийн хувийн дансанд халдаж байна. Иргэдийн хувийн данс и-мэйл хаягтай нь холбоотой байдаг шүү дээ. Интернэт банкныхаа нууц үгийг мартсан тохиолдолд и-мэйл хаягаараа дамжуулж нууц үгээ сэргээдэг. Энэ үйл явцыг ашиглаж интернэт банкных нь нууц үг, нэвтрэх нэрийг олоод авчихаж байгаа юм. Иймд иргэд и-мэйл хаягийнхаа нууцлалд онцгой анхаарах нь чухал.

Үүнээс гадна интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авах зорилгоор pishing буюу хуурамч сайт ашигласан тохиолдол байгаа. Энгийнээр тайлбарлавал гэмт этгээд Хаан ч юм уу, Голомт ч юм уу банкнуудын албан ёсны сайтыг дуурайсан хуурамч сайт үүсгээд, иргэдэд санал болгодог. Хохирогч үүнд нь хууртаад интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ бүртгүүлчихдэг. Энэ нь цаагуураа банк руу нэвтэрч байгаа үйлдэл биш, таны нууц үгийг хэн нэгэн хууль бусаар авч байгаа нэг арга хэлбэр юм.

Иргэд үүн дээр сонор сэрэмжтэй байж хуурамч сайтын өгөөшийг авч болохгүй. Гол төлөв дээр дурдсан хэлбэрүүдээр л иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж байна. Шалгалтын явцад банкны системийн алдаанаас шалтгаалж иргэдийн дансан дахь мөнгө алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн хэргүүдийг шалгахад хэд хэдэн аргаар иргэдийн дансанд халдсан байгаа юм.

- Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

- Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой судалгаа, шинжилгээнд үндэслэн нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Тухайлбал, 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион явуулж байсан бол, залилах гэмт хэрэг цахим хэлбэрээр үйлдэгдэх нь нэмэгдсэн учир 2022 онд “Unsend” буюу “Бүү шилжүүл” арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэ онд залилах гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, илрүүлэлтийг өсгөх зорилгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2023-10-31 14:59:27

монголчууд муу юманд гаргууд сайн болжээ .

Ёс суртахуунгүй нийгмийн дүр. [66.181.160.99] 2023-10-31 14:57:59

Коммунист ёс суртахуунаа халаад хаячихса, шашны үнэт зүйл дээр тогтосон ёс суртахуун үүсээгүй улс нэг иймэрхүү болж байна. Хөнгөхөн ашиг орлого хайсан луйварчин хулгайч л олон болж байна. Цаашид ч улам нэмэгдэх талтай.

зочин [103.57.95.86] 2023-10-31 13:00:29

Бүх хэргийг 1990 онтой харьцуулж дүгнэлт хийгээ ч жил бүр өссөн. Хулгайд юм аа алдаагүй хүн байна уу. Цагдан сэргийлнэ гэдэг өнгөрчээ. Гарсан хойно нь илчлэхийг оролдох газар гэж нэрлэх нээ.

Зочин [202.9.46.159] 2023-10-31 12:10:36

Луйварчид бол загас баригч, харин орк монголчууд загас гэсэн үг.

Зочин [192.82.92.153] 2023-10-31 10:18:45

ард түиний минь ухаан тэлж л байгаам бна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.