Монгол Улсын усны нийт хэрэглээний 15 хувь буюу 92.5 сая.м3 усыг уул уурхайн салбарт хэрэглэж байна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2023.11.15/ хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлав.
Тус байнгын хороо 11 дүгээр сард “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг зөвшилцөх болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн хуралдаанаар Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3. Үүнээс нуур, тойромд 500 км3, гол, мөрний ус 34.6 км3, мөнх цас, мөсөн хуримтлал 19.4 км3, газрын доорх ус 10.8 км3 ус тус тус байна. Нийт усны нөөцийн 10.5 км3 усыг ашиглах боломжит нөөц гэж тооцдог. Ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг. 2022 оны ус ашиглалт хэрэглээг 2020, 2021 онтой харьцуулж үзэхэд байнга өсөж байна хэмээн сайд мэдээлсэн. Тэрбээр, Усалгаатай газар тариалан нийт ус ашиглалтын 25 хувийг, мал аж ахуй, 31 хувийг уул уурхай 15 хувийг, унд ахуйн хэрэглээ 14 хувийг, эрчим хүч дулаан 8 хувийг, үйлдвэр ахуйн үйлчилгээ 7 хувийг эзэлж байгаа. Газрын доорх усны хайгуул, судалгааны ажлуудыг бид үргэлжлүүлсээр байгаа. Монгол Улсын ундны усны чанарын судалгааг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурины гүний худаг, төвлөрсөн шугам сүлжээний 3582 цэгээс дээж ерөнхий физик, хими, бичил элемент, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон. Шинжилгээний дүнгээс харахад 1367 сорьц нь эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй нь тогтоогдсон. Сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой, 4 орчим хувь нь ундны усанд хэрэглэх боломжгүй, үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан гэлээ.
Сайд ус ашиглалттай холбоотой гарч буй зөрчлүүд болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мөн танилцуулсан юм.
Дараа нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн. Тэрбээр, Хүн амыг ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа зөвшөөрөл бүхий 222 хуулийн этгээдэд 12088 инженер, техникийн ажилтан, ажиллагсад 24 цагийн турш тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 310.3 мянган.м3 усыг олборлон 3783 км шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж байна.
Олборлосон усыг алдагдалгүй түгээхийн тулд усны эх үүсвэрийн 94 хувийг тоолууржуулсан, нийт айл өрхийн 91.2 хувь, үйлдвэр, аж ахуйн нэгжийн 99.7 хувь нь баталгаат тоолуураар төлбөр тооцоогоо хийж байна.
Мөн усны чанар, аюулгүй байдлын хяналт, шинжилгээний 60 орчим лабораторитай үүнээс цэвэр усны 28, бохир усны 29 лаборатор ажиллаж байна гээд гэр хорооллын хүн амыг ундны усаар хангадаг 1525 ус түгээх байртай үүнээс 101 буюу 6.6 хувь нь гүний усаар, 657 буюу 43.1 хувь нь зөөврийн, 767 буюу 50.3 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон үйлчилгээ үзүүлж байгааг дурдсан.
Сүүлийн жилүүдэд ус түгээх байранд автомат ажиллагаатай, 24 цагийн турш иргэдийг ундны усаар тасралтгүй хангах, цаг хугацаа, ажиллах хүч хэмнэсэн орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжийг суурилуулж байна гээд тухайлбал, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийн гэр хорооллын ус түгээх байруудад ухаалаг төхөөрөмж суурилуулж, иргэдэд цагийн хязгааргүй үйлчилгээ үзүүлж байна хэмээлээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын ус түгээх байруудыг телеметрийн системд холбож, улмаар диспетчерийн хяналтын дэлгэцээр иргэдийн худалдан авч буй усны хэмжээ, усны болон орчны температур, даралт зэрэг мэдээлэл, ус авч буй тухайн цаг хугацааг тодорхойлох, иргэдийн усны хэрэглээг хянаж байгаа аж.
Улаанбаатар хотод ус хангамжийн “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг алсаас удирдах боломжийг бүрдүүлээд байгааг сайд дурдаад мөн гэр хороололд ухаалаг ус түгээх байрыг ашиглалтад оруулснаар зөөврөөр ус түгээх зардлыг бууруулж, улмаар хүн амыг 24 цагийн турш, цагийн хязгаарлалтгүй, унд ахуйн усаар хангах болсон гэлээ.
Тэрбээр Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээнүүдийн талаар, Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Мөн баригдсан барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан усны чанарын үзүүлэлтүүд өөрчлөгдөж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй асуудлаар, Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, саарал усны хэрэглээний талаар танилцуулж, тулгамдаж буй анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа илэрхийлсэн.
