Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүлийн боловсрол олгодог тогтолцоо Монгол Улсад огт алга

Aдмин / Нийгэм

Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй гэр бүлийн харилцааны асуудлаар ярилцлаа.


-Гэр бүлийн үнэ цэнийг та хэрхэн тайлбарлах бол. Гэр бүлийн харилцаа гэж юуг хэлэх вэ?

-Гэр бүл бол Монголын нийгмийг бүрдүүлж байгаа хамгийн суурь институт, үндсэн нэгж. Тийм ч учраас Монголын тусгаар тогтнол бол 980 мянга гаруй гэр бүлийн амьдрал дээр оршин тогтнож байгаа гэж болно. Гэр бүлийн харилцааг үндсэн хоёр системд хуваадаг. Эхнэр, нөхөр хоёрын дунд үүссэн харилцаа нь гэр бүлийн цөм суурь юм. Эцэг, эх хүүхдийн болон хүүхдүүд хоорондын харилцааг гэр бүлийн харилцааны дэд систем гэж үздэг. Гэр бүлийн харилцааг хамгийн энгийнээр тайлбарлавал гэр бүлийн гишүүд хооронд үүссэн харилцаа гэж ойлгож болно. Академик түвшиндээ хууль зүй, эдийн засаг, сэтгэл зүй, жендер, эрх мэдлийн харилцаа гэсэн үндсэн таван харилцааг өөртөө багтааж байдаг. Гэр бүлийн харилцааг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт нь энэ харилцаануудыг зохицуулахад чиглэгдсэн байдаг.

Шинжлэх ухааны үүднээс дүрэм, харилцаа хандлага, хобби, санхүү болон цагийн менежмэнт гэсэн гэр бүлийн таван хүчин зүйл байна гэж үздэг.

-Эрүүл харилцаатай гэж ямар гэр бүлийг хэлэх вэ?

-Гэр бүлийн харилцааны төлөвшил ямар байгаа вэ гэдгээс нь хамааруулаад гэр бүлийг эрүүл болон эрүүл бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн гишүүд сэтгэл хангалуун, харилцан бие биенийгээ хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван гэр бүлийг аз жаргалтай, эрүүл харилцаатай гэр бүл гэж үздэг.

Гэр бүлийн гишүүдийн бие биедээ итгэх итгэл дутмаг, нэгдмэл санаа зорилго гэхээс илүү харилцан зөрчил тэмцэл ихтэй, сэтгэл ханамж, аз жаргалын мэдрэмж доогуур, аз жаргал баяр хөөрийн хомсдолд орсон хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг эрүүл бус гэж хэлдэг.

-Эрүүл бус харилцаанд юу нөлөөлж байна вэ?

-Гэр бүлийн хүрээнд маш олон эерэг сөрөг асуудлууд бий болж байна. Энэ асуудлууд нийгмийн хөгжлийн хурд, мэдээлэл, техник технологийн хурд гэр бүлд үзүүлэх нөлөөлөл, даяаршил, соёлын глобалчлал, мэдээллийн хэт түрэлт зэргээс үүдэлтэй байна. Нөгөө талаас Монголын нийгмийн эдийн засаг, сэтгэл зүй, улс төрийн тогтолцооны төлөвшил, хууль эрх зүйн орчин, авлига хээл хахууль, шударга бус зүйлүүдээс болоод үүсч байгаа сөрөг асуудлууд байна.

Гэр бүлийн хүрээнд үүсч байгаа асуудлуудын дотор гэр бүлийн хүчирхийлэл буюу эрүүл бус харилцаатай гэр бүлийн тоо өсөн нэмэгдэж байгаа. Үүний нотолгоо нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл, шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн тооноос харж болно. Хүчирхийллийн шалтгааны улмаас шүүхээр гэрлэлт цуцлуулсан тохиолдлууд байна. Мөн манай гэр бүлийн зөвлөгөө өгөх төвд гэр бүл болон сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хүмүүсийн нэлээд нь хүчирхийллийн асуудлаар хандаж байна. Сүүлийн үед эхнэр, нөхрийн харилцаанаас гадна эцэг, эхээс хүүхэдтэйгээ харилцах харилцаанд олон асуудал үүсч байна.

-Тухайлбал ямар асуудлууд үүсч байна. Шалтгаан нь юу вэ?

-Энэ нь гурван үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт эцэг, эхчүүд хүүхэддээ зарцуулах цаг зав багатай, гэр бүлийн үр бүтээмжит цаг бага байгаагаас сургууль, цэцэрлэгт нь даатгах , өвөө эмээд нь хариуцуулах, үл хайхарч, өөрийнх нь асуудлыг өөрт нь үлдээх байдлаас үүдэн хүүхдэд аав, ээждээ ээнэгшин дасах процесс сайн явагдаагүйгээс болоод итгэл үнэмшилтэй, бие хүн болох өсвөр насан дээрээ үл ойлголцол буюу эцэг, эхтэйгээ их зөрчилдөж байна.

