МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид Ц.Баатарсайхан, Т.Дүүрэн, Б.Лакшми, Б.Лхагважав нар нэрээ дэвшүүлжээ
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын XXII ээлжит бус их хурал энэ сарын 28-ны өдөр "UG palace"-ийн “Event hal” танхимд 09.00 цагт эхлэх юм байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул тус танхимын Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль энэ сарын 28-нд товлогджээ.
Нийт 6000 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай бөгөөд 23 улсад 51 төлөөлөгчтэй тус танхимын Ерөнхийлөгчийн албан тушаалд өнөөдрийн байдлаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од, "Коёотэ" ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, "Урбанек" ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, "Таванбогд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын хүмүүс өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ.
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "UFC" группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон.
МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн бакалавр, Хууль зүйн бакалавр, Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистрын зэрэгтэй. Түүний хувьд ХасБанк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай.
“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан “Коёотэ” ХХК-ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч
“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав 2014-2019 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Польш улсад боловсрол эзэмшсэн, эдийн засагч мэргэжилтэй нэгэн. 1994 онд Урбанек компанийг байгуулсан бизнесмен юм. 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашсан.
“Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан Япон улсад боловсрол эзэмшсэн, инженер, бизнесмен хүн. Англи, япон, орос хэлтэй тэрбээр Жуулчин ХХЗ, Палас зочид буудал, МИАТ компанийг толгойлон ажиллаж байжээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн бакалавр, Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгссөн. Мигма ХХК-д маркетингийн менежер, Наран моторс ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
"Монголбрэнд" холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий программ хангамжийн инженер, Олон нийтийн бодлогын магистр. 2016-2018 он хүртэл Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2015-2017 онд Монголын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Мэргэжлийн боловсролын дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байна.
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр, Москвагийн Их сургуулийн Олон улсын эрх зүйн танхимд үндсэн хууль ба хүний эрхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
“Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар 1982-1986 онд МОНЦАМЭ агентлагт сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагчаар, 1988 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан.
Тэрбээр “Oxford” клуб англи хэлний сургалтын төвийг ажиллуулдаг. 2006 оноос хойш англи хэлний сурах бичгээ хэвлүүлж буй тэрбээр “Комаг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. 2013 оны Боловсролын салбарын оны онцлох Энтрепренерээр шалгарч байжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.183] 2024-11-27 14:57:32
Энд томилогдохоор маш их баяждаг хуучин дарга нарын нь эхнэрүүд 100 сая р үнэт эдлэл шангри ла с авдаг юм бна лээ