Сурвалжилга: Тарваган тахлын вакцин хийлгэсэн иргэдийн бие хүндэрч, эмч нар хэрхэхээ мэдэхгүй байна
тохиолдол өмнөх жилүүдийнхээс идэвхтэй байна. Тэр ч утгаараа зургаадугаар сарын сүүлээр Тарваган тахал вакцины голомттой аймаг, сумдаар иргэдэд хийж дууссан.
Гэтэл тарваган тахлын эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн вакцин хийлгэсэн газарт өвчин орж, идээлж үрэвссэн байдалтай Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогийн байдлаар найман хүн хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Иймд Eguur.mn агентлаг вакцин хийлгэж хохирсон иргэд болон мэргэжлийн эмч нарын олон талт байр суурийг бэлтгэн хүргэж байна.
БЗД-ийн эрүүл мэндийн төвийн 10-р төв голомтод ажилладаг эмч, сувилагч нартаа тарваган тахлын вакцин хүчээр тарьжээ. Уг нь аливаа вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч тус төвөөс “Та нар голомтод ажилладаг учир заавал вакцин хийлгэх ёстой. Дараа нь халдвартай бүсэд ажиллахдаа халдвар авбал бид хариуцахгүй” гэх мэтээр дарамт үзүүлсний улмаас 13 ажилтан тарван тахлын вакцин хийлгэжээ. Гэвч вакцин хийлгэсэн ажилчид цагийн дараагаас бөөлжих, суулгах, даралт ихсэх гэх мэтээр тахлын шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд вакцин хийлгэсэн гар нь идээлж, бэрсүү үүсч эхэлсэн байна. Тиймээс ХӨСҮТ-д үзүүлэн, одоогоор 9 хүн нь хэвтэн эмчлүүлж байгаа юм.
-Вакциныг мэргэжлийн бус шинэ сувилагчаар хийлгэсэн. Мөн тунг хэтрүүлсэн байж магадгүй-
БЗД-ийн эрүүл мэндийн төвийн 10-р төв голомтод ажилладаг эмч нарын төлөөлөл:
-Таны хувьд хэзээ тарваган тахлын вакцин хийлгээд бие нь нэлээн хүндэрсэн. Яагаад ийм зүйл болчхов?
-Зургаадугаар сарын сүүлээр манай байгууллагын хүмүүсийг “Тарваган тахлын вакцин хийлгэх үү” гэж өрхийн эмнэлгээс асууж байсан. Миний хувьд өмнө нь вакцин хийлгэж байсан болохоор ямар нэгэн эрсдэлээс сэргийлж хийлгэхээр болсон л доо. Гэтэл хийлгэсэн өдрийнхөө оройноос эхлээд хордлогын шинж илрээд, толгой өвдөөд хамаг бие зовиуртай болж эхэлсэн.
Өрхийн эмнэлэг рүүгээ ярьтал “Энэ нь таны хийлгэсэн вакцины хариу урвал. 2-3 хоногтоо түр ажиглах хэрэгтэй л гэж хэлсэн. Тухайн үед цаг тутамд л өвчин намдаах эм уусан. Ямар ч нэмэр байхгүй улам л зовиур нэмэгдсэн. Тийм болохоор ХӨСҮТ-ийн яаралтай эмчлэх тасагт нь хэвтсэн. Гэтэл миний араас уван цуван хүмүүс ирсээр л байсан. Бүгд л вакцин хийлгэсэн газар нь идээлээд, үрэвсчихсэн байсан л даа. Бид бүгдэд булчингаар өвдөх, суганы булчирхай цочих, толгой өвдөх, хамаг бие зовиурлах зэрэг шинж тэмдэг илэрч байсан.
-Одоо биеийн байдал нь хэр байна?
-Одоо бол биеийн байдал эхний өдрүүдээс дээрдэж байгаа. Миний хардаж байгаагаар тунг нь хэтрүүлээд хийчихсэн юм уу даа гэж бодож байгаа. Тийм болохоор бидний бие хариу урвал хангалттай үзүүлж чадахгүй муудсан байх. Эхний хэд хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээнүүд авч байгаад одоо бол гэртээ л хэвтэж байна.
-Өмнө нь хийлгэж байсан вакцинтай нь адилхан байсан уу?
-Миний хувьд өмнө нь зурдаг вакцин хийлгэж байсан. Харин энэ жил арьсан дотор тарьдаг шинэ вакциныг тарьж эхэлсэн юм билээ. Түүнээс болсон ч байж болох л юм. Бидний хувьд мэдэх зүйл байхгүй. Мэргэжлийн хүмүүс л сайн тайлбарлах байх даа.
Бид энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, вакцины дараах эмнэл зүйн шинж илэрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин Халдварт өвчин судлалын төвийн зүгээс энэ талаар мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.
Нэгэнт бидэнд ЗӨСҮТ-өөс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн учир. Жил болгон тарваган тахлын вакцин хийдэг, халдвартай бүс буюу Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Ц.Нарангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнө нь зурдаг вакцин хийлгэж байсан. Харин энэ жил арьсан дотор тарьдаг шинэ вакциныг тарьсан-
-Жил бүрийн зургаадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян явагддаг. Дархлаажуулалттай холбоотой ямар хүндрэл бэрхшээл нэлээдгүй байгаа юм билээ?
-Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 сарын 17-ны 01 албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын 165 дугаар тушаалын дагуу Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2024 оны 6-р сарын 17 нooс 07 сарын 05 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулсан.
Дархлаажуулалтыг тарваган тахлын голомттой нутаг амьдран суудаг иргэд болон тухайн газар нутагт удаан хугацаагаар ажиллах хүмүүс, тэнд дайчлагдан ажиллаж болзошгүй цэрэг, онцгой байдлын албан хаагч, анчдад тарваган тахлын вакциныг төлөвлөж хийдэг. Энэ жилийн хувьд 30 мянган хүн тун тарваган тахлын вакцин орон нутагт хүргүүлсэн.
Вакцин яаж хэрхэн хийгдэж байгаа талаар бид өдөр тутам цахим сүлжээгээр мэдээ авч ажиллаж байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд нэлээдгүй хүмүүс вакцины хариу урвал ихтэй, биеийн байдал хүндэрсэн.
-Шалтгаан нь юу байв?
-Зарим тохиолдолд вакцины урвал гэж гардаг. Тэр нь зарим хүмүүст хөнгөн, хүндээр илрэх гээд байдаг. Миний ажигласнаар өмнөх жилүүдэд хариу урвал хүндээр илрэх тохиолдол бараг л байгаагүй. Харин энэ жилийн тухайд Оросын арьсан дотор тарьдаг вакциныг оруулж ирсэн байсан. Өмнө нь бид чинь зурдаг вакцин хийдэг байлаа шүү дээ. Цаанаасаа тушаал ирээд, үүргийнхээ дагуу вакцин хийсэн учраас яг юу болохоо байчив гэсэн зүйл одоогоор тодорхойгүй байгаа. Удахгүй шинжилж, судлаад бидэнд хариу хэлэх байх.
-Шинэ төрлийн вакцин тарьсан гэлээ. Тэгэхээр цаанаасаа нэгдсэн журмаар та бүхэнд өгөөгүй юу?
-Өмнөх вакцин дээр "Их, бага хэмжээгээр урвал өгнө тийм учраас элдэв янзын эм хэрэхлэхгүй хоол сайн идэж, ус сайн уух" зэрэг зөвлөмжүүд байдаг байсан. Харин энэ удаагийн Вакцины заавар ямар ч зөвлөмж байхгүй байсан. Гэтэл яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй байна.
-Та бүхэн тэдгээр хүмүүстээ хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид хамгийн түрүүнд хэд хоног ажиглана. Ингээд зовуурь байгаад байвал дахин ирж, эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Мөн вакцин хийлгэсэн газарт нь буглаж, хавдсан тохиолдолд хөндөхгүй, янз бүрийн зүйлсээр жин тавьж, тос түрхэхгүй байх зэргийг анхааруулж байгаа. Надаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол эмнэлэгт хэвтхээр хүнд урвал үзүүлсэн хүн байхгүй.
-Монгол Улсын хүн амаас 30 мянганд хийж буй вакцинжуулалт нь хэр хангалттай тоо вэ?
-Жил бүр манай вакцинжуулалтын тоо хангалттай хүрээд байдаг. Энэ 30 мянган хүн тунд заавал хамрагдах тооны хажуугаар бидэнд асгалтын тун гэж гараад байдаг. Учир нь тахлын вакциныг задлаад хоёр цагийн хооронд хийх ёстой байдаг. 10 хүнд хийх вакциныг амжихгүй бол асган устгах шаардлага гардаг. Дархлаажуулалт хэр оновчтой явагдсан нь үүнээс хойш тахлын улирал эхэлж буйтай холбоотойгоор харагдана.
Тарваган тахлын идэвхтэй бүс нутаг нь Алтай, Хангайн уулархаг нуруу, Хэнтийн нуруунаас эх авсан том голомтууд манайд байдаг. Тэрийг дагаж оршдог газруудаар илүүтэй тарваган тахлын вакцинд хамрагдах шаардлага өндөр байдаг.
Үүнээс гадна хил дагуух нутгуудад буюу тарваган тахлын голомт идэвхтэй байж болзошгүй газруудаар урьдчилсан тандалт судалгаа хийдэг. Энэ судалгааны дүнгээр тарваган тахлын голомт баруун талдаа илүү идэвхтэй байна гэсэн өнгөрсөн жилийн дүгнэлт гарсан. Энэ жил мөн энэ дүгнэлт батлагдаж Баян-Өлгий, Ховд аймгуудаас үүсгэгч нь амьтдын дунд байгааг тогтоогоод байгаа.
-Иргэдийн идэвх хэр байна?
-Тарваган тахлын голомтод амьдардаг иргэд болон бусад иргэд интернетээс мэдээлэл сайн авдаг. Тийм болохоор аль болох урьдчилан сэргийлэх үүднээс маш идэвхтэй вакцинаа хийлгэдэг. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд бидний зүгээс яаж ч чадахгүй сууж байна даа.
Хэрэв вакцины тун хэтэрсэн бол тухайн ажилчид “тарваган тахал” өвчнөөр өвчилсөнтэй ижил хэмжээнд эрсдэлд очсон гэсэн үг юм. Гэхдээ яг юунаас болж хариу урвал хүндээр өгч байгааг илүү нарийн судалгаанаас харах боломжтой учир тарваган тахлын вакцин хийлгэсэн иргэн болон мэргэжлийн эмч нар одоогийн байдлаар хэрхэхээ мэдэхгүй байдалтай байна.
Нэмэлт: Одоогоор 15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгаа
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Тухайлбал, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Архангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудыг хамгийн эрсдэлтэй байгаа аж.
Өвчний нууц үе нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь 38-40 хэм хүрч халуурах, суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох, бүх бие булчингаар шархирч өвдөх, толгой өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэргээр илэрдэг байна.
ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN
Сэтгэгдэл