Юуны түрүүнд Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “орон сууц, орон сууцны инженерийн шугам сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, түүнийг ашиглах, аюулгүй байдлыг хангах” мөн “орон сууцыг ашиглалтад оруулахдаа орон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглагч, хангагч байгууллагыг тодорхойлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэх мэт эрх зүйн зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан тул төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Мөн хот, суурины төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах, хяналт удирдлагын ухаалаг нэгдсэн системд холбох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Уул уурхайн ус ашиглалт, ус хангамжийн нөхцөл байдал, эрсдэлт хүчин зүйлс” сэдвээр мэдээлэл хийлээ.
Сайд Ж.Ганбаатар, Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөн тэлж байна. Ялангуяа Оюу толгойн зэс-алтны орд, Таван толгойн нүүрсний орд зэрэг дэлхийд дээгүүрт орох ашигт малтмалын ордуудаа ашиглаж эхэлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлсээр байна.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, алт, нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтвортой орлого олоход баримтлах гол стратеги нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэр барьж ашиглах, тэдгээрт шаардагдах ус, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох явдал юм.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.
Тухайлбал, Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглах, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрс угаах үйлдвэр, Таван толгой цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах, Оюу толгойн гүний уурхайг ашиглах, Хармагтайн зэс алтны ордыг ашиглалтад оруулах зэрэг томоохон зорилтууд багтсан байна. Мөн тус бодлогын баримт бичигт “… усны эрэлт ихтэй говийн бүс рүү ус дамжуулах шугам хоолой татах, Орхон, Туул, Хэрлэн зэрэг томоохон голууд дээр урсацын тохируулгатай, олон зориулалтын усан сангууд байгуулах, хур бороо, үерийн усыг хуримтлуулах, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх”-ээр тусгасан.
Монгол Улсын усны хэрэглээ 2022 оны байдлаар 606.7 сая.м3 байсан бөгөөд үүний 15 хувь буюу 92.5 сая.м3 усыг уул уурхайн салбарт хэрэглэж байна. 2022 онд ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 51.5 тэрбум төгрөгт хүрсний 46.3 тэрбум төгрөг буюу 90 хувийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 онд нийт 510 тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулахаар Уулын ажлын төлөвлөгөө ирүүлсний 412 төлөвлөгөөг баталгаажуулсан байх бөгөөд Баруун бүс, Хангайн бүс, Төвийн болон Зүүн бүс нутагт хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдийн усны асуудал харьцангуй тогтвортой байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нэн тэргүүнд усны нөөц хомс говийн бүс нутагт хэрэглэж байгаа гүний усыг багасгах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус яамны захиалгаар “Монголын Өмнөд говийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсийн усны эрэлт-хангамжийн гидроэкономик шинжилгээ”-г 2020 онд Дэлхийн банкны санхүүжилтээр гүйцэтгэсэн.
Уг судалгаагаар говийн бүсэд буюу Оюутолгой, Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг төслүүдийн усны хэрэглээ 2040 онд жилд 59,066.9 мян.м3-д хүрч өнөөгийн түвшингөөс 2.4 дахин нэмэгдэхээр байх бөгөөд цаашид газрын доорх усны нөөцөөс хангах боломжгүй болохоор байх тул өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг хангах зорилгоор гадаргын усыг шилжүүлэн ашиглах төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар зөвлөсөн болно.
Энэхүү зөвлөмжид тулгуурлан говийн бүсийг гадаргын усаар хангах Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Оюутолгой ХХК-ийн 3 сая ам долларын санхүүжилтээр эхлүүлээд байна.
Говийн бүсийн хот суурины болон хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд түүний нөхөн сэргээгдэх нөхцөл нь хязгаарлагдмал байдаг онцлогтой. Ийм ч учраас уул уурхай, хүнд үйлдвэрийн ус хангамжинд газрын доорх усны нөөцийг ашиглахдаа түүний нөхөн сэргэх нөхцөлийг алдагдуулахгүй, нарийвчилсан тооцоо судалгаа, усны эрэлт-ус хангамжийн балансын үнэлгээн дээр үндэслэн, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй ашиглах нь чухал юм.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, иргэд, уул уурхай эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, усны салбарын эрдэмтэн судлаачдын дундах “уул уурхай-ус” тойрсон мэдээллийн хэт зөрүүтэй байдал, талуудын үл ойлголцол нь улам бүр нэмэгдэх хандлагатай болж байна. Үүний уршигаар Өмнөд говийн бүсийн уул уурхай, хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийн хэрэгжилт саарч, тэр хэмжээгээр улс орны эдийн засаг удаашрах эрсдэл үүснэ.
Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнд:
- “Хэрлэн-Говь”, “Хөх морь” төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, стандартын дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах;
- Хур тунадасны ус, цасыг хуримлуулан усалгаанд ашиглах, хөрсний чийгийн ууршилтыг багасгахад анхаарч, усыг хэмнэлттэй, дахин ашигладаг болон хуурай аргын технологийн шийдлүүдийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
- Гадаргын усыг хуримтлуулж хөв, цөөрөм, усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, усанд хэмнэлттэй дуслын болон хөрсөн доороос нэвчүүлэх зэрэг усалгааны арга технологи, тоног төхөөрөмжийг ашиглах санал санаачлагыг дэмжих;
- Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж, мод усалгаанд ашиглахыг хууль эрх зүйн болон бусад хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах зэрэг болно.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүний усны буюу гидрогеологийн судалгааны ажилд хүлээн зөвшөөрөгдсөн шинэлэг арга, аргачлал, техник технологийн дэвшлийг ашиглан агаарын геофизикийн судалгааны ажлыг Олон улсад нэр хүндтэй хуулийн этгээдтэй хамтран 2024 оноос улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ ажлын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг бусад салбарт тулгамдаад байгаа усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх мэдээллийг шинээр бий болгох бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газруудын хэмжээнд томоохон талбайг хамруулан агаарын геофизикийн цахилгаан-соронзон судалгааны ажлыг гүйцэтгэнэ.
Судалгааны ажлын үр дүнд одоогоор тогтоогдоод байгаа газрын доорх усны ордуудыг агуулагч чулуулгийн тархалтыг тогтоох, ордын усны нөөц нэмэгдэх боломж, газрын доорх усны давстай эсхүл цэнгэг устай эсэхийг нарийвчлан тодорхойлох, шинээр газрын доорх усны сав газрыг илрүүлэх хайгуулын ажлын оновчлол, магадлалыг ихэсгэх боломж бүрдэх юм.
Уламжлалт аргаар буюу газрын геофизикийн ажил, өрөмдлөгийн мэдээллийг ашиглан газрын доорх усны ордыг шинээр нээх, түүний найрлагыг тодоройлох ажлуудаас агаарын геофизикийн судалгааны ажил нь дараах давуу талуудтай. Үүнд:
1.Томоохон хэмжээний талбайг хамруулан богино хугацаанд судалгаа явуулж мэдээлэл цуглуулах,
2.Газрын доорх усны сав газрын хил заагыг нарийвчлан тодорхойлох,
3.Газрын доорх усны хайгуулын ажлын арга, аргачлалыг оновчлох, орд илрүүлэх ажлын магадлалыг өндөрсгөх,
4.Агаараас авсан анхдагч тоон мэдээллийг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн дэвшилтэт программ хангамж ашиглан боловсруулахадаа усны найрлага, цэнгэг, давстай эсэхийг нарийвчлан тогтоох,
5.Газрын доорх усны хил зааг, тархалт, нөөц, найрлагыг тодорхойлох уламжлалт арга буюу өрөмдлөгийн ажлын хэмжээг багасгаснаар байгаль орчинд эерэгээр нөлөөлөх зэрэг болно хэмээлээ.
Сайд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Эцэст нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, Байнгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох үеэр Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоолоор Монгол Улсын ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах, усны нөөцийг зүй зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Тухайлбал, Усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хүн амын ундны ус хангамжийн баталгаат байдлыг хангах үүднээс хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн хориглолтын, эрүүл ахуйн хязгаарлалтын бүсүүдийг нарийвчлан тогтоох, уг бүсүүдийг тусгай хамгаалалтын бүсэд хамруулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх, газар олголт хийхгүй байх, олгосон газрыг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг тогтоолд тусгажээ. Мөн улсын хэмжээнд ус зүйн зургийг шинэчлэн гаргаж, томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж усан сан байгуулах, гадаргуугийн усыг тогтоон барих технологийг хэрэгжүүлж, далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм барих ажлыг эрчимжүүлэх замаар усны нөөцийг нэмэгдүүлж хүн ам болон эдийн засгийн салбаруудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, орон сууцны инженерийн шугам сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, түүнийг ашиглах, аюулгүй байдлыг хангах, орон сууцыг ашиглалтад оруулахдаа орон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглагч, хангагч байгууллагыг тодорхойлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийг чиглэл болгов.
Мөн улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхдээ газрын доорх усны тэжээмж багасах, нөөц хомсдох, бохирдох, хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийг бууруулах чиглэлээр тусгайлсан дагаж мөрдөх стандарт, журмыг боловсруулж, мөрдүүлэх, хот, суурины төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг өргөтгөж шинэчлэх, шинээр барих, усны чанар сайжруулах тоног төхөөрөмжийг суурилуулах, хяналт удирдлагын ухаалаг нэгдсэн системд холбох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгажээ.
Түүнчлэн төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, гэр хороолол, аймаг, сумын төвүүдэд дэвшилтэт технологи бүхий хэсэгчилсэн, зардал багатай ариун цэврийн байгууламжуудын шийдлийг туршин нэвтрүүлж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийн ундны ус, усан хангамж, түүний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Туул голын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахыг Байнгын хорооны тогтоолоор чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл