С.Бүжинлхам: Амьдралын тухай хэвшмэл бодлуудыг чөлөөтэйгөөр задалж харах хэрэгтэй
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамтай ярилцлаа.
-Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэдэг. Төрөөд үхэх хүртэлх хугацааг амьдрал гэж хардаг. Энэ хугацаанд хүн гэдэг амьтан юунд зорьж тэмүүлдэг юм бол. Амьдралын утга учир чухам юу болохыг философи хэрхэн хардаг талаар ярилцаж болох уу. Амьдрал гэдэг үг өөрөө юуг илэрхийлдгээс эхэлбэл ямар вэ?
-Үгийн бүтцийг авч үзвэл амьд гэсэн язгуур харагдаж байна. Биологийн шинжлэх ухаанд өсдөг, үрждэг гэх мэт амьд биетийн шинжийг тодорхойлж судалдаг. Гэтэл бид биологийн өгөх тодорхойлолтоос өөр, илүү зүйлсийг мөн л хайдаг. Амьдрал гэж яг юу юм бэ гэх асуултыг бид бүгд л өөрөөсөө асуудаг байх. Хувийн жишээгээ дурдахад манай гэр бүлийн хувьд буддын шашинтай байсан учраас бага наснаасаа эхлээд дахин төрөлтийн талаар боддог байлаа. Үхээд дахин төрөөд байх амьдрал гэдэг чинь ямар уйтгартай юм бэ. Надад энэ амьдралд чөлөө зав гарах нь уу гэж дөрөвдүгээр ангидаа бодоод хямарч байснаа санадаг юм. Философийн ангид ороод энэ асуултадаа хариулт авна гэж бодож байв. Гэтэл философи өөрөө эцсийн хариултыг өгөөгүй. Нийгэмд бий болсон хэвшмэл ойлголтуудыг “Энэ үнэхээр ийм гэж үү, яагаад ингэж байгаа юм” гэж дүрсгүй сониуч хүүхэд шиг хандахыг л хэлдэг юм билээ. Харин философиос анзаарсан нэг зүйл бол эрх чөлөө. Амьдрал эцсийн байдлаар үүнийг л хэлдэг гэсэн хайрцагт хэн нэгнийг оруулахгүйгээр өөрөө бодоод өөрөөр сэтгэх, өөр өөр тохиолдлуудад хэвшмэл үзлээ дахин дахин задалж үзэх боломжийг олгодог.
Өмнө нь байсан таны үзэл бодол, утга учир өөрчлөгдөж болно. Ингэлээ гээд та өөрөөсөө урваж буй хэрэг биш. Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох ухааныг энэ салбар хүнд суулгаж өгдөг юм байна гэдгийг олж харсан. Бидэнд аливааг эргэцүүлэн бодох чадвар төрөлхөөс л байдаг. Энэ чадвар, мэлмийг л задалж өгч байгаа салбар гэж харж болно. Товчхондоо, амьдрал гэдэг ийм утгатай гэсэн хариулт өгч чадахгүй боловч ийм зүйл шүү гэдэг тухайн мөчид бодох эрх чөлөө хүн бүхэнд байдаг.
-Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох эрх чөлөө гэсэн нь сонирхол татлаа. Хүн бүрд нийтлэг нэг хүсэл байдаг нь сайхан амьдрах. Үр хүүхдээ сайхан амьдруулах, нэр бүтэн явах тухай боддог. Философичид, сэтгэгчид энэ тухай ямар байдлаар тайлбарладаг юм бол?