Хоёрдугаарт ХХ зууны ээж, аавууд XXI зууны хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлж байгаатай холбоотой. Орчин үеийн хүүхдүүдийн үзэл хандлага, сэтгэл зүй өөр. Гэтэл эцэг, эхчүүд өөрсдийн уламжлалт хүмүүжлийн арга хэлбэр, хэв маягаар, эсвэл өөрсдийг нь аав, ээж нь хэрхэн өсгөж, хүмүүжүүлж тэдэнтэй харьцаж байсан тэр хандлагаар хүүхдүүддээ хандаж байна. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог болон тэднийг хүмүүжүүлэх, харилцах арга барилын талаар эцэг эхчүүдийн мэдлэг дутмаг байгаагаас үүдэлтэйгээр үл ойлголцох асуудал үүсч байна.

Гурав дахь нь орчин үеийн хүүхдүүдийн хувьд томчуудыг үг дуугүй шүтэн бишрэгчид, тэдний үгийг шууд хүлээн зөвшөөрөгчид биш юм. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй, чадахгүй зүйлээ томчуудаас асуухаас илүү гүүглээс хайгаад олчихдог болсон. Тэд томчуудад шүүмжлэлтэй ханддаг. Тэдний энэ байдал үг дуугүй өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эцэг, эхчүүдийн хандлагатай зөрчилдсөнөөр үл ойлголцол үүсээд байгаа юм.

-Энэ зөрчил эцэстээ юунд хүргэх эрсдэлтэй вэ?

-Гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин. Иймээс гэр бүл хүүхдэд ээлтэй орчин байх ёстой. Тэр гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа хүүхдийн хөгжил, төлөвшил хэвийн явагдаж, нийгэмд зөв хүн болох ёстой. Гэр бүлийн харилцаанд эцэг, эх хүүхдийн хоорондын зөрчил гүнзгийрэх тусам хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, төлөвшилд сөргөөр нөлөөлөх хандлага байна.

-Эцэг, эхчүүд ихэвчлэн ямар хэв маягаар хүүхдээ хүмүүжүүлж байна вэ?

-Эцэг, эхчүүдийн хэв маяг, хандлагаас тухайн хүүхдийн хүмүүжил, төлөвшил ихээхэн хамаарч байдаг. Нэг хэсэг нь захирангуй хэв маягаар хүүхдээ хүмүүжүүлж байна. Нэг хэсэг нь үл хайхрах, зарим нь хүлцэнгүй буюу хүлээн зөвшөөрөх гээд эцэг, эх бүрийн хэв маяг өөр, өөр байна. Хамгийн гол асуудал нь гэр бүлийн боловсрол олгодог тогтолцоо Монгол Улсад алга байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлэх талаарх мэдлэг ойлголт маш дутмаг. Жолооч болохдоо жолооны курст суухтай адил амьдралын их далайд өөрийнхөө амьдралыг жолоодохын тулд яагаад юунд ч суралцахгүй байна гэдэг байж болшгүй зүйл. Монголчууд гэрийн хүмүүжлээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг, ирээдүйн амьдралд нь бэлддэг монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүй гэсэн маш том шинжлэх ухаантай байсан. Өнөөдөр нүүдэлчдйин ёс заншил, ахуй амьдралын хэв маягаасаа холдоод суурин амьдралын хэв маягт шилжсэнээр гэрийн хүмүүжлийн утга учир алдагдаж эхэлсэн.

-Одоо үед хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

-Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг дээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хүйсийн байдлаас нь шалтгаалаад олон зүйлийг тайлбарлах шаардлага бий. Нэн тэргүүнд орчин үеийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог, хөгжлийн хэрэгцээг ойлгох хэрэгтэй. Орчин үе бол хараат бус бие даасан өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэдэг ийм бие хүнийг шаардаж буй нийгэм. Сайхан амьдрахад төр 50 хувийн үүрэг хүлээж, иргэн хүн өөрөө 50 хувийн оролцоотой байх юм. Тиймээс бид хүүхдээ тэр нийгэмд бэлдэх нь зүй юм.

Эцэг, эхчүүд өөрсөд рүүгээ өнгийж харах хэрэгтэй. Үглэж биш, үлгэрлэж хүмүүжүүлэх цаг нь болсон. Өөрийнхөө хийдэггүй, боломжгүй зүйлийг хүүхдээсээ шаардахын зэрэгцээ хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Эцэг, эхийнхээ үүрэг хариуцлагыг биелүүлмээр юм.

Хүүхдээ сонсдог, тэдэндээ үр бүтээмжтэй цаг гаргаж, хайрлаж хамгаалуулах, аюулгүй, үнэ цэнтэй байгаа гэсэн сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаач ээ. Гадаад руу яваад мөнгө, гоё зүйлс явуулаад хүүхдээ би хайрлаж байна гээд байдаг. Хүүхэд өдөр тутмын хайр, харилцаа, дэмжлэг туслалцаагаар дутаж, ээж, аавтай мөртлөө өнчин хүүхэд шиг өсөж байна. Нэг хэсэг нь сайхан байранд гоё хоол идүүлээд, гадаад асрагчтай байлгаж байгаагаа хүүхдээ сайн сайхан амьдруулж байна гээд яриад явдаг. Нөгөө хэсэг нь төрүүлээд л орхиод байдаг. Мэдээж эцэг, эхийнхээ үүргийг хамгийн сайн биелүүлээд явж байгаа нь дундаж давхаргынхан.

-Ямар ч байсан аав, ээжийгээ хайрлаж, хөгшрөхөөр нь асран тэтгэх ёстой гэсэн үзэл байдаг даа.

-Ээж, аав л бол сайн хүн байх ёстой. Хүүхэд нь л болж төрсөн бол эцэг, эхийгээ 100 хувь хүлээн зөвшөөрч, асарч, хайрлаж, хамгаалах ёстой гэсэн үзэл бол уламжлалт хандлага. Одоо үед энэ өөрчлөгдөж байна. Эцэг, эхийнхээ үүргийг биелүүлж, хүүхдээ зөв хүмүүжүүлж, зохих ёсны хайр халамжийг хүүхэд байхад нь өгч чадаагүй байж, өөрсдөө өтөл насанд очихдоо намайг асарч, халамжлах ёстой гэж хүүхдээсээ шаардах нь өнөө цагт зохимжтой зүйл биш болчихсон.

-Аавуудын үүрэг гэр бүлийн харилцаанд дутагдаж байна гэж их ярих болсон доо?

-2022 онд 4500, 2023 онд 4715 гэр бүл цуцлуулах хүсэлт гаргаж, шүүхээр салсан байна. Хамтран амьдарч, эсвэл салсан хэрнээ албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй гэр бүл олон байна. Энэ үед ихэвчлэн ээжүүд хүүхдээ авч үлддэг нь өрх толгойлсон ээжүүдийн тоо нэмэгдэж байга нэг шалтгаан юм. Мөн манайд өрх толгойлсон 15 мянган аав бий. 160 мянган өрх толгойлсон ээж бий гэсэн судалгаа байна.

Нүүдэлчдийн хувьд эр хүйстнийг эрхэмлэж дээдэлдэг. Өрх гэр бүл болон удам угсаан дотроо эрчүүдийн үнэ цэнэ, эзлэх байр суурь өндөр байсан. Эрэгтэй хүний гүйцэтгэх үүрэг ч их байсан. Сүүлийн үед эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж нэлээд төвөгтэй байдалд байгаа. Дундаж наслалт эрчүүд эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилийн зөрүүтэй бага насалж байгаа нь ч хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бийг илтгэж буй юм.

-Гэр бүлийн амгалан тайван байдалд хүмүүс хэр анхаардаг болсон байна вэ?

-Орчин үед хүмүүсийн гэр бүлийн хандлага харилцан өөр байгаа нь хот, хөдөөгийн болон насны ялгаа их байна. Залуучуудын хувьд бусдадаа төвөг удахгүй байх, хувийн орон зайд нь халдахгүй, илүү ёс суртахуунтай байх талыг эрхэмлэх хандлагатай болсон байна. Дунд болон түүнээс дээш насныхан бусдын хувийн орон зай гэдэг ойлголт маш багатай учраас өөрийн сэтгэл хөдлөл, хандлагаар аливаа зүйлд хандах нь бусад гэр бүлүүдийн амьдралд төвөг учруулах, хүндэтгэлтэй хандахгүй байх нь их байна. Хамтын амьдралын соёл гэдэг зүйлд бүгд суралцаж чадахгүй байгаа нь учир дутагдалтай.

-Хонхны баяраараа боловсролын тогтолцоог шүүмжилсэн охинд олон нийт хүмүүжилгүй гэдэг талаас нь ч юмуу таагүй хандаад байх шиг байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тэр охин багш, эцэг эхийг муу гэж хэлээгүй. Боловсролын систем муу байна гэж хэлсэн. Би боловсролын системд 20 гаруй жил ажиллаж байгаа багш хүний хувьд 100 хувь буруутгахгүй байгаа. Тэр охин энэ системээр тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн нь үнэн. Эргээд системдээ шүүмжлэлтэй хандаж байгаа нь ардчилсан нийгэмд эрүүл сэтгэлгээний нэг хэлбэр. Бүх зүйлийг шүүмжлэхгүй алгаа ташдаг болчихвол ардчилсан нийгмийн утга алдагдана. Эрхээ эдэлж, үгээ хэлж байгаа байдал, монголын нийгмийн үнэт зүйл. Үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Боловсролын системд тэр охины хэлснээр цалин хөлс, оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу гээд олон асуудал байгаа нь үнэн.

Л.Минжмаа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.