-Аз жаргал гэж юу вэ гэх асуулт мөн л эртний түүхтэй, дор хаяж л Аристотелиос эхлээд энэ тухай тайлбарладаг. Аристотель аз жаргалыг virtue-тэй холбож авч үзсэн байдаг. Бид энэ үгийг буян, эрдэм гэх мэтээр орчуулдаг. Нөгөө талд амьдрал утга учиргүй гэх ойлголт бий. Дэлхийн II дайнаас эхлэн Европт энэ үзэл нэлээд их дэлгэрсэн. Дайн гэдэг бол хүнийг тэр чигт нь өөрчилдөг зүйл шүү дээ. Хоёрдугаар дайны дараахан экзистенциалист философи хурдацтай эрчээ авсан байдаг. Яг амьдралын утга учрын тухай асуулт хүмүүсийн зүрхэнд хургасан үе байх л даа. Үүнтэй холбоотой Альберт Камю алдарт “Сизифийн тухай домог” гэх эсээгээ бичсэн байдаг. Манай залуучууд дунд нэлээд уншсан харагддаг. Энэ домогт Сизиф гэх зальжин эр өөд болсныхоо дараа газар доорх ертөнцийн хаан Айд дээр очиж “Эхнэр минь намайг ном ёсоор минь оршуулаагүй байна. Би газар дээр гараад эхнэрээ зөв зан үйл хийлгээд ирнэ” хэмээн хэлж эх дэлхийдээ ирдэг. Газар дэлхий дээр ирсэн Сизиф буцаж явалгүй үлдсэнд нь бурхад хилэгнэж түүнийг шийтгэдэг. Шийтгэл нь өндөр уулын орой руу үхэр чулуу өнхрүүлэн гаргах байдаг. Үхэр чулуугаа өргөж гаргах үед өнөөх нь дахин доош нь унана. Үүнийгээ дахиад л дээшээ өнхрүүлэн гаргадаг. Олон тайлбар ёсоор Сизиф бол энэ дэлхий дээрх хамгийн зовлонтой хүн байдаг бол Камюгийнхаар Сизиф доош унасан чулууны араас халах зуураа хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болдог. Хөндлөнгөөс харахад ийм уйтгартай зүйлийг хийж байгаа хэрнээ яагаад Сизиф жаргалтай нэгэн болохыг Альберт Камью маш гоё тайлбарласан байдаг. “Сизиф өөрийн хийж байгаа тэр зүйлдээ утга учир оноож байгаа учраас” гэж. Тэгэхээр бид бол нэг хэвийн утгартай гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ амьдралын чинь утгатай утгагүйг бурхан, эсвэл өөр хэн нэгэн тодорхойлохгүй, зөвхөн та л үүнийг тодорхойлно гэж би ойлгодог.
-“Амьдрах ямар ч утга учиргүй байна” гэж гомдоллодог хүмүүс байдаг. Зарим нь амьдралаа төгсгөдөг. Мэдээж өвчин, үхэл хагацал үзсэн хүмүүс зовдог, шаналдаг. Үүнийг гэтлэх, даван туулах нь амьдралын бас нэг том сорилт юм шиг. Философи талаас үүнийг тайлбарлаж болох уу?
-Үүнийг тайлбарлахын тулд “SEEL” гэх хөтөлбөрийг онцолмоор байна. Энэ нь Social Emotional Ethi cal learning буюу нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл ёс зүйд суралцах гэсэн үгийн товчлол юм. Зорилго нь цэцэрлэгийн наснаас XII анги хүртэлх насны хүүхдүүдэд сэтгэлийн хат, харилцааны чадвар, эмпати зэргийг заадаг юм. Товчхондоо зүрхээрээ ойлгож мэдэрч, тархиараа ухаарч, гараараа үйлдэх гэсэн зарчимтай зүрх, тархи, гарын боловсрол ч гэдэг. Би хөтөлбөрийн сургагч багшаар ажилладаг юм. Оюутнуудтай ч гэсэн харьцаж байхад асуудал харагддаг. Анх удаагаа гэрээсээ хол, дассан сурсан орчноосоо өөр газар суралцаж байгаа хүүхдүүд олон. Оюутнуудтайгаа ажиллах явцдаа дасан зохицож, цааш суралцахад нь хэрэгтэй чадвар бол сэтгэлийн хатын чадвар юм байна гэж ажигласан. Олон асуудлуудыг даван туулах, өөрийгөө хэрхэн авч явах арга барилыг хүүхэд наснаас нь эхлээд заах нь зөв юм байна гэсэн үүднээс үүнийг боловсорлын хөтөлбөрт оруулах, багш нарт хүргэх ажлыг хийж байгаа юм.
Сэтгэлийн хат гэдгийг манайхан юу ч болсон төмөр шиг байж байгаад даван туулна гэж бодоод байдаг. Угтаа бол энэ нь өөрт тулгарч байгаа бэрхшээл саадыг хор хохирол багатайгаар, уян хатан байж, зарчим, чиг шугамаа алдахгүй даван туулах чадвар юм. Бид ямар нэгэн зовлон бэрхшээл байхгүй бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр ертөнц хүсдэг. Хүүхдэдээ нэг бол зовлон үзүүлэхгүй, нэг бол миний туулсан зовлонг чи ч бас туулах ёстой гэж хоёр янзаар хандах нь ч бий. Зовлон бэрхшээл огт байхгүй ертөнцөд амьдраагүйгээс хойш бид хүүхдэдээ амьдралын шалгуурыг давахад нь туслах багаж л өгөх ёстой санагддаг. Зовлонг яаж даван туулах вэ гэвэл бусдыг энэрэх гэдэг. Бусдад бас өөртөө энэрэнгүй хандсанаар олон асуудлыг эвтэйхэн, хор хохирол багатай, эерэгээр шийдвэрлэж болно гэж боддог.Энэ чадварыг хүүхэд байхаас нь хөгжүүлж төлөвшүүлж болно. Бүх зүйлийн гарааг харахаар анхнаасаа чадахгүй байж байгаад дадлага хийх явцдаа сайжирдаг. Яг үүнтэй адилхан сэтгэлийн хат, шүүмжлэх сэтгэлгээ, бусдыг энэрэх чадварыг хүүхдэд багаас нь, тэр бүү хэл насанд хүрэгчдэд хүртэл суулгаж төлөвшүүлж болно гэж СИИ сургалт үздэг. Ер нь л өөртөө энэрэнгүй ханддаг, яг тухайн мөчид өөрийнхөө юу хүсэж буйгаа мэддэг, бусдыг ойлгодог байх үед амьдрал тийм ч “царай муутай” харагдана гэж бодохгүй байна.
Шүүмжлэлт сэтгэлгээ ярих зуураа бид эргэлзэхийг их онцолдог. Эргэлзэх гэхээр бүх зүйлд эргэлзээд, юу ч утга учиргүй, тулах цэггүйд хүрнэ гэж хараад байх шиг анзаарагддаг. Гэхдээ “эрүүл эргэлзээ” гэдэг нь “Би үүнд үнэмших үү үгүй юу, надад тустай юу үгүй юу” гэдгийг бодох юм. Тэг гэсэн цэг бол оргүй хоосон. Гэтэл бидний амьдрал оргүй хоосон биш шүү дээ. Бидэнд ядаж нэг хэрэгтэй. Тэр нэгийг “эрүүл эргэлзээ” бидэнд өгч чаддаг гэж боддог.
-Хүүхдүүдэд багаас нь сэтгэлийн хат, ёс суртахуун, бусадтай харилцах чадварыг олгоод эхлэхээр ямар үр дүн харагдаж байна вэ?
-XI ангийн хүүхэд энэ сургалтад явснаасаа хойш өөрийгөө хүмүүст таагүй үг хэлж гомдоодог байсан гэдгээ мэдсэн гэдгээ ярьж байсан. Энэ чинь л бидний хүсэж байгаа өөрийгөө мэддэг, анзаардаг, эргэцүүлдэг байх чадвар шүү дээ. Юмсыг зөвөөр дахин эргэцүүлэн бодоход маш их зориг шаарддаг. Жишээ нь, сошиал медиад дандаа төгс зүйлс байдаг. Огт муудалцдаггүй хосууд, толбогүй гэр, хамгийн сайхан бүсгүй тэнд байдаг. Түүнийг харчихаад бид өөртэйгөө харьцуулж гутардаг. Хувьслын сэтгэл судлалын үүднээс үзэхэд уул нь сэтгэл хөдлөл гэдэг хүн бүрд байдаг хэвийн үзэгдэл. Уурлаж байгаадаа, харьцуулж байгаадаа, хүн гэдэг үүднээс гарч ирж буй “хэвийн хариу үйлдлээсээ” бид айж, ичээд үүнтэйгээ нүүр тулдаггүй. Огт уурлахгүй, гутрахгүй, атаархахгүй амьдрах гээд л өөрийгөө нэмж зовоогоод байдаг. Гэтэл тухайн сэтгэл хөдлөлөө, түүний шалтгаанаа, үүнээс үүдэлтэй өөрийн хэрэгцээгээ ойлгоод, өөрт юу хэрэгтэй, юу хэрэггүй байгааг тунгаан бодох аваас өнөө нийгмийн сүлжээнд атаархаад байгаа зүйл маань заримдаа “зэрэглээ” төдий зүйл байсныг анзаарч болно шүү дээ. Бид алдаандаа ч их хатуу ханддаг. Алдаа маань миний амьдралыг сүйрүүлэх алдаа байна уу. Би л ганцаараа алдаа гаргасан уу гээд хараад үзвэл байдал их өөр. Мэдээж алдаж болно гээд хаа хамаагүй алдаад, өөрт бусдад төвөг удаад байж болохгүй. Энэрэх сэтгэл, эрүүл саруул ухаанаар аваад үзвэл үүнийг ахин давтахгүйн тулд би юу хийж чадах вэ гэдгээ анзаараад, цааш яаж алхах вэ гэдгээ бодоод, алдаа, зовлон гэдэг бол амьдралын нэг хэсэг шүү гэж хүлээж авч үзвэл түрүүн хэлсэн Сизифийн домог шиг амьдралдаа утга оноох нь илүү хялбар байж мэдэх юм.
-Хүний нас насны онцлог байдаг. 15 насандаа харж ойлгож байсан зүйлс 25-тайд эрс өөрчлөгддөг. 35 настай үед өмнөх залуу үеэс арай т айван, амгалнаар аливаа зүйлсийг хардаг, хүлээж авдаг юм шиг ажиглагддаг?
-Энэ нь бид илүү туршлага суусантай холбоотой байх. Харах өнцөг өөрчлөгдөхөд бидний амьдралын туршлага нөлөөлдөг. Арван тавтай байхад ааг амтагдаад л орчлонг эргүүлчих чадалтай санагдаад, ертөнцийн төвийг өөрийгөө гэж бодож байхад гучин тавтайд бол би ертөнцийн өчүүхэн жижиг хэсэг гэдгээ анзаарч эхэлчихсэн байдаг биз ээ. Амьдрал богинохон огторгуй чинь уудам, хүн бол энэ дунд оршиж буй өчүүхэн цэг, бид бодсон шигээ бүхний төв биш, харин ч орчлонд буй олон системийн нэг хэсэг гэдгээ олж харснаар илүү даруу, уужим, амгалан болж ирдэг санагддаг.
-Сүүлийн үед зарим хүмүүс “Илүү сайн улс оронд төрсөн бол сайхан амьдрах байлаа. Хөгжил муутай Монголд төрж муу амьдарч байна” гэсэн ханд лагаар сошиалд бичсэн байдаг. Хүний амьдралыг хэн нэгэн шүүхгүй, эрх чөлөө гэдгийг та дээр хэлсэн. Ийм хандлагыг хэрхэн задалж стрессгүйгээр харах ёстой юм бэ?
-Би Унгар улсад амьдарч байгаад ирсэн. Найз унгар эмэгтэйгээ нийгмийн сүлжээнд “Залуус минь Унгараас гар, өөр улсад амьдар” гэж зөвлөж бичсэнийг харж л явлаа. Илүү таатай орчинд оч энд хэцүү байна гэдэг зөвхөн манай улсад тулгарч байгаа асуудал биш юм шигээ. Ер нь л ирээдүйдээ итгэх итгэл хаа сайгүй дундуур байгаа мэт. Энэ ингэж амьдарч байхад гэсэн харьцуулалтаас болоод бидэнд ийм асуудал үүсээд байж ч мэднэ. Яг энэ нөхцөлд эртний Грекийн Пандорогийн домог санаанд орж байна. Пандора бол Прометейн дүү Эпиметейн эхнэр юм л даа. Прометейг хүмүүст гал бэлгэлсэнд нь дургүйцэж байсан ЗевсПандарод нэг хайрцаг бэлэглэсэнд. Хайрцганд уй гуниг, өвчин зовлон, муу муухай бүхнийг хадгалсан байж л дээ. Уг нь хайрцгийг онгойлгох учиргүй аж. Гэтэл сониуч зангаасаа болж Пандора хайрцгийг задалтал дотор нь байсан муу муухай бүхэн дэлхийгээр тардаг гэж домогт өгүүлдэг. Гэхдээ хайрцгийн ёроолд нь итгэл найдвар үлдсэн байдаг. Домогт өгүүлсэнчлэн бидэнд итгэл найдвар хэзээд байдаг гэдэгт итгэх итгэл чухал санагддаг. Амьдралд, өөртөө итгэх итгэл гэдэг бол хэн, хаана төрснөөс үл хамааран хүн бүрд хэрэгтэй.
У.Цогжавхлан, ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.177] 2024-10-03 22:44:39
Солиотой хүний өдрийн тэмдэглэл байна. Мэдэрч байж итгэ
Дуламжав [202.9.46.99] 2024-09-22 22:01:47
Баярлалаа цааш нь бичээрэй Залуусд мэдлэг хайрласанд
ЗочинДуламжав [202.9.46.99] 2024-09-22 21:59:20
Ухаартал ямар гоё бичээ вэ? Олон хүмүүс уншаасай
Д..Дулмаа [122.201.31.229] 2024-09-21 11:11:50
Монгол сэтгэлгээнд бүр АМЬ - АМЬСГАЛ - АМЬДРАЛ гэсэн нэг холбоос бий .